Нэгэн цагт Монгол Улсын эрүүл мэндийн сайд “Монгол хүн бүр морь унаж сурсан шигээ бэлгэвч хэрэглэж суръя” хэмээн зурагтаар өдөр шөнө, өглөө оройгүй сурталчилдаг байлаа. Тэр үеэс монголчууд бэлгэвч хэрэглэх тухай анхан шатны мэдээлэлтэй болсон.

Гэхдээ бэлгийн замаар дамжих халдвараас /БЗДХ/ урьдчилан сэргийлэх цор ганц арга нь хамгаалалттай бэлгийн хавьтал мэтээр ойлгуулсан гэхэд хилсдэхгүй. Гэтэл түүнээс хойш 20 орчим жил өнгөрсөн ч монголчууд бэлгэвч хэрэглэж сурсангүй. Учир нь, бэлгийн замаар дамжих халдварын тохиолдол жил ирэх тусам нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Нийт халдварын 40 орчим хувийг тэмбүү өвчин эзэлж, жилд 50 гаруй хүүхэд төрөлхийн тэмбүүтэй гэж оношлогдож байна. Ийнхүү манай улс 1920-иод онд хагас сая орчим хүн амтай, хүн амын талаас илүү нь тэмбүү өвчинд нэрвэгдэж, яр шарханд баригдсан, мөгөөрс эд нь хайлж хамаргүй болсон хүн элбэгшсэн эмгэнэлт түүхтэйгээ дөрөө харшуулах энүүхэнд болжээ.

ӨДРӨӨС ӨДӨРТ ЗАЛУУЖИЖ БУЙ БЗДХ

Статистик үзүүлэлтээс харвал, энэ оны эхний найман сарын байдлаар нийслэлийн хэмжээнд бүртгэгдсэн нийт халдварт өвчний 50 гаруй хувийг бэлгийн замаар дамжих халдвар эзэлжээ. Тэдгээр тохиолдлын 11.1 хувийг 10-19 насныхан буюу өсвөр үеийнхэн эзэлж байна. Мөн 2018 оны байдлаар бэлгийн замаар дамжих халдвараар өвчилсөн 10 хүн тутмын дөрөв нь 15-24 насны залуус байна гэх судалгааны үр дүн гарсан. Ийнхүү залуусын дундах бэлгийн замаар дамжих халдвар жил ирэх тусам нэмэгдэж, насны хувьд улам бүр залуужиж байна. Хоёр жилийн өмнө 15 насанд бүртгэгдэж байсан халдвар өдгөө 10 настанд илэрчээ. Бэлгийн замаар дамжих халдвараар аль ч насны хүн өвдөх эрсдэлтэй ч гэлээ өвчлөл ийнхүү залуужиж байгаагийн шалтгаан юунд оршино вэ. Дээрх сэтгэл эмзэглүүлэм тоо баримт бол өсвөр үеийнхэн, залуусын эрүүл мэндийн мэдлэг боловсрол дутмаг, хандлага төлөвшөөгүй байгаагийн илрэл. Болохгүй бол бэлгэвч хэрэглэнэ гэдэг ухагдахуунтай. Гэхдээ эмийн сан ороод бэлгэвч авахаас ичдэг, биедээ бэлгэвч авч яваа нэгнээ шоолдог бүрэг ичимхий, түнэр харанхуй нөхөд мэдлэггүйнхээ төлөөсөнд эрүүл мэндээ зольж буй.

Нийслэлийн хэмжээнд их дээд сургууль, эрсдэлт бүлгийн хүн амын тоогоороо Сүхбаатар дүүрэг толгой цохидог. Тус үүргийн Эрүүл мэндийн төвийн ХДХВ/ДОХ/БЗДХ-ын кабинетын нийгмийн ажилтан Б.Одцэцэг “Ажил үүргийн хүрээнд дунд, ахлах ангийн сурагч болон оюутнуудад БЗДХ-аас урьдчилан сэргийлэх мэдлэг олгох сургалт явуулдаг. Хүүхдүүд зонхилон тохиолдох өвчнийг нэрлэж мэддэг ч хэрхэн урьдчилан сэргийлэх, цаашдын үр дагаврын талаар сайн мэддэггүй. Өнгөрсөн онд дүүргийн хэмжээнд 500 гаруй оюутнаас судалгаа авахад 10 оюутан тутмын ес нь бэлгийн замаар дамжих халдварын талаар сонссон буюу мэдээлэлтэй боловч халдвар дамжих зам, илрэх шинж тэмдэг, урьдчилан сэргийлэх аргын талаар мэдлэг дутмаг, хандлага төлөвшөөгүй хэмээх үр дүн гарсан” гэж ярьсан юм.

