Цагаан тахал нэртэй хар тамхи гэх зүйл дэлхийн 265 сая хүнийг нөмрөөд байна. Энэ тоог Монголчууд бид ч нэмж байгаа юм. Сүүлийн 3 жилийн хугацаанд хар тамхитай холбогдох хүмүүс болоод хэргийн тоо өсч байна.

Тухайлбал 2010 онд 75 холбогдогчтой 15 хэрэг бүртгэгдсэн бол 2011 онд 85 холбогдогчтой 25 хэрэг, 2012 онд 164 холбогдогчтой 132 хэрэг бүртгэгдсэн юм. Мөн 2012 онд л гэхэд манай улсын 43 иргэн гадаад улсад хар тамхины хэргээр шалгагдсан тоо байгаа юм. Энэ тоон мэдээллийн ард хэрэглэгчид хохирогчид нь Монголын ирээдүй болсон хүүхэд залуучууд байна гэж бодохоор харамсалтай. Хүүхэд залуус хар тамхины гол хэрэглэгч болсоны жишээг дараах хүмүүс хэлж байна.

Э.Болд-Эрдэнэ УМБГ-ын ахлах байцаагч

Хар тамхины хэрэгт холбогдсон хүмүүсийн дийлэнх нь хэдэн настай байна вэ?

Хэргийг шалгаж байх явцад 14- 16 насны хүүхдүүд энэ бодистой холбоотой мэдээллийг аваад, өөрсдөө хайгаад, олоод хэрэглэж байна.  Хэргүүдийг шалгаж байх явцад ийм тохиолдол нэг биш удаа гарсан. Хар тамхи хэрэглэгчдийн нас их залуу байна. Яагаад залуу байна вэ гэдэг асуулт өнөөдрийг хүртэл хариултгүй л байна. Хар тамхи хэрэглэгчид ер нь их залуужсан.

Хар тамхи хэрэглэх шалтгаан нь юу байдаг юм бол?

Би бол сонирхол чамирхал нь дэндээд байгаа юмуу гэж боддог. Өөрөөр хэлбэл хар тамхинд донтоод ирж байгаа хүүхдүүдээс байцаалт авахаар юу гэж хэлдэг вэ гэвэл аан би зүгээр л сонирхоод туршиж үзээд хэрэглэсэн юмаа гэж хариулдаг.

Хар тамхи хэрэглэгчдийн тоог бууруулах арга зам бий юу? Монголын ирээдүй болсон хүүхэд залуусаа энэ цагаан тахалаас яаж хол байлгах вэ?

Олол улсын жишгийг харж байхад хар тамхины хэрэг улам цаашлана уу л гэхээс наашилдаггүй. Хамгийн гол нь манай улсад хар тамхитай тэмцэх хуулийн байгууллагын ажиллагаа төрийн бодлоготойгоо уялдаагүй. Энэ чиглэлд даанч бодлого боловсруулж ажилладаг зүйл цөөхөн.  Нэг хууль л байна даа.

26 жил хар тамхи хэрэглэж байгаа иргэн Б-тэй уулзаж цөөн хэдэн зүйл тодрууллаа. Тэрээр Хар Тамхи Мансууруулах Бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэгээс зохион байгуулдаг сургалтанд байнга хамрагддаг юм. Бид түүнийг сургалтаа тараад гарах гэж байхад нь таарч уулзсан юмаа. Сэтгүүлч гэж сонсоод дөлж байсан ч цөөн хэдэн зүйл ярьлаа.

Та яагаад хар тамхи хэрэглэх болсон юм бэ? 26 жил хэрэглэсэн гэдэг их урт хугацаа байна шүү дээ.

Ах нь машины осолд ороод тархиндаа хүнд гэмтэлтэй болсон. Тухайн үед өвчнийг минь эдгээх зорилгоор морфин гэх мэт хүчтэй эм тариаг хэрэглүүлсэн.  Хэдийгээр өвчин эдгэрсэн ч бие махбодийг нь тайвшруулах тэр эм тариандаа миний бие дасал болчихсон байсан. Өөрөөр хэлбэл би донтчихсон. Уг нь бол донтхоос нь өмнө эмчилж сэргийлэх ёстой юм билээ. Эмч нар алдсан юм болов уу л гэж харддаг даа. Тэгээд л түүнээс хойш өнөөдрийг хүртэл ах нь тийм төрлийн хүчтэй эм тариа хэрэглэж, амьдарсан  ч юмгүй үлгэн салган амьдралыг туулж явна даа.

Морфин гэх мэт эм тариагаа хаанаас яаж олж авдаг юм бэ?

Эмчийн зөвшөөрлөөр л авдаг шүү дээ. Эмчийн зөвшөөрөл байхгүй бол аптекууд бараг өгдөггүй юм.

Эм тариа хэрэглэх мөнгөө хаанаас яаж олж авдаг юм бэ? Та ажил хийдэггүй шүү дээ.

