“Мариотт” ХХК нь 2007 оноос хойш Дархан цаазат Богдхан уулын Хүрхрээгийн аманд 13.9 га-г газар ашиглах, 131.8 га-г хариуцан хамгаалах гэрээгээр ашиглаж ирсэн.

Үүнийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны аравдугаар сарын 3-ны өдрийн магадлалаар “…Байгаль орчны сайдаас “Мариотт” ХХК-д олгосон 13.9 га газраас илүү газрыг хамгаалалтын талбай гэж тогтоож өгсөн нь холбогдох хууль тогтоомжид нийцсэн гэж үзэхгүй.

…131.8 га газар буюу хамгаалалтын талбайн хувьд газрын төлбөрийг төлж байгаагүй, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 1/254 дүгээр албан бичгээр ирүүлсэн агаарын зургаас үзвэл “Мариотт” ХХК нь тухайн хамгаалалтын гэх газартаа орон сууцны зориулалттай эд хөрөнгүүдийг барьж, ашиглаж байгаа болох нь нотлогдож байна.

… БОАЖЯ, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, “Мариотт” ХХК-ийн хооронд байгуулсан 2007 оны арваннэгдүгээр сарын 5-ны өдрийн БО-04/А-09 дугаартай Урт хугацааны хөрөнгө оруулалтын гэрээ, Баянзүрх дүүргийн Засаг дарга, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа,”Мариотт” ХХК-ийн хооронд байгуулсан 2007 оны долдугаарын сарын 3-ны өдөр ба

йгуулсан БО-08/А-09 дугаартай Урт хугацааны хөрөнгө оруулалтын гэрээ….зэргийг хүчингүй болгосугай” гэжээ.

Мөн Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны арванхоёрдугаар сарын 10-ны 494 дугаартай тогтоолд “…Гэрээгээр “хариуцан хамгаалах”-аар тохирсон гэх 131.8 га газарт Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай, Газрын тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу “Мариотт” ХХК-д “газар ашиглах”, эсвэл “газар эзэмших” эрх үүсээгүй. “Мариотт” ХХК нь 131.8 га газарт Газрын төлбөрийн тухай хуульд заасны дагуу “газрын төлбөр төлдөггүй” болох нь тогтоогдсон. Уг үйл баримттай талууд маргаагүй байх тул гуравдагч этгээд “Мариотт” ХХК-ийг тухайн газарт газар эзэмших, ашиглах хууль ёсны эрхтэй гэж шүүх дүгнэх боломжгүй” гэсэн.

Гэтэл “Зууны мэдээ” сониныг Мариотт ХХК-ийн энэхүү үйлдлийн талаар шүүхийн шийдвэрийг үндэслэж, Дархан цааат Богдхан уулын Хүрхрээгийн аманд 131.8 га талбайг Хариуцан хамгаалах гэрээний цаагуур газрын төлбөргүй  талаар хөндөн бичлээ гэж “Скай резорт” хэмээх ХХК гарч ирж зарим хэвлэлээр мэдэгдэл гаргасан. Улмаар энэ компанид хуулийн зөвлөгөө өгөх үйлчилгээ үзүүлдэг гэх “И Элч Си” ХНН-ээс манай сонины нэр дээр шаардлага ирүүлжээ.

Түүндээ “…Гүтгэсэн байна” гээд Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль, Зөрчлийн тухай хуулиар Цагдаагийн байгууллагад, Иргэний хэргийн шүүхэд хохирол нэхэмжлэн хандах боломжтой гэжээ.

Бид гүтгэсэнгүй. Хэрэв гүтгэсэн гэж үзэх бол Шүүхийн шийдвэртэй, бас бодит үнэнтэй маргах болно.

Үүнээс гадна бид “Скай резорт” ХХК-ийн талаар өмнөх сэдвүүдэд бичээгүй юм. Харин “Мариотт” ХХК-ийн ашиглаж, “хариуцан хамгаалж” ирсэн Хүрхрээгийн амны 13.9 га болоод 131.8 га газар дээр үйл ажиллагаа явуулдаг “Скай ресорт” цанын бааз, газар нь асуудалтай болох талаар шүүх хэрхэн үзсэн талаар “Асем вилла” хотхоны тухай хөндсөн.

