Энэ оны эхний долоон сарын байдлаарх  манай улсын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа. Түүнээс харвал, улсын хэмжээнд гэмт хэргийн гаралт өмнөх оныхоос 6.5 хувиар өсчээ.

Тодруулж хэлвэл түрүү жилийн мөн үеийнхээс 377 хэргээр нэмэгдсэн гэсэн үг. Эдгээр гэмт хэргийн улмаас 2076 хүн гэмтсэн бол 306 хүн нас барсан үзүүлэлт гарчээ. Нас баралтын хувьд өмнөх оныхоос 13.6 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Гэмт хэргийн өсөлт зөвхөн энэ жил өссөн үзүүлэлт биш. Ерөнхийдөө сүүлийн жилд гэмт хэргийн гаралт өссөөр байгаа билээ.

Гэмт хэргийн дийлэнх хувийг хулгайн гэмт хэрэг эзэлдэг бол согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэснээр бусдын амийг хохироох, өвөлдөө бол хөлдөж амиа алдах нь элбэг байдаг аж.

Харин таатай мэдээ нь ажилгүй иргэдийн тоо өмнөх оны мөн үеийнхээс 14.9 мянган хүнээр буюу 29.7 хувиар буурчээ. Сүүлийн жилүүдэд ажилгүй иргэдийн тоо өсөх хандлагатай байсан бол энэ жил ийнхүү буурч байгаа нь сайшаалтай юм. Ажилгүйдэл нийслэлийн  хэмжээнд төдийгүй хөдөө орон нутагт тулгамдсан асуудал мөн боловч  сүүлийн үед иргэдийг ажлын байраар хангах тал дээр холбогдох байгууллагууд идэвхтэй ажиллаж, тодорхой үр дүнд хүрч байгаа билээ. Жил бүр хэдэн зуугаар биш мянган мянгаар төгсч буй шинэ төгсөгчид ажилгүй иргэдийн цөөнгүй хувийг бүрдүүлж байна. Хамгийн гол нь хэрэгцээт мэргэжлээр биш ихэнх нь хуульч, нягтлан, эдийн засагч гэх мэт мэргэжлээр төгсч байгаа нь үүнд нөлөөлж байна хэмээн албаны хүмүүс хэлж байна.

Харин иргэдийг ажлын байраар хангахын тул Нийслэлийн хөдөлмөрийн газраас “Хөдөлмөр эрхлэлтийн сургалтын хөтөлбөр”-ийг зохион байгуулсаны үр дүнд  эхний хагас жилийн байдлаар 722 иргэн ажлын байраар хангагдсан байдаг.

Үндэсний статистикийн хорооноос танилцуулсан дараагийн чухал мэдээлэл нь аюулт үзэгдэл, ослын тохиолдол өмнөх оны мөн үеийнхээс 323-аар нэмэгдсэн гэх мэдээлэл юм. Мөн хорогдсон,  устгасан мал, тэжээвэр амьтдын тоо  өмнөх оны мөн үеийнхээс 227.0 мян.толгойгоор их байгаа юм. Энэ нь малын шүлхий өвчин гарсантай холбоотой хэмээн үзжээ. Зөвхөн шүлхий гэлтгүй малын олон өвчин гарч цөөнгүй малаа алдсан хэмээн малчид онцолжээ. Түүнчлэн малын өвчин нэгээс нөгөөд халдахдаа хурдан байдаг  гэнэ.  

Харин нийгмийн салбарын хувьд төрөлт нэмэгдэж, төрсөн хүүхдүүд эсэн мэнд бойжиж байгаа сайн мэдээ ч байна. Сүүлийн жилд залуу гэр бүлүүд гэр бүл төлөвлөлтийн тал дээр нухацтай хандаж, аль болох олон хүүхэдтэй байхыг чухалчлах болсон. Ийнхүү хүн амын өсөлт ч жилээс жилд нэмэгдэж байгаа сайхан мэдээ байгаа юм.

Б.Хорлоо