Энэ гарчиг лоозон мэт санагдах боловч төр засаг хичээвээс хэрэгжих боломж бол бий. Яагаад гэвэл энэ улс орныг чинь эцсийн эцэст мэдлэг мэргэжилтэй нь удирдах болно гэдэгт би итгэдэг. Эдгээр залуусаа бид барьц, бараагүй алдсаар төрийн удирдлагын дээд шатанд орон зай нь үгүйлэгдэж буй.

Монголчууд маань үр хүүхдээ боловсрол, мэргэжилтэй болгож, сайн сайхан амьдралд хүргэхийн төлөө байгаа бүхнээ зориулж байгаа. Манай их дээд сургуулиуд |цаашид ИДС| эцэг эхийнх нь хэтэвчийг нь хоосолж, хотыг нь харлуулж байж үр хүүхдийг нь ИДС төгсгөсний эцэст мэргэжлийн дипломтой ихэнх залуус маань ажилгүйчүүдийн эгнээнд шууд шилжих нь хэвийн үзэгдэл болжээ. Төр засаг залуу боловсон хүчнээ ажлын байраар хангах талаар хэтийн тодорхой бодлогогүй тул сайн даа л цөөн хэсгийг нь тэтгэлэгт дарга нар маань “сорчилж” аваад тэтгэлэг зээлд хамруулж бусдыг нь өндөр төлбөрт тулган орхиж байна. Төрийн томчуул, баячуулын хүүхдүүд бол цэрэг цуухт явахгүй, шалгалтад хамаарахгүй, гадаадын өндөр төлбөртөй сургуульд төрийн тэтгэлэгээр явна шүү дээ. Ард нь үлдсэн бид асар өндөр үнээр бэлдсэн боловсон хүчнээ ингэж үнэгүйдүүлж байгаа юм. Ийм явуургүй бодлого байж болох юмуу.

Эдгээр залуус бол бидний хамгийн гол баялаг, хуучин нийгэмд хүн хамгийн үнэтэй капитал гэж байсан бол одоо хөгжлөө дагаад мэдлэг, мэргэжилтэй залуус улс орны хамгийн үнэт баялаг болж байна.

 

Монгол улс боловсон хүчнээ гадаадад алдсаар л байна. Яг л цоорхой сав шиг. Дунд сургуульд нь халдварт өвчин тардаг, хоолны газруудад нь хордлого болдог, цэрэг цуухаа дэглэдэг, бага насны охидоо хүчинддэг, ихэнх залуус нь ажилгүй байваас бид хүүхэд залуусаа хэрхэн хамгаалж, яаж хөгжих билээ. Энэ жил их дээд сургууль төгсөх оюутан 20 мянга хол давах байх, ерөнхий боловсролын сургууль 60 гаруй мянган сурагч төгсөнө гэвэл ийм хэмжээний залуус манай боловсон хүчний нөөц болно. Ганц тушаал гаргаад нүдэн балай, чихэн дүлий орхиж боломгүй. Цаашид монгол төрийн амин сүнс болсон хүмүүнлэг, ардчилсан нийгмийн цогцлуулан байгуулах, төрийн бодлого, үйл ажиллагаанд шинэлэг залуу боловсон хүчнээ оролцуулах боломж бий болгож, тэдний эрх ашгийн үүднээс шийдвэр гаргахад муугаар нөлөөлж буй энэ аймшигт үзэгдлийг өөрчлөх төрийн бодлого зайлшгүй шаардлагатай болжээ. Өнөөдөр татвар нэмэгдэж өрхийн орлого шалдаа буусан, ажилгүйчүүлийн тоо өмнөхөөсөө өссөн ийм хүнд үеийг төр засаг маань харсаар, мэдсээр л байгаа. Эл байдал улсын эдийн засагт дарамт төдийгүй, ИДС-иуд дипломтой ядуусыг үйлдвэрлэх ажлыг дэмжсэн ажил болжээ.

Өмнөд Солонгост ажилчин авахаар бүртгэж эхлэхэд л манай залуус гадаа гудамжинд хонууд өнжүүдээр дугаарлан зогсож байна.. Тэд бүгд мэргэжил, боловсролтой манай хөгжлийн хөтөч, бүтээн байгуулалтын гол хүчин шүү дээ. Шил дараалсан олон баяр, сонгууль, наадам өнгөрч, улс төржилт арай намжин одоо л эдийн засгийн хүндрэлээ давах бүтээн байгуулалтын цаг ирлээ гэтэл үлдсэн залуус маань ажилгүй ийм л юм болж байгаа юм. 

Монголчууд бид дээд боловсролтнуудынхаа тоогоор |арван мянган хүнд ногдох| дэлхийд тэргүүлдэг ч ажил олдохгүй, арай гэж ажил дээр гарахаараа шаардлага хангадаггүй юм байна. Уул нь боловсролтой болж, мэргэжил эзэмшинэ гэдэг бол ажилгүй суухын нэр биш, цаашид аж амьдралынх нь суурь болох асар үнэтэй зүйл л дээ.

