Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар Нийслэлийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Замын цагдаагийн газраас мэдээлэл өглөө.
            Нийслэлийн Онцгой байдлын газар гамшиг ослын 110 удаагийн  дуудлага хүлээн авснаас объектын гал түймрийн 98 дуудлага, техникийн болон ахуйн холбогдолтой ослын 12  дуудлага байна.  Зам тээврийн болон ахуйн осолд өртсөн 13 хүнд  эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн, болзошгүй гамшгийн аюулаас 8 хүний амь бие авран хамгаалжээ. Сүүлийн өдрүүдэд цаг агаарын дулааралт, баяр амралтын өдрүүдтэй холбогдуулан Улаанбаатар хот орчмын голын эрэг дагуу үер, усны ослын аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэх самбарын бүрэн бүтэн байдалд үзлэг шалгалт хийж, 36 самбарыг сэргээн засварлан, 23 самбарыг шинээр байрлуулж, нийслэлийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газруудаас Баянзүрх дүүргийн  Амгалан, Гачуурт, товчооны чиглэлд голын эрэг дагуу автомашин болон завьтай эргүүл хийж, амарч байгаа болон амралтын газраар үйлчлүүлж байгаа иргэдэд усны ослоос урьдчилан сэргийлэх талаар нийт 4300 иргэнд сэрэмжлүүлэг санамж тараасан байна.  Голын усанд живж урсах тохиолдол гарч байгаа тул иргэдийг голд орохдоо болгоомжтой байхыг Нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулсан.
             Харин Нийслэлийн Цагдаагийн газар иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 22333 мэдээ, мэдээлэл хүлээн авсныг өмнөх 14 хоногтой харьцуулахад 343 нэгж буюу 1.5 хувиар буурч, 713 гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл бүртгэгдсэн нь 72 нэгж буюу 11.2 хувиар  өссөн байна. Эдгээр өдрүүдэд амиа хорлох, золгүй явдлын улмаас 84 хүний амь нас хохирчээ. Шалтгаан нөхцөлийг авч үзвэл 46 буюу 54.7 хувь нь өвчний улмаас, 11 буюу 13.1 хувь нь боомилж, 2 хүн осгож, шатаж,  архинд хордож, карерийн тогтоол усанд живж, явганаас унаж, машинаас унаж, 21 буюу 25.0 хувь нь ил харагдах шарх сорвигүй нас барсан байна.
               Замын цагдаагийн газрын Шуурхай удирдлага зохицуулалтын хэлтэст  зам тээврийн ослын нийт 357 дуудлага  бүртгэгджээ. Үүнээс хүн гэмтсэн хэргийн  шинжтэй 192, осол, зөрчлийн шинжтэй 165 дуудлаганд очиж хойшлуулшгүй ажиллагаа явуулсан байна. Зам тээврийн 3 хэргийн улмаас 6 хүний амь нас хохирчээ. Тодруулбал БЗД Хонхорын замд 2014.05.19-ны өдрийн 16 цагийн орчим 3 автомашин мөргөлдөж 2 хүн,  2014.05.24-ны өдрийн 19 цагийн орчим 2 автомашин мөргөлдөж 3 хүний амь нас хохирсон ноцтой зам тээврийн хэрэг гарсан. Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд хүүхэд өртсөн осол 56  бүртгэгдсэн байгааг урьд оны мөн үеийн үзүүлэлттэй харьцуулахад  26.3 хувиар буурсан боловч Хонхорын замд болсон ослын улмаас 2 хүүхэд амь насаа алдсан байна. Тиймээс согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин жолоодохгүй байх, хүүхдийг зориулалтын суудалд суулгаж зорчуулах, хамгаалалтын бүс хэрэглэж байхыг холбогдох албаныхан анхааруулж байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.