НАНА КВАМЭ АБРОКВА: Монгол улсын талаар бодох, сонсох бүрт минь бодолд шууд Чингис хаан орж ирдэг
2014/02/11
Монгол-Австрийн Залуучуудын Холбооны урилгаар Германы алдарт дуучин Нана Квамэ Аброква гуравдугаар сарын 1-нд Монголд тоглолтоо хийхээр болсон.
Тэгвэл уг холбооны төлөөлөл Монголоос анх удаа дэлхийн одын өөрийн оронд тоглох тоглолтонд зориулж бүрэн хэмжээний ярилцлагыг авч чадсан билээ. 2013 оны 12 дугаар сарын 16-нд ХБНГУ дахь Mонголын элчин сайдын яаманд алдарт дуучнаас авсан ярилцлагын эхний хэсгийг уншигчдадаа хүргэж байна.
Та Монгол улсыг ямараар төсөөлж байна вэ?
Би анх Монголд очих саналыг хүлээж аваад маш их догдолсон. Учир нь Монголоос ирсэн анхны урилга байсан. Би Монгол орныг маш сонирхолтой ёс заншилтай сайхан улс гэж боддог. Монгол улсын талаар бодох, сонсох бүрт минь бодолд шууд Чингис хаан орж ирдэг. Би энэ гайхалтай бахархал дүүрэн улс оронд очих болсондоо үнэхээр баяртай байна.
Би бас Монголд очих тухай сонсоод шууд л хоолны тухай бодсон. Яагаад гэхээр би амттай сайхан хоолонд маш дуртай. Намайг Хамбургт амьдарч байхад тэнд монгол грилл ресторан байдаг байсан. Би тэнд очиж хооллох их дуртай байсан, халуун том хавтан бас халуун чулуун дээр бид мах, ногоо шарж иддэг байсан. Тэр хоолыг би жинхэнэ эх оронд нь идэх нь байна шүү дээ. Би танай улсын зоогтой танилцахдаа таатай байх болно.
Гадаад хүмүүс Монгол орныг эзэн Чингис хаанаар нь төсөөлдөг. Та Чингис хааны тухай хэр мэдэх вэ?
Би Чингис хааныг их хүндэлдэг, маш зоригтой, дайчин хүн байсан гэж боддог. Монгол үндэстэн бүрийн ген болон цусанд нь энэ зан чанар шингэсэн байдаг байх аа. Танай орны нэрийг тэртээх 13-р зуунаас одоог хүртэл дэлхийн тавцанд таниулж чадсан агуу хүн учраас Монгол хүн бүрийн зүрх сэтгэлд Чингис хааны үр удам гэсэн омогшил, эзэн Чингисээрээ бахархах сэтгэл байнга төрдөг болов уу гэж бодогддог.
Би дэлхийн түүхийн номноос түүний тухай уншиж байхдаа “Хөөх, Монгол улс тухайн үед дэлхийн нийт газар нутгийн тал орчим хувийг эзэлж, эзэнт гүрний ноёрхлоо тогтоож, олон үндэстэн ястнуудыг удирдан дэлхийн эдийн засаг, худалдаа арилжааны төв 13-р зуунд Монгол оронд төвлөрч байсан байна шүү дээ, ямар агуу том хаант гүрэн, байсан юм бэ хэмээн өөрийн эрхгүй Чингис хаанаар бишрэх сэтгэл төрсөн шүү. Тэр маш хүчтэй, ухаалаг нэгэн байж. Нэг жишээ л дурьдахад хятадууд монголчуудаас айгаад тэр том урт цагаан хэрмийг бариулсан гэхээр Монгол ямар агуу хүчтэй гүрэн байсныг нотолж байна.
Монгол улсад тоглолт хийх саналыг аваад танд төрсөн анхны сэтгэгдэл юу вэ?
