Монголбанкнаас дөрөвдүгээр сарын 8-ны өдөр Капитал банкыг татан буулгаж, үйл ажиллагааг нь зогсоосон гэдгийг мэдэгдсэн билээ. Тус банк дампуурснаар төрийн болон хадгаламж эзэмшигчдийн ихээхэн хэмжээний мөнгөний асуудал сөхөгдөв. Капитал банканд 20 саяаас дээш төгрөгийн хадгаламж эзэмшигч иргэд тайван жагсаалыг монголбанкны гадаа хийсэн гээд энэхүү банкны дампууралтай холбоотой асуудал өнөөдрийг хүртэл дуусаагүй үргэлжилсээр байгаа билээ. 

Монгол улсын банкуудад Олон улсын аудитын компаниар 2016 онд  дотоодын шалгалт хийсэн байдаг.  Энэ шалгалтын  дүнтэй холбоотойгоор ийн Капитал банкны дампууралын асуудал ил болсон гэв.  Тухайн шалгалтаар хэд хэдэн банк өөрийн хөрөнгийн дутагдалд орсныг илрүүлсний дагуу зохих шаардлага тавьсан гэдгийг эдийн засгийн байнгын хорооны дарга онцлов.  Тухайн үед 2-3 банк асуудалтай байсны нэг нь Капитал байжээ. 2018 онд буюу өнгөрсөн жил УИХ-аас Банкыг дахин хөрөнгөжүүлэх тухай хуулийг баталсан аж. Тэгвэл "жижиг" банкыг дампууруулахад "дөхөм" байдаг уу гэлтэй тус банкын дампууруулын талаар мэргэжлийн хүмүүс ийнхүү өгүүлэв. 

 

Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир: Эхний ээлжид 20 хүртэлх сая төгрөгийн хадгаламжтай хүмүүсийн мөнгийг даатгалаас шууд гаргаж өгнө.  Хадгаламжийн даатгал гэж байдаг. Үүнд “Капитал” банк 43 орчим тэрбум төгрөгийг хуримтлуулсан юм билээ. Тиймээс 20 хүртэлх сая төгрөгийн хадгаламжтай хүмүүс санаа зовох зүйлгүй. Түүний дараа 20-оос дээш сая төгрөгийн хадгаламжийг гаргана. Гуравдугаарт,  төрийн мөнгийг барагдуулна. Капитал банкинд нийгмийн болон эрүүл мэндийн даатгал  гээд төрийн 400 гаруй тэрбум төгрөг бий. Үүний дараа буюу дөрөвдүгээрт томоохон аж ахуйн  нэгжүүдийн  өрийг барагдуулна. Шат дараатайгаар л төлнө гэсэн үг. Зээл авсан хүмүүсээс юм уу барьцаа хөрөнгө, банкны эзэмшлийн  газар, байшинг хүртэл зарж борлуулах замаар шаардлагатай мөнгийг гаргаж авах учиртай. Үүний дараагаар аж ахуйн нэгж болон бусад хүний төлбөр, зээлийг барагдуулах хэрэг гарна. Г.Алтан гэдэг хүн Капитал банкны  бараг хамгийн том хадгаламж эзэмшигч юм билээ. Ойролцоогоор 80 гаруй тэрбумын  хадгаламжтай. Харин энэ мөнгөө хувааж татсан эсэхийг сайн мэдэхгүй байна.

Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны гүйцэтгэх захирал Б.Батдэлгэр: ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас Капитал банк 2017 онд 47 тэрбум төгрөгийн зээлийн гэрээ хийсэн байдаг. Энэ гэрээний дагуу энэ онд 20 гаруй тэрбум төгрөгийн эргэн төлөлтийг хийх ёстой байсан юм. Өөрөөр хэлбэл жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан эргэн төлөлтөөсөө бизнес эрхлэгчдэд зээл олгох ёстой. Гэтэл энэ эргэн төлөлтийн мөнгө нь байхгүй болсноор 20 гаруй тэрбум үгүй хийгдлээ. Капитал банк 2016 оноос өмнө жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас дамжуулан зээлдэгчийн үүрэг гүйцэтгэж банкуудын гэрээ хийсэн байдаг. Үүний дагуу 2011 онд тус банктай гуравласан гэрээ хийсэн. Гэвч энэ гэрээнийхээ үүргийг биелүүлээгүй. 2016 онд үл маргах нөхцөлтэйгээр эргэн төлөх байсан ч төлөөгүй. 2011 оны гэрээ дууссанаас хойш 10 сарын дараа буюу 2017 оны 10 дугаар сард одоогийн энэ маргаан бүхий гэрээг байгуулсан. Энэ нь 48 тэрбум төгрөгийн гэрээний үүргээ ч биелүүлээгүй. 2016 оноос эдийн засаг нь хүндэрсэн байхад Монголбанк тухайн үедээ арга хэмжээ аваагүй. Нийт зээлийн 80 гаруй хувийг найдваргүй зээл болгож байгаагаагийн цаана том ашиг сонирхол байгаа гэж харж байгаа. Бидний хамгийн том зорилго бол Капитал банк хууль бусаар зээлсэн 48 тэрбум төгрөг, 2011 оны гэрээний алданги 13 тэрбум төгрөгийг нэхэмжилж байгаа юм. Энэ асуудлаараа Ерөнхий сайдад хандсан байгаа. 2017 онд хийгдсэн гэрээ ашиг сонирхлоороо хийгдсэн гэрээ юм. ЖҮД сангаас Капитал банканд зээл олгосон нь "Банкыг жижиг дунд үйлдвэрлэлийн тухай хуулийн 8дугаар заалтыг зөрчсөн үйлдэл. Банкыг жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид тооцохгүй" гэсэн заалтыг зөрчөөд байгаа. Иймээс л бид өнөөдрийн жагсаалд нэгдэж Капитал банкны хохирогчдыг дэмжиж дуу хоолойгоо хүргэж байгаа.

Түүний хэлж буйгаар, Капитал банк ЖДҮ-ийг хөгжүүлэх сантай гэрээ байгуулан, 2011, 2016 онд зээл авсан байдаг. Улмаар 2017 оны аравдугаар сарын 10-ны өдөр Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч, ХХААХҮ-ийн сайдын үүрэг гүйцэтгэгч, Капитал банкны гүйцэтгэх захирал гурав хамтарсан гэрээ байгуулжээ. Энэ гэрээ нь 2011 оны зээлийн гэрээний үлдэгдэл 28 тэрбум, 2016 оны зээлийн гэрээний үлдэгдэл 17 тэрбум төгрөг, энэ хоёр гэрээний хуримтлагдсан алданги гэж хоёр тэрбум төгрөг, нийлээд 48 тэрбум 447 сая төгрөгийг жилийн 7 хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай төлөх, ингэхдээ үндсэн төлбөрөөс нэг жилээр чөлөөлөгдөх, алданги нь 0.014 хувь байх тухай заасан гэрээ байдаг ажээ. 

Хадгаламжийн даатгалын корпорацийн Гүйцэтгэх захирал Х.Бум-Эрдэнэ: Нөхөн төлбөрийг төгрөгөөр олгоно. Хэрэв тухайн харилцагч гадаад валютын данстай бол банк татан буугдсан энэ оны 4 сарын 8-ны өдрийн Монголбанкны ханшаар тооцож, төгрөгт шилжүүлнэ. Ингэхдээ Капитал банкинд байгаа нийт харилцах, хадгаламжийн дүн, гэрээний дагуу бий болсон хуримтлагдсан хүүгийн орлогын дүнг нөхөн төлбөр олгох нөхцөл үүссэн өдрөөр нэгтгэнэ гэсэн үг.

Олон Улсын Валютын Сан(ОУВС)-ийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Нэйл Сакер: "Банкууд Монголбанкнаас тогтоосон зохистой байдлын үзүүлэлтүүдийг хангаж ажиллах ёстой байдаг. Харин “Капитал” банкны хувьд нэлээд удаан хугацаанд зохистой харьцаануудыг хангалгүй ажиллаж ирснээс гадна хангах боломж гаргасан хугацаанд нь шаардлагыг хангаж чадаагүй учраас ийм шийдвэр гаргасан байгаа. Энэ шийдвэр гарснаар Монголын банк санхүүгийн салбарын тогтвортой байдалд сөрөг үр дагавар гарахгүй. Яагаад гэвэл системийн ач холбогдолтой биш, жижиг банк байгаа. Монголбанкны гаргасан шийдвэрийг бид зөв зохистой шийдвэр гэж үзэж байна. Ингэснээр хуулиар тогтоосон бүх журам зааврыг чанд мөрдөж ажиллах ёстой гэдэг мессежийг бусад арилжааны банканд өгч чадсан байх гэж бодож байна. Энэ бол зайлшгүй хийх ёстой алхам байсан.

УИХ-ыг гишүүн Б.Ундармаа: Би Капитал банкнаас хувьцаа эзэмшдэггүй хэмээн сэтгүүлчдэд хариулсан.

Уг нь өнгөрсөн оны ХОМ дээр нь тус банкинд хөрөнгө оруулсан гэдгээ тодоос тод бичсэн байгаа юм. Нөгөөтэйгүүр, жижиг банкны дампуурал эдийн засагт өөрчлөлт оруулахгүй гэж мэргэжлийн улс үзэж байгаа бололтой. Аливаа улстөрийн асуудал яригдаж эхлэхээр иргэний хөдөлгөөнийхөн идэвхитэй ажиллаж эхэлдэг. Энэ удаа ч тэд үүнийгээ сайн биелүүлж, 20 сая хадгаламжтай иргэдтэй хамтран жагсаалд оролцсон юм.