Түүнчлэн ЭМЯ, АШУҮИС-аас өсвөр үеийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний эрэлт хэрэгцээ судалгааны үр дүнгээс харахад тэдэнд тулгамдаж буй эрүүл мэндийн асуудлыг БЗДХ, хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орох, хүсээгүй жирэмслэлт зэрэг тэргүүлсэн байна. Мөн МУБИС-ийн эмч Ч.Нямсүрэн “Бүрэн дунд боловсрол эзэмшээд их сургуульд орж байгаа ч оюутнуудын эрүүл мэндийн мэдлэг дутмаг байдаг. Ялангуяа бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн ойлголт муутай. Уг нь арван жилд нь сайн мэдлэг олгочих хэрэгтэй байгаа юм” хэмээсэн юм. Оюутан залуус мэдлэггүйн улмаас бэлгийн замаар дамжих халдварт өвчин тусах, үр дагаврыг нь мэдэхгүйн улмаас хэнэггүйтэж явсаар хүндрүүлэх, эрт жирэмслээд сургууль завсардах зэрэг тохиолдол нэлээд гардаг байна. Энэ үед хэчнээн зөвлөгөө өгсөн ч хувь хүний хандлага тогтсон, хуучин буруу ташаа мэдээлэлдээ бат итгэчихсэн байдаг аж. Үүнээс харвал, өсвөр үеийнхний эрүүл мэндийн мэдлэг хангалтгүй, буруу ташаа байгаагаас шалтгаан БЗДХ-ын тархалт нэмэгдэж байгаа аж. Тэгвэл өсвөр насныхан, оюутан залуучууд нөхөн үржихүйн болон бэлгийн боловсролыг хаанаас хэрхэн олж авах ёстой вэ.

ГЭЭГДСЭН ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОВСРОЛ - ГААРСАН ӨВЧЛӨЛ

Гээгдсэн эрүүл мэндийн боловсролын гор дан ганц бэлгийн замаар дамжих халдвараар дуусахгүй. Анх хүнтэй унтахад жирэмслэдэггүй гэсэн ам дамжсан ярианд итгэн хамгаалалтгүй бэлгийн хавьталд орсноор хүүхдээрээ хүүхэд тээж буй охид олон. Тодруулбал, 15-19 насны охидын жирэмслэлт сүүлийн арваад жил нийт төрөлтийн таван хувийг эзэлж байгаа. Өөрөөр хэлбэл, жилд 4000 орчим өсвөр насны охид төрж байна гэсэн үг.

Гэхдээ энэ бол хүүхдээ тээж төрүүлсэн охидын тоо. Үүний цаана хэд нь үр хөндүүлж байгааг таашгүй. Хүсээгүй жирэмслэлт, өрх толгойлсон эх, ажилгүйдэл, ядуурал гэх мэтээр асуудал ар араасаа ундарна. Хүн төрөлхтний хамгийн чухал асуудал болох нөхөн үржихүйн эрүүл мэндийн тухай ярилцдаггүй, үр хойчдоо зааж сургадаггүйн уршиг энэ. Зөв мэдлэг, хандлагатай, эрүүл залуусыг бий болгохын тулд хүүхэд ахуй үеэс эхлэн анхаарах шаардлагатай. Мэдээж хүүхэд, залуус өөрийн гэр бүл, эцэг эхчүүдээс нас насны онцлогт тохирсон эрүүл мэндийн боловсролыг олж авдаг. Гэхдээ эцэг эх бүхэн багш биш. Мөн бүгдээрээ эрүүл мэндийн бүрэн дүүрэн мэдлэгтэй биш. Хүүхдүүдэд эрүүл мэндийн боловсрол олгодог суурь хөтөлбөр бол эрүүл мэндийн хичээл.

