Үндсэн хуулийн цэц Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйл буюу Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (АМНАТ) авах нь Үндсэн хууль зөрчсөн зохицуулалт хэмээн үзэж, хүчингүй болгосон юм. Цэцийн энэ шийдвэр Ашигт малтмалын тухай хууль, цаашлаад улсын төсвийг “хөдөлгөхөд” хүргэв.

 

Улстөрчид бүү хэл уул уурхайн салбарынхныг гайхшруулж, цочоосон Үндсэн хуулийн цэцийн энэ шийдвэр хэнд зориулагдав. Хэн нэгний захиалгаар цэц ажиллаж, АМНАТ-ыг цуцлав уу гэсэн асуулт олон нийтийн дунд эргэлдэж байна. Харин  УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж энэ асуултын хариуг өгчээ. Тэрбээр “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа Үндсэн хуулийн цэцийн энэ шийдвэр ордгүй, нүүрс боловсруулдаг үйлдвэрүүдэд үйлчилнэ гэдгийг хэлээд өгчээ.

 

Б.Пүрэвдорж гишүүн “Одоогоор нүүрсний ордгүй, нүүрс худалдаж аваад борлуулдаг хоёр үйлдвэр байна. “Говийн элч”, “Страто” гэсэн хоёр компани бий. Энэ хоёр компани нийлээд ойролцоогоор гурав орчим тэрбум төгрөгийн АМНАТ-аас  чөлөөлөгдөж байх шиг байна. Дээрээс нь зэс боловсруулдаг хэд хэдэн компани бий. Эдгээрээс хэдэн төгрөгийн АМНАТ авахгүй үлдэж байгаа вэ гэдэг нь тодорхой биш. Миний ойлгож байгаагаар 10-20 тэрбум төгрөгийн л АМНАТ алдаж байгаа болов уу” хэмээн ярьжээ.

 

Тэгэхээр Үндсэн хуулийн цэц “Говийн элч”, “Страто” гэсэн хэдхэн компанид “үйлчилжээ”. Энэ компаниудыг татвараас чөлөөлөхийн тулд хуулийн зохицуулалтыг хасч хаясан хэрэг болов. Газрын доорх баялгийг ашиглаж л байгаа бол татвар төлөх нь зайлшгүй асуудал гэдгийг цэцийн гишүүд “мэдсэнгүй”.

 

Үндсэн хуулийн цэцийн шийдвэр улсын төсвөөр дамжуулан иргэдэд ихээхэн хохирол учруулахыг зөвхөн Сангийн сайд хэлсэн юм биш. АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат ч Үндсэн хуулийн шийдвэрийг УИХ нэн яаралтай горимоор хэлэлцэх ёстойг сануулсан. Өдгөө УИХ дээр Ашигт малтмалын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахаар ажиллаж байна.

 

Улстөрчид төдийгүй эдийн засагчид ч энэ шийдвэрт цочирдсон, бухимдсан. Эдийн засагч Л.Наранбаатар “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тэглэж Страто мэтийн лицензгүй нүүрс баяжуулах компаниудыг татвараас зувчуулахад үйлчилсэн Үндсэн хуулийн цэцийн гишүүдийг ҮХ-д заасан Байгалийн баялаг ард түмний өмч гэсний эсрэг үйлчилсэн хэргээр ял асууж, огцруулъя!

 

Стратод Хятадууд хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд оффист нь З.Энхболдын төрсөн дүү Зандаахүүгийн Хишигтогтох ажиллаж байна. Страто өнөөдөр Бороо Гоулд шиг "тогтвортой байдлын гэрээ" хийсэн байна. Намайг худал мэдээлэл өгсөн гэвэл шүүхдээрэй З.Энхболдоо!

 

Ямар буянтай компани гэхээр Эрдэнэс Тавантолгойгоос хямд нүүрс аваад, баяжуулах үйлдвэр руу нь 1072 хувьцаа эзэмшигчдийнх нь ногдол ашгийг Үндэсний аюулгүй байдлын шийдвэр гэх Ерөнхийлөгчийн шийдвэрийн халхавчаар дээрэмдэж төмөр зам бариад, тэгээд цэцийн шийдвэрээр нүүрс баяжуулах үйлдвэрүүдийг татвараас зугтаалгаж чаддаг юм бэ?” хэмээн цахим хуудсанаа бичсэн байна.

 

Ямартай ч Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн захиалагч нь тодорхой болов бололтой. Монголын хуулийг шүүж, дээрээ хөх тэнгэрээс өөр “шүүгч”-гүй Үндсэн хуулийн цэц улсаа хорлох шийдвэрийг яагаад гаргасныг учир мэдэх хүмүүс гадарлаж, ул суурьтайгаар нь хэлээд өглөө. Татвараас зугтаж болно. Гэхдээ үнэнээс зугтаад хаа хүрэх бол?!

 

Б.ПҮРЭВДОРЖ: ХУУЛИЙН ТӨСӨЛДӨӨ АМНАТ-ИЙГ ДАВХАРДУУЛЖ АВАХГҮЙ БАЙХ ЗАРЧМЫГ БАРИНА

​​​​​​Эх сурвалж: Өдрийн сонин

 

Б.Энэрэл

www.Shuud.mn