Хэвлэл мэдээллийн редакцууд нэгдэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг олон нийтэд нээлттэй байдлаар сэтгүүлчидтэй ярилцахыг шаардсан.

Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаар ажиллаж эхэлснээсээ хойш дөрвөн удаа ярилцлага, нэвтрүүлэгт оролцсон байдаг. 

  • 2023 оны хоёрдугаар сарын 20-нд МҮОНРТ-ийн “Онцлох зочин” нэвтрүүлэг,
  • 2024 оны гуравдугаар сарын 28-нд сэтгүүлч Б.Ганчимэгийн “Улаанбаатараас ярьж байна” нэвтрүүлэг,
  • 2024 оны зургаадугаар сарын 10-нд реппер Б.Гантулгатай хийсэн ярилцлага,
  • 2025 оны гуравдугаар сарын 10-ны Өдрийн сонины сэтгүүлч Э.Энэрэлд өгсөн ярилцлага.

Эдгээр ярилцлагууд нь урьдаас бичиж бэлтгэн, эвлүүлсэн, шууд дамжуулалтын бус байсан нь олон нийтийн дургүйцлийг төрүүлээд байгаа юм. Тиймээс нэр бүхий мэргэжлийн редакцууд нэгдэн дээрх шаардлагыг хүргүүлсэн. 

 

Тэгвэл энэхүү шаардлагын хариуг ЗГХЭГ-аас өчигдөр өгсөн байна. 

Энэхүү хариунд "Үүссэн улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалан Ерөнхий сайдын зүгээс "Итгэл хүлээлгэх тухай" УИХ-ын тогтоолын төслийг 2025 оны тавдугаар сарын 28-ны өдөр Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэхээс хүргүүлээд байна. 

УИХ-аас итгэл хүлээлгэх тухай тогтоолын төслийг хэлэлцэн шийдвэрлэсний дараа Ерөнхий сайдаас хэвлэл мэдээллийн байгууллагад нээлттэй ярилцлага өгөхөөр мэдэгдсэн" гэжээ.