-МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Намбарын Энхбаярын илтгэл-

ХХ зуун.

Энэ зуун нэг хоромд багтана. Олон сая хүний амь насыг авч явсан дайны нэг хоромд багтана. Энэ бол эмгэнэлийн хором. Гарз хохиролын нэг хором.

Эсхүл энэ зуун хүн төрөлхтний хөгжил дэвшлийн илэрхийлэл болсон Гагарин, Гүррагчаа нарын сансар огторгуйд хөөрөхдөө өнгөрөөсөн нэг хоромд багтана. Энэ бол хүний оюун ухаан ялсан баярын нэг хором. АНУ-ын сансрын нисэгч Луи Армстронг саран дээр бууж нэг алхаад: Энэ бол хүний хувьд нэг жижиг алхам, хүн төрөлхтний хувьд асар том үсрэлт гэж хэлсэн байдаг. Энэ бол их бахархалын нэг хором.

ХХ зуун бол нүд ирмэхийн зуур одож өнгөрсөн он жилүүд. Миний ээж 3 хоногийн өмнө 86 нас хүрлээ. Ээж бидэнд ингэж хэлсэн: Цаг хугацаа ямар хурдан өнгөрвөө. Дэлхий дахин, улс орон ямар хурдан хөгживөө. Хуучин арван жилд байсан бол одоо бараг жил бүр шахам шинэ сонин юм үзэж байна даа. Сайхан амьдарлаа даа ээж аав хоёр нь.

Би хариуд нь: Болоогүй ээ, ээжээ. Одоо бараг өдөр бүр шинэ сайхан юм үзнэ шүү бүгдээрээ гэж хэлсэн.

Эмгэнэл, баясгаланг аль алийг нь багтаасан нэг хором, нэг л мэдэхэд жирэлзэн өнгөрсөн жил, сарууд нийлээд нэг зуун. Бүтэн 100 жил.

ХХ зууны түүх бол хүн бүр, өрх бүрийн түүх, та бидний хамтын түүх мөн. Хүн төрөлхтний урт түүхийн түлхүүр ХХ зуун өөрөө мөн тул ХХ зууныг мэдвэл, ойлговол хүн төрөлхтний түүхийг мэднэ, ойлгоноо. Харин Монгол Улсын ХХ зууны түүхийн түлхүүр бол МАХН мөн.

 

МАХН-ын түүх бол ялалт ялагдлын түүх, алдаа онооны дэнс.

МАХН-ын түүх бол Их сургамж, МАХН-ын түүх бол Их үлгэрлэл мөн.

Та бид МАХН-ын түүхийг ярихдаа зөвхөн Монголоороо хязгаарлан ярьж сурчээ. Тэгвэл МАХН-ын үүссэн, туулсан түүх зөвхөн Монголоор хязгаарладахгүй. МАХН бол Монголд ч, дэлхийд ч данстай нам мөн.

Хятадын Синьхайн хувьсгал. Оросын Октябрийн хувьсгал. Монголын Ардын хувьсгал. Ар араасаа цуварсан хувьсгалуудын гал дундаас төрсөн нам мөн. Ингэж Монголын түүхийг дэлхийн түүх, хүн төрөлхтний алхаа гишгээтэй салшгүй холбосон нам юм.

ХХ зуун. Үндэсний эрх чөлөөний зуун. Шинэ цаг эхэлж шинэ боломж нээгдсэн зуун. Монголчууд Бүгд найрамдах Улсаа тунхаглан байгуулсан, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан цаг. Ингэснээр Монголд:

-төр засаг нь удам угсаа залгамжлахаа больж олон олон аавын хөвгүүд, ээжийн охид, эх орончид улс орноо удирдах үйл хэрэгт оролцох боломжтой болсон,

-нийгмийн харилцааг хааны зарлигаар биш харин олноороо хэлэлцэн баталсан хуулиар зохицуулдаг шинэ соёл нэвтэрсэн.

Энэ бол яахын аргагүй том ололт амжилт.

Нэг хүн шийддэг байсныг олонхиороо шийддэг болсон. Олонхийн засаглал тогтсон. ХХ зууны эхэнд хувьсгалт тэмцлийн шуурган дунд, цаг хугацаатай уралдаж байсан тэр ширүүн тэмцлийн үед олонхиороо шийдэж, шийдсэнээ цаг алдалгүй хэрэгжүүлж байсан нь улс орноо цоо шинээр эмхлэн зохион байгуулах, тусгаар тогтнолоо сэргээхэд ихээхэн тус дөхөм болсон нь яахын аргагүй үнэн.

