СБД-ийн НАМЭХ-ны дарга М.Алимаатай ярилцлаа. Тэрээр дүүргийнхээ эмэгтэйчүүдийн ахуй амьдрал, ажил үйлсийнх хэмнэлийг бүсгүй хүний торгон мэдрэмжээр мэдэрч ажиллахыг чинхүү эрмэлздэг нэгэн.

Хэзээ ч хиймэл дүр эсгэж чаддаггүй байгаагаараа байдаг нь түүний төрмөл чанар. Энэ үүднээс эмэгтэй хүнд байгаль эхээс өгсөн даван туулах, дасан зохицох шантрашгүй эрч хүч, хатуужил тэвчээрийг тэрээр ажил амьдралдаа бүрэн дүүрэн гаргаж яваа гэдэгт нэгээхэн ч эргэлздэггүй.

-Бүсгүй хүн ажил амьдралдаа ахиц дэвшил гаргахад ямар хүчин зүйл нөлөөлдөг гэж та боддог вэ?

-Энэ бүхэнд тухайн хүний суурь хүмүүжил, амьдралын хэвшил, зуршил өөрийн бүтээлч санаачлагатай давуу чанарууд маш их нөлөөлнө. Тийм учраас хүн алхам тутамдаа зөв явж сайн сайхан зүйлийг бодож хүсч мөрөөдөж явах хэрэгтэй. Тэгж байж л ажил үйлс бүтэмжтэй, урагштай, аз жаргалтай, баяр баяслаар дүүрэн бусдад эрч хүч энерги түгээж явдаг гэж боддог.

- Та шат шатандаа олон шилдэг эмэгтэйчүүдтэй ажиллаж ирсэн. Одоо ч дүүргийнхээ эмэгтэйчүүдийн сайн сайхны төлөө алсыг харсан багагүй ажил хийж байгаа?

-Эмэгтэйчүүдийн байгууллагын хувьд ээж хүн, эх хүн, охин үр гэдэг утгаар хувь хүний төлөвшил, нийгэмшлийн тал дээр намын бодлогоос илүү ажилладаг. Хамгийн гол нь эмэгтэйчүүд маань аз жаргалтай байгаасай, нүдэнд нь хайр гэрэлтэж байгаасай, царайд нь үргэлж инээмсэглэл тодорч байгаасай гэж хүсдэг. Тийм учраас энэ бүгдийг сайн сайхан байлгаж цогцлоохын төлөө өөрсдөө болоод үр хүүхдээ эхнээс нь зөв алхмаар хөгжүүлж хүмүүжүүлэх ёстой. Нэг үгээр хэлбэл ажлаараа дамжуулж, аль болох хүмүүсийг зөв талаас нь харж, буруу зөвийг ойлгуулан таниулж өгөх нь санаж бодсон ажил үйлс маань бүтэн биелэхэд тус нэмэр болдог байх аа гэж боддог.

-Бодвол ирэх оныхоо зорилго зорилтыг тодорхойлсон байх гэж бодож байна?

-Манайх Сүхбаатар дүүрэг учраас жанжин Сүхбаатараараа бахархдаг. Тиймээс энэ эрхэм хүнийхээ төрсөн өдрөөр манай эмэгтэйчүүдийн холбоо, бусад төрийн бус болон намын байгууллагуудтайгаа хамтарч олон нийтэд хүртээмжтэй ажил зохион байгуулна. Дараа нь Мартын 8, Цэргийн баяраар эрчүүд, эмэгтэйчүүддээ хандсан хүртээмжтэй өгөөжтэй тэдэнд нэгийг бодогдуулсан ажил хийхээр төлөвлөсөн байгаа. Гуравдугаарт дүүргийнхээ эмэгтэйчүүдэд эхлээд өөрийгөө өөрчил, дараа нь хань ижил, үр хүүхдээ өөрчил дараа нь улс орноо хөгжүүл гэдэг талаар МУИС-ийн профессор Одгэрэл, доктор Дэлгэрмаа багшаараа лекц уншуулна. Эндээс эмэгтэйчүүд маань нэлээд зүйлийг ойлгох байх аа гэж бодож байна. Юуны түрүүнд хүмүүсээ гэгээлэг байя, оюунлиг байя тухайлбал биднийг төлөөлсөн хүн улс төрд гараад юу хийж чадах вэ,биднийг аль хэр удирдаж аль тал руу чиглүүлж авч явах вэ, ажилтай орлоготой,идэх хоол, өмсөх зүйлтэй, аз жаргалтай сайхан амьдрахад минь хэр хувь нэмрээ оруулахав гэж оюун ухаанд нь гэгээлэг зүйлийг тусгаж өгнө гэж бодож байгаа.

