"Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн 49 хувийн хувьчлалын асуудлаар цагдаагийн байгууллага энэ сарын 6-нд эрүүгийн хэрэг үүсгэж, нэр бүхий дөрвөн хүнийг яллагдагчаар татах саналаа Нийслэлийн прокурорын газарт хүргүүлжээ.

Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга Б.Баатархүүгээс тодруулахад, "ЦЕГ, АТГ-ын хамтарсан ажлын баг "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн 49 хувийн хувьчлалын асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Эл хэрэгт холбогдуулан Худалдаа Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, гүйцэтгэх захирал О.Орхон, "Монголын зэс" корпорацын захирал Ц.Пүрэвтүвшин, Сингапур улсад бүртгэлтэй “Генетик” компанийн гүйцэтгэх захирал асан Г.Хүрэлбаатар нарыг яллагдагчаар татах саналыг Нийслэлийн прокурорын газарт хүргүүлсэн ч прокурорын байгууллагаас ямар нэгэн хариу ирээгүй байна" хэмээв.

 

- Тэднийг ямар үндэслэлээр яллагдагчаар татсан бэ?

-Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа тул энэ талаар мэдээлэл өгөх боломжгүй. 

 

- Хэрэгт холбогдуулан төрийн өндөр албан тушаалтныг шалгаж байгаа юу?

- Тухайн үед Монгол Улсын сайдаар ажиллаж байсан М.Энхсайхан, Шадар сайд асан Ц.Оюунбаатар, Батлан хамгаалахын сайд асан Ц.Цолмон, Эрүүл мэндийн сайд асан С.Ламбаа, Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргал, БСШУ-ы сайд асан Л.Гантөмөр, ЕТГ-ын даргаар ажиллаж байсан П.Цагаан нараас гэрчийн мэдүүлэг авсан.

 

- Прокурорын байгууллагаас яллах дүгнэлт гаралгүй нэлээд удлаа?

- Цагдаагийн байгууллагын мөрдөн шалгах ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Тухайн үед төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүс мөрдөн шалгах ажиллагаанд саад бололгүй, хүндэтгэлтэй хандан гэрчийн мэдүүлэг өгсөн. Прокурорын байгууллагатай холбоотой асуудлыг тухайн байгууллагаас асуух хэрэгтэй.

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн  хувьчлалын асуудлаар энэ сарын 4-нд мэдээлэхдээ, “Эрдэнэт үйлдвэр” компанийн 49 хувийг авах боломж тухайн үеийн Засгийн газарт байсан ч "Монголын зэс" корпорацид давуу байдал олгосон. Тус компани 49 хувийг худалдан авсан 400 гаруй сая ам.долларын 72.4 хувийг төрөөс, үлдэх 27.6 хувийг Худалдаа хөгжлийн банк гаргасан байх магадлалтай" гэж танилцуулсан юм.