Гэхдээ аливаа юм, үзэгдэл хоёр талтай байдаг. Нийгмийн харилцаа ээдрээтэй болох тусам дан ганц олонхиороо хүч түрэн шийдэх нь учир дутагдалтай болох нь тодорхой болж ирсэн. Нийгмийн хөгжилд цөөнхи олонхиосоо дутуугүй чухал үүргийг гүйцэтгэдэг болох нь ойлгогдож эхэлсэн. Харамсалтай нь хувьсгалчид нийгмийн харилцааны энэ өөрчлөлтийг сайн мэдрээгүй учир цөөнхийн эрх ашгийг орхигдуулж байсан. Олонхийн засаглал олонхийн түрэмгийлэл болж, эцэст нь олонхийн дарангуйлал болж хувирсан.

Нийгмийн харилцааг хуулиар зохицуулахын оронд түүнд олонхийн шийдвэрийг хүчээр тулгадаг болсон. Монголд хэлмэгдүүлэлтийн хар шуурга шуурсан. Олон сайхан эх орончид, эрдэмтэн мэргэд, лам хуврагууд, үндэстэн ястнууд хэлмэгдүүлэлтийн хар шуурганы хадууранд ширвүүлж амь насаа алдаж, Монгол Улс, Монголын ард түмэнд асар их гарз хохирол учирсан. Энэ бол яахын аргагүй том алдаа. МАХН хэлмэгдүүлэлтийн энэхүү хар шуургыг сөрөн зогсож, зогсоож чадаагүйнхээ төлөө ёс суртахууны уучлалыг ард түмнээсээ дахин гуйж байна. Хэлмэгдүүлэлт хэмээх энэ аймшигт үзэгдэл Монголд дахин давтагдахгүй байхын төлөө МАХН тууштай тэмцэж байгаа улс төрийн хүчин мөн. МАХН-д ард түмний эрх ашиг, түүний эрх, эрх чөлөөнөөс илүү үнэ цэнэтэй зүйл байхгүй ээ.

Ард түмний дэмжлэг албан тушаалаас илүү хүчтэй.

ХХ зуун бол тусгаар тогтнолын зуун. Монгол Улс тусгаар тогтнолоо бүрэн бүтнээр нь сэргээх олон арван жилийн тэмцлийг чухамхүү МАХН манлайлан толгойлсон юм. Энэ бол хувьсгалын шинжтэй, хувьсгалын дайтай тэмцэл байсан. Энэ бол өмнөх хувьсгалуудын үргэлжлэл байсан. Гэхдээ эцсийн эцэст Монгол Улсын тусгаар тогтнолын асуудлыг нийт Монголын баатарлаг ард түмэн санал нэгтэй шийдсэн юм. Монголын ард түмний бүрэн эрхийнхээ дагуу шийдсэнийг бүх дэлхий хүлээн зөвшөөрсөн.

 

Монголчууд эвтэй бол хүчтэй.

 

Тусгаар тогтнол араасаа хөгжин дэвших, хөгжил дэвшил араасаа хүн ард өндөр боловсрол эзэмших, эрүүл саруул байхыг шаардсан. Өндөр боловсрол эзэмшсэн, эрүүл саруул болсон хөдөлмөрч ард түмэн “Саарал шинелиэ тайлалгүй Дархан хотын барилга дээр” очиж их бүтээн байгуулалтын үйл хэргийг эхлүүлсэн.

Харин энэ бүх хүнд хэцүү, гэхдээ онц сонирхолтой замыг туулахад Монголчууд та бидэнд ЗХУ, Зөвлөлтийн ард түмэн, тодруулбал Оросын ард түмэн ахан дүүсийн туслалцаа дэмжлэгээ харамгүй үзүүлсэн. Энэ сайхан завшааныг тохиолдуулан хэлсэндээ хүрдэг Оросын ард түмэнд үерхэлдээ үнэнч нийт Монголын ард түмний нэрийн өмнөөс чин сэтгэлийн халуун талархал илэрхийлье. Хоёр улс орны хоёр ард түмний “дайны талбарт цусаар, хөдөлмөрийн талбарт хөлсөөр гагнагдсан найрамдал” үеийн үед үргэлжлэх ёстойг зориуд тэмдэглэн хэлье.

