Өвс ногоо нь юу ч үгүй шатаж, хонины хуйхалсан толгой шиг буржийсан хар хярвас болсон уулс замын хажуугаар үргэлжилнэ. Залуухан гоолиг нарс, зулзаган цагаахан хус модод ёзоороороо шатаж, хэзээ мөдгүй унахад бэлэн болсон ч хэдхэн хоногийн өмнө дэлгэсэн навч нахиа нь ногоохноороо сэрчигнэж, наранд тэмүүлэх нь зовиур шаналалаа гоо үзэсгэлэнгээрээ нууж амьдралд шунах бүсгүй мэт. Харин хөгшин, хуурай модод түймрийн галыг тэсэж чадалгүй аль хэдийнэ “амь тавьж”, хар нүүрс болон хөсөр унажээ. Хэдэн км үргэлжлэх шатсан газрын хаа нэгхэнтэй утаа уугиж, цог ёлтойн, салхи л гарвал гал болон дүрэлзэхэд бэлэн хөх дөл сүүмэлзэх нь аюул занал бүрмөсөн дарагдаагүйг илтгэнэ. Галав юүлсний дараа л ийм байдаг болов уу гэмээр... Энэ бол хотод хамгийн ойрхон асаж байгаа, бас хамгийн их хохирол учруулж мэдэх Төв аймгийн Батсүмбэр сумын Цогт-Өндөр багийн нутаг Тавантолгойн түймрийн голомтод очоод харсан дүр зураг.

Улсын хэмжээнд 21 түймэр асаж буйгаас зургаа нь Батсүмбэр сумын нутагт бий. Тус сумын Бага гацуурт, Хөх чулуут, Цацалтын ам, Мухартын ам, Сөгнөгөр, Баянгол гээд аль өнгөтэй, үзэсгэлэнтэй, үржил шимтэй нутгийг нь түймрийн гал хуйхалж байна. Зургадугаар сарын 24-нөөс хойш энэ нутгаас түймрийн утаа тасарсангүй.

Биднийг очиход Батсүмбэр сум өтгөн саарал утаан дунд гунигтайяа дүнсийж байв. Тэр утаа нийслэлчүүдийн хоолойг ч хэдэн өдрийн өмнөөс хорсгосон билээ. Зүг чиг заалгаж, зөвлөгөө заавар авах санаатай сумын Засаг даргын Тамгын газрын үүдэнд очтол тэнд хөл хөдөлгөөн ихтэй байв. Түймэр унтраах ажилд тус тусын хувь нэмрийг оруулах гэсэн олон хүн нийслэлээс Батсүмбэрийг зорьсны нэг хэсэг нь тэд аж.

Сумын Засаг даргын Тамгын газрын ажилтан бүсгүй бидэнд түймрийн талаар ерөнхий мэдээлэл өгөөд, жижиг машинаар яагаад ч хүрч чадахгүй хэмээн ятгасан тул дайгдах унаа хайх хэрэгтэй болов. Тэгтэл Тавантолгойн түймэр рүү явах хоёр машин ирсэн нь “Тарвалин” хийдийн хамба Т.Ариунболд, нийслэлийн Баянзүрх дүүргийн аврах, гал унтраах 63 дугаар ангийнхан байлаа. Тэд тэнд ажиллаж буй гал сөнөөгчдөө эргэхээр яваа гэнэ. Тэдний машинд дайгдан очих газраа хүрэх болов.

БИДНИЙГ СОЁОЛОНГИЙН ТООСОНД ОРЖ БАЙХАД ТЭД ТҮЙМЭРТ ДАЙЧЛАГДСАН

Биднийг очихоос өмнөхөн хагас цаг орчим бороо орсон тул дүрэлзэж байсан гал түр ч болов номхорч, түймэр цурманд оржээ. Гэвч баярлаж, санаа амрах цаг болоогүй гэдгийг онцгой байдлын албаныхан сануулж байлаа. Ил дүрэлзэж байгаа гал байхгүй ч хожуулууд шатсаар байгаа. Хүн, малын хөл хүрэхэд бэрх энэ хөвчийн хөвд намхан газраа өвдөг давж, зузаан газраа бүсэлхий хүрнэ. Хөвд доогуураа уугисан хэвээр.

