Монгол Улсын Гавьяат механикжуулагч, ахмад тариаланч Мэлтгэр овогт Цагааны Сүрэнхорлоо 2019 оны зургадугаар сарын 7-ны өдөр зуурдаар таалал төгсч, гэр бүр, төрөл садан болон газар тариалан, хөдөө аж ахуйн салбарт хүнд гарз тохиолоо.

Ц.Сүрэнхорлоо нь 1936 онд Говь-Алтай аймгийн Бигэр суманд төрсөн.

1972 онд Д.Сүхбаатарын нэрэмжит Намын дээд сургуулийг ХАА-н эдийн засгийн дунд мэргэжлээр дүүргэсэн. 

Тэрээр 1957 онд механикжуулагчийн мэргэжил эзэмшин, хөдөлмөрийн гараагаа эхэлснээс хойшхи бүхий л хугацаанд ажил, амьдралаа газар тариалангийн үйлдвэрлэлд зориулж ирсэн туршлагатай тариаланч, анхны шан татсан атарчдын нэг байлаа.

Төв аймгийн Баянцогтын сангийн аж ахуй анх байгуулагдах үед буюу 1961 оны гуравдугаар сарын 15-нд сангийн аж ахуйн даргын 1 тоот тушаалаар тракторчин болж, атрын аяны гараагаа эхэлж байжээ. 1962 онд өндөр ургацын аварга,  1963 онд комбайнаар шууд шилжүүлсэн га-гаар 1116 га газрын тариа хурааж, улсдаа дээд амжилт тогтоон, 26-хан насандаа “Хөдөлмөрийн гавьяаны улаан туг”-ийн одонгоор үнэлүүлж байв. Мөн “Улсын аварга комбайнчин”-ы болзлыг гурван удаа хангасан атар газрын өндөр туршлагатай мэргэжилтэн байлаа.

Талийгаач өөрийн бүх хүч чадал, сэтгэл санаа, мэдлэг оюунаа атрын талбайд өнгөрүүлж, тавьсан зорилгоо биелүүлэхийн төлөө амь бие үл хайрлан зүтгэсэн, тариаланч хамт олныхоо хайр хүндэтгэлийг хүлээсэн, газар тариаланчдын дотор алдарт тариаланч гэдгээрээ хүлээн зөвшөөрөгдсөн нэгэн байсан юм.

Аливаа ажилд зүтгэлтэй хандаж, үүргээ нэр төртэй биелүүлж чаддаг нь “Гунын саалийн механикжсан ферм”-ийг хавсран хариуцаж, хөл дээр нь босгосон он жилүүдээс тодорхой харагддаг. Эл фирмийг удирдаж ажилласан 20 жилийн хугацаанд Гунын тариан тасаг, саалийн механикжсан фермийн хамт олноос Хөдөлмөрийн баатар саальчин, Төрийн соёрхолт механикжуулагч, Гавьяат механикжуулагч, Улсын аварга саальчин төрж, өндөр ургацын аварга олонтаа тодорч байсан нь талийгаачийн хөдөлмөрч, хамт олноо уриалан манлайлагч байсныг илтгэдэг билээ.

Ц.Сүрэнхорлоо нь МАХН-ын онц их хурал зэрэг гурван удаагийн их хуралд төлөөлөгчөөр оролцсон ба аймгийн депутат, ИХТ-ын төлөөлөгч мөн сумын депутат, ИХТ-ын төлөөлөгчөөр удаа дараа сонгогдон ажиллаж байсны зэрэгцээ сум орноо хөгжүүлэх, залуу үеийн халамжлан хүмүүжүүлэх үйлсийг үргэлж түрүүнд тавьж ирсэн.

Баянцогт сумын Гунын тасаг, фермийг цогцоор нь ажиллуулж амжилт бүтээл гаргасан туршлагыг орон даяар сурталчилж, ХАА-н үйлдвэрчний эвлэлийн хорооны шийдвэрийн дагуу нэгжүүдэд тэднээс суралцаж, тодорхой амжилтад хүрсэн байдаг.

Жирийн тариаланч түүний хөдөлмөр, ажил амьдралын талаар төвийн хэвлэлүүд олонтаа үнэлэн бичиж, “Сүхбаатарын одонт Сүрэнхорлоо” хөрөг найруулал, “Гавъяат Сүрэнхорлоо” зэрэг хөрөг нийтлэлдээ онцолж байжээ.

Монголын газар тариалангийн салбарт оруулсан түүний үлэмж хөдөлмөр, зүтгэлийг төр засаг өндрөөр үнэлж, 1976 онд Алтан гадас одон, Хөдөлмөрийн Гавьяаны улаан тугийн одон, 1986 онд дахин Алтан гадас одон, 1993 онд Сүхбаатарын одон, 2004 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Гавьяат механикжуулагч хэмээх төрийн өндөр дээд шагнал хүртээж байсан юм. Мөн “Атарчдын алдар”, 1961 оны 50 жилийн ойн медалиас эхлээд Ардын хувьсгалын ойн медалиудаар тухайн он дараалан шагнагдсан.

Талийгаачийн шаргуу хөдөлмөрч, тууштай, эх орондоо хайртай, элгэн садан олондоо энэрэлтэй, хамт олноо сурган хүмүүжүүлж, сургахын төлөө эрмэлзэж ирсэн зан чанар, хүнлэг энэрэнгүй, даруу төлөв төрх нь бидний сэтгэлд үүрд хоногшин үлдэх болно.

Гүн эмгэнэл илэрхийлье

Гэр бүл, үр хүүхэд, төрөл садан, хамт олон