Энэ хугацаанд Монгол Улс нэгэнт дэлхийн хамтын нөхөрлөлийн нийгэмлэгийн гишүүн болж өөрийн байр суурийг эзэлсэн юм. Монголчууд та бид Европ, Азийн соёлыг эзэмшсэн хос морьтон үндэстэн болж чадсан. Тийм учир дэлхийд гарсан өөрчлөлт Монголд Улсад шууд нөлөөлж, Монголын уудам талд “Хонхны дуу” цуурайтаж, Монголын ард түмний “хүслийг түгээж, зоригийг бадрааж”, тун удалгүй “төр засгийн бүх эрх гагцхүү ард түмний мэдэлд байнга байна” гэсэн ардчилсан төр засгийн тогтолцооны гол зарчим Монголын хөрсөнд бууж Үндсэн хуулинд суусан юм.

МАХН шинэ тутам үүсэн байгуулагдсан улс төрийн намуудтай хамтран улс төр, нийгэм, эдийн засгийн өөрчлөлтийг зэрэг хийхээр зориг шулуудсан юм. Ийм замаар явсан туршлага хаана ч, хэнд ч байгаагүй тул Монголчууд өнгөрсөн 30 жилд амаргүй зам тууллаа. Хамгийн гол нь учирсан саад бэрхшээлийг ард түмний авьяас чадвар, оюун ухаан, хөдөлмөрч хичээнгүй зан чанарын ачаар давж туулсаар ирлээ. Хүний эрх, эрх чөлөө, хувийн өмчийн тухай ойлголт гүнзгийрсэн нь яахын аргагүй сайн ололт мөн. Гэхдээ нийгэмд баян хоосны ялгаа гарч, ядуурал, ажилгүйдэл нэмэгдэж, иргэдийн орлого буурч өрх гэрийн амьдрал бүрэн бүтэн шинж чанараа алдсан байна. Төр засгийн байгууллага, албан тушаалтнуудын дунд хээл хахууль, хариуцлагагүй явдал газар авсан учир төр засгийн байгууллага, албан тушаалтнуудын үйл ажиллагааны бүрэн бүтэн шинж чанар алдагдсан байна. Энэ бүхэн нийгэмд шударга ёсыг алдагдуулж, эе эвийг эвдэгдүүлж, хагарал бутралыг өдөөж байна.

Монголд Үндсэн хуулийг зөрчсөн, улс орон, ард түмний эрх ашгийг хөсөр хаясан, цөөн хүний ашиг сонирхолд үйлчилсэн, Монголын ард түмний баялагийг ирээдүйтэй нь хамт хулгайлсан, хууль, шүүхийг шударга бусын хонгил болгосон МАНАН хэмээх аймшигт үзэгдэл бий болж түмэн олны жигшил дургүйцэлийг хүргэсэн билээ. МАХН МАНАН хэмээх аймшигт үзэгдэлтэй тэмцэх тэмцлийг манлайлж ирсэн. Бид МАНАН хэмээх үзэгдэл Монголд дахин бий болохгүйн төлөө тууштай тэмцэх болно гэдгийг ард түмэндээ андгайлж байна.

Гэхдээ энэ бол нэг нам, нэг хэсэг хүмүүсийн шударга тэмцэл гэж ойлгож болохгүй. Улс төрийн бусад нам, ухамсарт иргэд бүгдээрээ хүчээ нэгтгэн энэ ариун тэмцлийг хамт хийх ёстой.

Одоо та бид бүгдээрээ:

Шударга бол эвтэй,

Эвтэй бол хүчтэй гэж нэгэн дуугаар хэлэх цаг иржээ.

Монгол хүний амьдрал, Монгол өрх гэрийн амьдралыг бүрэн бүтэн, Монгол төр засгийн үйл ажиллагааг бүрэн бүтэн, Монгол Улсын нийгмийн харилцааг бүрэн бүтэн болгох шаардлага тулгарч байна.

Одоогоос 100 жилийн өмнө Монголын хүн ам хагас сая хүрэхтэй үгүй тэй байсан. Харин одоо 3 сая гаруй болж өсөж үржсэн байна. Энэ бол яах аргагүй том ололт амжилт мөн. Гэхдээ өнөөдөр цаг үе өөр болж, хүмүүсийн үзсэн харсан, хүсэж шаардаж буй нь өөрчлөгдсөн байна. Монголчууд Монгол Улс зуун жилийн өмнө тийм байснаа өнөөдөр ийм болсон байна гэж ярихыг бараг сонирхохоо больжээ. Монголын ард түмний оюуны мэлмий нээгдсэн учир дэлхий яаж хөгжиж байна тэрнээс дутуугүй хөгжих, хэн сайхан амьдарч байна, тэрнээс дутуугүй сайхан амьдрахыг хүсч байна.

Өнөөдөр Монголчууд өөрсдийгөө, өөрсдийн амьдралыг дэлхийтэй жишихийг хүсч байна. Тэд тэгэж жиших бүрэн эрхтэй.

