Монгол Улс болон Евро-Азийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнуудтай байгуулсан Худалдааны түр хэлэлцээр 2026 оны долдугаар сарын 22-ноос хэрэгжиж эхэлнэ. Үүнтэй холбогдуулан өнөөдөр /2026.07.21/ Гаалийн ерөнхий газраас хэлэлцээрийн хэрэгжилт болон гаалийн байгууллагын бэлтгэл ажлын талаар олон нийтэд мэдээлэл өглөө.

Гаалийн ерөнхий газрын татварын газрын дарга Н.Цолмон "Энэхүү худалдааны түр хэлэлцээрийг Монгол Улс болон Евро-Азийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд болох ОХУ, Армени, Беларусь, Казахстан, Киргиз улсуудын хооронд байгуулсан. Тус хэлэлцээр нь нийт 34 зүйл, дөрвөн хавсралтаас бүрдэх бөгөөд гурван жилийн хугацаанд хэрэгжихээр зохион байгуулагдсан. Талууд өөрөөр тохиролцоогүй тохиолдолд гэрээний хугацааг сунгасанд тооцно. Худалдааны түр хэлэлцээр 2026 оны долдугаар сарын 22-ноос хэрэгжиж эхэлнэ. Гаалийн байгууллагын зүгээс хэрэгжилтийг хангах бэлтгэл ажлыг үндсэн таван чиглэлд төвлөрүүлэн ажилласан. Тус түр хэлэлцээрийн хүрээнд нийт 367 кодод хамаарах бараа бүтээгдэхүүнд гаалийн тарифын хөнгөлөлт үзүүлэх нөхцөлийг тохиролцсон.

Монгол Улсын талаас импортлох 367 нэр төрлийн барааг авч үзвэл, 222 нэр төрлийн бараа нь аж үйлдвэрийн бүтээгдэхүүн, 94 нэр төрлийн бараа нь хүнсний бүтээгдэхүүн, 51 нэр төрлийн бараа нь эрдэс бүтээгдэхүүн байна. Эдгээр бараа бүтээгдэхүүн нь гаалийн тарифын хөнгөлөлттэй нөхцөлөөр импортлогдох боломжтой болж байгаа. Харин Монгол Улсаас Евро-Азийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудад экспортлох бараа бүтээгдэхүүний хувьд Монгол Улсын гарал үүсэлтэй бараа бүтээгдэхүүн гаалийн хөнгөлөлттэй үнээр нэвтрэх боломж бүрдэнэ.

Тарифын хөнгөлөлтийг хэрэгжүүлэхдээ гаалийн тарифыг шууд тэглэх, 50 болон 25 хувиар бууруулах, квот тогтоож тухайн хэмжээнд тарифыг тэглэх, мөн квотын хүрээнд тарифын хувь хэмжээг бууруулах гэсэн дөрвөн төрлийн зохицуулалт хэрэгжинэ.

Жишээ болгон тайлбарлахад, "бусад бяслаг" ангилалд хамаарах бараа бүтээгдэхүүн одоогоор 15 хувийн гаалийн тарифтай байгаа. Харин түр хэлэлцээрийн хүрээнд уг тарифыг 7.5 хувь болгон бууруулахаар тохиролцсон. Хамгийн гол шалгуур нь тухайн бараа бүтээгдэхүүн нь гарал үүслийн бичигтэй байх, мөн хэлэлцээрт оролцогч улсаас шууд ачигдсан байх шаардлагатай. Гарал үүслийн бичгийг 12 сарын дотор нөхөн гаргаж өгөх боломжтой" хэмээн ярилаа.