Дэлхийн хүн амын нэг хувь нь арьс цайх өвчинтэй гэх судалгаа бий. Нүүр, гаран дээр, биеийн зарим хэсэгт цагаан толбо үүсэж, муухай харагдуулдаг энэ өвчин Монголд ч нэлээд газар авчээ.

Гэхдээ саяхныг хүртэл эмчилгээгүй гэгддэг байсан энэ өвчнийг “Мон Шинжүкү скин мед” эмнэлэг Японоос оруулж ирсэн тусгай аппаратын тусламжтай эмчлэх болоод бараг нэг жил гаруй болж байна. Арьс цайх өвчин гэж юу вэ, хэрхэн эмчилдэг болон энэ төрлийн эмчилгээ хийхэд Монголд тулгамдаж буй асуудлын талаар “Мон Шинжүкү скин мед” эмнэлгийн Арьс, гоо заслын эмч А.Ачбаттай ярилцлаа.

-Биеийн зарим хэсэг нь цагаан эрээн болчихсон хүн Монголд олон байдаг. Энэ ер нь юунаас болж үүсдэг өвчин юм бэ?

Энэ өвчний монгол нэршил нь арьс цайх. Олон улсын нэршил нь витилиго. Арьсны нөсөө багасаж, цайдаг онцлогтой. Энэ бол 100 жилийн өмнөөс л дэлхийд бүртгэгдсэн, харьцангуй шинэ өвчин гэж болно. Дэлхийн хүн амын нэг орчим хувь нь өвчилдөг гэж тооцдог. Шалтгаан нь одоогоор бүрэн тодорхой болоогүй. Удамшлын, дархлааны, дотоод эрхтэнүүдийн өөрчлөлт, гэмтлийн, харшлын гээд янз бүрийн шалтгаантай гэж тайлбарладаг. 

-Хэр аюултай өвчин бэ?­

Загатнах, өвдөх зэрэг бодит зовиур байдаггүй учраас хүмүүс ойшоохгүй явсаар улам ихэсгэчихдэг. Гэхдээ зовиургүй байлаа гээд аюулгүй гэсэн үг биш. Хүний арьс нөсөө багассан хэсэгтээ дархлаа нь суларч, арьсны өнгийг бүрдүүлдэг эс идэвхгүй болсноор арьс маш эмзэг мэдрэмтгий болдог. Харшлаас эхлээд олон өвчин үүсэх суурь болно. Наад зах нь л яваандаа арьсны хавдар болох ч эрсдэл бий. Талбай ихсэх тусмаа эрсдэл ихтэй гэсэн үг. Арьс бол хүнийг хамгаалах эрхтэн. Гэтэл хамгаалж буй эрхтэн маань ямар ч дархлаагүй болж, эсүүд нь идэвхтэй ажиллахгүй, үндсэн үүргээ гүйцэтгэхгүй болоод ирэхээр бөөрний дутагдал тэргүүтэй цөөнгүй өвчний суурь болдог. Наад захын жишээ хэлэхэд, манайд ирж байгаа хүүхдүүдийн ихэнх нь янз бүрийн харшилтай, мөн хоёрдогч арьсны өвчин үүссэн байдаг. Хэвийн арьсан дээр үүссэн өвчин эдгэх нь хурдан бол цайралтан дээр үүссэн харшил зэрэг өвчин эмчилгээ авахдаа удаан, илүү түвэгтэй. 

-Монголд энэ өвчлөл хэр байдаг вэ. Энэ талаар хийсэн судалгаа байдаг уу?­

Арьсны төвөөс гаргасан судалгаа бий. Сүүлийн үед энэ өвчлөл эрс нэмэгдсэн. Ялангуяа бага насны хүүхдүүд маш их өвчилж байна. Манай эмнэлэгт гэхэд гурав, дөрөвхөн сартай хүүхэд хүртэл ирдэг. Үүнд нарны туяаны өөрчлөлт, дэлгэцийн нөлөө, агаар, орчны бохирдол, хүнс гээд олон хүчин зүйл нөлөөтэй. Мөн дархлааны тогтолцоо, бодисын солилцоо, дотоод эрхтэний өөрчлөлтөөс маш их хамаардаг өвчин. Дээрээс нь сэтгэл санааны байдал хүртэл нөлөөлнө. Тиймээс стресс бухимдал их байх тусам өвчний талбай улам тэлдэг. 

