2017 оны 2-р сарын 13-ны өдөр Завханаас-Улаанбаатар хот явах замд хот хоорондын тээвэрт явдаг автобус осолдсон байна. Ослын улмаас жолооч нь газар дээрээ нас барсан бөгөөд өөр хүн гэмтэж бэртээгүй аж.

Тодруулбал, Завханаас ирж байсан автобус Солонготын давааны орчим хөдөлгүүр нь ажиллахгүй зогссон байна.Тиймээс тээвэрлэж байсан  15 зорчигчоо өөр автобусанд шилжүүлэн суулгажээ. Улмаар уг автобусны жолооч, туслах жолоочтойгоо автобусаа  засахаар үлдсэн ба уг автобусны тормоз ажиллахгүй болж өндөр газраас уруудахдаа хэд хэд өнхөрч жолооч нь нас баржээ.  

Энэ талаар Замын цагдаагийн албанаас тодруулахад:  “2017.02.13-ны өдрийн  22:00 цагийн орчим Архангай аймгийн Цахир сумын нутаг Солонготын даваа гэх газрын шороон замд Kia Granbird маркийн автобус онхолдож, жолооч 53 настай, эрэгтэй Б-н амь нас хохирсон. Тухай үед автобус нь 15 зорчигчтой явж байсан бөгөөд Солонготын даваан дээр автобус нь халаад явахгүй байсан учраас зорчигч нарыг буулган өөр автобусанд шилжүүлэн суулгасан. Ингээд туслах жолоочийн хамт автобусаа асаах гэж уруу газар өнхрүүлснээс болж онхолдсон хэрэг гарсан” гэв.

Уг автобусанд тээвэрлэж байсан иргэдийн ачааг одоо хүртэл өгөөгүй байна. Түүгээр ч барахгүй осол болсон талаар зорчигчдоос нууцалсаар байгааг зорчигчдоос бидэнд мэдээлсэн. Харин Авто тээврийн үндэсний төвөөс: Хэргийн газарт Замын цагдаагийн алба болон Автотээврийн үндэсний төв хамтран ажилласан. Зорчигчдоос нуусан байхгүй. Ачааг хүлээлгэж өгсөн. Ослын газарт хийсэн шалгалтын дүн эцэслэж гараагүй." гэв

Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.