Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Монгол Улсын Ерөнхийлөгч Ерөнхий сайдыг огцруулах УИХ-ын 95 дугаар тогтоолд бүхэлд нь хориг тавьж байна" гэлээ.

Улс төрд үүсээд буй нөхцөл байдлын талаар Ерөнхийлөгчийн Тамгын газраас өнөөдөр 10.00 цагт мэдээлэл хийж, байр сууриа илэрхийлнэ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ардчилсан үндсэн хуулиа сахин хамгаалах, бататган бэхжүүлэх үүднээс Ерөнхий сайдыг огцруулах тухай УИХ-ын тогтоолд бүхэлд нь хориг тавьжээ. Ерөнхийлөгчийн хоригийг ЕТГ-ын дарга А.Үйлстөгөлдөр уншиж танилцууллаа. 

Тэрбээр "Монгол Улсын Их Хурлаас Ерөнхий сайдыг огцруулах 95 дугаар тогтоолд бүхэлд нь хориг тавьж байна. 

УИХ-ын гишүүдийн анх тавьсан санал буюу Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжих эсэхээр санал хураалт явуулж шийдэх ёстойг Үндсэн хууль болон УИХ-ын чуулганы дэгийн тухай хуульд салаа утгагүйгээр тусгасан.

Гэтэл Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэхдээ УИХ-ын гишүүдийн тавьсан саналаар биш Төрийн байгуулалтын байнгын хорооны “Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжээгүй” гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулж шийдвэрлэсэн.

Энэ нь Үндсэн хуулийг зөрчих нөхцөлийг бий болгосон байна. 

Мөн аравдугаар сарын 16-ны 09:00 цагаас эхлэн гишүүд ирцэд бүртгүүлж эхэлсэн байх боловч тухайд өдөр хуралдааны ирц бүрдээгүй. Улмаар аравдугаар сарын 17-ны Баасан гарагийн хуралдааны ирцийг шинээр бүрдүүлэлгүйгээр Пүрэв гарагийн ирцээр үргэлжлүүлэн тооцож, нэгдсэн хуралдаанаар шийдвэр гаргасан.

Энэ нь Монгол Улсын Их Хурлын дэгийн тухай хуулийг зөрчсөн.

Өөрөөр хэлбэл хүчин төгөлдөр ирц бүрдээгүй байхад чуулганы нэгдсэн хуралдааныг сунган хуралдаж, шийдвэр гаргасан нь Үндсэн хууль болон Монгол Улсын Их Хурлын дэгийн тухай хуулийг зөрчсөн хэмээн үзэж байна" хэмээн Ерөнхийлөгчийн хоригийг уншиж танилцууллаа.