-СҮҮЛИЙН ХОЁР ЖИЛИЙН ТӨСӨВ БОДИТ БАЙДАЛТАЙГАА ЭВЛЭРЭХИЙГ ОРОЛДООГҮЙ-

БСШУС-ын сайд асан Лу.Гантөмөртэй ярилцлаа.


-2021 оны төсөвт Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавьсан ч Ман-ын бүлэг хүлээж авахгүй гэдгээ мэдэгдсэн. Ер нь энэ удаагийн парламент ирэх оны төсвийг хэр оновчтой баталсан гэж үзэж байна вэ?

-2020 оных, ч 2021 оных ч тэр ялгаагүй, ямар ч шийдэлгүй болсон. Учир нь “Ковид-19” цар тахал гарч, эдийн засаг унасан. Үүнтэй холбоотойгоор Засгийн газар тодорхой арга хэмжээг эхлүүлээд бараг бүтэн жил боллоо. Энэ хугацаанд төлбөр хойшлогдсоноос өөр шийдэлгүй, гарсан тодорхой үр дүнгүй байхад ямар нэгэн бодлогын судалгаагүйгээр дараа жилийн төсөв рүүгээ орсон. Бодит байдалдаа нийцүүлэлгүй төсвийн тодотголыг хийсэн. Нэг үгээр хэлбэл, 2021 оны төсөв ямар ч бодлогын судалгаагүй болсон. 2020 оны төсвийн тодотголыг хийхдээ бодит байдалтайгаа эвлэрэхийг ерөөсөө оролдоогүй. Тиймээс аль аль нь гал унтраах, тодорхой тойргууд дахь яриа хөөрөөг намжаах, хүний хийснийг үгүйсгэх зэрэгт зориулсан. Маш хүнд цаг ирж байна. Тэр цаг үеийг давах тухай ямар ч бодлогогүй, өнөөдрийг л өнгөрөөх маягаар хийлээ. Хуучин цагт иймэрхүү шийдвэрийг хоноцын сэтгэлээр хандлаа гэж нэрлэдэг байсан. Тодорхой томьёолохын аргагүй шийдвэрийг гаргаж байна шүү дээ. Тиймээс Ерөнхийлөгч хориг тавихаас өөр арга байхгүй. 2020 оны төсөвт ч хориг тавьж л байсан. Ерөнхийлөгчийн хоригийг өөр намын угшилтай хүн хориг тавиад байна гэж харалгүйгээр 2020 онд цар тахалтай холбоотойгоор хэрэгжүүлсэн УИХ-ын шийдвэрийн үр дүнг яаралтай хэлэлцэх хэрэгтэй. Үүнтэй уялдуулж 2021 оны төсвийг маш тодорхой болгох ёстой. Иргэд тодорхой шийдэл хүлээж байна шүү дээ. Тодруулбал, ирэх жил коронавирустэй эвлэрч амьдрах юм байна. Тэр үед яах вэ. Хоёрдугаарт, эдийн засаг уналаа, одоо бид яах вэ. Гуравдугаарт, асар их өрийн түгжээнд орсон, үүнийг яах вэ. Дөрөв, ирээдүйд бидний амьдралыг хадгалж үлдэх буюу хөгжил дэвшилд хүрэхийн тулд төсвийн хууль тус болох уу. Энэ асуудалд тодорхой хариулт хэрэг болоод байна л даа.

-Хэнтий аймагт музей, контор барих хэрэгтэй юу, үгүй юү. Эсвэл цар тахлын нэг голомт болсон аймгуудад илүү төсөв хэрэгтэй юү, голомттой аймгуудад тэр дундаа Сэлэнгэд хэдэн төгрөгийн төсөв төсөвлөсөн билээ. 2021 оны Ерөнхийлөгчийн сонгууль уу, ард иргэдийн амьжиргаа чухал уу гэдэг олон асуулт гарч ирж байна шүү дээ...?

