Түүхий нүүрс & Шахмал түлш: Түлэх арга, шаталтын ялгаа
2019/10/10
Хөхүүрийн ам цаашилж, хүйтний ам наашилж байгаа энэ цаг үед Нийслэл хотын утааг багасгах зорилготойгоор түүхий нүүрсийг халсан. Гэтэл орыг нь залгах шахмал түлш сайн мэдээ дагуулсангүй. Хэрэглэгчдийг зөв хэрэглээнд бэлтгээгүй байж худалдаанд шууд гаргасан нь "том алдаа" болов.
Эрүүл мэндийн байгууллагууд угаарын хийн хордлогод орсон иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй шуурхай үзүүлж байна. 100 гаруй иргэнд тусламж үйлчилгээ үзүүлж, 30 гаруй хүн хэвтэн эмчлүүлсэнээс 20 хүний биеийн байдал сайжирч эмнэлгээс өчигдөр гарлаа. Хамгийн харамсалтай мэдээ нь хүний амь эрсдсэн явдал юм. Ерөнхийлөгч нь хүртэл уг шахмал түлшийн талаар олигтой үг дуугарсангүй. Тэрбээр “Өнгөрсөн өдрүүдэд эмгэнэлт явдал тохиолдож, Улаанбаатар хотын 6 иргэн амь насаа алдаад байна. Нийслэлийн 48 хорооны 61 өрхийн 122 иргэн шахмал түлшинд угаартаж хордсоноос 58 иргэн эмнэлэгт хэвтсэн гэсэн мэдээ авлаа. Нас барсан иргэдийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье" хэмээсэн юм. Мөн утаагүй зуух, шахмал түлшээр агаарын бохирдлыг шийдвэрлэсэн нэг ч улс дэлхий дээр алга. Орон сууц барьснаар шийдэж байсан туршлага байна. Жил бүр шинэ луйвар сэдэж, хэрэгжүүлдэг энэ байдлаасаа эрс шийдвэртэй салаач гэж Засгийн газраас шаардах байна. Иргэдийн зовлонгоос ашиг унагадаг байдлыг таслан зогсоогооч гэв.
Түүхий нүүрс шахмал түлш хоёрын ялгааг иргэддээ сайн таниулж чадаагүйн улмаас олон хүн угаарын хийн хордлогод өртжээ. Өвлийн улиралтай зэрэгцэн дуулиан тарьсан шахмал түлшний талаар Химийн инженерчлэлийн доктор Ph.D. Д.Илчгэрэл "Энэ шуугиан тариад байгаа шахмал түлш нь өндөр чанарын чулуун нүүрсээр хийгдсэн учир Багануур Налайхын нүүрснээс нүүрс төрөгчийн агууламж өндөр, ийм болохоор илүү нүүрс төрөгчийн тоо болгоноор хоёр ширхэг хүчилтөрөгч хэрэгтэй гэсэн үг. Тооцоо хийвэл хэвийн нөхцөлд илүү нэг моль нүүрстөрөгч тутамд 12-ыг үржих нь 10-ийн 23 зэрэгт ширхэг хүчилтөрөгч хэрэгтэй гэсэн үг. Ийм болохоор ширхэгээр нь тооцвол маш их тоо гарна. Хий учраас эзлэхүүнээр тооцвол бас тохиромжтой, 1 моль нүүрс төрөгчийг шатаахад хэвийн нөхцөлд 22.4л хүчилтөрөгч хэрэгтэй. Тэгээд нэг килограмм шахмал түлшинд хэдэн грамм нүүрстөрөгч их байна гэдгээс хамааруулаад тооцож болно. Ийм учраас илүү хүчилтөрөгч хэрэгтэй болж байгаа юм. Нөгөө талаас энэ шахмал түлшийг сайн чанарын чулуун нүүрсээр хийсэн учраас ноцох температур өндөр байгаа юм. Ийм болохоор энэ шахмал түлшийг асаахын тулд их мод хэрэгтэй болно гэсэн үг (Багануур Налайхын нүүрстэй харьцуулбал). Энэ нь юу гэсэн үг бэ гэхээр хэрвээ Налайх Багануурын нүүрс асаадаг шигээ мод хийвэл шахмал түлш дутуу шатаад угаарын хий үүсгэнэ гэсэн үг.
Нөгөө талаар энэ шахмал түлш нь дэгдэмхий багатай учир бас ноцох температур нь их болно, энэ нь бас ноцох температурт нөлөөлнө. Түүнчлэн энэ шахмал түлш нь илчлэг ихтэй, бас үнслэг ихтэй учир тэр их илч нь тэр их үнсийг нь хайлуулснаар тэр үүссэн шлам нь зуух пийшингийн багалзуурт очиж царцсанаар түүнийг бөглөж байж болох магадлалтай. Энэ бүгдийг дүгнэхэд угаартаад байгаа шалтгааныг дараах байдлаар дүгнэж болно:
1.Шаталтанд шаардагддаг хүчилтөрөгч дутагдсанаар нүүрс төрөгч дутуу шатаж байна
2. Дэгдэмхийн агууламж бага учир дутуу асч байна
3. Нүүрстөрөгчийн агууламж их учир бас дутуу асч байна
4. Илчлэг ихтэй бас үнс ихтэй болохоороо зуух пийшингийн багалзуурыг амархан таглаж шаталтаас үүссэн угаарын хийг гадагшлуулаагүйгээс болж байна. Анхнаасаа энэ төслийн багт мэргэжлийн хими, химийн инженерүүд орсон, төслийн баг хууль дүрмээ мөрдсөн бол ийм зүйл болохгүй байсан. Мэддэг нь мэддэг чаддаг нь чаддаг юмаа л хийцгээе. Чадахгүй байж бүү мэдэмхийр" хэмээв.
Ийнхүү иргэдээ шахмал түлшийг хэрэглээндээ нэвтрүүлэхдээ юуг анхаарах, яаж хэрхэн түлэх вэ гэдгийг нь таниулж, ойлгоогүйгээс болж өнөөдөр эрдэнэт хүний амь эрсдлээ. Мэргэжлийн хүний оролцоогүйгээр хийсэн зүйл ямархан муу үр дагавар дагуулдаг вэ гэдгийг харуулсан тод жишээ боллоо.