Монголчуудын амьдралыг дэлхийн жишигт хүргэхийн төлөө зүтгэхийг төр засгаас хүсч байна. Тэд тэгэж хүсэх эрхтэй.

Ард түмэн цөөн хүнд ашигтай өнөөгийн төр засгийн тогтолцоог өөрчлөн шинэчлэхийг шаардаж байна. Тэд тэгэж шаардах эрхтэй.

“Төр засгийн бүрэн эрх гагцхүү ард түмний мэдэлд байнга байна” гэсэн ардчилалын алтан зарчим бодит амьдралд хэрэгжиж баймааж сая Монголын ард түмэн хувь заяандаа, улс орондоо жинхэнэ эзэн болно.

Энэхүү гол зарчим хэрэгжихийн тулд өнөөгийн тогтолцоог шинэчлэх зайлшгүй шаардлага тулгарч байна.

МАХН “Төр засгийн бүрэн эрх гагцхүү ард түмний мэдэлд байнга байна” гэсэн суурь зарчимд суурилсан шинэ тогтолцоо дараахи асуудлуудыг шийдвэрлэх ёстой хэмээн үзэж байна. Үүнд:

1. Байгалийн баялаг нийт ард түмний дундын хамтын баялаг мөн.

2. Ард түмэн төр засгийн бүрэн эрхийг хэрэгжүүлэгч байгууллагууд, албан тушаалтнуудыг бүгдийг нь шууд сонгон байгуулах эрхтэй. Тухайлбал:

i. Гишүүд нь шууд сонгогдох хоёр танхимтай парламент буюу хууль тогтоох байгууллага,

ii. Ерөнхийлөгч шууд сонгогдон тэргүүлэх Засгийн газар буюу гүйцэтгэх байгууллага,

iii. Шүүгчид нь шууд сонгогдох шүүх байгууллага.

Ингэснээр ард түмний сонгон эмхлэн байгуулсан Парламент, Засгийн газар, Шүүх тус тусдаа бие даасан үйл ажиллагаа явуулж, зөвхөн шударга ёсонд захирагдан ард түмний эрх ашигт үйлчлэх хариуцлагын тогтолцоо бодитойгоор бүрдэнэ.

3. Монгол Улсын ирэний эрх, эрх чөлөөг хамгаалах, баталгаатай хангах нь төр засгийн аль ч байгууллага, албан тушаалтны тэргүүн зэргийн үүрэг болох ёстой хэмээн үзэж, Хүний эрхийн байгууллагын албан тушаалтнуудыг ард түмэн шууд сонгож, тэднийг аливаа байгууллага, албан тушаалтнаас хараат биш болгож, бие даан үйл ажиллагаа явуулан Монгол Улсын иргэний эрх зөрчигдөж байгаа эсэхийг шууд шалган илрүүлэх, алдаа завхралыг цаг хугацаа алдалгүй засах нөхцлийг бүрдүүлнэ.

Монгол Улсын иргэн бол Монголын гол баялаг мөн гэсэн зарчмыг шинэ тогтолцоог нэвтрүүлэх шинэ Үндсэн хуулинд суулгах зорилгыг дэвшүүлж байна. Ингэх цаг нь болсон.

4. Анх 1924 онд Анхдугаар Үндсэн хуулинд тусган даян дэлхийд зарлан тунхагласан “Бүгд Найрамдах Улс” гэсэн тодорхойлтыг өнөөгийн дэлхийн хамгийн хөгжилтэй улс орны гол гол шинж тэмдгийг цогцоор нь багтаан илэрхийлсэн “Нийгмийн чиг баримжаатай Бүгд найрамдах улс” гэсэн томъёоллоор тодотгон баяжуулж шинэ Үндсэн хуулинд суулган Монгол Улсын иргэн нэг ч хүнийг орхигдуулалгүй улс орны хөгжлийн үйл явцад идэвхтэй оролцуулах, нийгмийн баялгийг бүтээх, баялгаас хүртэх ижил тэгш боломж нөхцлөөр хангана.

5. 1945 онд Монголын ард түмэн Монгол Улсыг “тусгаар тогтносон улс орон мөн” хэмээн санал нэгтэй тунхагласны дагуу Монгол Улсыг дэлхийн хөгжилтэй орнуудын төвшинд богино хугацаанд хүргэх шинэ тогтолцоог томъёолон тогтоосон шинэ Үндсэн хуулийг гагцхүү ард нийтийн санал асуулгаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх нь шударга ёсонд нийцнэ хэмээн үзэж байна.