-Сая миний дурдсан дөрвөн зүйл. Эдийн засгийн уналтаас уналтад дундаж давхаргаа өртүүлчихгүй, компаниудаа дампууруулчихгүйн тулд яах вэ. Энэ шийдэл байхгүй. Урт хугацаандаа өрийн түгжээнээс яаж мултрах вэ, бондын дарангуйллаас яаж ангижрах вэ. Эдгээрт шийдэлгүй байна. Өөрөөр хэлбэл, ямар ч алхам алга. Бодлогын судлаачид байгаа ч судалгаа хийлгэдэггүй. Судалгаа хийх арга нь байгаа ч түүнийг ашигладаггүй. Технологи байгаа ч түүнийг хэрэглэдэггүй гэх мэтчилэн яагаад ажил хийх сэтгэл байдаггүй юм бэ. 2021 оны Ерөнхийлөгчийн сонгууль яах вэ. Дээрх ажлууд хийгдэхгүй, эдийн засаг муудаад байхаар эрх барьж байгаа хүн л улам “яллуулдаг”. Эдийн засаг сайжирвал, дарга болохын төлөө уралдаж болно. Учир нь дарга, ерөнхийлөгч болно гэдэг нь үүрэг, хариуцлага ухамсарлаж, хүлээдэг. Үүн дээр нэмээд тэд баатар болох гээд байгаа юм байлгүй. Гэтэл аль ч дүр нь 2021 онд алга. Дарга болж болно. Боллоо гэхэд болох гээд байгаа хүмүүст оноо байхгүй. Дан ял, зовлон, харуусал, ирээдүйд дан гунигтай амьдрал хүлээж байгаа. Ийм муу юм руу яагаад бодлогогүйгээр тэмүүлээд байгаа юм бэ гэдэг асуулт. Нэг үгээр хэлбэл, УИХ-ын гишүүн болох, дарга хийх, төр барихыг хэтэрхий амар ажил мэтээр төсөөлж байгаа нь харамсалтай.

Ард түмний нэг хэсэг нь ажил, бүтээн байгуулалт, экспорт хийгээд сурчихлаа. Эдгээр хүмүүсээ амжилтад хүргээд тэр хүмүүсийн дарга хийхийг яагаад мөрөөдөхгүй байна. Би асуултыг нөгөө талаас нь тавимаар байгаа юм. 2021 онд ялахыг хүсээд байна гэдэг нь цаагуураа муу юм руу яагаад тэмүүлээд байгаа юм бэ. Гэтэл бусад хүмүүс “Дарга болохын төлөө бэлдэж байна” гэж дүгнэж байна. Муу дарга байх, ял авах тийм сайхан юм уу. Яагаад тэр рүү тэмүүлээд байна. Унах нүхээ яагаад өөрсдөө ухаад байгаа юм бэ. Бод л доо. Эдийн засгийн хороо гэж байгуулсан биз дээ. Тэр улсууд нь яагаад ажил хийдэггүй юм бэ.

Эдийн засгийн богино хугацааны уналтыг бүтэн жилийн хугацаанд яагаад тооцоолохгүй байна, өдрийн орлоготой хүмүүс орлогогүй болох гээд байгааг яагаад харахгүй байгаа юм бэ. Коронавирустэй хамт орших арга хэлбэрээ яагаад олохгүй байгаа юм бэ. Бүх юмыг хаагаад, бүхнийг Lock­down хийгээд болно гэж яаж төсөөлж чадаж байна вэ. олон яагаадын ард буй эдгээр асуултыг өөрсдөдөө тавихгүй байна.