Гэвч манай улс 2014 онд эрүүл мэндийн боловсролыг тусгайлан цаг гаргаж заахгүйгээр бусад хөтөлбөрийн агуулгаар зохих мэдлэг олгож болно хэмээн үзэж сургалтын хөтөлбөрөөс хассан. Магад өнөөдрийн үүсээд байгаа залуусын замбараагүй бэлгийн амьдрал, өдөр ирэх тусам хүрээгээ тэлэх бэлгийн замын халдвар тухайн үеийн хуудуутай шийдвэрийн үр нөлөө гэлтэй. Ямартаа ч бодлого боловсруулагчид алдаагаа ухаарч, 2018-2019 оны хичээлийн жилээс эхлэн ерөнхий боловсролын бүх ангид эрүүл мэндийн сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Ингэхдээ I-III ангид эрүүл мэндийн хичээлийг тусгайлсан цаг, хичээлээр судлах шаардлагагүй, суралцагчийн өдөр тутмын үйл ажиллагаа, “Хүн ба орчин” хичээлийн агуулгаар дамжуулан эзэмшүүлэх боломжтой тул багшид зориулсан суралцахуйн удирдамж боловсруулсан байдаг.

Харин IV-XII ангид хэрэгжүүлэх эрүүл мэндийн боловсролын хөтөлбөрийн агуулгыг нийгмийн хэрэгцээ, суралцагчдад тулгамдаж буй асуудалд суурилсан хувийн ариун цэвэр, орчны эрүүл ахуй, хооллолт, хөдөлгөөн, сэтгэцийн эрүүл мэнд, хорт зуршил, бэлгийн ба нөхөн үржихүйн эрүүл мэнд, осол гэмтэл гэсэн агуулгын хүрээнд зааж, эрүүл мэндийн мэдлэг олгохоор болсон. Гэвч эрүүл мэндийн сургалтын хөтөлбөр сурагчдын хэрэгцээ шаардлага, бодит нөхцөл байдалд нийцсэн эсэх эргэлзээтэй. Цаасан дээр дурайж л байдаг бичиг баримтын нэг болчихоогүй байгаа.


...Жилд 4000 орчим өсвөр насны охид төрж байна гэсэн үг. Гэхдээ энэ бол хүүхдээ тээж төрүүлсэн охидын тоо. Үүний цаана хэд нь үр хөндүүлж байгааг таашгүй. Хүсээгүй жирэмслэлт, өрх толгойлсон эх, ажилгүйдэл, ядуурал гэх мэтээр асуудал ар араасаа ундарна...

ЭРҮҮЛ МЭНДИЙН ХИЧЭЭЛ ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОВСРОЛ ОЛГОЖ ЧАДДАГГҮЙ

Нэг үе орхигдоод байсан эрүүл мэндийн боловсрол олгох хичээлийг сургалтын цөм хөтөлбөрт багтаан, хэрэгжүүлж эхэлсэн нь сайшаалтай. Гэвч эрүүл мэндийн хичээлийн эргэн тойронд зайлшгүй сайжруулах хэдэн асуудал бий. Нэгдүгээрт, сургалтын арга барил хэт хоцрогдсон. Учир нь, тус хичээлийн хүрээнд ихэвчлэн уншиж судлах даалгавар өгдөг тухай сурагчид өгүүлсэн юм. Ингэснээр хүүхдийн сурах хүсэл эрмэлзлийг бууруулж, хичээлийн цагийг үргүйдүүлдэг. Угтаа бол үзүүлэн макет ашиглаж, дуу, дүрс бичлэг үзүүлэн, хүүхдийн оролцоонд тулгуурлан заах нь үр дүнтэй. Долоо хоногт ердөө ганц удаа ордог хичээлийг ийм улиг болсон аргаар заах бол эрүүл мэндийн мэдлэг олгох байтугай үр дүнтэй мэдээлэл ч болж чадахгүй.