Тийм учраас бид нэгэнт хөндөж эхлүүлсэн сэдвээ цаашид үргэлжлүүлэн сурвалжилж нийтэлнэ.

Энэ удаад өмгөөллийн “И Элч Си” ХНН-ийн үйлчлүүлэгч “Скай резорт” ХХК, түүний хувьцаа эзэмшигчид, мөн “Мариотт” ХХК, түүний хувьцаа эзэмшигчдийн талаар сонирхон сурвалжлав.

Ингээд энэ хоёр компани бол нэг хувьцаа эзэмшигчдийн мэдэлд байдгийг олж мэдлээ.

“Мариотт” ХХК нь түрүүлж байгуулагджээ. 2006 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр Худалдааны зуучлал, Гадаад худалдаа, Аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар Д.Одгэрэлийн нэр дээр Улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлж байв. Сүүлд, 2009 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр “Мариотт” ХХК-ийн хувьцаа эзэмшигч нь “Скай резорт” ХХК гэж бүртгүүлсэн байна.

Ингээд “Мариотт” ХХК-ийн хувьцаа эзэмшигч нь “Скай резорт” ХХК болсон байгаа юм.

Харин “Скай резорт” ХХК нь Гадаадын хөрөнгө оруулалттай, дөрвөн хувьцаа эзэмшигчтэй аж ахуйн нэгжээр 2008 оны тавдугаар сарын 16-ны өдөр Улсын бүртгэлийн байгууллагын бүртгэлд оржээ. Гадаад худалдаа, Аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулна гэж бүртгэлд тэмдэглэсэн байна.

Хувьцаа эзэмшигч дөрвөн компанийн нэг нь АНУ-ын “Kerry Resort Holdings”, нөгөө гурав нг Монголын нэр хүндтэй том компаниуд болох “Петровис холдинг”, “Эм Си Эс холдинг”, “Скайтел групп” байдаг аж.

Ер нь бол Монголын топ аж ахуйн нэгжүүдээр байнга шалгардаг. Жил бүрийн төгсгөлд МҮХАҮТ, Татварын байгууллага, за тэгээд Засгийн газар, бусад байгууллагын бизнесийн салбарын хүндэт өргөмжлөлийн эзэд энд заларч байдаг юм байна.

Тэдгээр хувьцаа эзэмшигчид Монгол Улсад хуулийн дагуу төлбөр, татвараа төлөх ёстой гэдгээ дээд зэргээр мэдэх ёстой хүмүүс юм.

Эдгээр нэр хүндтэй компаниуд “Скай резорт” ХХК, түүний эзэмшилд байдаг “Мариотт” ХХК-ийг ашиг олохоор нь хуваагаад авчихдаг, харин улсыг хохироогоод байхад нь тоохгүй суугаад байж болохгүй.

Өөрөөр хэлбэл, эзэмшдэг компани нь Богдхан уулын Хүрхрээгийн аманд 131.8 га газрыг ямар нэг төлбөр төлөлгүйгээр ашиглаж ирсэн үйлдэлд засал залруулга хийлгүй, дуугүй суусаар, тэр ч бүү хэл энэ талаар хөндсөн хэвлэл мэдээллийн хэрэгслийг “…Залруулга гаргахгүй бол шүүхэд, цагдаад хандана” гэж өмгөөлөгчийн байгууллага хөлслөн шаардлага дамжуулаад сууж байгаад нь итгэхэд бэрх.

Үүнээс гадна хувьцаа эзэмшигчдийн тухайд анхаарал татсан нэг зүйл байна. Юу гэвэл, тэд 2019 оны нэгдүгээр сарын 2-ны өдөр буюу 12 хоногийн өмнө “Скай резорт” ХХК-ийн Үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчийн мэдээлэлд “хөдөлгөөн” хийжээ.

Ингэхдээ хувьцаа эзэмшигч дөрвөн компанийн нэг “Скай резорт” ХХК-ийн 11.96 хувийг эзэмшдэг “Скайтел групп” солигдоод “Алтай холдинг” ХХК болсон байна.

Энэ өөрчлөлт Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдаанаас 23 хоногийн дараа хийгдсэн байгаа юм. Тэгэхээр энэ өөрчлөлтийн цаана юу нуугдаж байна вэ гэдэг асуулт зүй ёсоор тавигдаж таарна.

 Б.ДАМДИН-ОЧИР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.1.14 № 9 (5976)