Ирэх жилд юу яриад суух вэ, юугаар хоол ундаа худалдаж авах вэ, бидний цалин хүрэх үү гэдэг хоёр том асуулт авч ирж байна. Ийм нөхцөлд ахмадууд, хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй буюу эмзэг бүлгийнхэн илүү өртдөг. Мөн төрийн албан хаагч, багш, эмч нарын цалин жилийн дараа амьдралд нь хүрэх үү гэдэг том асуултыг 14 хоногийн хөл хорионы үед шинээр гаргаж ирлээ. 14-хөн хоногийн хугацаанд дахин шинэ даалгавар бүтээж байгаа нь ерөөсөө бодлого бодож боловсруулдаггүй юм байна, судалгаа алга. У.Хүрэлсүхийн Засгийн газар өөрчлөгдөөгүй шүү дээ. Толгой, удирдлагууд нь хэвээрээ бий. Эдгээр хүмүүс жилийн өмнө коронавирусийн талаар ярьж байсан, жилийн дараа 14 хоногийн хөл хорио тогтооход яахаа мэдэхгүй сууж байгаа нь ерөөсөө л энэ хүмүүс огт ажил хийдэггүй юм байна гэсэн дүгнэлтэд хүрч байна. Энэ их том төрийн зохицуулалттай эдийн засагт амьдарч байгаа улсууд шүү дээ, бид. ТҮЦ, дэлгүүр, сургалтын төв байгуулж болох эсэхийг төр мэдэж байна. Төрөөр бүх зүйлээ мэдүүлчихсэн энэ үед ажил хийдэггүй ард түмэн бид яах вэ. Хийсэн ажил нь биднийг дандаа эрсдэл рүү түлхэж байгаа энд үед яах вэ. Одоо бид огт өөрөөр бодож эхлэх нөхцөл рүү төр оруулж байна.

-Энэ бүх асуултын гарц гаргалгааг та юу гэж харж байна. Бидний хоолой дээр тулаад ирчихлээ. Удирдлага нь гарцаа мэдэхгүй сууж байна гэх. Одоо тэгвэл гаргалгаа нь юу юм бэ?

-Та биднийг сонсох хүн байна уу. Сонсоод ажил хийх хүн байна уу. энэ надад их эмзэг сэдэв болчихоод байна. Уг нь сонсож хүлээж авбал яриад байж болж байна. Юмыг олж хараад тунгаадаг хүн байна гэж төсөөлөөд ярих гээд оролдъё. Ирэх он жилүүдэд, урт хугацаанд хүн төрөлхтөн энэ вирустэй хамт оршино. Өөрөөр хэлбэл, асар хүчтэй халдварладаг ийм вирусийн нөхцөлд амьдрах нь. Амьдрахаа бусад орнууд мэдчихлээ, бидэн шиг айгаад байгаа юм алга. Ойлгосон улсуудын буюу 2021 оны дэлхийн эдийн засаг яаж хөдлөх вэ. Нэгдүгээрт, аялал жуулчлалын салбар ирэх жил тэсрэлт хийнэ. энэ тэсрэлтэд бид оролцож чадах уу, эсвэл гадаа нь үлдэх үү. Монгол брэндийг яаж хийх вэ. Нэг үгээр хэлбэл, Монгол руу гадаад жуулчдыг татахын тулд дотоод болон олон улсын тээвэр, виз олголтын дэд бүтцийг маш хурдтай шийдэх хэрэгтэй.

Учир нь аялал жуулчлалын салбар Монголын эдийн засгийн нэг багана болсон. Энэ онд багтаж Монголын танилцуулгыг олон улсад хийж, жуулчдаа татах ажилд Засгийн газар дэмжлэг үзүүлж, төсвийн хуулиараа дэд бүтэц рүү хөрөнгө оруулалтыг шийдэх хэрэгтэй. Хуучин шигээ нислэг нь үнэтэй, иртэл дотоодын дэд бүтэц муу байвал аялал жуулчлалын салбараас мөнгө олохгүй. Хоёрдугаарт, агаарын тээврийн асуудлаа шийдээч ээ. Сая Асианаг Кориан эйр компани худалдаад авчихсан. Тэгэхээр Солонгосоос ирэх үнэ буурахгүй. Тэгвэл Солонгос руу хямд нислэг яаж хийх вэ. Мөн Японы нислэгийг хоёр дахин хэрхэн хямдруулж асар олон хүн авах вэ.

