Улс төрчдийн шоу: Сургуулийн барилга булаацалдах зуур сурагчид ОУ-д зэрэг явагддаг шалгалтаа өгч чадахгүйд хүрэх нь
2019/09/18
Манай улсын боловсролын салбарт тулгамдаж буй асуудлын нэг нь цэцэрлэг, сургуулийн барилга. Ирэх онд сонгууль явагдах гэж байгааг хүн бүр мэдэж байгаа. Энэ цаг үетэй уралдаж улс төрчид ажлаа үнэлүүлэхээр зэхэж буй.
Гэтэл улс төрчид сонгуулийн амлалтаараа хамгийн түрүүнд цэцэрлэг, сургуулийн хичээлийн байртай болгож хүүхдүүдийг сурах эрхээр нь хангаж өгнө хэмээн амладаг. Тэгвэл өнөөдөр энэхүү амлалтаа биелүүлэх нэрээр нэг сургуулийг нь байрнаас нь хөөж байгаа нь өнөөгийн төрийн эмгэнэл болоод байна.
Учрыг тодруулбал, Олон улсын Кембрижийн сургалттай Монгол тэмүүлэл сургууль одоогоос хоёр жилийн өмнө хичээлийн байртай болжээ. Харин 133-р сургуулийн хичээлийн байрыг барих газрын асуудал энэ оны тавдугаар сарыг хүртэл шийдэгдээгүй байсан юм. Өөрөөр хэлбэл Монгол тэмүүлэл сургууль нь 133-р сургуулийн газар дээр боссон гэнэ.
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр 133 дугаар сургуулийн 920 хүүхдийн багтаамжтай байрыг барих 6.6 тэрбум төгрөгийг 2018 оны улсын төсөвт суулгаж, мөн оны наймдугаар сард Нийслэлийн Засаг даргын захирамжаар 7500 м.кв газрыг Олимп хотхоны арын талбайд олгожээ. Гэвч тус хотхоныг барьсан “Ика” ХХК-ийнхан өөрийн эзэмшлийн талбайг хууль бусаар авлаа гэж шүүхэд гомдол гаргаснаар газрын асуудал гацаанд орсон байна. Ингээд газрын асуудлыг яаралтай шийдвэрлэх үүднээс Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг Дүнжингарав худалдааны төвийн эзэмшлийн газраас нийгмийн хариуцлагын хүрээнд нэг га газар авахыг УИХ-ын гишүүн Б.Наранхүү зөвшөөрчээ. Ийнхүү хотын даргын захирамж гарч 133-р сургуулийн хичээлийн байрыг барих газартай болсон юм.
Тэгвэл гурван сарын өмнө шийдэгдсэн энэ асуудал дахин сөхөгдөж, Монгол тэмүүлэл сургуулийг байрнаасаа гарч түрээсийн байранд ор гэжээ. Оронд нь 133-р сургуулийг оруулахаар шийдэж байгаа талаар эцэг эхчүүд эсэргүүцэн олон нийтэд мэдээлэв.
Г.Эрдэнэбилэг "Олон улсын сургалтын хөтөлбөртэй лаборатори сургуулийн тоог нэмэх Засгийн газрын зорилтын хүрээнд төрийн өмчийн Монгол тэмүүлэл сургуулийг анх байгуулсан. Монголд олон улсын Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлдэг төрийн өмчийн гурван сургууль байдгийн нэг нь Монгол тэмүүлэл юм. Тус сургуулийн барилгыг улсын төсвийн хөрөнгөөр барьж, 2017 онд ашиглалтад орсон. Гэтэл сүүлийн үед улстөрчдийн сонгуулийн шоуны золиос болж, зориулалтын байраа алдах төдийгүй Кембрижийн сургалтын эрхээ алдах ноцтой нөхцөл байдал үүсээд байна. Хэрвээ Монгол тэмүүлэл сургууль стандарт, шаардлага хангасан зориулалтын байргүй л бол эрхээ алдана.
БЗД-ийн 26-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа Монгол тэмүүлэл сургуулийн 1, 2-р давхарт 133-р сургуулийн зарим бүлгийг түр хугацаанд байршуулж байсан юм. Хамт нэг байранд хичээллээд хоёр жил болж байгаа. Одоогоос гурван сарын өмнө төр засгийн удирдлагууд ирж танилцаад 133-р сургуулийн барилгыг барих шинэ газар олгож, төсөв хөрөнгийг нь шийдвэрлэж өгсөн. Одоо тус сургуулийн барилгын ажил 2 дахь давхартаа явагдаж байна. Гэтэл гурван сарын дараа Монголын төр засаг энэхүү шийдвэрээсээ гэнэт буцаж, Монгол тэмүүлэл сургуулийг байрнаасаа гар, түрээсийн байранд ор гэж шаардаж байгаад эцэг эх, багш, сурагчид бид харамсаж байна. Монгол төрийн боловсролын бодлого макет шиг байж болохгүй” гэв.