Энэ их үйл хэргийг бүтээхийн тулд хүн бүр, хамт олон, байгууллага бүр явцуу эрх ашгаа орхиж, нийтийн сайн сайхны төлөө хүчээ нэгтгэн тууштай зүтгэх хэрэгтэй байна.

Сүүлийн үед МАХН 100 жилийн ойгоо тэмдэглэхдээ өнгөрснөө судлан сургамж авч, өнөөдрөө дүгнэн цэгнэж, ирээдүйгээ тодорхойлон томъёолж байгаа энэ хариуцлагатай цаг мөчид угшил нэгтэй МАН-тай үйл ажиллагаагаа уялдуулан нэгтгэхийн тухай санал санаачилга нийгэмд гарч, олон түмний хэлэлцүүлэг өрнөж байгааг анхааралтай ажиглаж байна.

Энэ сайхан завшааныг тохиолдуулан МАН-ын нийт гишүүд дэмжигчдэд МАН-ын 100 жилийн ойн халуун баяр хүргэж, цаашдын үйл хэргээ Монголын ард түмний сайн сайхны төлөө идэвхтэй явуулж, амжилтанд хүрэхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлж байна.

Тэртээ 1921 онд Монгол Улсын тусгаар тогтнол, хөгжил дэвшил, нийт монголын ард түмний сайн сайхан амьдралыг цогцлоон байгуулахын төлөө анх үүсэхдээ МАН, МАХН гэсэн хоёр нэрийг хоёуланг нь хэрэглэж байхаар тогтсон шийдэл нь зөв жишиг тогтоосон мэргэн шийдвэр байсныг цаг хугацаа нотлон харуулж байна.

Тийм ээ, энэ бол МАХН-ын ч, МАН-ын ч, өргөн утгаар нь авч үзвэл өнөөдөр үүсэн байгуулагдаад үйл ажиллагаа явуулж байгаа улс төрийн бүх намын 100 жилийн ойн баяр мөн.

МАХН, МАН-ын гишүүд, дэмжигчид хоёр намын түүхэн 100 жилийн ойг тохиолдулан, хамгийн гол нь Монгол Улс, Монголын ард түмний өмнө тулгамдсан томоохон асуудлуудыг цогцоор нь амжилттай шийдвэрлэхийн тулд хоёр намын үйл ажиллагааг ойртуулан нэгтгэх, ингэснээр Монгол Улсыг дэлхийн хөгжилтэй орнуудын тоонд оруулах томоохон зорилгыг богино хугацаанд хэрэгжүүлэх хүндхэн ачааг нэр төртэй үүрэх чадвартай томоохон, бүтэн нам болох саналыг өөрсдийн санаачилгаар гарган давалгаалуулвал хоёр намын удирдлага намын гишүүд, дэмжигчдийнхээ саналд тулгуурлан шийдвэрлэх нь ардчилсан зарчимд бүрэн нийцнэ хэмээн үзэж байгаагаа илэрхийлье.

 

Миний ээж: 

 

-Цаг хугацаа ямар хурдан өнгөрвөө. Дэлхий дахин, улс орон ямар хурдан хөгживөө. Хуучин арван жилд байсан бол одоо бараг жил бүр шахам шинэ сонин юм үзэж байна даа. Сайхан амьдарлаа даа ээж аав хоёр нь. гэж хэлснийг дахин санаад би та бүхэнтэйгээ хамт ачит буурал ээж, аавууддаа, нийт Монголчууддаа хандан дараахи үгийг хэлж байна:

-Болоогүй ээ, Монголчуудаа. Одоо бараг өдөр бүр шинэ сайхан юм үзнэ шүү бүгдээрээ. Бүгдээрээ сайхан амьдарнаа.

Та бид хүчээ нэгтгэвэл чадна. Та бид том зорилго дэвшүүлэхээсээ айхгүй бол, дэвшүүлсэн зорилгодоо хүрэхийн тулд хэлснээрээ хариуцлагатай байж чадвал, шударга ёсны дагуу нэг ч иргэнээ орхилгүй хөгжлийн үйл явцад оролцуулвал Монгол өрх бүр

“Та бидний төрсөн нутаг,

Монголын сайхан орон”-доо

Аз жаргалтай, амар амгалан амьдрах болно.

Ингэж амьдрах бүх боломж та бидэнд бий. Байгалийн баялаг байна. Өвөг дээдсийн маань цусаараа, хөлсөөрөө бичиж үлдээсэн агуу түүх, түүхийн их сургамж байна. Хамгийн гол нь боловсролтой, эрүүл саруул хөдөлмөрч Мон­голын ард түмэн байна. 

 

Монголчууд шударга бол эвтэй, Эвтэй бол хүчтэй.

 

Н.Энхбаяр