Дараагийнх нь уул уурхай. Дэлхийн улс орнууд өнгөрсөн нэг жилийн хугацаанд маш их хэмжээний өрөнд орсон. Бид одоо л цар тахлын үеийн эдийн засгийг ярьж байхад жилийн өмнө дэлхий нийт яриад шийдчихсэн. Гэтэл бид үүнийг шийдээгүй байгаа нь эмгэнэлтэй. Дэлхийн улсууд хаашаа хөрөнгөө оруулсан бэ. Тухайлбал, Европын холбоо бараг нэг их наяд ам.долларыг сэргээгдэх эрчим хүч рүү хийсэн. Үүнийг дагаад зэс, газрын ховор элемент, төмөр болоод бусад элементийн хэрэглээ нэмэгдэнэ. Хэдэн жилийн дараа нүүрс алга болно. Хятад ч адилхан эдийн засгийн асар их уналтад орсон. Үүнийгээ нөхөхийн тулд ялгаагүй сэргээгдэх эрчим хүч рүү маш их хөрөнгө оруулж байна. Тэгэхээр ирэх жил зэсийн үнэ өсөх юм байна. Тиймээс бид борлуулалтыг нэмэгдүүлэх дэд бүтэц рүү төсвийн бодлогоор яаж дэм үзүүлэх вэ. Газрын ховор элементийн ашиглалт руу яаж орох вэ. Яаж Цагаан суваргын ордоо эргэлтэд оруулах вэ. Зэсийн өөр ямар төсөл байна. Энэ яагаад яригдахгүй байна. Үүнд шийдэл хэрэгтэй. Нэг үгээр хэлбэл, бид зэсээс олох орлогоо хоёр дахин нэмэгдүүлж болно. Гашуунсухайт руу явж байгаа төмөр зам яг хэдэн сард ашиглалтад орох вэ. Үүнд тодорхой шийдэл гаргаж, төсвийн дэмжлэг үзүүл. Энэ бол нүүрсний борлуулалтаа 60 сая тоннд хүргэх алхам болно. Үүнтэй зэрэгцүүлж зүүн тийшээ тавьсан төмөр замаа ашигласан аж үйлдвэрийн паркийн дэд бүтцийн ажил руу хөрөнгө оруулна. энд хамгийн том дэд бүтэц бол цахилгаан станц барих. Цахилгаан станцын төсвийг хуулиараа яаж дэмжих юм бэ. Монголд гадаад хөрөнгө оруулалт зогсоод бараг 5, 6 жил боллоо. Ганц байгаа хөрөнгө оруулалт нь Оюу толгой. Тиймээс бид зүүн тийшээ тавьсан төмөр замыг ашигласан аж үйлдвэрийн паркийн хөрөнгө оруулалтыг зарлах хэрэгтэй.

-Манай улсын эдийн засгийн суурь бааз нь хөдөө аж ахуй, газар тариалан шүү дээ...

