Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 109, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын их насны морьдын уралдаанд 261 хүлэг бүртгүүлснээс 179 нь гарааны зурхай руу хөдөлсөн.

Үүнээс Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул, аймгийн Алдарт уяач Сэрээтэрийн Баярсайханы халиун морь төрийн их баяр наадамд түрүүллээ. Араас нь Завхан аймгийн Завханмандал сумын Цэрэндоржийн Мөнххуягийн хурдан янзага цавьдар морь гурав дахь жилдээ дараалан төрийн их баяр наадамдаа аман хүзүүдлээ. Их насны морьдын айргийн гуравт Манлай уяач Баярсайханы Дагва-Очирын уясан, Говь-Алтай аймгийн уяач Г.Чинзоригийн хээр морь, айргийн дөрөвт Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Төмөрбаатарын Галбадрахын бор морь, тавд Ховд аймгийн Буянт сумын уяач Жадамбын Болдын уясан, Батсуурийн Эрдэнэбаярын загал саарал морь хурдаллаа.