Би ажил төрөл хийж чадахгүй ээ. Эхэндээ хашаа байшин, ах дүүгийнхээ гэр орныг зарж мөнгө олдог байсан. Тэгээд л хулгай хийнэ, худлаа хэлнэ, залилан хийнэ. Хийхгүй юм гэж үгүй шүү дээ. Одоо чамд ярилцлага өгсний дараа чамаас таван мянган төгрөг гуйх санаатай л байна. / инээв/

Танд эхнэр хүүхэд бий юу?

Байсан. Одоо байхгүй ээ. Нэг хүүхэдтэй байсан. Одоо хаана юу хийж явааг нь сайн мэдэхгүй ээ. Надтай холбоогүй байдаг юм. Албаар ч зугтаадаг биздээ.

Хар тамхи татсаны дараа танд ямар мэдрэмж төрдөг юм бэ? яагаад ахин хэрэглэх хүсэл төрдөг юм бэ?

Донтох гэдэг чинь мэдрэлийн системд нөлөөлнө. Өвчтэй хүн тарих юмуу татахад өвчин намдаж амьсгаа уужирдаг. Дахиад өвдөнө ахиад хэрэглэнэ. Өвдөөгүй байсан ч сүүлдээ тарих юмсан татах юмсан гэж боддог болсон. Мэдрэлийн системд нөлөөлдгийн л гай байхдаа.

Та энд байнга ирж сургалтанд хамрагддаг уу? сургалтаар юу заадаг юм бэ?

Зан төлөвийн сургалт гэж ордог юм. Энд их олон хар тамхичид ирж сургалтанд суудаг юм. Сэтгүүлчтэй таарсных би нэг юманд их санаа зовнидог. Энэ сургалтанд залуучууд их сууж байна. Бүр 14 настай хүү хүртэл бий. Хамгийн хөгшин нь түрүүний шоорттой орж ирдэг залуу бид хоёр байгаа юм. Тэгээд л дандаа хүүхдүүд. Тэр тусмаа баячуудын хүүхдүүд. Жийптэй ирчихээд л жийпэндээ суугаад л явна шүү дээ. Өмсөж зүүсэн нь гоё гэж жигтэйхэн. Би тэр хүүхэд залууст л санаа их зовдог. Би бол яахуу санаандгүй явж байгаад өвчнөөс үүдээд л хар тамхинд орчихсон. Тэр хүүхдүүд бол шал өөр. Хүүхэд залуусаа сонирхож битгий хэрэглээрэй. Өвчтэй нь яахуу өвчинөө эдгээх гэж явдаг юм байгаа биз. Харин өвчтэй болчихоод эм ууж байгаа бол донтхоосоо сэргийлээрэй л гэж хэлье.

Тэр хүүхдүүд хар тамхийг сонирхож хэрэглэдэг гэж л ярих уу? Мөнгө хаанаас олдог юм бол? Аав ээж нь өгөх үү?

 Яагаад хэрэглэдэг болчихсон юм бэ? гэхээр тансаглах гэж, кайф авах гэж хариулдаг. Мөнгөтэй хүнд хууль үйлчлэхгүй гэдэг шиг сайхан, сайхан жийптэй мөнгөтэй хүүхдүүд л бий.  Мөнгөтэй хүнд бүх юм нь л олддог бололтой юм билээ. Хар тамхи чинь ямар ч үнэргүй. Эхэндээ хар тамхи хэрэглэж байгаа хүнд ямар ч шинж тэмдэг илэрдэггүй. Зан араншин нь өөрчлөгдөж, турж эцэж, донтож, нүднийх нь доод зовхи хөхрөх гэх мэт шинж илэрсний дараа л аав ээж ойр дотныхон нь анзаарч эхэлдэг байгаа юм.

Зан төлөвийн сургалтанд суух хэр үр дүнтэй санагдаж байна вэ? Өдий олон жил хар тамхи хэрэглэж байгаа танд өөрчлөлт гарч байна уу?

