УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа “Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн талаар хэлэлцлээ. Тогтоолын төсөлтэй холбогдуулан МАН-ын бүлгээс "Ард түмний мөнгийг хэмнэсэн төсөв, мөнгөний бодлого", "Баялаг бүтээгчдээ дэмжсэн татварын бодлого", "Монгол хүнээ дээдэлсэн нийгмийн хамгааллын бодлого" гэсэн гурван чиглэлээр 14 ажил хэрэгч саналыг нэн даруй хэрэгжүүлэхийг эрх баригчдад санал болгож байгаа юм. Мөн энэхүү тогтоолын төслийг эдийн засгийн хямралыг даван туулах гэж нэрлэх саналтай байна.

МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт "Засгийн газраас явуулж байгаа бодлого буруу, Засгийн газар тодорхой бодлогогүй ажиллаж байгааг МАН-ын бүлгээс ярьж сануулсаар ирсэн боловч эрх баригчид бүх юм сайн сайхан байна гэж хэлсээр өнөөг хүрсэн. Эдийн засгийг хямралаас гаргахын тулд бид төрийн данхайсан бүтцийг багасгах, яамдын давхардсан орон тоог цөөлж өмнө нь байсан төвшинд хүргэх, хэмнэлтийн горимд шилжих саналыг эрх баригчдад тавьж байна" гэв. Үүнээс гадна дархан цаазтай болон тусгай хамгаалалттай газарт ашигт малтмалын олборлолт явуулахгүй гэдэгт Ардын намын бүлгийн гишүүд санал нэгдлээ.

Засгийн газрын бодлогогүй үйл ажиллагааны улмаас иргэн, аж ахуйн нэгж болгоны 100 төгрөг тутмын 30 нь үнэгүйдэж байгааг МАН-ын бүлгийн дарга хэллээ. Иймд эдийн засгийн хямралд хамгийн их өртөж байгаа иргэдийнхээ цалин хөлс, ахмадуудын тэтгэврийг нэмэгдүүлэх, хувийн хэвшлийг дэмжих, ажлын байрыг хадгалах бодлогыг энэ тогтоолын төсөлд тусгахыг МАН-ын бүлэг шаардаж байгаа юм. Өнгөрсөн жил ажилгүйдлийн даатгалын сангаас 100 мянган иргэн тэтгэмж авчээ. Өөрөөр хэлбэл, төдийчинээ иргэн ажилгүй болсон гэсэн үг юм. Ялангуяа төрийн дарамт, Засгийн газрын бодлогогүй үйл ажиллагаа аж ахуйн нэгжүүдийг хаалгаа барихад хүргэж байгааг ч тодотгов. Тиймээс  хувийн хэвшилдээ таатай татварын орчин бий болгох шаардлагатайг энэ үеэр мэдээллээ.

Түүнчлэн "Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай" УИХ-ын тогтоолын төслийн талаар ажлын хэсгийн гишүүн Л.Энх-Амгалан байр сууриа илэрхийлэв. Тэрээр "Засгийн газар энэ тогтоолын төслийг маш их цаг алдаж өргөн барьсан. 100 хоногийн дотор эдийн засгийг эрчимжүүлэх, сайжруулах, хямралаас гаргах бодитой ажил хэрэгч санал энэ тогтоолын төсөлд цөөхөн байна. Ард иргэдийн өмнө тулгамдаж байгаа асуудал, УИХ, Засгийн газраас хүсч хүлээж байгаа ажил тодорхой хэмжээгээр ороогүй байна гэж бид шүүмжлэлтэй хандаж байгаа. Тогтоолын төслийн хэлэлцүүлгийн үед МАН-ын бүлгээс 14 арга хэмжээг санал болгосон. Ард иргэдийн өмнө хүлээгдэж байгаа асуудлаар гурван санал гарч байна. Нэгдүгээрт, валютын ханшийн эрсдэлийг Монголын бүх аж ахуйн нэгж үүрч байгаа. Энэ асуудлыг УИХ яаралтай шийдэх хэрэгтэй. Хоёрдугаарт, гурван их наяд төгрөгийн өртөгтэй  хоёр жилийн турш хэрэгжсэн үнэ тогтворжуулах хөтөлбөр үр дүнгээ өгсөнгүй. Цаашдаа энэ хөтөлбөрийг зогсоох ёстой гэсэн байр суурьтай байгаа. Гуравдугаарт, өнгөрөгч долоо хоногт Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Үндэсний статистикийн хорооны өнгөрсөн оны ажлыг дүгнэж хэлэлцэхэд тус хорооны дарга манай улсын дийлэнх өрхийн орлого буурсан тухай мэдээлсэн. Сүүлийн жилүүдэд өрхийн орлого дунджаар 15 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байсан. Гэтэл 2013 онд өрхийн орлого дөнгөж дөрвөн хувиар нэмэгдсэн байна. Энэ нь айл өрхийн өмнө тулгамдаж байгаа асуудлыг статистик тоо баримтаар нотолсон гэсэн үг. Дөрөвдүгээрт, Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал Монгол Улсад төлбөрийн балансын хямрал буюу санхүүгийн хямрал нүүрлэж, эдийн засагт мөнгө дутагдаж байгааг албан ёсоор илэрхийлсэн. Иймд юуны өмнө эдийн засгийн хямрал юунаас үүсэв гэдэг оношоо зөв тавих ёстой, хоёрдугаарт, онош зөв тавигдаж байж хямралаас гарах арга хэмжээнүүдээ зөв төлөвлөх ёстой гэж үзэж байна" гэлээ.