УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэв. Ерөнхийлөгч Монгол Улсын 2020 оны улсын төсвийн хуульд хэсэгчлэн хориг тавьсан юм.

Улмаар Улсын 2020 оны Төсвийн тухай хуулийн 2 дугаар хавсралтад заасан, 2020 оноос эхэлж 2021, 2022 оныг дамжин хэрэгжих, хоригийн хавсралтад дурдсан, 1,424,277.3 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий 386 барилга, арга хэмжээнд хэсэгчлэн, Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан 1,828,930.3 сая төгрөгөөс 2020 оноос эхэлж 2021, 2022 оныг дамжин хэрэгжих барилга, арга хэмжээнд төсөвлөсөн 350,846.7 сая төгрөгийг хасуулахаар тухай зүйлд хэсэгчлэн, Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуулийг дагалдаж батлагдсан Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд тавьсан хоригийг хүлээж авах боломжгүй гэсэн байнгын хорооны саналыг дэмжлээ. Харин Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуулийг дагалдаж батлагдсан Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн 3, 4 дүгээр зүйлд нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдлээс төвлөрч, зарцуулагдах 174,2 тэрбум төгрөгийн хэмжээнд хэсэгчлэн тавьсан хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ. 
 
Ингэснээр ирэх онд НДШ-ийг 2 хувиар нэмэгдүүлэх заалт хүчингүй болж байгаа юм.