Манай энэ багшийн хэлснээр бол Монголд өнөөдөр 561 хар тамхичин байна. Гэхдээ би бол үүнээс ч их бий гэж боддог. Тэр хүүхдүүдтэй юм яриад суухад хүрээнд нь хэрэглэдэггүй хүүхэд гэж ховор гэсэн. Бүр хэцүүдсэн нь л энэ сургалтанд сууж байгаа юм. Юу гэх гээд байна вэ гэвэл зан төлөвийн сургалт бага ч гэсэн тусалдаг. Гэхдээ өнөөдрийн байдлаар манай улсад хар тамхинаас гарч, эмчлэгдсэн хүн гэж байхгүй шүү дээ. Надтай хамт эмчилгээнд явж байсан хоёр нөхрийн хордлогыг тайлсан. Гэхдээ эргээд л орчихсон. Манай улсад тэр хор тайлах эмчилгээ гэдэг нь олон улсын жишигт нийцсэнээр хийгддэггүй гэсэн. Яаж ч тэгэх вэ дээ. Эд нарт чинь төр мөнгө өгдөггүй юм чинь. Чи одоо намайг харж байгаа биздээ тахир дутуу хүн шиг алхаа гишгээтэй. Эрүүл эд эрхтэн гэж байхгүй. Шүд байхгүй. Чи миний яриаг ер нь ойлгож байна уу? манай зарим ах дүү нар ойлгодоггүй юм шүү дээ. Юу яриад байгаа юм гээд. Хэл нь ээдэрч, орооцолдоод юу гээд байгаа нь ч мэдэгддэггүй юм шиг байгаа юм. Тэгээд дээр нь гэр бүл үр хүүхэд найз нөхөд ажил төрөл гэж байхгүй. Зөвхөн тэр тарианыхаа, эмнийхээ мөнгийг яаж олох уу? яаж өдөр хоногийг өнгөрөөж яаж тэр тариагаа тариулах вэ л гэж боддог. Би өөр юу ч боддоггүй. Хар тамхи хүнийг ийм л болгодог. Бие эрхтэн нь эрэмдэг зэрэмдэг, амьдралгүй л болгож дуусгадаг. Хар тамхи хэрэглээд эхэлсэн л бол хэзээ ч эдгэшгүй өвчин олж авлаа л гэж өөрийгөө тооцох хэрэгтэй. Надад одоо судас гэж байхгүй. Хүний гар дагуу байдаг тод гол судаснууд надад байхаа больсон. Чи хар л даа. Миний судаснууд мэдэгдхээ байсан байгаа биз дээ.

Ийнхүү хөөрөлдөж байхад нэг найз нь гаднаас орж ирээд явья, явья наад охиноосоо хэдэн төгрөг авчих гэж хашгирсаар орж ирсэн юм. Ингээд бидний ярилцах цаг дууссан. Харин бид дараагийн өдрүүдэд нь хар тамхинд донтсон хүүхэд залуустай уулзахаар тэр төвийг манаж суулаа. Хэд хэдэн хүүхэд залуустай ярьж үзсэн боловч бүгд ярилцлага өгөхөөс татгалзсан юм.

Хар тамхи буюу цагаан тахалаар тухайн улсыг нөмрөхийн тулд  хоёр арга замыг хэрэглэдэг. Нэгдүгээрт урлаг соёлынхонд бэлэглэдэг. Тэдэнд үнэгүй өгдөг. Хоёрдугаарт улс төрчид болоод баячуудын хүүхдүүдэд хар тамхийг зардаг. Тэдэнтэй ямар нэг сэжмээр холбоо тогтоодог. Ингэж л чадвал тухайн улсад хар тамхины наймаачид ноёллоо тогтоож чадлаа гэсэн үг. Учир нь урлаг соёлынхноор сурталчлуулаад улс төрийн хүрээнийхнээр хамгаалуулаад баячуудын хүүхдүүдийн мөнгийг саах боломжтой болдог. Сануулахад 2008 онд рок попын 20 гаруй дуучид хар тамхины хэрэгт орооцоолдож удтал сунжирсны эцэст Харанга хамтлагийн дуучин Лхагвасүрэн 7 жилийн ял, хип хопчин залуус 9 сарын баривчлах ял сонссон. Өөрөөр хэлбэл урлаг соёлын хүрээнд хар тамхи гэх энэ зүйл аль хэдийн ноёллоо тогтоожээ. Тэр ч бүү хэл Монголын баячуудын тоонд зүй ёсоор багтах хэд хэдэн бизнесмэнүүдийн хүүхдүүд хар тамхины хэрэгт холбогдож шалгагдаж байсан удаа ч бий. Тиймээс бид хар тамхитай тэмцэх хуулиа яаралтай баталж, хатуу чанга хуультай улс гэдгээ харуулах хэрэгтэйг хар тамхитай тэмцэгчид хэлдэг. Мөн урьдчилан сэргийлэх ажлыг сайн хийж, манай улс хоёр хөрштэйгээ энэ чиглэлээр уялдаа холбоотой сайн ажиллах  ч шаардлага байгаа юм. Нэгэн жишээ хэлэхэд  2011 онд Хятад, Шинэ Зеланд,  Австралийн цагдаа нар Номхон далайн бүсэд оршдог Фижи арал улсаас хар тамхины том хэмжээний хууль бус лабораторийг илрүүлсэн. Улс орнууд, хууль хяналтын байгууллагууд уялдаа холбоотой ажиллаж чадвал хар тамхины наймааны бүлэглэлийг илрүүлэх боломжтойг энэ хэргээс харж болохоор байгаа юм.  Монголчууд хар тамхинд живэх гээгүй л бол гараа хумхиж суух цаг ард хоцроод байна.

У.Сэргэлэн