Ихэнх залуус маань дээд боловсрол эзэмшихээр маш өндөр үнэ төлөөд дараа нь ажлын байргүй болж байхад мэргэжлийн боловсролын эрэлт хэрэгцээ өндөр байгаа юм. Үүнд л боловсролын байгууллагууд онцгой анхаарч залуусын мэдлэг, мэдээлэл, ажиллах, бүтээх чадвар эрмэлзлэлийг шингээж байх үүрэгтэй юм. Цаашид ИДС-иудыг атестатчилах шаардлагатай. Өнөөгийн шаардлага ч, эрэлт хэрэгцээ ч ийм л байна.

Манай бэлдсэн инженерүүд |зарим нь| дотоод, гадаадад хаана ч очоод бие даан мэргэжлээрээ ажиллах чадвар дутмаг тул дахин суралцах эсвэл хар ажил хийх шаардлагатай болдог юм байна. Дээр нь үйлдвэр барилгын салбар маань хаалгаа барьж буй өнөө үед төр засаг ажилгүй боловсон хүчнээ яах юм. НҮБ-ын хүний хөгжлийн индексээр монголын залуу үеийнхний дунд ажилгүйдэл, нас баралт их байгаа тухай дурдсан байдаг. Үүнээс гарах талаар сэтгэх хэтийн бодлого төр засагт маань байгаа гэхэд эргэлзмээр. Иймээс ИДС-иуд оюутнаас авч буй сургалтын төлбөртөө дүйцэхүйц мэргэжил олгох нь ашиг орлогоо дагаад хариуцлага, буй гэх ёс зүйд нь нийцэх байх. Нөгөө талаас бол ИДС-иуд бүтээн байгуулалтад эрэлт хэрэгцээ буй мэргэжлээр сургалт явуулж энэ чиглэлийнхээ дагуу мэргэжилтэн бэлдэн төгсөгчиддөө ажил олгох талаар байнга анхаарч ажиллах нь чухал. Төлбөр авч диплом олгоод төгсөгчдөө ажилгүй хаядаг өнөөгийн системийг өөрчлөх төрийн хөшүүрэг зайлшгүй хэрэгтэй болжээ. Хувийн ИДС-иудын эзэд бол урд өмнө нь эмнэлэг, боловсролын байгуулагад өндөр алба хашиж байгаад гарахдаа өөртөө хувийн сэмнэлэг, сургуультай болсон ажлын арвин туршлагатай хүмүүс голдуу байдаг. Тэд ажил олгогчдыг урьж оюутнуудаа танилцуулах уулзалт зохион байгуулан ажлын байр олох, тэндээс ямар мэргэжлээр сургалт явуулах талаар мэдээлэлтэй болж эрэлт, захиалгагүй мэргэжлээр элсэлт авахгүй байх талаар санаачлага гаргахгүй байгаа. Ажил олгогчид компаниуд шаардлагатай мэргэжлээрээ оюутнуудад тэтгэлэг, зээл олгох талаар эртнээс гэрээ хийж ихэнх оюутнууд ч сургалтын төлбөрөө олж, төгсөөд орох ажил нь бэлэн болсноор төлсөн сургалтын төлбөрийн үр ашиг энд гардаг байх учиртай юм. Үүнээс гадна мэдээж тусгай шалгуураар олгодог төрийн болон гадаад орны тусламж тэтгэлэгүүд бий. Манайд энэ бүхнээ улам өргөжүүлж хэрэглэвэл залуус ажилгүйчүүдийн эгнээнд ордог явдал үгүй болох байх. Бидний хүүхдүүд ИДС төгсөөд Солонгос эсвэл Оюу толгойд яагад явдаг юм. Тэнд авдаг цалин нь арай дээр. Манай жирийн албан хаагчдын цалин дэндүү доогуур байдаг. Нөгөө нэг асуудал бол төрийн албан хаагчдын сонгон шалгаруулалт гэж маш чухал асуудал байна. Энд албан тушаалтнууд үр хүүхэд танил талаа төрийн бүх яам, агентлагт шахдаг зуршил хэвээр байгаа. Ялангуяа гадаад томилолт энд Парламент сувгийн ярилцлага дээр ахмад дипломатч Сүхбаатар яг л хэлж байсан даа.

