Монголын төр, засгийн толгой дээр гарч суучихаад зайдагнаж байгаа МАН-ынхан нэг хэвийн амлалт голлосон мөрийн хөтөлбөрөөр бамбай хийж далд дам наймаагаар сонгуульд ялалт авдаг бараан туршлагын эзэд юм.

Энэ жил болох сонгуульд ч мөн л тийм аргаа хэрэглэх янзтай байна. Саяхан тус намын УИХ дахь бүлэг ээлжит бус хурлаараа 2020 оны сонгуульд намаасаа нэр дэвшигчдийг тодруулах зарчмаа хэлэлцжээ. Энэ тухай намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан ярихдаа:

 

-Манай намын дарга бүлгийн хурал дээр УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээсээ хандив буюу дэнчингийн мөнгө авахгүй гэж мэдэгдсэн.

Энэ нь сонгуульд нам амжилт үзүүллээ гэхэд хүмүүсээ албан ту­шаалд томилохдоо өгсөн хандивын хэмжээнд то­хир­сон ажил алба өгөх болдог хандлагыг таслан зогсоохын тулд хийж буй ажил гэж хэлэв. Түү­ний үг нь зүүдээ ярих гээд хулгайгаа гэгчийг санагдуулав.

Өмнө нь эднийхэн сай­даас эхлээд бүхий л албан тушаалыг мөнгөөр үнэлдэг болгосон нь аль хэдий­нэ илчлэгдсэн асуудал. Үүнийгээ үнэн гэдгийг Ерөнхий нарийн бичгийн дарга нь яг л нотолчих шиг боллоо. МАН-ынхан нэр дэвшигчдээсээ хандивыг авахын дээдээр авдаг байсан шүү дээ. Гэтэл энэ жил авахгүй ээ гэж байгаа нь тун үнэмшил муутай байгаа юм. Мөнгө авахгүй гэж байгаад нө­гөө 60 тэрбумынх ши­гээ юмаа хийж магад харж л байгаарай. Бас их цэ­в­эр­хэн юм яриад байгаа юм даа. Намуудад мөнгө хандивлаж байж сон­гуульд нэр дэвших эрхээ авдаг гэсэн ойлголт байсаар ирсэн. Тэгвэл МАН энэ арга барилаас татгалзлаа гэж зарлаж байна. Энэ нь өрсөлдөгч Ардчилсан намынхан нэр дэвшигчдээсээ 100 саяын хандив авна гэхтэй зэрэг­цээд юуны өмнө ялгарах гэсэн оролдлогоо хийж байгаа санаа юм биз. Санаа ч гэж дээ энэ намынхны ээлжит заль ч байж болох. АН-ын дарга С.Эрдэнийн хэлж байгаагаар МАН-ынхан төр, засгийн эрхэнд байгаа болохоор татвар төлөгчдийн мөнгөөр сон­гуульдана даа гэдэг ч ортой болов уу.

 

Бүлгийнхээ хурлаар хэлэлцсэн асуудлын нэг нь бас энэ нам ёс зүйтэй улстөрчдөө сонгуульд нэр дэв­шүүлнэ гэж шийд­вэрлэжээ. Тэр тухай сон­соход тус намын ажил албанд шинэ салхи орж байгаа мэт санагдах ч худ­лаа даа. Зүгээр нэг эртхэнээс өнгөлөн далд­лалт маягийн юм хийж байгаа нь мэдрэгдэх шиг. Яагаад гэл дээ. Өнөө­гийн УИХ-д энэ нам 64 суудалтай. Анх 65 суудал авсан ч нэгийнх нь эзэн эрүүгийн ноцтой бөгөөд булай хэрэг үйлдсэний учир шоронд орсон. Түү­ний ор хүнийг тодруулж нөхөн сонгууль явуулах гэхээр өөр намын нөхөр гарч ирэхээс айгаад элдэв арга саам хийсээр сон­гуулийн дөрвөн жилийг дуусгаж байгаа. За тэгээд үлдсэн 64-өөс хэн нь энэ жилийн сонгуульд да­хин нэр дэвших юм бол гээд бодлоо.

 

 

 

Сураг ажиг тавихад өнөөгийн түшээдийн олонхи нэр дэвших санаатай байгаа юм билээ. Гэтэл хөндлөнгөөс харахад нэр дэвших байх гэх магадлалтай нь тун цөөн болов уу гэхээр. Яагаад цөөн гээд байгаа юм бэ гэвэл эдний намаас сонгогдсон түшээдийн тал илүү буюу 30 гаруй нь ЖДҮ-чин “цолтой”. Ний нуугүй хэлэхэд хууль зөрчсөн гэмтнүүд шүү дээ. Тэднийг ёс зүйтэй улстөрч гэж хэн ч хэлэхгүй. Харин бүрэн эрх гэдэг нуувчиндаа хоргодсон хууль зөрчигчид гэхэд онох байх.

 

 

 

Намаараа бүлэглэж үгсэн хуйвалдаж Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүү­лэх сангийн мөнгийг зээл нэрээр хувааж авсан нөхдийг зөвхөн ёс зүйгүй гэж нэрлэхэд багадах биз. Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан ер нь яаж тэр үгийг хэлж чадваа гэж олон хүн гайхаж байна. Тэр өөрөө бас ЖДҮ-чин. Цаашлаад намын дарга нь хүртэл тэрхүү нэрийн жагсаалтад бичигдчихсэн болохоор тодорхой юм хэлж чадахгүй нь мэдээж л дээ. Хэлж чадлаа ч худ­лаа үг болно. Мөн бүл­гийн хурал дээрээ зөвхөн суурь судалгааны үндсэн дээр намын шат шатны байгууллагын хэмжээнд ярилцаж байж нэр дэвшигчээ тодруулна гэж ярьсан гэх. Уг судал­гаандаа нэр дэвших хү­сэл­тэй хүмүүсийн рейтингийг харж үзэх гэсэн бас нэг “поохуутай” үг хавчуулжээ. Эндээс өнөөгийн түшээдээс хэн нэгнийг нутаг орондоо нэр хүндтэй хүн гээд л нэр дэвшүүлэх болно гэсэн аялга сонсогдоод байна.