-Гурав дахь нь хөдөө аж ахуйн салбар. Коронавирусийн үед тодорхой дэмжлэг явсан. Одоо үүнийгээ ахиулах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, хөдөө аж ахуй руу чиглэсэн маш тодорхой дэмжлэг хэрэгтэй. Тухайлбал, тариалалтын үр юу байх вэ, борлуулалт яах вэ, экспорт яах вэ. энэ намар л гэхэд цар тахалтай үед Засгийн газар хийх ажилгүй сонгуульдаж байхын оронд ногоогоо бүрэн хурааж авах байсан. Харамсалтай нь хийгээгүй, булаатай үлдсэн. Ногоо хураах хүн, технологи байхгүй учраас зоориуд хоосон үлдсэн. энд ямар ч дэмжлэгийн бодлого алга. Тиймээс хөдөө аж ахуйн салбараа хадгалж үлдэхийн тулд энэ он, ирэх хавартаа багтааж Дэлхийн хүнсний холбоог Засгийн газар байгуулчих хэрэгтэй. Монголын хүнс баталгаатай гэдгийг нотлох хэрэгтэй. Ердөө ийм л гурван салбар, уул уурхай, хөдөө аж ахуй, аялал жуулчлал. Өөрөөр хэлбэл, валют олох ухаанаа гаргаж түүндээ зориулсан төсвийн бодлогыг ил тод зардал болгоод зарла. Үүн рүү хүмүүс ажилла л даа. Ингэж байж 2021 оны төсөв утга учиртай болж эхэлнэ. Үүнээс гадна өрийн бодлогын менежмэнтээ одоо зарла. Дотоодын бондоо төлсөн нь сайн боловч дотоодын бонд гэдэг нь төгрөгийг эргэлдүүлдэг ажил. Бидний хамгийн аюултай зүйл нь гадаад өрийн дарамт. Энэ нь ам.долларын төлбөр. Гадаад өр дотроо нэг улсын карманд орсон шүү. Үүнийг бүгд мэдэж байгаа. Одоо тэндээс гарах арга ухаанаа ол. Төсвийн сахилга батаар гарна. Өөр аргагүй. Нэг үгээр хэлбэл, Монголбанк бодлогын хүүгээ бууруулж жижиг дунд бизнес рүү дэмжлэг өглөө. Одоо төсвийн бодлогоор төсвөө хумьж мөнгөний нийлүүлэлтээ төсвөөрөө хийхээ болино. Ингэхээр Монголын Засгийн газар өрөнд ордоггүй юм. Өр нь бага багаар багасдаг. Гэхдээ зэрэгцүүлэн оруулж байгаа хөрөнгө оруулалтаа эдийн засгийг урамшуулахад чиглүүл. Төрийн байгууллагын үйл ажиллагааг сайжруулахад бүх хөрөнгө чиглүүлэгдэж байна шүү дээ. Төрийн үйлчилгээг сайжруулахын төлөө өр тавьж явсаар байгаад баахан контор, сав нь хэдэн жилийн дараа балгас болоод үлддэгийг бид социализмаар харсан. 1990 онд сүмд нурж балгас болж байхад бид үг дуугарах чадалгүй байсан. Яг үүн шиг юм ирэх гэж байна. Урьд нь 70 жилийн хугацаанд ирсэн бол одоо 30 жилийн хугацаанд давтагдах гэж байна. Балгас үйлдвэрлэгдэж байгаагаа олж харах хэрэгтэй.

-Эдгээрийг хийж, хэрэгжүүлж чадахгүй бол яах вэ?