-Хэр хурдан газар авдаг вэ?

­Тухайн хүнээсээ шалтгаалаад янз бүр. Заримдаа ганцхан жилийн дотор бүтэн биеэр нь цайх тохиолдол бий. Гэтэл зарим нь хэдэн арван жилийн турш тогтвортой байдаг. Энэ бүхэн саяын хэлсэн дархлаа, сэтгэл санааны байдал, бодисын солилцооноос шалтгаална. Алга дарам газарт гарсан байлаа гэж бодъё. Гэтэл тэр хүн зундаа нойр муутай байх, гадаа ажиллах, өлсөж ядарч, дархлаа нь муудах тусам дорхноо цайчихна. Ер нь маш хурдан хүндрэх магадлалтай өвчин гэж ойлгож болно. 

-Арьс цайх өвчнийг олон улсад хэрхэн эмчилж байна вэ. Монголд бүрэн дүүрэн эмчилж чадаж байна уу?­

Энэ өвчин саяхныг хүртэл бүрэн эмчлэгддэггүй гэгдэж байсан. Одоо ч гэсэн мэдээлэл багатай, хөгжил буурай зарим оронд эмчилгээгүй өвчинд тооцогддог. Манай эмнэлгийг орж ирэх хүртэл арьсны эмч нар эмчилгээгүй өвчин гэж тооцдог байсан шүү дээ. Гэтэл үүнийг эмчилдэг цөөхөн улс орон байна. Тухайлбал, Харвардын их сургуулийн эрдэмтдийн баг 10 жилийн судалгааны үр дүнд арьс цайх болон хайрст үлд өвчнийг бусад эд, эрхтэн, эрүүл арьсыг гэмтээлгүйгээр эмчлэх аппарат зохион бүтээсэн. Энэ аппаратыг хэрэглэж байгаа улс орнуудад энэ өвчнийг бүрэн эмчилж эдгээж байгаа гэсэн үг. Манай эмнэлэг энэ аппаратыг оруулж ирж, 2018 оны дундаас ажиллаж байна. Энэ аппарат энгийн үгээр тайлбарлавал гэрлийн үйлчилгээгээр арьсан доорх эсийг сэргээж, улмаар сэргэсэн эс нь арьсны нөсөөг нийлэгжүүлэх байдлаар эмчилдэг.

-Маш их буянтай ажил эхлүүлжээ. Хүмүүс танай эмнэлэгт хэр хандаж байна вэ. Үнэ өртгийн хувьд ямар байдаг бол?­

Бид өөрсдийнхөө түвшинд багахан хэмжээний зар сурталчилгаа хийдэг. Гэхдээ манайд хандах хүний тоо тогтмол өсөж байгаа. Нэг үеэ бодвол хүмүүс их мэддэг болжээ. Манай үйлчлүүлэгчдийн ихэнх нь өвчлөөд олон жил болчихсон, дээрээс нь янз бүрийн болох болохгүй түрхлэг, юм хэрэглэсэн байдаг. Зарим нь бусдын зөвлөснөөр элдэв юм түрхэнэ. Амьдралын боломж гайгүй хэсэг нь Солонгос, Хятад руу явж, ямар ч үр дүнгүй лазер эмчилгээнд орсон байдаг. Тэр ч байтугай Хөх хот руу явж, маш их хэмжээний тан ууж, дотоод эрхтэнээ гэмтээсэн хүн ч цөөнгүй. Ийм хүмүүст эмчилгээ хийхэд үр дүн гарах хэдий ч маш их хугацаа шаарддаг. Харин өвчлөөд олон жил болсон ч гэлээ элдэв юм түрхэж, арьсаа гэмтээгээгүй хүмүүсийнх хурдан эдгэрдэг. Бага насны хүүхдүүдийнх бол бүр хурдан эдгэрнэ. Ялангуяа хэдхэн сартай хүүхдүүд аппаратаар тав, зургаан удаа дарахад л нөсөөжилт үүсэж, цайралтын хэмжээ багасаж эхэлдэг. Энэ өвчин анх гарсан шигээ удаан, зөөлөн эмчилгээ шаарддаг. Тийм болохоор манайд жилийн турш эмчлүүлж байгаа хүн ч байна. Анх нээгдэхэд биеийн бүх хэсэг нь цагаан болчихсон хэд хэдэн хүүхэд ирсэн. Тэр хүүхдүүд жил хагасын турш эмчилгээ хийлгэж байгаа. Гэхдээ өдөр болгон эмчилгээ хийхгүй л дээ. 3­-4 сар эмчилгээ хийлгэж, 14-­21 хоног амраад дахин курс эхлэх маягаар явдаг. Хэр удаан хугацаанд явах нь цайралтын тархалтын хэмжээнээсээ шалтгаалдаг. Үүнийг сайн тайлбарлаж хэлэхгүй бол хүмүүс жилийн 365 өдрийн турш эмчилгээ хийлгэх нь гэж ойлгоод байдаг. Амьжиргааны дундаж түвшнээс доош хүмүүст бол эмчилгээний зардал өндөр тусна. Манай өдрийн эмчилгээ 40 мянган төгрөг. Гэхдээ бид үйлчлүүлэгчдийнхээ санхүүгийн байдлаас шалтгаалаад аль болох урамшуулал, хөнгөлөлт үзүүлэхийг хичээдэг. Гурван сарын эмчилгээ хийлгэхэд долоо хоногт хэдэн удаа явахаас шалтгаалан сая гаруй төгрөг болно. Мөнгөтэй хүмүүст бол энэ юу ч биш. Гэтэл энэ хэрийн мөнгийг гаргаж чадах хүн хэр олон билээ. 