 

Тухайлбал, 60 тэр­бумын хэргийн улмаас УИХ-ын даргаасаа огцор­сон М.Энхболдыг Төв ай­магт нь сойх л янз­тай. Энэ хүн намынхаа журмын нөхөд Ц.Сандуй, А.Ганбаатар нарыг шорон руу түлхэж хаячихаад гэм­гүй царайлаад дүм­бий­гээд сууж байгаа. Мань хүнийг намын дарга нь байсны учир тэр 60 тэрбумын хэргийг мэдээгүй, хамсан оролцоо­гүй гэхэд хэн үнэмших юм бэ. Тэгвэл ЖДҮХС-гаас зээл авч хууль бус хэрэгт оролцоогүй ч хариуцсан салбарынх нь ажил муу, басхүү Монгол Улсыг саа­рал жагсаалтад оруулах эхлэлийг тавилцсан Хууль зүйн сайд Ц.Нямдорж ёс зүй­тэй хүн мөн үү. Өөрсдөө хууль сахиулах үүрэгтэй 10 гаруй хуульч нь авлигын хэрэгт татагд­чихсан. Энэ гэмт хэргийнхээ улмаас шоронд нэг нь амиа хорлож, зарим нь гадаад руу зугатаад явчихсан ийм л салбарын сайд хүн шүү дээ гээд бодохоор.

 

 

Шүүх, прокурорынхны ажил үнэхээр дампуурсан гэж хэлэхэд ононо. Одоо гэхэд Улсын ерөнхий про­ку­рорын албанд томилогдсон хүн нь хүртэл ажлаа бараг хийхгүй байгаа. Тэр хүн энэ салбарынхантай дөрөө нийлэхгүй гэж үзсэнээс тэр байх. Хэрэг хянан шийдвэрлэх гол ажил олон жилээр орхигдож гэмтнүүдийг ял завших боломж олгож байна.

 

 

“Жаст”-ын Батхүүгийн гэх дуулиантай хэргийг зургаан жил гаруй шалгаж байгаа ч шийдвэрлэж чадахгүй байгаа. ЗТХЯ-ны байранд гарсан хүн амины барин тавин хэргийг жил гаруй хугацаанд шал­гаж байгаа гээд л өдий хүрлээ. Цаашлаад Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг ч шал­гасаар байгаа гэх. Шалгаж байх хооронд оргож зайлсан нь бий. Энэ бүхнийг Ц.Нямдорж сайд хүлээн зөвшөөрч байгаа ч:

-Миний хувьд мөрдөн шалгах ажилд оролцох хууль зүйн хувьд эрхгүй юм шүү дээ гээд өөрийгөө цагаатгаж хариуцлагаас зайлсхийн сууна. Гэтэл бас мань хүн Орхон аймагт нэр дэвших санаатай юм байх. С.Зоригийн хэргээр оролдоод байсны нууц нь тэр байж.

Ердөө хоёрхон хүний талаар гэмийг нь хэлэхэд ийм.

 

-Танай нам ЖДҮХС-гийн хэрэгт холбогдсон улстөрчдөө нэр дэвшүүлэх үү гэсэн асуултад Д.Амар­баяс­галан хариулт өгөхдөө:

 

-Өнгөрсөн дөрвөн жи­лийн хугацаанд ал­даа дутагдал гаргасан гишүүд бий гээд зарим нь хоморгонд орсон байдлаар нэр төр нь сэвтсэн асуудал байгаа гэж гэмийг зөөл­рүүлэхийг оролджээ.

 

Монгол Улсад мөрдөж байгаа хуулийн хүрээнд авч үзэх юм бол үнэн зө­вөөр судалж, ул суурьтай хан­дах юм бол УИХ-ынхнаас нэр дэвшигч тун цөөн гарнаа даа. Ер нь МАН-ын дотор албан тушаалын сахилга бат алдагчид, авлигын эзэн тун олон. Энэ жишээнд Зам, тээвэр, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргаасаа эхлээд харьяа агентлаг, газруудын удирдах албаны олон хүн авлигын хэрэгт шүүгдэж байгааг хэлж болно.

Мөн яамныхаа бай­ранд архидан согтуурч нэгнийхээ амь насыг бүрэлгэсэн хэрэг ч эндээс л гарсан. Тэр буруутнууд МАН-ын шилж сонгож томилсон боловсон хүч­нүүд байсан шүү дээ.

Ин­гэж бодохул энэ жилийн сонгууль ёс зүйтэй нэр дэвшигч олох гэж МАН-ынхан ёстой л “махаа идэж мяраагаа мөлжих” янзтай. Гэхдээ хэлэх, хийх нь хол зөрүүтэй байдаг “зузаан туршлага” энэ намд бий. Тэгэхээр нэр дэвшигчээсээ мөнгөн хандив авахгүй гэдэг нь ч худлаа ёс зүйтэй улстөрчийг нэр дэвшүүлнэ гэдэг яриа ч бас шал худлаа байж таараад байна.

 

 

Ц.Жаргалсүрэн

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин