Сүүлийн үед Нийслэл хотод үйл ажиллагаа явуулж байгаа худалдааны төв, дэлгүүр, хоолны газруудын хаягийг тайлж гаргаж уншина гэдэг асуудалтай болсон. Залуучууд бол нэг муу уншиж мэдээд ойлгоод учраа олчихоод байгаа юм. Харин хөгшин настай хүмүүс болоод хотод орж ирээд удаагүй хүмүүс ойлгоход тун бэрх. Тэгээд ч тэрхүү хаягийг унших гол асуудал байгаа юм биш Монголд байгаа байж гадаадад байгаа аятай харь үгийг олноороо өлгөсөн байгаа нь эмгэнэл болоод байгааг хэн хүнгүй мэдэж байгаа биз.

Энэхүү асуудлаар дээр, дооргүй хэдэн жил ярьж хэлэлцсэн ч асуудал нэг мөр шийдэгдээгүй байсаар өнөөг хүрч байгаа юм.

Тэгвэл НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор Нийслэлийн худалдаа, үйлчилгээний нийтлэг журмыг шинэчлэн  баталжээ. Энэхүү журам  энэ сараас эхлэн мөрдөгдөж байна.

Уг журамд худалдаа, үйлчилгээ болон эрүүл мэндийн үйлчилгээ эрхэлж байгаа байгууллага аж ахуйн нэгж нь өөрсдийн бие засах газраар үйлчлүүлэгчдэд үнэ төлбөргүй үйлчлэх үүрэгтэй гэж заасан байна. Мөн худалдаа, үйлчилгээний гадна хаяг нь хотын өнгө төрх, дизайны шийдэлд нийцсэн гэрэлтүүлэг, гэрлэн чимэглэлтэй байхаас гадна аж ахуйн нэгжүүд нь стандартын шаардлагад нийцсэн агуулга бүхий хаяг, цагийн хуваарийг монгол хэл дээр,  кирилл үсгээр  бичиж, ил тод харагдахуйц газар байршуулана гэж заажээ.

Ийнхүү журмыг бид сайн мөрдөөд хаана хаанаа анхаараад эхэлвэл Нийслэлийн өнгө төрхөд нөлөөлөх нь дамжиггүй.

Х.Даваа