-Уг нь эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлттэй эмчлүүлдэг болчихвол их л хэрэгтэй юм байна. Ийм боломж байдаг уу?

-Манай үйлчлүүлэгчдийн байнга ярьдаг, биднээс хүсдэг зүйл бол энэ. Гэтэл даатгалд хамрагдах асуудал биднээс шалтгаалахгүй, цаана нь стандарт гэдэг юм байгаа. Заавал ортой эмнэлэг байх, хамгийн багадаа гурван жил ажилласан байх гэх мэт стандарт бий. Гэтэл арьсны өвчтэй хүмүүст аппаратаар эмчилгээ хийхэд эндээ хэвтүүлээд байх ямар ч шаардлагагүй. Эмчилгээ 20-50-хан секунд явагддаг. Ийм богино хугацааны эмчилгээ хийхэд тэр хүмүүсийг энд олон хоногоор хэвтүүлэх шаардлагагүй шүү дээ. Өвчний шалтгаан, эмчилгээний онцлог маань угаасаа ортой байх боломжгүй. Олон улсад ч ийм. Гэтэл заавал хэвтэн эмчлүүлдэг байх ёстой гэсэн стандартаас болоод эрүүл мэндийн даатгалд хамрагдаж чадахгүй байна. Цөөхөн улсад байдаг үнэтэй аппаратыг хувь хүмүүс оруулж ирээд эдгэрдэггүй гэгдсэн өвчнийг эмчлэх гээд хичээж байгааг харгалзан үзэж, улсаас бага ч атугай дэмжмээр байгаа юм. Төрийн дэмжлэг гэхээр заавал мөнгө төгрөг байх албагүй. Харин стандартдаа өөрчлөлт оруулж, эрүүл мэндийн даатгалд хамрагдаж болох зохицуулалт хийвэл олон хүнд буян болох гээд байна. Энэ бол эмнэлгийн хүсэлт биш, иргэдийн хүсэлт. Өнөөдөр нэлээн олон фитнес клубийг даатгалд хамруулчихлаа. Болдог л юм байна. Гэтэл энэ өвчин тухайн хүнээс өөрөөс нь шалтгаалахгүй, заавал өндөр технологийн аппаратаар эмчлүүлэх шаадлагатай. Тиймээс арьс цайх өвчинд нэрвэгдсэн олон мянган хүнээ бодоод уян хатан зохицуулалт хийж болохгүй гэж үү. Энгийн амьдралаас хол хөндий, авцалдаагүй стандарт баталчихаад өмнөөс дүрэм журам яриад байх нь зохимжгүй байгаа юм. Одоо элдэв сувиллын газрууд ортой үйлчилдэг гээд л даатгалд хамрагдаад байна. Гэтэл үүнээс чухал эмчилгээ авах шаардлагатай өвчтөнүүд хөрөнгө мөнгөгүйгээс болоод эмчилгээ хийлгэж чадахгүйд хүрээд байгааг анхаарах цаг болсон. Манайд ирж байгаа хүмүүсийн ихэнх нь “Танайх даатгалд оруулаад өг. Шаардлагатай бол бид нийлээд жагсъя, холбогдох байгууллагад хандъя” гэдэг. Гэхдээ бид өвчтэй хүмүүсийг нийлүүлээд жагсана гэж юу байх вэ дээ. Гол нь шийдвэр гаргах түвшний хүмүүс энэ асуудлыг ойлгож, шаардлагатай зохицуулалтыг хийгээсэй гэж хүсэж байна. Эмчлүүлэх чин хүсэлтэй, эмээ, өвөөгөөрөө тэтгэврийн зээл авахуулаад явж байгаа хүүхэд зөндөө байдаг. Бид сүүлдээ аргаа бараад өвчтөнүүдийхээ эмчилгээг таслахгүйн тулд зээл өгч байна. Гэхдээ нэгэнт эмчилгээ эхэлчихсэн хүмүүс эцсийн үр дүнг нь харахын тулд дундаас нь таслахгүйг хичээж өөрсдөө ч эрсдэл үүрдэг дээ.