-Мэдлэг боловсролоо дээшлүүлэх, нийгэм олон нийт рүү чиглэсэн ажил гээд танд амжуулах ажил их байдаг бололтой. Энэ бүхнийгээ хэрхэн зохицуулж байна вэ?

-Хүн хичнээн их зүйлийг амжуулах тусмаа хүртээмжтэй, цагийн менежментээ зөв зохицуулж сурдаг. Тэгээд ч хүн насан туршдаа сурч байдаг учраас өөрийгөө голохгүй боломж л байвал сурч байх хэрэгтэй. Түүнийхээ хажуугаар ар гэр амьдралаа авч явахын тулд хөдөлмөрлөж гэрийнхээ эзэгтэйн үүргээ гүйцэтгэнэ. Дээр нь олон нийтийн дунд явуулах ажил гээд завгүй байх тусмаа их зүйлийг амжуулдаг юм шиг санагддаг. Энэ утгаар хэн завгүй ажиллаж байна тэр хүнд амжилт ирдэг учиртай.

-Таны ажлын нэг өдөр хэрхэн үргэлжилдэг вэ?

-Өглөө 6,30 минутанд босоод цайгаа уугаад өглөөний гимнастикаа хийнэ. Миний хувьд эрүүл зөв хооллож хөдөлгөөнтэй байхыг хүсдэг. 7,30-д гэрээсээ гараад хичээлтэй бол 8 цагт хичээлдээ орж хичээлгүй үедээ ажил дээрээ ирдэг. Урд орой нь маргаашийн ажлаа төлөвлөөд биелэлтийг ньт тооцдог. Тийм учраас миний өдрийн ачааллыг тэмдэглэлийн дэвтэр маань заагаад чиглүүлээд өгчихдөг юм. Тэгээд л ажлаасаа ирээд ээж хүнийхээ үүргийг гүйцэтгэнэ, мэдээ үзээд ном уншдаг. Өдрийн ажил хичээл, хурал зөвлөгөөн олон нийтийн ажил, эмэгтэйчүүдтэй уулзах энэ бүгд ажлуудаа урд өдөр нь төлөвлөж ажлаа явуулдаг даа. Жилийн жилд том дэвтэр нээгээд эхний хуудсанд тухайн жилийнхээ мөрөөдөл зорилтыг бичдэг. Дараагийн нүүрэн дээр алдаж бодохгүй хатуу дүрмүүдээ бичдэг. Ихэвчлэн жилдээ нэг дэвтэр дуусгадаг боловч энэ жил олон цаг хичээлтэй байсан болохоор дэвтэр маань хараахан дуусаагүй. /гээд инээв/

-Та дандаа л хүн тусалж яваа харагддаг. Энэ өгөөмөр сэтгэлээрээ олон ч хүнийг баярлуулж явсан байх