Долдугаар сарын 12-нд биднийг соёолонгийн тоосонд хүрч, үзүүр түрүүний бөх үзэж байхад тэд түргэн авч, түймэрт дайчлагдсан байна. Гар утасны сүлжээ барихгүй, хэр баргийн хүн зорьж ирэхгүй хөвчид наадмын сонин сайхныг ч гүйцэд сонсож амжилгүй, өдөр, шөнөгүй гал нүдэж яваа залуус эргэлт ирсэнд баярлаж буй нь илт. Наранд борлож, утаа, тоосонд дарагдсан ядрангуй царайтай ч нүд, шүдээ гялалзуулан инээлдэх залуусын ярианы сэдэв сайн дурынхны тусламжийн тухай байв. Аврах, гал унтраах 63 дугаар ангийн захирагч Д.Баяраа “Салхины чиглэл байнга өөрчлөгдөж, гал, утааг эргүүлж буй тул дадлага туршлагагүй, бэлтгэл муутай хүмүүс галд өртөж, утаанд цохиулах эрсдэл өндөр. Галаа яая гэж байхад хүн харж хамгаалах давхар ажилтай болмооргүй байна. Тиймээс сайн дурынхныг галын голомт руу оруулах хэрэггүй гэж сумын удирдлагуудад хэлсэн. Уг нь цурам мануулахад хүн хүч хэрэгтэй байгаа. Манай 13 хүн галаа унтраагаад явдаг. Салхи ихтэй үед цурам сэргэх явдал их байна. Гутал, хувцас, хувийн бэлтгэл сайтай залуусаар цурам мануулъя гэтэл олонх нь орхиод явчихсан байна билээ” хэмээн сэтгэл дундуур байгаагаа илэрхийлэв.

Аврах, гал унтраах 63 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Ж.Мөнхсайханаас ажлынх нь нөхцөл байдлын тухай асуухад “Манайхан галаа цурманд оруулах гэж нойр, хоолгүй ажиллаж байгаа. Салхигүй үед галаа цохивол илүү үр дүнтэй байдаг юм. Өдөр салхилж, шөнө намжаад байгаа учраас өдөр галаа тархаахгүй барьж, шөнө цохиж цурманд оруулдаг” гэв. Мөн тэрбээр “Усны асуудал хүндрэлтэй байсан. Сайн дурын залуус 10 тоннын даацтай машинаар ус зөөж өгч байгаа. Мөн “Дүнжингарав”-ынхан хоол хүнс авчирч өгсөн. Хүмүүс бидэнд туслах гэж ийшээ зүтгэж ирж байгаад сэтгэл их хөдөлсөн. Эх нутгийнхаа төлөө санаа нэгдэж буй залуустаа баярлалаа. Та нараараа бахархах сэтгэл төрж байна. Харин түймэр унтраалцана гэж буй, наад зах нь эмчийн үзлэгт ч ороогүй хүмүүсийг гал, утаа руу оруулж зүрхлэхгүй байгаа. Бие муутай, харшил, астматай хүн байвал яах вэ. Иргэд бидэнд тусалъя, түймэр унтраалцаж, эх орноо хамгаалъя гэж буй нь сайн боловч хувийн бэлтгэл муутай ирснээс хөл, гараа түлэх, төөрөх, утаанд цохиулах аюултай” хэмээн болгоомжилж байгаагаа хуваалцсан.

Тавантолгойд ажиллаж буй Аврах, гал унтраах 63 дугаар ангийн 13 алба хаагч дунд нэг эмэгтэй бий. Тэр нь дуудлага хүлээн авагч, ахлах ахлагч Ж.Лхагвасүрэн. Хоёр хүүхдээ ээж, аавдаа орхиод гарсан энэ бүсгүй “Өнөөдөр энд ирээд явсан хүнд ээжийнхээ утасны дугаарыг өгч, “Охин нь сайн байгаа. Түймрээ унтраагаад удахгүй очно” гэж хэлүүлсэн. Ой хөвчийн гүнд, гал усан дунд яваа охиноо холбоо барихгүй удахаар ээж минь санаа зовж байгаа байх” хэмээн сэтгэлээ дэлгэв.

Галаа хөөж, цохиж явсаар хэдэн уул давснаа ч анзаарах сөхөөгүй ажилладаг гал сөнөөгчдөд гар, хуруугаа түлэх, галын дөлөнд нүүр амаа хайруулах нь жирийн л үзэгдэл. Аранзныхаа эмийн санд хадгалдаг хурууны наалт, өвчин намдаах эм сэлтхэнээр бүхнийг аргалдаг тэдэнд “Нуган” эм ханган нийлүүлэх байгууллагын хамт олон түлэгдэлтийн шалгарсан эмчилгээ болох мөнгөжүүлсэн тосоо хүргүүлсэнд баярлаж буйгаа илэрхийлснийг уламжилъя.

ЭХНЭР НЬ НӨХРӨӨ ХАЙСНААР ДУУССАН САЙН ДУРЫН АЖИЛ

Сумын төвөөс 30 гаруй км-ийн зайтай түймрийн голомтод очоод, буцаж иртэл нар шингэж байлаа. Сумын Засаг даргын Тамгын газрын үүдэн дэх хөл хөдөлгөөн тасраагүй, түрүүчийнх нь буцаж, сүүлчийнх нь нэмэгдэж ирсээр, цэвэр ус голдуу тусламжийн бараа овоорсоор байв. Хандив, тусламжийн арга хэмжээг газар дээр нь харахад ерөнхийдөө байгаа оносноосоо оноогүй нь их, хариуцсан эзэнгүй, зохион байгуулалт муутай, сэтгэлийн хөөрлөөр хийсэн ажил шиг харагдсаныг дурдах нь зөв байх. Тухайлбал, түймэр гарсан газарт туулах чадвар сайтай ус зөөх машин хамгийн хэрэгтэй. Гэтэл бидний очсон газарт ийм машин аваачсан хүн ганц байв. Харин хэрэгцээнээс илүүдсэн 0.33, 0.5, нэг литрийн савлагаатай ус Засаг даргын Тамгын газрын байрны нэг өрөөг дүүргээд, гадна нь овоолоостой, ийм усаар нэгнээ дайлсан хүмүүс хаа сайгүй харагдсан. Бидний очсон газарт лав Сүхбаатарын талбайд цуглуулсан хандив, тусламжаас очоогүй байсан.