Монголоос ирсэн урилгыг авахад надад үнэхээр агуу сэтгэгдэл төрсөн. Би их гайхсан ч давхар маш их сэтгэл догдлолд автсан. Би олон орноор аялж явсан ч Азийн орнуудаар зочилсон нь цөөн. Тэр ч утгаараа миний сонирхлыг их татсан. Ер нь миний очиж үзэх ёстой газруудын нэг бол яах аргагүй Монгол орон гэж би хувьдаа боддог байсан. Би монгол хүмүүсийг маш даруу, дөлгөөн зочломтгой хүмүүс байдаг гэж сонссон. Надад ийм сайхан оронд очих боломжийг олгож байгаад маш их баяртай байна. Намайг урьсан Монгол-Австрийн Залуучуудын Холбооны хамт олонд маш их баярлалаа.
Та Монголд очоод хамгийн түрүүнд юу хийхийг хүсэж байна вэ?
Би 12 цагийн турш онгоцоор нисч Монголд очих учраас хамгийн түрүүнд буудалдаа буугаад шүршүүрт орно доо. Дараа нь мэдээж танай орны сайхан зоогтой танилцах байх. Би хоолонд үнэхээр дуртай шүү /инээв/. Тэгээд танай орны сайхан нийслэл хоттой танилцахыг хүсч байна. Ийм сайхан боломж гарсанд би их баяртай байна. Германы Берлин хотоос огт өөр ёс заншилтай Монгол улсын нийслэл Улаанбаатар луу очих нь байна шүү дээ.
Та Азийн улс орнуудыг хэрхэн харж, дүгнэдэг вэ?
Би Азийн орнуудыг бидний ирээдүй гэж боддог. Бидний ирээдүйг өнөөдөр буюу одоогийн нийгмийн цаг үе гэж хэлж болно. Азийн орнууд асар том зах зээлийг эрх мэдэлдээ авсан, цаашдаа ч олон улсын зах зээлийг өөрсдийн гарт оруулах гарцыг олсон тив. Азийн орнууд яаж ийм богино хугацаанд хөгжиж, товхинож буй үйл явцыг харж судлах нь надад их сонирхолтой байдаг. Японоос Турк улс хүртэл эдийн засгийн тэр том боломжуудыг бодож сэтгэж гаргаж байгаа нь үнэхээр агуу.
Ер нь бол ойрын 5 жил бүх эдийн засгийн эрх мэдэл Азийн хөгжиж буй зах зээлийг гартаа авсан улс орнууд руу хараагаа чиглүүлсэн байгаа, бас ирээдүйд Европын ихэнх хүмүүс Азид амьдрах байх гэж би боддог.
Та хүмүүнлэгийн ажилд хэр зэрэг оролцдог вэ?
Би Хамбургт байхдаа Гана улсын өрх толгойлсон эмэгтэйчүүдэд зөвөлгөө өгч, нийгмийн талын асуудлуудаа шийдэхэд нь тусалдаг байсан. Дүү маань хуульч хүн л дээ. Бид хамтарч бичиг баримтын асуудалтай өрх толгойлсон эмэгтэйчүүдэд оршин суух эрхийн төлөө Герман улсын засгийн газартай үүсээд байгаа асуудлыг нь шийдэхэд тусалдаг. Миний хувьд энэ тусламжаасаа маш их туршлага олж авсан, бас хүмүүст тусалснаараа сэтгэл зүйн хувьд өөртөө маш их аз жаргалыг мэдэрдэг.
Одоо Монголд тоглох тоглолтынхоо хүрээнд дэлхийд нэн ховордсон мазаалай баавгайн төлөө дуу хоолойгоо өргөж, олон улсын сонорт хүргэх ажилд гар бие оролцож байгаадаа үнэхээр баяртай байна.
Хүн бүр л өөрийн мөрөөдөлтэй байдаг. Таны мөрөөдөл тань биелсэн үү? Таны цаашдын мөрөөдөл юу вэ?
Тийм ээ, хүн бүр өөрийн гэсэн хүсэж мөрөөддөг том, бага мөрөөдөлтэй байдаг. Хүн өөрийнхөө мөрөөдлийг биелнэ гэдэгт итгэхгүйгээр мөрөөдөх юм бол мэдээж хэзээ ч биеллээ олохгүй. Би та нарт амьдралаараа баталгаажуулж өгье. Мөрөөдөл биелдэг юм. Хэрвээ хүн өөрөө түүндээ сэтгэл зүрхээрээ итгэж байвал мөрөөдөх л ёстой. Тэгэхгүй бол хүн ямар ч алсын хараа зорилгогүй, хэн ч биш болно. Хүн байгаа зүйлдээ хэзээ ч ханаж цадаж болохгүй. Цаашдаа улам их тэмүүлэх ёстой, өөрийнхөө бие мах бодтой мөрөөдөж буй зүйлээ холбож байнга бодож мөрөөдөж байх хэрэгтэй. Нэг өдөр л та тэр мөрөөдлийнхөө төлөө хийж бүтээсэн зүйлтэй, мөрөөдлөөрөө жигүүрлэн амьдарч байх болно. Хэрвээ та мөрөөдөлтэй бол түүнийгээ хэзээ ч бүү орхиорой. Яагаад гэвэл тэр биелэх боломжтой. Биелэх ч болно. Би андгайлж байна.
Миний хамгийн том мөрөөдөл биелсэн. Биелээгүй бол би энд ингээд ярилцлага өгөөд сууж байхгүй байсан. Одоо ч надад маш том мөрөөдөл байгаа. Нэг том мөрөөдлөө хуваалцах юм бол би Африкт буюу өөрийнхөө улсад өөрийн нэрээр эмнэлэг нээхээр төлөвлөөд байгаа. Ер нь бол би бусдаас сайн сайхан юу авсан, тэр бүгдээ эргүүлж өгөхийг хичээдэг.
Та орчин үеийн залуучуудын талаар юу гэж боддог вэ?
Одоогийн залуучуудын тухай бодол маань шууд л интернеттэй холбогддог. Өнөөгийн нийгэм миний залуу байх үеийнхээс их өөр, залуус боломжоор дүүрэн нийгэмд амьдарч байна гэж боддог. Бас одооны залуучууд хэзээд мэдээллээр тасрахгүй, бид ч мөн адил тэр мэдээллийн эрх чөлөөт нийгмийн давхраанд амьдарч байгаа. Интернетээр бүх чиглэлийн мэдээллийг хил хязгааргүй, дэлгэрэнгүй авчихдаг болсон энэ цаг үед амьдарч байгаадаа бид үнэхээр баярлаж явах хэрэгтэй. Тийм ээ, бид залуу байна, энэ чинь л гайхамшиг шүү дээ.
Та улс төр сонирхдог уу?
Би улс төрд маш сонирхолтой. Гэхдээ би зурагт үздэгггүй, сонин ч нэг их уншаад байдаггүй, харин fm радиогоор хааяа шинэ соргог мэдээ сонсдог. Байдлыг ерөнхийд нь ажиглаж, өөрийнхөө дүгнэлтийг хийж суудаг.
Ер нь бүх эдийн засгийн эрх мэдлийг төр барьж байдаг, бүх хууль зүйг төрөөс гаргадаг. Улс орныг, бас бид өөрсдийн өдөр тутмын амьдралыг улс төргүйгээр төсөөлөшгүй шүү дээ. Энэ бол маш чухал сэдэв. Ялангуяа залуу хүмүүс энэ сэдвээр маш их мэдлэгтэй байх хэрэгтэй гэж би боддог. Тэд бол бидний ирээдүй шүү дээ.
Hийгмийн цөөнх болох бэлгийн чиг хандлага өөр хүмүүсийг та ямар өнцгөөс харж дүгнэдэг вэ? Энэ асуудлыг Монгол улсын нийгэм хүлээн зөвшөөрдөггүй юм.
Хамгийн түрүүнд би нэг зүйлийг хэлмээр байна. Бид бүгд адилхан хүн төрөлхтөн. Бид чинь даяарчлагдсан нийгэмд амьдарч байгаа шүү дээ. Зарим улс оронд тэднийг бэлгийн гаж хандлагатай гээд амийг нь хүртэл бүрэлгэдэг гэж дуулсан. Энэ бол байж болохгүй зүйл. Тэд бэлгийн чиг хандлагаа өөрсдөө сонгоогүй шүү дээ. Тэднийг хүмүүс, нийгэм маш дутуу үнэлдэг мэт санагддаг. Жишээ авч үзэхэд, яагаад би ижил хүйстэн нэгнээс илүү гэж? Хүмүүс тэднийг зүгээр л байгаагаар нь хүлээн авч хүн гэдэг үүднээс нь хүндэлж харьцах ёстой шүү дээ.
Би ижил хүйстнүүдийг эсэргүүцдэггүй. Гэхдээ нөгөө талаар би тэднийг үзэн яддаг. Тэр нь юу вэ гэхээр олон улс оронд ижил хүйстэн хосууд хүүхэд үрчилж авдаг болсон. Тийм бэлгийн чиг хандлагатай хүмүүстэй бяцхан үрс хамт өсөж торнино гэхээр надад хүүхдийн хүмүүжлийн хувьд ямар ч баталгаагүй мэт санагддаг. Хүүхэд гэнэн цагаахан байдаг учраас харсан үзсэн бүх зүйлээ дуурайж хийхийг хүснэ. Энэ бол үнэхээр аймшигтай, би хувьдаа эрс эсэргүүцдэг.
Та шүтлэгтэй юу? Шашин шүтлэгийн талаарх таны үзэл бодол юу вэ?
Тийм ээ, би шүтлэгтэй. Би бурханд, байгаль дэлхийд итгэдэг. Гэхдээ энэ сэдэв рүү хүмүүс их туйлширдаг юм шиг санагддаг. Бид бүгд дэлхийн өөр өөр өнцөгт өсөж торнисон өөр өөр ёс заншил, шашин шүтлэгтэй хүмүүс. Хүн ихэнхдээ хаана өсөж хүмүүжиж байна, ямар ч сонголтгүйгээр тэр улсынхаа шашин шүтлэгийг өвлөн авдаг. Гэтэл христийн шашин, будда, муслимийн аль нь хамгийн шилдэг шашин бэ гэдэг талаар л маргалдацгаагаад байдаг. Хүн бүр өөрийн сонгосон шашин шүтлэгээ хамгийн шилдэг үнэн зөв бодит гэж боддог. Мэдээж хүн бүр өөрийн сонгосон шашин шүтлэгтээ үнэнч явах эрхтэй, гэхдээ эцэст нь юу чухал вэ гэхээр таны зүрх сэтгэл сайн уу, муу юу, та шашин шүтлэгтээ үнэнч байгаад сайхан сэтгэл зүрхтэй хүн болж чадсан уу, үгүй юу гэдэгт л хамаг учир байгаа юм.
Угтаа бол нэр нь л өөр болохоос бурхан гэдэг ганцхан зүйл бий. Чи бурхныг барьж харж тэмтэрч чадахгүй, гэхдээ чи сайн сайхан юм хийх тусам чамд хүч тэнхээ, эерэг энергийг өгдөг. Энэ чинь л бурхан шүү дээ. Ер нь бол орчлон ертөнц байгаль дэлхий бол бидний хувьд хамгийн том бурхан, байгаль эх дэлхий амьтдыг бид хайрлах хэрэгтэй.
Харин зарим муу хүмүүс итгэгч гэнэн хүмүүсийг бурханаар дарангуйлдаг, бүх алхмуудыг нь хянадаг, шашин шүтлэгийг ашиглан бизнес хийдэг нь надад таалагддаггүй.
Ярилцсан Г. Ганчимэг /Монгол-Австрийн Залуучуудын Холбоо/
/Үргэлжлэл бий/