Өнгөрсөн баасан гарагт хотын даргын хамаарал бүхий “Зүүнбаян Рефайнери” компани хэвлэлийн хурал хийж С.Амарсайхан даргыг нүүр хийх газаргүй болгов. Уг нь тус хурлыг хийхээс хэдхэн хоногийн өмнө хотын дарга Туулын бургасыг хядаж буй “Зүүнбаян Рефайнери” компанийн үйл ажиллагааг зогсоосон тухай сүртэй мэдээллийг хэвлэлээр тарааж тун удалгүй дээрх нэр бүхий компанийн удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ гэх зарыг тараасан юм.

Тус компанийн хэвлэлийн хурал хийх болсон шалтгаан нь мэдээж С.Амарсайханыг “Зүүнбаян Рефайнери” компанитай огт хамаагүй гэдгийг олон нийтэд хэлэх байв. Учир нь түүний хамаарал бүхий уг компани нь Туулыг бургасыг хядаж барилгын ажил эхлүүлснээс болж усны голдиролыг алдагуулсан гэх асуудлыг УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Пүрэвдорж нар чуулганы танхимд онцлон ярьж түүнд хариуцлага тооцохыг шаардаж байсан удаатай. Ингээд энэ үйл явдлаас хойш түүнийг хотын дарга болсны дараа дахин сөхөгдөж АН-ын залуус Туулын бургас яаж хядагдсан тухай видео мэдээллийг олны хүртээл болгож үүний дараа С.Амарсайхан дарга “ Зүүнбаян Рефайнери” компанийн үйл ажиллагааг зогсоож буйгаа мэдэгдсэн юм. Ямартай ч олон түмэнд даргыгаа буруугүй гэж ойлгуулахыг хичээсэн “Зүүнбаян Рефайнери” компанийнхан худлаа ярьж өөрсдийгөө шившиглээд зогсохгүй С.Амарсайхан даргыг бүр ч эвгүй байдалд оруулаад амжив. 
Ер нь бол тус компани Туул голын эргийн бургасыг хядсан асуудал нь Д.Оюунхорол сайдын үед яригдаж үйл ажиллагааг нь цуцлах талаар ярьж Н.Цэрэнбат сайдын үед бургасны хохирлыг төлүүлэх асуудлыг тавьсан ч хүчрээгүй гэдэг. Асуудал даамжирч, өөр рүү нь чиглэсэн шүүмжлэл ширүүсээд ирэнгүүт мань дарга тус компанийн үйл ажиллагааг нь зогсоох шийдвэрийг гаргаж ардаас нь ийнхүү нэр цэвэрлэх хэвлэлийн хурлыг хийсэн нь энэ аж. Юутай хэвлэлийн хурлын үеэр юу ил болсон гэхээр “Зүүнбаян Рефайнери” компани Туул голын эрэгт хоёр га биш нийт 5.6 га газрын бургасыг хядсан нь тодорхой болоод зогсохгүй тус компанийн захирал гэх О.Сайнбаяр “Оюуны Ундраа” группийн хамгаалалтын албыг хариуцдаг байсныг түүнийг мэдэх хүмүүс зураг хөрөгтэй нь баримт болгон гаргаж эхэлсэн. Тэрбээр эзнээ хамгаалах гээд “Хэдхэн бургасыг улстөржүүллээ” хэмээн зандарч Богд Хан уулын дархан цаазат газрын захиргаа, Нийслэлийн байгаль орчны газрын зөвшөөрлөөр “Бургасыг нүүлгэн шилжүүлсэн” гэж ажил хэрэгч мэдэгдэл хийх гэж оролдов. Аль алинд нь алдаа гаргаснаар эцэст нь хэрэг явдлыг ч задалж, өөрийгөө ч бариад өгчихлөө. Гэтэл бодит байдал дээр “Зүүнбаян Рефайнери” компани Богд Хан уулын дархан цаазат газрын захиргаа, Нийслэлийн байгаль орчны газраас огтхон ч зөвшөөрөл авалгүйгээр хууль зөрчин үйл ажиллагаа явуулж байсан юм байна. Ингэхдээ “том толгойлж” 4.6 га газрын бургасыг хядсан байж.


Уг нь Байгаль орчны тухай хууль, Нийслэлийн ногоон байгууламжийн тухай зүйл заалтад хотын ногоон байгууламжийг хөндөх хийгээд шилжүүлэхийг хориглодог. Энэ үндэслэлээр Нийслэлийн байгаль орчны газраас байгаль орчны хохирлын үнэлгээ тооцож нөхөн төлбөрт 11 сая төгрөг төлүүлэх торгуулийн бичгийг тус компанид өгч газрын зөвшөөрлийг нь цуцлаж байжээ.

Хамгийн анх Байгаль орчин ногоон хөгжлийн сайд асан У.Барсболд 2005 онд тус компанид Маршалын гүүрний зүүн талд 5.6 га газрыг олгосон байдаг. 2008 оны наймдугаар сарын 8-ны өдөр Байгаль орчны яамны Тусгай хамгаалалттай газрын дарга А.Намхайгийн гарын үсэгтэй 4 га газрыг дахин олгож 2017 оны тавдугаар сарын 23-ны өдөр Нийслэлийн ерөнхий архитектор асан Э.Анарын тушаалаар дээрх газрын ашиглах зориулалтыг “Их тэнгэр вилла” 50 айлын орон сууцны тансаг хороолол болгож өөрчилжээ. Энэ тушаалыг БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай газрын дарга Н.Батсансар баталж, зөвшөөрөл олгосон байдаг юм байна. Тоо бодож үзвэл, нэг га газарт 2500 орчим бут,бургас ургадаг гэсэн тооцоо байдгийг судлаачид хэлж байгаа юм. Тэгэхээр энд нийт 14.000 бүл бургас хядуулсан бөгөөд 9.2 тэрбум төгрөгийн хохирол учруулсан тооцоог БОАЖЯ-наас гаргажээ. 
Тэгэхээр одоо хотынхоо ногоон байгалийн “эрлэг” болж 5.6 га газрын бургасыг хядаж, байгаль орчинд асар их хэмжээний хохирол учруулаад зогсохгүй Туул голын ус татарч ширгэхэд сөргөөр нөлөөлсөн компанитай холбогдсон Хотын даргад Ерөнхий сайд ямар хариуцлага тооцох бол гэдэг нь анхаарал татаж байна.

Үргэлжлэл бий…

Х.Маргад

Эх сурвалж: http://erennews.mn/index.php?view=article&type=item&val=19995