Үндсэн хуулийн цэг, таслал, үг, өгүүлбэр бүхэн утга учиртай бөгөөд зорилго нь Монгол улс, Монгол хүний эрх ашгийн төлөө байдаг. Тэр ч утгаараа Үндсэн хуулийн цэц нь Үндсэн хууийн манаач хийдэг. Нөгөө талаас Үндсэн хуулинд өөрчлөлт оруулахдаа олон сар жилээр, тал бүрээс нь хэлэлцэж, салаа утга болон буруу зөрүүгээр  ойлгогдох үг үсэг, цэг, таслал дээр анхааралтай ажилласан. 
Гэвч сүүлийн үед гадаадын иргэнд газар зарж байна гэсэн яриа гарах болсон. Энэ бол газар өмчлөх эрх огт биш юм. Өөрөөр хэлбэл Үндсэн хуулийн 6.2, 6.5 болон бусад заалтад “газар, түүний хэвлийн баялгаа харийнханд өмчлүүлэх” утга огт байхгүй.
Тэгээд ч Үндсэн хуулийн 6.1-т 1992 онд анх орсон заалт хэвээрээ байгаа. 6.1-т “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна” гэж тодорхой заасан.
Харин энэ яриа сонгууьд нэр дэвшигчийн цахимдаа хийсэн буруу ойлголтоос үүдсэн юм. Өөрөөр хэлбэл “төрийн нийтийн өмч” гэдгээр газрыг бас гадаадын иргэнд өмчлүүлэхээр болчихлоо гэсэн  тайлбар  хийж байсантай холбоотой юм. Бодит байдал дээр Үндсэн хуулийн 6.3-т “Бэлчээр, нийтийн эдэлбэрийн ба улсын тусгай хэрэгцээнийхээс бусад газрыг зөвхөн Монгол Улсын иргэнд өмчлүүлж болно... Иргэд хувийн өмчийнхөө газрыг худалдах, арилжих, бэлэглэх, барьцаалах зэргээр гадаадын иргэн, харьяалалгүй хүний өмчлөлд шилжүүлэх, түүнчлэн төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр бусдад эзэмшүүлэх, ашиглуулахыг хориглоно” гэсэн заалт хүчин төгөлдөр үйлчилж байгаа. 
Үндсэн хуулиа дахиа унших юм бол Үндсэн хуулийн 6.5-д “Төрөөс гадаадын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүнд газрыг төлбөр, хугацаатайгаар болон хуульд заасан бусад болзол, журмаар ашиглуулж болно” гэж заасан нь эдгээр этгээдэд газрыг өмчлүүлэх, эзэмшүүлэх ямар ч утга байхгүй. 
Тиймээс хуулиа уншиж судлаад буруу зөрүү ойлголтоо хуульч хүнээс тодруулах хэрэгтэйг зарим улс төрч анхаарна уу.