Эрүүл мэндийн яамнаас "COVID-19" вирусний талаар мэдээлэл хийлээ. ДЭМБ-аас улс орнуудыг урьдчилан сэргийлэх арга хэмжээгээ чангатгаж, хяналтаа сулруулж болохгүй гэдгийг анхааруулж байна. 

“Өнөөдрийн байдлаар “Covid-19”-ийн халдвар дэлхийн 79 оронд бүртгэгджээ. 95 мянга орчим хүн халдвар авч, 3383 хүн нас барсан. БНСУ, Япон, Итали, Иранд халдвар голомтлон тархаж, Унгар, Польш Словени гэх 3 улсад анхны тохиолдол илэрсэн байна.

БНСУ-ын хувьд нэг хоногт 438 шинэ тохиолдол бүртгэгдсэний ихэнх нь Тэгү хотод илэрчээ. Сүмээс гадна салса бүжгийн дугуйланд явсан хүмүүс халдвар авсан аж. Мөн Японд урлагийн тоглолт хамт үзсэн 15 хүн өвчилжээ. ДЭМБ-аас COVID-19 томууг бодвол өвчлөл, нас баралтаараа өндөр бөгөөд өнөөдрийг хүртэл нэг ч хүнд COVID-19 халдварын эсрэг дархлаа тогтоогүй байгаа гэдгийг иргэд анхаарах хэрэгтэй гэв.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: 2020 оны гуравдугаар сарын 03ны өдөр тусгаарлагдсан 4 тохиолдолд коронавирус илрээгүй. Мөн 04-ны өдөр ХӨСҮТ-д 1 сэжигтэй тохиолдлыг тусгаарлан, шинжилгээ хяналт, тандалтын ажлыг үргэлжлүүлэн хийж байна. Одоогийн байдлаар ХӨСҮТ-д 6 хүн, Баян сувилалд 8 иргэнийг нэмж ажиглалтад авсан.

Бид зөвхөн сэжигтэй тохиолдлыг хяналтад аваад зогсохгүй уушгины цочмог халдвараар өвчлөн дүүргүүдийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа иргэдээсээ санамсаргүй түүврийн аргаар 60 тохиолдлоос шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Энэ бол тандалтын судалгааны арга юм" гэлээ.

Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал  "Өнөөдөр Нур-Султан-Улаанбаатарын онгоцоор 27 зорчигч ирснээс нэг хүнийг Багабаян амралтын газарт ажиглалтад аваад байна. Туркиш эйрлайнсын нислэгээр 230 зорчигч ирсэн. Тэднээс Итали улсад зорчсон хоёр монгол иргэнийг ХӨСҮТ-д тусгаарлахаар хүргүүлээд байна.

Өчигдөр буюу гуравдугаар сарын 04-ний өдөр Москва-Улаанбаатар чиглэлийн 07:15 цагийн нислэгээр нэг гэр бүлийн гурван хүн Итали улсаар дамжин зорчоод ирснээ мэдээлэлгүй ирснийг хууль, хяналтын байгууллагаар дамжуулан хайж олсон.

Хоёрдугаар сарын 12-нд Улаанбаатараас гарч Женев-Милан-Женев-Франц гэсэн маршрутаар зорчоод Москвагаар дамжиж ирсэн гурван иргэн тэр мэдээллээ нууж, ирсэн даруйдаа ажилдаа мөн очсон байна. Тиймээс ажлын газрынх нь болон бусад холбогдох байгууллагын камерыг шүүж тандалт судалгаа хийлээ. Энэ бол маш хариуцлагагүй үйлдэл" хэмээв.