Монголын үндэсний бөхийн холбоо уржигдар тэргүүлэгчдийнхээ ээлжит хурлыг зарлаж сар шинийн барилдаанд бөхийн жудаг алдсан Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, улсын харцага Ц.Содномдоржийн барилдах эрхийг дөрвөн сараар хасах шийдвэр гаргасан тухай мэдээллийг манай сонин өмнөх дугаартаа нийтэлсэн. Энэ талаар харцага Ц.Содномдоржтой ярилцлаа.

 

-Үндэсний бөхийн холбооноос таны барилдах эрхийг дөрвөн сараар хаслаа. Энэ шийдвэрийг та хэдийд сонссон бэ?

- Энэ талаарх мэдээллийг өнөөдөр /өчигдөр/ өглөө мэдээллийн хэрэгслээс олж харлаа. Түүнчлэн дотны танилууд маань утсаар байнга хэл дуулгаж байгаа. Үндэсний бөхийн холбооноос гаргасан дээрх шийдвэрт гомдох эрх надад байхгүй. Нэгэнт л ийм шийдвэр гарсан бол үүнийг дагахаас өөр яах билээ. Холбооны зүгээс надад шийтгэл оногдуулах нь ерөнхийдөө ойлгомжтой байсан. Харин барилдах эрхийг дөрвөн сараар хасах л хүнд туслаа. Ингэхээр миний шийтгэлийн хүчинтэй хугацаа наадмын өмнө цуцлагдах юм байна. Наадам хүртэл заалны ганц ч барилдаанд зодоглохгүй гэж бодохоор өөрийн эрхгүй гол харлана. Би заалны барилдаанд аль болох алгасалгүй оролцохыг хичээдэг. Энэ хэрээр миний бэлтгэл чамбайрч, амжилт өсдөг.

-Харамсаад яах вэ. Танд оноосон шийтгэл эцсийн хугацаа зургадугаар сарын 11-ний өдөр дуусах юм билээ. Тэгэхээр наадам хүртэл нэг сарын хугацаанд чамлахааргүй бэлтгэл хийж амжих байлгүй дээ?

-Харж л байя. Дөрвөн сар гэдэг тийм ч бага хугацаа биш шүү. Цаг хугацаа их алдана. Бөхчүүд барилдааны ур чадвар, үндсэн бэлтгэлээ заалны барилдаанд л торддог байхгүй юу. Тэндээс л өөрийн болон өрсөлдөгчийнхөө сул талыг олж харна. Би цолоо ахиулах хэмжээнд барилдаж чадахгүй бол наадамд зодоглохын хэрэг алга.

-Өөрөө гомдлоо ил гаргах дургүй хэрнээ тойруу утгаар илэрхийлээд байх шиг?

-Хамгийн гол нь наадам. Бөх хүн аль болох олон барилдаанд оролцож байж цолоо ахиулдаг жамтай.

-Бөхийн хорхойтнууд дунд Ц.Содномдорж харцагын уран барилдааныг үзэх хүсэлтэй хүн цөөнгүй. Тэдэндээ хандаж таны хэлэх үг?

- Юутай ч ард түмнээсээ уучлалт хүсье. Энэ өдрүүдэд намайг шүүмжилж, улмаар ирлэж сайн зүйлд хөтөлсөн бүх хүнд баярлалаа. Бөхөд хайртай ард түмэн маань бөхчүүдээ муу зүйлээс хол байлгах гэж шүүмжлэхдээ шүүмжилж, муулахдаа муулж өнөөдрийн бөхийн ариун ёс, дэг журмыг мөхөөлгүй авч үлдсэн юм. Миний бие өнгөрсөн алдаандаа ихэд гэмшсэн. Иймд та бүхнийхээ намайг гэсэн энэ их ачийг улсын өндөр цолонд хүрч хариулахыг хичээх болно.

-Энэ жилийн наадмаар цолоо ахиулахыг хүсэн ерөөе?

- Тэрийг амлаж чадахгүй нь.

-Яагаад тэр вэ?

-Би энэ жилийн наадмаар барилдах эсэхээ хараахан шийдээгүй л байна. Магадгүй миний бэлтгэл өмнөх үеийн төвшинд хүрэхгүй бол энэ жилдээ өнжих бодолтой байгаа. Би цолоо ахиулах хэмжээнд барилдаж чадахгүй бол наадамд зодоглохын хэрэг алга.

Д.Жавхлан