Хоёрдугаарт, багшийн мэдлэг ур чадварын асуудал. Эрүүл мэндийн хичээлийг ахин сургалтын хөтөлбөрт багтаасантай холбоотой тав хоногийн сургалт зохион байгуулж 21 аймаг, есөн дүүргийн 90 сургагч багш бэлтгэсэн. Сургагч багш нар сум, орон нутагтаа ахин сургалт зохион байгуулснаар улсын хэмжээнд 2700 орчим эрүүл мэндийн хичээл заах багштай болсон. Эдгээр багш нарын дийлэнх нь биологи эрүүл мэнд, биеийн тамир эрүүл мэндийн чиглэлээр мэргэшсэн аж. Гэвч эрүүл мэндийн нарийн төвөгтэй ойлголтыг сурагчдад зааж сургах, өвчлөлийн шалтгаан болоод хүндрэл, үр дагаврыг ойлгуулах, урьдчилан сэргийлэх арга хандлага төлөвшүүлэхэд дээрх багш нарын мэдлэгийн цар хүрээ хангалттай эсэх эргэлзээтэй. Аль нэг багш орж ирээд унших хуудасны дугаар заачихаад гардаг боловсролын системийн гороор өдгөө бид хормойн өвчиндөө баригдах нь холгүй сууж байгааг санах хэрэгтэй. Тиймээс эрүүл мэндийн чиглэлээр дагнан бэлтгэсэн багш, боловсон хүчин ерөнхий боловсролын сургуульд нэн шаардлагатай байгаа юм. Мөн сургуулийн эмчийн үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх, урьдчилан сэргийлэх, мэдээлэл сурталчилгаа зохион байгуулах чиглэлээр үүрэгжүүлмээр байна.

Гуравдугаарт, эрүүл мэндийн хичээл агуулга хувьд хүүхдийн нас, бие махбодын онцлогт тохирсонгүй. Тухайлбал, хүн төрөлхтний хурдацтай хөгжилтэй холбоотой шилжилтийн нас харьцангуй эрт эхэлдэг болсон. Өмнө нь, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тодорхойлолтоор өсвөр насыг 13 наснаас тооцдог байсан бол өдгөө 10 наснаас эхэлнэ гэж үзэж буй. Хувь хүний биеийн онцлогоос шалтгаалан шилжилтийн нас үүнээс ч эрт эхлэх боломжтой юм. Мөн цаг үеэ дагаад хүүхдүүд харьцангуй эрт үерхэж нөхөрлөдөг, цахим орчноос хүссэн мэдээллээ үзэж, хардаг болсон энэ үед хэтэрхий “журамтай” эрүүл мэндийн хичээл цаг үетэйгээ нийцэхгүй байгаа нь харамсалтай.

Угтаа бол хүүхдүүд шилжилтийн нас эхлэхээс өмнө бие эрхтэнд гарах өөрчлөлт, бэлгийн ариун цэвэр, зөв үерхэл нөхөрлөл, нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаар мэдлэгтэй болсон байх шаардлагатай юм. Өдгөө VII, VIII ангиас эхэлж бэлгийн ариун цэвэр, сарын тэмдгийн тухай хичээл орж буй. Гэвч энэ үед хүүхдүүдийн шилжилтийн нас хэдийн эхэлж, найз нөхөд болон цахим орчноос мэдээлэл авчихсан байдаг. Нэгэнт буруу ташаа мэдээлэлд үнэмшсэнийх нь дараа засаж, залруулахад долоо хоногт 40 минут ордог эрүүл мэндийн хичээлийн агуулга хүрэлцэхгүй нь тодорхой. Ерөөс хүүхдээ бага балчир гэж голдог, ичиж зовчихно гэж нууж хаадаг бүрэг, бүр цаашлаад бүдүүлэг зангаасаа болоод монголчууд алдаж ирсэн мэт. Хэдий чинээ нээлттэй харилцаж, аль болох эрт мэдлэг олгосноор хандлага төлөвших учиртай. Өндөр хөгжилтэй орнуудын туршлагаас үзвэл, бүр эрт буюу цэцэрлэгээс эхлэн насны онцлогт тохирсон арга барилаар нөхөн үржихүйн эрүүл мэндийн мэдлэг олгодог байх юм.

Гэтэл бид нэгэнт үзэл бодол төлөвшсөн хойно нь ухааруулах, амьдралын хэв маягийг нь өөрчлөх гэж хүчлэн хугацаа алдсаар. Бэлэг эрхтэнд нь бэлгэвч углахаас илүүтэй тархинд нь мэдлэг олгож, тэдний ухамсар, төлөвшилтэй ажиллах ёстой гэдгийг дэлхийн жишиг харуулж байна. Бэлгэвч хэрэглэхийг үгүйсгэхгүй ч гэлээ энэ бол түр зуурын гал унтраах арга юм. Нэгэнт хожимдсон боловсролын хойноос бэлгэвч угалж, гарын авлага тараагаад нэмэргүй шүү дээ.

ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН