Монгол эрдэмтдийн бүтээсэн эсрэг бие илрүүлэх оношлуурын туршилт амжилттай болж, оюуны өмчийн эрхээ авсан бол одоо хэрэглээнд нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Монголын эрдэмтэд шинэ төрлийн коронавирусээр халдварласан хүнд вирусний эсрэг биет үүсэж дархлаа тогтож буйг оношлох оношлуурыг зохион бүтээсэн юм.

“ЭЛИЗА” нэртэй энэхүү оношлуураар SARS-CoV-2 вирусний халдварыг хүний цус, сийвэнд илрүүлэх, вирусний тархалтыг судлах, хүн амын дундах дархлаа тогтолцоог хянах боломжтой болох юм. Энэхүү оношлуур гаргаж авах судалгааны ажлыг найман сарын хугацаанд хийжээ.

ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, академич Ц.Оюунсүрэн хэлэхдээ, “Энэхүү оношлуураар коронавирусний халдвар аваад эдгэсэн хүмүүст вирусийн эсрэг бие буюу дархлаа тогтсон эсэхийг үздэг юм. Хоёрдугаар шатанд хүн амын дунд дархлаа тогтож байна, оношлуур мэдрэг, өвөрмөц чанар сайтай байна гэдгийг тодорхойлсон. 

Оношлуур гаргахдаа эхлээд 16 сая төгрөгийн санхүүжилт авсан. Дараагийн шатанд БШУЯ-наас 180 сая төгрөгийн санхүүжилтийг гаргаж өгсөн. Одоо уг оношлуурыг Монгол Улсад хэрэглэж болно гэсэн зөвшөөрлийг баталгаажуулахаар ажиллаж байна” гэв.

БШУ-ны сайд Г.Цэдэвсүрэн, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал, ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл нар энэхүү оношлуур бүтээсэн эрдэмтдийн багийнхантай өнгөрсөн наймдугаар сард уулзах үеэрээ оношлуурыг цаашид эмнэлгийн практикт нэвтрүүлэхэд дэмжихээ илэрхийлсэн юм.

Ж.Болор

Эх сурвалж: Монцамэ агентлаг