Лед самбарын хар гай хүний аминд хүрэв
2013/03/25
Эрдэнэт хүний амь эндэх бүрт харамсал төрөөд хий дэмий л ганц нэгхэн тарни, маань хэлэх төдийхнөөр асуудалд хандахаасаа бид хэзээ болих вэ, хотын дарга аа.
Аюулгүй ажиллаж амьдрах орчин нөхцөл байна уу. 25-хан настай цэл залуухан Монгол хүү рекламны самбар буулгаж байгаад амиа алдчихлаа.
Мэдээж залуу өөрөө өндрөөс үсрээгүй самбар буулгаж байх үед кран нь тасарч амиа алджээ. Дэндүү танил үхлийн шалтгаан байгаа биз. Яагаад барилга дээр ажиллах, баригдаж буй орон сууцны хажуугаар явах, нийслэлийн өнгө үзэмжийг сайжруулахын төлөө ганц самбар хуулахад хүртэл аминд цөвтэй болчихов оо.
Хүнийхээ амь насыг яагаад нэн тэргүүнд тавьж хамгаалалт, аюулгүй ажиллагааг нь хангаж өгдөггүй юм бэ. Барилгын салбарт ч хотын тохижилт үйлчилгээнд ч аюулгүй ажиллагаа, найдвартай орчин нөхцөл бүрдэхгүй байна вэ.
Хотынхны шийдвэрээр рекламны одоогийн хулдаасан самбарыг солих, лед гэрэлтэй, урсдаг дэлгэцээр өнгө үзэмжийг нь сайжруулах тухай яригдаж батлагдсанаар хуучин самбарууд бууж жагсаалтаас гарч эхэлж байна. Хуучнаа хуулах болсон шалтгаан нь авто замын осол хулдаасан самбаруудаас эхтэй байна гэсэн мэдээ. Тэр дундаа жолооч нарын анхаарлыг сарниулж байна гэж албаныхан үзэж байгаа юм.
Хэрвээ үнэхээр хэн нэгэн хүний ашиг сонирхол, бизнес цаана нь явагдаж байна гэж харвал лед самбар харин ч жолооч нарын анхаарлыг сарниулах гол хэрэгсэл болно.
Урсдаг, тод гэрэлтсэн дэлгэцээр юу гарч байгааг нь харах гэсээр замаасаа гажиж, цаашлаад замын хөдөлгөөнд оролцож байгаа явган иргэдийг ч торохгүй дайрах хэмжээний зэвсэг бэлтгээд байгаа юм биш үү. Энэ мэт эхнээсээ хуучнаа хуулж, буулгах ажил дөнгөж эхлэж байхад хайран сайхан нэгэн залуу амиа алдсан нь айдас төрүүлээд байна, “Үүл” дарга аа.
Өнөөдрийн байдлаар нийслэлд 274 аж ахуйн нэгж, иргэний 2180 самбар байгаагаас 921 нь авто замын хөдөлгөөнд саад учруулдаг тул буулгах шаардлагатай гэж Замын цагдаагийн газраас мэдэгдээд буй. Тэгвэл энэ хэмжээний самбар өлгөж, буулгах, шинэчлэх ажил хүний аминд халгүй хийгдэх боломж байна уу. Ганц самбар буулгахдаа хүртэл хүний амиар нааддаг байдалдаа анхаарлаа хандуулж бэхэлгээ, аюулгүй ажиллах боломжийг нь сайтар хянаж анхаарвал яасан юм бэ.
Бид зөв зүйтэй шаардлага хэрэгцээний улмаас хийж байгаа ажлыг дэмжих ч хүний халуун амь, хайрыг юмны чинээ тоохгүй гаргуунд нь гаргахыг зөвшөөрөхгүй ээ.
Мэдээж хотын өнгө үзэмжид нийцэх, орчин үеийн шийдэл бүхий рекламын самбар нийгмийнхээ хуулиар байх ч лед, урсдаг самбарыг л битгий сонгоосой. Жолоочоос эхлээд том хүн, хүүхдийн амь насанд ч аюултай байх өндөр эрсдэл бүхий рекламны лед самбар тавьж эхлэх эхний ажлууд эхэлсэн бөгөөд эхний ээлжинд нийслэлийн Засаг даргын үүргийн дагуу Улаанбаатар хотын хориглосон газруудад байрласан зар сурталчилгааны самбаруудыг цэгцэлж, цагаан зурваст орсон самбаруудыг буулгах ажил эхэлжээ.
Ажил хийж байгаа нэгнээ муулахыг манай сонин зорьсонгүй ээ. Хамгийн гол нь санаачилж, хэрэгжүүлж байгаа ажлууд чинь хүний эрүүл мэнд, амь насанд харин ч хамгийн аюултай байхаар харагдаад байна шүү дээ. Үүнийг батлах гэсэн мэт цэл залуухан хүү самбар буулгах явцдаа амиа алдчихлаа шүү дээ. Ядаж ажиллах найдвартай багаж, төхөөрөмж, аюулгүй ажиллагааны бүх нөхцөл бололцоог хангаж өгөөч ээ. Ингэхгүй бол хэдэн сайхан залуугийн амь самбар буулгаж, өлгөх бүрт алсын алс руу алга болохыг бид мэдэхгүй ээ. Лед гэрэлтэй, урсдаг самбарууд ч мөн энэ мэт амь эрссэн айдас зүрхэнд хуруулаад эхлэв Бат-Үүл дарга аа.
М.Мөнхтунгалаг