Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Б.Гал-Эрдэнэ, Б.Батболд нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.Гал-Эрдэнэ болон түүний өмгөөлөгч С.Пүрэвдорж нарын гаргасан гомдлын дагуу 2017 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр хянан хэлэлцлээ.

Б.Гал-Эрдэнэ нь мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар олж авсан, хадгалсан, борлуулсан гэмт хэргийг давтан үйлдсэн, Б.Батболд нь мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авч хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.Гал-Эрдэнэд Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 192.3.4 дэх хэсэгт зааснаар чанга дэглэмтэй хорих ангид 10 жил 1 сар хорих, Б.Батболдод Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 3 сар 10 хоног баривчлах ял тус тус оногдуулсныг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн юм.  

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаас анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Гал-Эрдэнэ болон түүний өмгөөлөгч С.Пүрэвдорж нарын гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.