Халхын хавтгайд зартай атамануудын нэг гэгдэх Дамбын Хишгээ шүүхэд хандаад Засгийн газрыг ялсан байх юм. Тодруулбал Дамбын Хишигжаргал Төв аймгийн Сэргэлэн суманд 500 га газар авч,  111 давхар өндөр зэрэглэлийн зочид буудал, морин тойруулга болон бусад зүйлс барихаар 40 000 000  ам.долларын хөрөнгөө оруулаад байжээ.

Гэтэл Хөшигийн хөндийн нисэх буудлын бүтээн байгуулалттай холбоотойгоор Д.Хишигжаргалын газраас улс тусгай хэрэгцээндээ авчихсныг  эсэргүүцэж, Засгийн газартай  шүүхдээд ялжээ Шүүхэд хандахдаа тэрбээр “Моодун хаан групп” ХХК-ийн Ерөнхий захирал, нэхэмжлэгчийн “дүрээр” оролцсон бөгөөд Нийслэл дэхь Захиргааны хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн 01-р сарын 10-ны өдөр заргаа  авсан байх юм.  

Тэрбээр шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тус компани нь Төв аймгийн Сэргэлэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 06/22 дугаар тогтоол, тус сумын Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 513 дугаар захирамжаар Сэргэлэн сумын Бөхөгийн хөндийд байрлах 500 га газрыг 15 жилийн хугацаагаар үйлчилгээний цогцолборын зориулалтайгаар эзэмших эрх авсны дагуу 2014 оны 7 дугаар сарын 07-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээ байгуулж газрыг хуульд заасны дагуу эзэмшиж байна. Газрын төлбөр тогтоох актын дагуу 2015 оны 5 дугаар сарын 07-ны өдөр 5,000.000 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 2,100.000 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 2,400.000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 2,100.000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 2,400.000 төгрөг, 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 2,100,000 төгрөгийг тус тус газрын төлбөрт төлсөн. Уг газартаа үйлчилгээний цогцолбор байгуулах төсөл боловсруулан ажиллаж байгаа бөгөөд энэ зорилтынхоо хүрээнд Барилга, хот байгуулалтын яам, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын Тамгын газар Моодун хаан гупп ХХК-ийн хооронд “Хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг тус тус байгуулж, эхний ээлжинд 111 давхар олон улсын хэмжээний Аялал жуулчлал, худалдаа үйлчилгээ, орон сууцны цогцолбор барих төслийг эхлүүн ажиллаж, эхний ээлжийн хөрөнгө оруулалт 36,000,000 ам.доллар бүрэн шийдвэрлэгдэж, холбогдох техник эдийн засгийн үндэслэл боловсруулах, хөрөнгө оруулалт татах ажлууд явагдаж байна. Өнөөдрийн байдлаар тус компанийн зүгээс уг төсөлд 4,000,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд байсан аж. Гэтэл Засгийн газрын 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 154 дүгээр тогтоолоор Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт орших Хөшигийн хөндийн Олон улсын нисэх онгоцны буудлын тусгай хэрэгцээний газрын хилийн заагт өөрчлөлт оруулж тус компанийн эзэмшилийн Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт орших газрын давхцуулан тусгай хэрэгцээнд авахаар шийдвэрлээжээ. Засгийн газраас ийнхүү тогтоол гаргахдаа тухайн газар нутагт газар эзэмшиж буй иргэд, хуулийн этгээдүүдтэй уулзаж зөвлөлдөж нөхөн олговор болон бусад асуудлаар тохиролцолгүйгээр ийнхүү тогтоол гаргасан нь хууль бус харин уг 154 дүгээр тогтоолоор Засгийн газрын 2010 оны 140 дүгээр тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулсан байх бөгөөд дараах үндэслэлээр 140 дүгээр тогтоол нь илт хууль бус тогтоол гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байна.” Гэжээ.

