БСШУЯ-наас Уран зохиолыг мэдлэг олгох суурь хичээл болгохоор ярьж байгаа
2014/02/12
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн праграммаас Уран зохиолын хичээлийг хасна хэмээн шуугиан дэгдээд авсан билээ. Тиймээс холбогдох хүмүүсийн байр суурийг асууж тодруулга авснаа хүргэж байна.
БСШУЯ-ны сайд Л.Гантөмөр “Уран зохиолын хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хасна гэсэн яриа огт гараагүй. Хэлний яруу сайхан, гайхамшиг нь уран зохиолд байдаг. Энэ гайхамшгийг монгол хэл ба нийгмийн ухааны хичээлд хэрхэн ашиглах тухай бол бид ярьж байгаа. Дунд сургуулийн сурагчдыг 12 жил сурах хугацаанд уран зохиолын хичээл 2347 цаг орж байгаа” гэлээ.
Боловсролын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан уран зохиол хариуцсан Д.Баттогтох "Уран зохиол гэдэг бол үгийн урлаг. Дээрээс нь хүний уран сайхны сэтгэлгээг хөгжүүлж ирсэн. Ерөөсөө тухайн улсын ард түмний хэлний баялаг, хэлний гоо сайхан, хэлний чадамж нь уран зохиол дээр илэрч байдаг. Уран яруу хэрэглүүрийг уран зохиолд хэрэглэдэг. Уран зохиолоос монгол хэлний баялаг, эх хэлний баялаг харагддаг. Тэгэхлээр ийм сайхан үүрэгтэй чухал хичээлийг хасч болохгүй.
Харин уран зохиолын хичээлийн цагийн багасгах тал дээр бол намын үзэл бодол, суртал нэг анги, намд үйлчилж байх үед энэ зохиолч төрийн шагналтай юу үгүй юу гэдгийн хардаг. Мөн энэ зохиол ямар ял зэм хүлээж байсан бол тухайн зохиолыг нь хэвлүүлдэггүй сургалтад оруулж заадаггүй байсан" хэмээн өөрийн байр сууриа илэрхийлсэн юм.
Хэл, нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургалтын албаны дарга Ш.Оюунцэцэг "Сүүлийн 10 жил сургуулийн бүтэц 2 удаа хийгдсэн. Энэ шинэчлэлээр уран зохиолын хичээл алга болчих вий гэсэн нийгмийн эмзэглэл бий болоод байна. Тэр дундаа зохиолч нарын хувьд. Олон орны сургалтын төлөвлөгөөнүүдийг харахад хүний хүмүүжил төлөвшилд нөлөөлөх хичээлийг түлхүү оруулж ирсэн байдаг. Гэхдээ улс орон болгон үүнийг янз бүрийн арга замаар оруулдаг юм. Тухайлбал, Герман ч юм уу, Европын оронд шашин гэдэг хичээлээ ороод энэ шашны хичээлээрээ дамжуулаад хүний зүрх сэтгэлд нь нөлөөлсөн, өөрийн ахуй амьдралд нь болоод цаашдаа хүн болж төлөвшихөд нь зүг чиг өгсөн хичээлүүдийг шашны хичээлээр дамжуулаад оруулчихдаг. Харин манай оронд бол уран зохиолын хичээлээр хүнээ төлөвшүүлж ирсэн. Тийм болохоор уран зохиолын хичээл сургалтын төлөвлөгөөнд байнга байсаар ирсэн. Ер нь уран зохиолын хичээл сургалтаас хасагдаж байсан түүх байхгүй. 1950-иад оноос эхлээд үзсэн бүх хичээлийн төлөвлөгөөнд уран зохиолын хичээл бий.
1990-ээд онд уран зохиолын хичээлийг үзэл суртал гэж үзэж байсан. Энэ үедээ сургалтын хөтөлбөрт тэр зохиолчийн тэр зохиол судална гэж оруулдаг байсан. Уран зохиолын хичээл нь өөрөө тодорхой зохиолчтой, тодорхой зохиолыг сонгоод заавал тухайн хүүхдээр судалуулдаг байв. 2004 оноос хойш бидний хийсэн өөрчлөлт бол зохиол болгон хүн болгонд адилхан таалагдах албагүй. Хүн бүрийн үзэл өөр. Тийм болохоор тухайн сургуулийн багш, сурагч, эцэг эх нь өөрсдөө сонгоод тэр зохиолыг уншаад юуг нь тусгаж авах юм. Алийг нь сайн, муу гэж үзэхийн гэсэн сонголтын агуулгыг бий болгохыг зорьсон юм" гэв.
БШУЯ-ны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяраас ЕБС-ийн хичээлэл орж буй зарим шинэчлэлтийн талаар тодрууллаа.
-Хичээлүүдийн агуулга давхцаж байна гэх шүүмжлэл гараад байгаа. Энэ талаар?
-Дунд ангийн хичээлийн агуулга маш их давхцаж байгаа. Үүнийг ирэх жил судлаач, эрдэмтэнтэй хамтарч үнэлгэээ судалгаа хийнэ. Яаж хүүхдэдээ илүү чадвар олгох уу гэдгийг судлах хэрэгтэй. Маш олон хичээл ордог. Харин эцэстээ хүүхэд чадварждаггүй. Баахан даалгавартай ачаалалаа дийлэхгүй хүүхэдтэй болох биш. Яаж үндсэн суурь чадамжаа олгох вэ гэдэг чадвар дээр суурилсан хичээлийн төлөвлөлт дээр зохион байгуулалтыг сайжруулахаас биш үндсэн одоо орж байгаа агуулгууд бол ордогоороо орно. Арга зүйн технологи, зохион байгуулалтын хувьд сайжруулна гэдэг нь дараагийн нэг хийх ёстой гол зүйлүүдийн нэг юм.