Дэлхийн 195 оронд 10 мянга гаруй сургуульд Кембрижийн сургалт хэрэгжиж байгаа. Тухайн улсын үндэсний хөтөлбөртэй хослуулан хэрэгжүүлдэг давуу талтай аж. 2011 онд БСШУЯ-ны сайдын тушаалаар байгуулагдсан байдаг. Монгол улсынхаа бүрэн дунд гэрчилгээг болон ОУ-ын Кембрижийн сургалтынхаа гэрчилгээг авч төгсдөг юм. Олон улсын хөтөлбөр нь үндэснийхээ сургалтыг олон улсын түвшинд үнэлүүлэх боломж нь өргөгдөж өгдөг ажээ. Ингэснээрээ дэлхийн топ сургуулиудад суралцах эрхтэй болдог.
Уг олон улсын хөтөлбөр нь өмнө нь огт байгаагүй зүйл биш бөгөөд 1985 онд сайд нарын зөвлөлийн тогтоолоор МУБИС-ийн дэргэд гүнзгийрүүлсэн сургалттай ахлах сургууль гэж байгуулагдаж байжээ. Тухайн үедээ 18 аймаг, 3 хотуудаар багш нар явж 1-2 хүүхэд шалгаруулан гоц авьяастай гэсэн хүүхдүүдийг сурган төгссөн. Эдгээр төгссөн 200 гаруй хүүхдүүд бүгд 95 хувь нь монгол улсынхаа хөгжил дэвшилтэд үнэтэй хувь нэмрийг оруулж яваа. Яагаад ардын хүүхдүүд олон улсын хөтөлбөртэй сургуульд суралцаж болохгүй гэж. Мөнгөтэй боломжтой дарга нарын хүүхдүүд төлбөртэй сургуульд сурч байна. Бид нар түрээсийн байранд шилжиж болно. Бидний эмзэглэж байгаа асуудал нь нэгдүгээрт, багш хөгжлийн асуудал зогссон. Хоёрдугаарт манай сургуулийн байр нь тусгай тоног төхөөрөмжөөр тоноглогдсон. Дэлхийн 10 мянга гаруй орны сая сая хүүхдүүд зэрэг шалгалтаа өгдөг. Аравдугаар сард 198 хүүхэд манай сургууль дээр шалгалт өгнө. Ахлах сургуульд суралцаж байгаа бусад сургуулийн хүүхдүүд өгнө. Эдгээр хүүхдүүд материалаа 6 сарын өмнө явуулдаг. Зөвхөн стандарт байранд шалгалтаа өгдөг хэмээн Энхцэцэг онцолсон юм.
Монгол тэмүүлэл сургууль бүтэн долоон жил хичээлийн байртай болохоор хүлээсээр 2017 онд барилгатай болжээ. Гэтэл өнөөдөр ийнхүү тусгай зориулалтаар улсын төсвөөр баригдсан сургуулийн байраа улс төрчдийн шоуны балгаар алдаад зогсохгүй ирэх аравдугаар сард болох ОУ-ын шалгалтаа олон мянган хүүхдүүд өгч чадахгүйд хүрэх нөхцөл байдал үүсээд байгаа нь харамсалтай.
БСШСУЯ улсдаа гуравхан байгаа ОУ-ын Кембрижийн сургалттай сургуулийн сурагчдаа хохироохгүй байвал эцэг, эхчүүд ийн санаагаа чилээхгүй биз ээ.
Зочин · 2019/09/23
Сонгуулийн дараа 133 р сургууль шинэ байр ч үгүй 600 хүүхдийн багтаамжтай сургуультай ахиад л тэмцэж эхлэнэ дээ. БАТДЭЛГЭРийн ард ямар улс төрч байнаа
Зочин · 2019/09/21
Кембрижийн стандарттай сургуулийн тоог нэмэгдүүлнэ гэсэн ерөнхий сайдын үг яасан бэ? Аль ч хүүхдийн эрх ашиг чухал.
Зочин · 2019/09/21
Монгол Тэмүүлэл 133-р сургуулийн газар дээр боссон гэдэг буруу мэдээллээ засаачээ
Зочин · 2019/09/21
Завхарсан юм. Кембрижийн сургуулийн зориулалттай баригдсан байрыг булаан авч сонгуулийн шоугаа хийж байгаа юм биз дээ. Ичмээр юм. Хотонд ороод хонь минийх гэгчээр хэл ам татлаад байгаа 133 т нь өгч чимээ дарах гээ юм болов уу. Кембрижийн сургалттай сургуулийн тоог нэмэгдүүлнэ гээд байсан Ерөнхий сайдын үг юү болсон бэ. Тэр олгосон газартаа 133 сургуулийн байрыг нь бариад өгөөчээ.
Зочин · 2019/09/20
Алс ирээдүйгээ харахгүй, өнөө маргаашаа аргацааж, боловсролын салбараара сонгуулийн шоу хийж байна.
Зочин · 2019/09/20
Ухаангүй улс төрчид улс орноороо тоглож байна.
Зочин · 2019/09/20
Монголын эмгэнэл, улсын хөгжлийг ухраадаг ухаангүй улс төрчид улс охиноороо тоглож байна