-Хиймэл оюун ухааныг ашиглаж Монголын эдийн засагт семуляци хийж үзмээр байна. Семуляци хийвэл монголчууд яаж амьдардаг, иргэдийн ажиллах хүчний үнэлгээ хийгээд гаргаад ирж болж байна. Гаргаж ирсэн программ нь түгжрэлийг яаж шийдэх вэ гэдэгтэй адилхан бидний амьдрал ахуй яаж тогтвортой, өсөлттэй байх вэ, эдийн засаг яавал нэмэх болох вэ. Нэмэх боллоо гэхэд хүмүүст яавал өгөөжтэй байх вэ, яавал төгрөгийн ханшийг тогтвортой хадгалах боломж бидэнд байна вэ. Үүнийг л хийчихмээр байна. Жишээгээр тайлбарлавал, Улаанбаатарыг түгжрэлгүй болгох аргыг гаргаж ирэхийн тулд хэдэн сая удаа гэрлэн дохио, хүний хөдөлгөөн, зогсоол, цаг хугацааг янз бүрээр тооцоолох хэрэгтэй. Семуляци гэж үүнийг хэлээд байгаа юм. Өглөөд энэ гэрэл асвал яах вэ. Машинуудын зогсоолыг төлбөртэй болговол яах вэ, төлбөргүй болговол яах вэ гэж хэдэн сая вариантаар бодоод энэ вариант тохирох юм байна гэж гаргаж ирэх хэрэгтэй. Хүн, хиймэл оюун ухаан хоёрын ялгаа нь энэ. Хүн залхуураад хэдэн сая удаа бодохгүй. Бид чинь 4-5 хувьсагч дээр л бодож байна шүү дээ. Үүнээс илүү бодох гэхээр цаг хугацаа хомс, өөрсдөө ч залхуу болчихсон. Үүнийг эдийн засаг, төсөв, хүмүүсийн амьдрал ахуй, зан төлөв дээр ч хийж үз. Тиймээс богино хугацаанд буюу сарын дотор AI Bank байгуулаач ээ. Монголын болоод дэлхийн толгой математикчдыг цуглуулж, тодорхой хүмүүсийг урьж softwаre компаниудаа дайчлаад семуляци хийгээд гаргаад ирээч ээ. Ингэвэл маш тодорхой тоо харагдана. Энэ сард ингэ, дараа сард тэг, үүний дараа нь ингэ гээд. Өөрөөр хэлбэл, бид одоо уншсан уншаагүй, бодсон бодоогүй хүмүүсийн үгэнд орохоос илүү хиймэл оюун ухааныг ашиглаж сураач ээ. Энэ бол хамгийн том гарц. Энд улстөржиж мэтгэлцэх биш, ухаантай хүн хайх бус хиймэл оюун ухааныг бүтээх хэрэгтэй. Дундаж монгол хүн яавал бухимдал, стрессгүй амьдрахыг хиймэл оюун ухаан бидний өмнөөс бодоод гаргаад ирнэ. Бид хэддүгээр зуунд амьдарч байгаагаа ойлгох хэрэгтэй. Хүний оюун ухаанаас илүү итгэж болохуйц боломжийг бидэнд өгч байна. Үүнд итгэсэн хүмүүс бирж дээр ашиг олж, дэлхийн эдийн засгийг удирдаж байна. Харин итгээгүй нь хуучин туршлагаараа ч юмуу сэтгэлийн хөдөлгөөнөөрөө ажиллаж байгаа бүхэн унаж байна. Учир нь хиймэл оюун ухаан шиг маргааш ирэх давлагаа, өнгөрсөн хугацааг төсөөлөхгүй байна. УИХ-ын гишүүдийн дураараа ярьдаг үгэнд нь чирэгдэж байна. Популистуудыг даган баясахаас өөр аргагүй болж байна. Хиймэл оюун ухаан хүнд таалагдах гэж юм хийхгүй. УИХ-ын гишүүд, улстөрчид, яам, тамгын газрууд дандаа таалагдах гэж хийж байна. Өөрөөр хэлбэл, сайн хүний дүрд тавих гэж алхам хийгээд дандаа буруудаж байна. Жоохон ч гэсэн эр зориг гаргахгүй байна. “Төр төмөр нүүртэй” гэсэн үг яагаад гарсан бэ гэхээр айж ичихгүйгээр, ард түмнийхээ төлөө алхам хийдгийг хэлж байгаа юм. Өнөөдөр төрийн өндөрлөгт байгаа хүмүүс муу хэлүүлж болно. Ирээдүйд хийсэн нь үлдэх ёстой. Хэрвээ эрүүл оюун ухаан Монголд үлдсэн бол юу хийх вэ гэхээр AI вank байгуулж, тодорхой хэмжээний зардал хийж Монголын ирэх 5, 10 жилийн төсөв, мөнгөний бодлогын семуляцийг хийгээд гаргаад ирээч ээ.

Р.ХИШИГЖАРГАЛ

Үргэлжлэл бий