МУГЖ Т.Ариунааг танихгүй хүн ховор. Тэрбээр 1967 оны гуравдугаар сарын 15-нд Улаанбаатар хотод төрсөн.
Нийслэлийн 52 дугаар дунд сургуулийг төгссөн бөгөөд сургуульд байхдаа л хүүхдийн дууны нэрт зохиолч Л.Галмандахын удирдлага доор бэлтгэл, сургуулилт хийж, “Нарны дуулал” хамтлагт дуулдаг байсан гэдэг. Анх 15 настай байхдаа “16 нас” хэмээх анхны дуугаа дуулснаар “од” болох эхлэл нь тавигдсан юм. Энэ дуу нь нэг жилийн дараа Монголын радиогийн “Алтан фонд”-д орж байсан түүхтэй. 10 жилийн дунд сургуулиа төгсөөд “Соёл эрдэнэ” хамтлагт байж байгаад, “Баян Монгол” чуулгад дуулж эхэлжээ. Тус хамтлаг, чуулгатай хамтран 18 аймгаар аялан тоглолт хийж байсан.  1996 онд “Эрос №1” хэмээх анхны цомгоо гаргасан юм. Цомогт багтсан “Мартахгүй”, “Баяртай гэж хэлж чадсангүй”, “Анхны хайр” зэрэг дуунууд нь нэлээд амжилт авчирсан.  Анхны цомгоо гаргаснаас хойш “non stop”-оор ажиллаж эхэлсэн. 1997 онд “Зөвхөн чиний тухай” гэсэн хоёр дахь бие даасан цомгоо гаргав.

“Non stop” үргэлжилсээр 2001 онд “Чи минь” хэмээх хамгийн алдартай цомгоо гаргасан. Энэ цомогт багтсан “Нарны хаан хүүхэд”, “Санааны чимээ”, “Аялгуу чиний увидас”, “Чи минь” зэрэг одоо ч аялагддаг дуунууд нь орсон юм. Түүний дараа жил буюу 2002 онд “Хаврын шөнийн бодол”, 2003 онд “Миний шинэ орон зай”, “You are my life” хэмээх хоёр цомгоо гаргасан. Тэрбээр 2003 оны аравдугаар сарын 30,31-нд, 11 дүгээр сарын 1, 2-нд “Миний шинэ орон зай” тоглолтоороо фэнүүдэдээ бэлэг барьж байсан. Мөн Югослав, Япон, Солонгос, Америк зэрэг орноор аялан тоглолт хийж байсан билээ.

Тэгвэл авьяаслаг, цог жавхаатай дуучин маань шинэ уран бүтээлдээ ханцуй шамлан орж "Хайранд" нэртэй шинэ дуу гаргахаар тун завгүй яваа гэнэ.

Мөн "Мооль" студийн залуус түүний амьдралаас сэдэвлэсэн мюзикл хийхээр зэхэж байгаа тухайгаа дуулгалаа. Хоёр цаг гаруй үргэжлэх уг бүтээлд түүний амьдралын бүхий л цаг үе болон алдаа оноотой хором бүхнийг тусгах аж. Одоогоор МУГЖ Т.Ариунаагийн дүрд хэн тоглохыг нууцалж байгаа бөгөөд мюзикл олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр үзэгчдийн хүртээл болох юм.

Д.Ана