-Уран зохиолын хичээлийг сурагчид өөрсдөө сонгодог болох уу. Тухайлбал, хүүхэд өөрөө тухайн хичээлийг хүсвэл үзнэ, хүсэхгүй бол сонгохгүй?
-Энэ бол уран зохиолын хичээл ахлах анги дээр ямар агуулгаар сонгох вэ. Одоо жишээлбэл, үнэхээр монгол хэл, уран зохиолоор яилүү цаашаа мэргэших гэж байгаа хүүхэд бол гүнзгий түвшинд. Мөн нийгэм, байгалийн ухааны чиглэлээр явах гэж байгаа ахлах ангийн хүүхдүүд энэ чиглэлд ямар дунд түвшинтэй байна вэ гэдгийг одоо бид нар ярьж эхлэж байна. Үүнийг хэрэгжүүлж эхлээгүй байгаа.
-Уран зохиолын номонд орсон шүлэг, яруу найраг, зохиолын шинэчлэл хийгдсэн үү?
-Одоо бол ялангуяа Эртний уран зохиол, Монголын шилдэг уран зохиол, өгүүллэгүүдийг сонгох сонголт нь өнөөдрийг хүртэл сурах бичиг бичих тендэрт баг шалгардаг байсан. Тэр багийн сонголтоор явдаг. Харин энэ жилээс мэргэжлийн багаа өөрсдөө цуглуулж, мэргэжлийн хүмүүстэй боловсролын хүрээлэн дээрээ төвлөрөх боловсруулалтыг хийж байна.
-Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл эхэлсэн байгаа. Зарим их, дээд сургуульд бүтцийн өөрчлөлт хийгдсэн. Энэ жилийн оюутан элсүүлэх журам ямар байгаа вэ?
-Өнгөрсөн жил шинэчлэгдсэн журам бол албан ёсоор мөрдөгдөнө. Энэхүү журам нь сургууль, сургууль дээрээ үлгэрчилсэн журмын дагуу элсэлтийн журмаа баталдаг. Сургуулиудын элсэлт бол долдугаар сарын 1-нд хийгдэж эхлэнэ.
-Их, дээд сургуулийн бүтцийн өөрчлөлт хэрхэн хийгдэж байна?
-Тэгэхээр бүтцийн өөрчлөлтийн чиглэл судалгаа бодлогын хувьд бол БСШУЯ-тай хамтарч ажиллаж байгаа. Өнгөрсөн жил МУИС, ШУТИС дээр өөрсдөө баг гаргаж судалгаа хийгдээд байж болох санал, хувилбаруудаа дэвшүүлдэг. Харин үүн дээр бол удирдах зөвлөл нь бүтцийнхээ өөрчлөлтийг хуулийнхаа хүрээнд шийдвэрээ гаргах бүрэн боломжтой. Гэхдээ БСШУЯ өөрөө дээд боловсролын чанарын шинэчлэлт хийхийн тулд яаж оюутан чанартай сургалтын хөтөлбөрийг санал болгох вэ? Тэр суралцаж байгаа оюутанд яаж чанартай багш нар багшилдаг байх вэ.? Сургалтын лабортари, сурах бичиг яаж чанартай байх вэ гэдэг дээр тасралтгүй шаардлага тавьж байгаа. Үүн дээр бол хамтарч ажиллаж байна.
-Өнгөрсөн онд 4 үсгийг хасна гэх яриа бас гарч байсан. Гээгдэх, гээгдэхгүй эгшгийн дүрэм батлагдана гэж байсан. Үүнийг засгийн газар хүлээж авсан уу?
-Албан ёсоор бол БСШУЯ-наас ямар ч мэдээлэл хийгээгүй. Хэрвээ 4 үсгийг хасна аа гэвэл улс, үндэстнээрээ дахиад шинэ бичигтэн болно. Энэ асуудал бол буцаад эх эх хэлэнд болоод харилцаан дээр асуудал үүснэ гэдэг мэдэгдлийг бол бид нар хэлсэн. Харин эрдэмтэдийн хувьд бол асуудлаа дэвшүүлээд явж байгаа. Эцсийн шийдвэр нь засгаар шийдэгдэх учир одоо бол хариу гараагүй. Засгийн газраасаа барьж байгаа чиг нь тэр багшийн дүрэм, энэнийх гэхээ больё оо. Бүх эрдэмтэд нийлээд нэгдсэн нэг дүрэмтэй, журамласан нэг тольтой болоод ир гэсэн даалгаврыг л эрдэмтэд өгсөн. Үүн дээр л эрдэмтэд ажиллаж байгаа.
Х.Даваа
Irgen · 2014/02/13
Huuhdiin surah bichgiig NAM-aar taltsah bish surganii zaluu, ahmad meregejliin humuuseer bichuulj hyanuulah ****rdlagatai. Darga nar het ih mede****d bolohoo boliosoi. Mergeliin himiis l haritsangui zov hiine