-Надад ямар боломж байна, түүгээрээ хүнд туслахыг боддог. Хүний тус багаддаггүй. Ах дүүсийнхээ хүүхдийг ажил төрөлтэй болгох бусад зүйлээр туслах гээд багагүй асуудал байдаг .Гэлээ гээд тэднээс хариу нэхдэггүй, аль болох сэтгэл дотроо сайн сайхан зүйлийг мөрөөдөж гэгээлэг явахыг хүсдэг. Эргэн тойрондоо уур бухимдал гаргаж, энергийг нь бохирдуулахыг ч хүсдэггүй. Магадгүй энэ нь аав ээж маань эвтэй найртай амьдарч, хүүхэд наснаасаа л халуун дулаан хайр харилцаанд өссөнтэй холбоотой байх. Аав маань оюунлиг зөөлөн эмч хүн байлаа. Хүүхдэд маш хайртай, бараг аавдаа зэмлүүлж үзээгүй өссөн болохоор энэ нь бидний бусадтай эвтэй байх харилцаанд нөлөөлсөн байх аа. Аль болохоор хүмүүсийн сайн гэрэл гэгээтэй талыг олж харж, өөрөө өөртөө бараан энерги хураах нь зохимжгүй гэж үздэг.

-Хүний амьдралд олон зүйл ард хоцорч, төдий чинээ зүйл хүлээж байдаг шүү дээ?

-Би хэнд ч муу зүйл хийгээгүй болохоор надад ямар нэг зүйл ирэхгүй гэдэгт итгэлтэй байдаг. Хүмүүс ирээдүйдээ том жижиг янз бүрийн зүйл төлөвлөдөг л дөө. Харин миний хувьд дүүргийнхээ ажилгүй эмэгтэйчүүд, хүүхдээ хараад сууж байгаа эмэгтэйчүүд, сургууль соёл эзэмшиж чадаагүй хүмүүсээ бага ч атугай гэгээрүүлчих юмсан гэдэг үүднээс энэ хүрээнд чиглэсэн ажлуудыг түлхүү хийх юмсан гэж боддог. Ер нь манай эмэгтэйчүүд маш хүчирхэг мундаг хүмүүс шүү дээ.

-Хүний хүсэл мөрөөдөл их хязгааргүй. Таны хувьд мөрөөдлийнхөө альхан хэсгийг биелүүлсэн гэж боддог вэ?

-Хүмүүс мөрөөдлөө биелэх тусам улам л их зүйл рүү тэмүүлдэг шүү дээ. Түүн шиг би цаашид илүү сурч боловсорч, ихийг хийж бүтээх ёстой би хэмжээндээ хүрээгүй байна гэж чамлаж илүү ихийг хийхийн төлөө хичээж зүтгэж явна даа.

-Таны стиль имиж?

-Эмэгтэй хүний хувьд эмэгтэйлэг байх ёстой. Бас энэрэнгүй өрөвч сэтгэлтэй, ёс зүйтэй буруу муу зуршилгүй байх хэрэгтэй.Хойч үе, охид бүсгүйчүүддээ хандаж эмэгтэй хүн уян зөөлөн, хаа ч өөрийгөө зөв авч явж өөрийгөө болон өрөөлийг хүндэтгэж байх л хамгийн чухал. Өөрөөр хэлбэл эмэгтэй хүн үргэлж сайхан л байх хэрэгтэй.

-Хамгийн сайхан бахархмаар зүйлсийн тухайд?

-Хүн эцэг эхээ хүндэлж явах хэрэгтэй. Тиймээс төрүүлж өсгөж өдий зэрэгтэй амьдралаа авя явах боломж олгосон ээж аавдаа баярлаж явдаг.

-Хамгийн дургүй зүйл гэвэл?

-Шударга бус бялдуучлах, долигносон байдалд үнэхээр дургүй. Түүний оронд ямарч чимэггүй өөрийнхөөрөө байх дуртай.

- Монгол залуусын орон. Та залуустаа хандаж юу хэлэх вэ?

-Залуучууд маань хичээнгүй тэвчээртэй сурна гэдэг хэсэгхэн хугацааны асуудал, харин боловсрол мэдлэггүй явна гэдэг насан туршийн зовлон шүү дээ энэ бүхнийг ухаарч ойлгоосой гэж хэлэх байна даа.

Д.Нэргүй