Элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар эхэлж байна. Энэ жил ЭЕШ өгөхөөр 40388 шалгуулагч бүртгүүлжээ. Шалгалтыг нийслэлийн 27, хөдөө орон нутгийн 22 байранд авах юм.

ЭЕШ өнөөдөр 12.00 цагт монгол хэлбичгийн шалгалтаар эхэлнэ. ЕБС төгссөн 16 нас хүрээгүй шалгуулагчид төрсний гэрчилгээ болон сүүлийн 3 сарын дотор авахуулсан чээж зурагтай сургуулийн захирлын тодорхойлолттой шалгалтад ирэхийг Боловсролы үнэлгээний төвөөс анхааруулсан байна.

Мөн шалгуулагч шалгалтын байранд шалгалт эхлэхээс 1 цагийн өмнө ирсэн байх шаардлагатай бөгөөд шалгалт өгөх анги, танхимд 10 минутын өмнө суудлаа эзэлсэн байна. Дурдсан хугацаанаас хожимдсон шалгуулагчийг шалгалтад оруулахгүй аж.

Шалгалтад орохдоо дараах материалуудыг бүрдүүлэх шаардлагатай. Үүнд:

 

  • Бүртгэлийн хуудас / Баталгаажуулсан байх/

 

  • Суудлын хуваарь

 

  • Бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнээс дээш боловсролын баримт бичиг

 

  • Иргэний үнэмлэх эсвэл түүнтэй адилтгах баримт бичиг

 

Энэ жилийн ЭЕШ-ын журамд хэд хэдэн өөрчлөлт орсон байна. Үүнд монгол хэл, англи хэл, орос хэлний шалгалтын агуулгад шалгуулагчдын сонсоод ойлгох чадвар сорьсон даалгаврууд нэмэгджээ.  Мөн өмнөх жилүүдэд шалгуулагчдыг хариултын хуудсан дээрээ зөв хариуг харандаагаар будахыг шаардаж байсан бол энэ жилээс эхлэн зөвхөн хар өнгийн үзгэн болон тосон балаар тэмдэглэгээ хийхийг шаардсан байна.

Элсэлтийн ерөнхий шалгалтын зөв хариуг шалгалт дууссаны дараа буюу 2017 оны 06 сарын 21-нд өдөр тутмын сониноор, дүн оноог 2017 оны 07 сарын 01 өдрийн өглөөний 09 цагт  www.eec.mn сайтаар дамжуулан мэдээлэх ажээ.