-Танай үйлчлүүлэгсдийн хэдэн хувь нь амьдралын түвшин доогуур хүмүүс байна вэ?­

60 орчим хувь нь ийм хүмүүс. Бараг илүү ч байж магадгүй.

-Энэ эмчилгээ хэр үр дүнтэй юм бол гэж эргэлзэх хүн цөөнгүй байх. Ер нь танайхаар эмчлүүлсэн хүмүүсийн тэдэн хувь нь гүйцэд эдгэрсэн гэх статистик байна уу?­

Эмчилгээндээ бүрэн явсан хүмүүс бүгд эдгэрсэн. Харин эмчилгээнийхээ дундуур тасалсан, дутуу орхисон хүмүүс бүрэн эдгээгүй. Эмчилгээ хийгдэж, нөсөөжилт үүсээд овоо болж байтал дундуур нь орхиод явчихдаг хүн цөөнгүй. Энэ угаасаа эдгэх юм байна гээд санаа нь амардаг юм уу, бүү мэд. Эсвэл эдийн засгийн боломж хэцүү байна уу. Гэхдээ эмчилгээгээ тасалж явсан хүмүүсийн судалгааг харахад дандаа мөнгөний боломжтой хэсэг нь байдаг. Мөнгө л байвал эдгэх юм байна гээд тайвширчихдаг юм болов уу. Гэтэл энэ өвчин бүрэн эдгээхгүй бол улам хүндрэх аюултай байдаг. Арьсны өвчний эдгэрэлт хувь хүний амьдралын дэглэм, сэтгэл санааны байдлаас шууд хамааралтай. Бид мундаг аппарат оруулж ирээд хэчнээн эмчилгээ хийж болно. Гэхдээ иргэд хажуугаар нь дархлаагаа дэмжих, нарнаас сайн хамгаалах, сэтгэл санаагаа тогтвортой байлгах, амралт, ажлаа зохицуулах гээд гам барих шаардлагатай.

-Танайх зөвхөн арьс цайх өвчнийг дагнан эмчилдэг үү?­

Үгүй ээ, хүмүүс тэгж ташаа ойлгодог бололтой. Гэтэл манай аппарат хайрст үлд, мөөгөнцөр, экзем, атопи гээд арьсны бэрх өвчнийг бүгдийг эмчилдэг.

-Арьс цайх өвчтэй хэрнээ танай эмнэлгийг мэдэхгүй хүн олон бий. Тэдний хувьд хамгийн түрүүнд дүүргийнхээ эмнэлэг юм уу Арьсны төвд хандана. Гэтэл тэндэхийн эмч нар нь “Энэ эдгэрдэггүй өвчин” гээд өмнөх хариултаа өгч буцаагаад байвал үр дүн гарахгүй биз дээ?

­Бид дүүргийн эмч нарт эмчилгээгээ танилцуулж, үр дүнгээ тайлбарлаж хэлсэн. Салбарын хөгжил, эмчийн ёс зүйгээ бодолцоод манайхыг хүмүүст хэлж, тайлбарлан зөвлөдөг байх гэж найдаж байна.

Эх сурвалж: Засгийн газрын мэдээ сонин