Мөн суурь боловсролд анхаарах зүйл бас бий. Өсвөр үеэ 6 наснаас нь сургуульд хамруулж, 12 жилийн ЕБ олгож буй нь |хэтэрхий эрт сургуульд оруулаад хэтэрхий удаан сургадаг байдал| манай онцлогт тохирч байна уу гэж асуумаар байна. Хүүхэд дунд сургууль төгсөх явцад сургалтын систем |засаг солигдох тутам| дор хаяж хоёроос гурван удаа өөрчлөгдөж тэр нь боловсролын агуулгадаа нийцэхгүй байж болох юм уу. Олон жил үргэлжлэх үр дүн багатай төслүүд болон монголын онцлогт үл нийцэх систем судалгаагүйгээр хуулбарлаж нэвтрүүлсэн зүйлээр бид өсвөр үеийнхээ толгойг байн байн эргүүлмээргүй байна. Сургуулиуд тус тусдаа сурах бичиг, формын хувцас,үсэглэлийн баяр.. гэх мэтээр баахан мөнгө хураадаг ч зарим сурах бичгүүд нь алдаатай, жил тойрон сурагчдын гар дээр очдоггүй юм байна. Ялангуяа монгол хэлний сурах бичгийг улс даяар |хувийн сургууль ч мөн адил| нэг л хувилбартай болгох хэрэгтэй. Есөн сарын нэгэн гэхэд сурах бичгүүд сурагчдын гар дээр очоогүй тохиолдолд боловсролын сайд хариуцлага хүлээдэг байя. Эрх мэдлээ дагаад хариуцлага ямагт байх шаардлагатай.

Хувийн сургуулиудын төлбөр маш өндөр, Боловсролын яамны бодлогыг дагадаггүй |Төрөөс хувьсах зардал авдаг| өөр хувцас, ном дэвтэр гаргаад сурагчдад өндөр үнээр өгдөг. Энэ бүхнийг цэгцлэх асуудал манай боловсролын байгууллагуудын үүрэгт багтаж байгаа юу?.. гэж асуумаар санагддаг юм. Байгаа л даа, гэхдээ амжихгүй яагаад гэвэл боловсрол эмнэлгийн байгууллагуудын удирдлагууд нь сонгуулийн дараа солигдох явцад амжиж өөрөө амиа бодох хэрэгтэй байх.

Цаашид улс оронд онцгой шаардагдаж буй мэргэжилтэн бэлтгэх төрийн мэдлийн ИДС-иудыг сургалтын төлбөргүй болгож, улсад ашиггүй олон ИДС-ийг цөөлвөл боловсролын өнөөгийн тогтолцоонд огцом эргэлт болж ажилгүй сэхээтний тоог цөөлөх наад захын нөхцөл бүрдэнэ. Хөгжилтэй орнуудад сургууль, эмнэлэг бол төлбөргүй байдаг л даа, манайд ч хуучин ийм л байсан.

Эцэст нь орон нутаг өөрийнхөө зардлаар аймаг, сум бүр оюутанд мэргэжлийн боловсролын тэтгэлэг |орон нутагт ажиллах болзолтойгоор| олгож байвал яасан юм. Мөн анх удаа мэргэжил эзэмшиж буй шинэ залуу боловсон хүчнээ төр ажил, амьдрах нөхцлөөр хангах, орон сууцны хөнгөлттөй зээлд хамруулах үүрэг хүлээх тухай эдүгэ хэлэлцэж буй хуулиудийнхаа төсөлд нэмж оруулснаар иргэдийнхээ хөдөлмөрлөх эрхийг бүрэн хангах төрийн бодлого хэрэгжин, залуус орон нутагтаа буцаж очоод өөрөө болон бусдад ажлын байр, ахуйн үйлчилгээ бий болж жирийн хүн хөдөө орон нутагт ажил хийгээд амьдарч болдог тийм амьд суурин бий болно. Улмаар хөдөө орон нутагт дундаж давхарга би болж цаашид хөгжих суурь нөхцөл нь бүрэлдэх юм. Энд эхлээд хүмүүсийг ажил төрөлтөй, амьдрах шаардлага бүхий үйлчилгээтэй байлгах асуудал баялаг бүтээхээс өмнө тавигдах учиртай. Манай ихэнх сумдад гуанз, дэлгүүр хоёроос өөр орлого олдог нь ховор байна шүү дээ. Энэ бол нэгэн агшинд нүдэнд үзэгдсэн дүр зураг бус өнөөгийн хөдөө сумдын хэв маяг. Сонгууль болоход л сая сэхээ авч нэг сагсан бөмбөгийн талбай ч юм уу, сургуулийн дээврээ засуулж авдаг Хөдөө сумдад ажлын байр бий болгоно гэдэг бол хөгжих нөхцөл бүрдэж байна гэсэн үг. Ийм зүйл байгаагүйгээс ялангуяа баруун аймгуудын ихэнх нь идээшч дассан нутгаа, эх орныхоо хилээ орхиод төв рүү нүүцгээсэн. Яагаад гэвэл тэнд ажлын байр, эрүүл, ахуйн үйлчилгээ, дэд бүтэц бүрдээгүй зөвхөн цөөн хэд нь хотод амьдардаг төрөл садангийнхаа дэмжлэгээр ажлын байртай болж амьдарч байгаа . Бид ёс зүй, мэдлэг мэргэжил, ухамсар дундаа тотгнож чадваас энэ дор мэргэжилтэй боловсон хүчин бидний хамгийн үнэт баялаг гэх лоозон амьдралд хэрэгжих болно.

 

 

Найдансүрэнгийн Бадарч