Харин үүний эсрэг Засгийн газрыг төлөөлөн  Барилга, хот байгуулалтын яамны Хот байгуулалт, газрын харилцааны бодлогын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Бэлэгсайхан дараах тайлбарыг  өгсөн байх юм.

“....Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 140 дүгээр тогтоолоор Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигийн хөндийд баригдах “Олон улсын нисэх онгоцны буудал”-ын дэвсгэр нутагт орших 12084.9 га газрыг тусгай хэрэгцээнд авч хилийн заагийг хавсралтаар баталсан. Дээрх тогтоолын хавсралтыг Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 154 дүгээр тогтоолоор “Тусгай хэрэгцээний газрын хилийн зааг”-ийг анх тусгай хэрэгцээнд авсан 12084.9 га газрын талбайн хэмжээнд өөрчлөлт оруулалгүйгээр солбицлыг өөрчлөн баталсан болно. Гэтэл Төв аймгийн Сэргэлэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 06/22 дугаар тоггоол, тус сумын Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 513 дугаар захирамжаар 18636283045207 дугаар бүхий 240 га, 18604283360374 дугаар бүхий 160 га, 18639281527471 дугаар бүхий 50 га, 18636281493906 дугаар бүхий 50 га газрыг /нийт 500 га/ үйлдвэр, үйлчилгээний цогцолбор, морин тойруулга, аялал жуулчлал, орон сууц, зочид буудлын зориулалтаар тусгай хэрэгцээний газарт давхцуулан тус тус олгосон байна. Газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт “Засгийн газар газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 18.1.2 дахь заалтад “Энэ хуулийн...16.1.13-т заасан зориулалтаар газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах, түүний хэмжээ, зааг, ашиглах журмыг тогтоох, эрх бүхий байгууллагын мэдэлд шилжүүлэх, 16 дугаар зүйлийн 16.1.13 дахь заалтад “үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалт, дэд бүтцийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх газар” гэж тус тус заасны дагуу уг газрыг Монгол улсын Засгийн газар тусгай хэрэгцээндээ хууль зүйн үндэслэлтэй авсан гэж үзэж байна” гэжээ.

 

Улмаар шүүхэд талууд өөрсдийнхөө үндэслэл тайлбарыг хэлж мэтгэлцсэн байх юм. Энэ бүхний эцэст шүүхээс Д.Хишигжаргалын талд асуудлыг шийдвэрлэжээ. Тодруулбал, нэхэмжлэгчээс Монгол улсын Засгийн газарт өөрт олгогдоогүй бүрэн эрхийг хэрэгжүүлж гаргасан 2010 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 140 дүгээр тогтоол нь илт хууль бус тул уг тогтоолд өөрчлөлт оруулсан Засгийн газрын 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 154 дүгээр тогтоол нь хууль бус гэж маргаж байна. Нэхэмжлэгчийн маргаж буй үндэслэлийг хэлэлцээд газрыг тусгай хэрэгцээнд авсан Монгол улсын Засгийн газрын 2010 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 140 дүгээр тогтоолын нэхэмжлэгч Моодун хаан групп ХХК-д холбогдох хэсэг нь илт хууль бус болох нь тогтоогдож байх тул уг илт хууль бус тогтоолд өөрчлөлт оруулсан Засгийн газрын 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 154 дүгээр тогтоолын 1 дүгээр зүйлийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгох   үндэслэлтэй гэж үзлээ. Иймд Моодун хаан групп ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Монгол улсын Засгийн газрын 2010 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 140 дүгээр тогтоолын нэхэмжлэгчид холбогдох хэсэг нь илт хууль бус болохыг тогтоож, Засгийн газрын 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 154 дүгээр тогтоолын 1 дүгээр зүйлийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэжээ.

Ингэснээр Д.Хишигжаргал Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлын  орчим 111 давхар зочид буудлаа газрын маргаангүйгээр барих эрхтэй болж байгаа юм.