Хандив, тусламжаас гадна түймэр унтраалцана гэсэн хүмүүс сумын Засаг дарга болон Тамгын газрын ажилтнуудад багагүй бэрхшээл учруулж буй бололтой байв. Засаг дарга Д.Ганболдоос тодруулга авъя гэхэд “Энэ хүмүүсийг яая гэж байхад” хэмээн ундууцаад, “Сайн дурынхан “Галын голомт хаана байна” гэж заалгаж очоод, түлэгдэж үхэх шахан баахан хөрөг зураг аваад буцаж байна. Түймэр гарч буй газар руу өчигдөр 140 гаруй хүн явснаас ес нь л үлдсэн” гэлээ. Долдугаар сарын 15-нд нийслэлээс очсон хүмүүсийг түймрийн голомт руу хамаагүй явуулсан бол 16-нд очсон хүмүүсийн олонхыг буцаасан байна. Хувцас, хунар, бэлтгэлээ сайн базаасан цөөн хүнийг цурам сахиулахаар илгээжээ. Түймэр унтраалцана гэж ирээд, цааш явах эрхээ авч чадахгүй бужигналдах олон хүний дунд нөхрөө хайж яваа эхнэртэй таарав. Тэрбээр “Нөхөр маань өчигдөр наашаа яваад, одоо болтол эргэж ирээгүй, утас нь холбогдохгүй байна. Өчигдөр өглөө босоод л “Эх орон дуудаж байна. Түймэр унтраана” гээд хувцсаа бэлдэж аваад гарсан. Аглуу, Нара нартай хамт Сүхбаатарын талбайгаас явсан. Ангийнхнаа дуудаж, хамт явна гэсэн, тэд нь яваагүй байна билээ. Ганцаараа явсан болохоор нь санаа зовоод байна. Энд ирээд хаашаа явсныг нь мэдэхгүй. Талбайгаас 200 гаруй машинтай 300 орчим хүн хөдөллөө гэж мэдээлсэн. Гэтэл энд 500 гаруй хүн ирсэн гэнэ. Ямар ч бүртгэл, мэдээлэл алга. Машинтайгаа яваа. Түймэрт явсан бол энд машинаа орхисон болов уу гэж бодоод хайж ирсэн” гэж байлаа. Харин сумын Засаг дарга “Бид хариуцаж авчраагүй болохоор бүртгэж аваагүй” гэсэн хариу барьсан.

Энэ үеэр Төв аймгийн Онцгой байдлын газ­ рын дарга, хурандаа Н.Төмөрбаатараас цөөн асуултад хариулт авав.

Батсүмбэрт асаж буй түймэрт хэдэн аймгийн Онцгой байдлын алба ажиллаж байгаа вэ?

-Энэ их хуурайшилттай үед, ийм том талбайг хамарсан түймэрт үнэхээр хүчин мөхөстөж байна. Өвөрхангай, Архангай, Говьсүмбэр, Дорноговь аймгийн гал унтраагчид ажиллаж байгаа.

-Энэ хүчээрээ түймрийг унтрааж чадах уу?

-Өнөөдрийн орсон бороо галын тархалтыг зогсоож, зургаан түймэр бүгд цурманд орсон. Ажиллаж буй хүн хүч, багаж, техник, олон хүний тусламжийг харахад унтраах боломжтой. Гэхдээ маш их хуурайшилттай байгаа учраас нар, салхи гарвал дахин түймэр гарахгүй гэсэн баталгаа байхгүй.

-Сая сумын Засаг дарга, аймгийн Онцгой комиссын дарга нар хуралдсан гэсэн. Ямар асуудлаар ярилцав?

-Сайн дурынхны тухай ярилцлаа. Нийслэлээс хэдэн хүн ирсэн, тэдний хэд нь энд үлдээд, хэд нь буцсан талаар тодорхой мэдээлэл алга. Эмх замбараагүй байдал бий болох нөхцөл бүрдээд байгаа тул бид энэ хүмүүсийг хэрхэх, ямар зохион байгуулалтад оруулах вэ гэдгээ тохирлоо.

-Юу гэж тохиров?

-Та бүхний өгсөн хандив, тусламж, дэмжлэг хангалттай боллоо. Баярлалаа. Тиймээс та бүхэн энэ зохион байгуулсан ажлаа түр зогсоогооч. Тэгэхгүй бол хэтэрхий эмх замбараагүй байдал үүсээд байна гэсэн хүсэлт зохион байгуулагчдад нь тавихаар боллоо.

-Түймэр унтраалцахаар ирсэн хүмүүсийн хэн нь хаашаа явсныг бүртгээгүй юм уу. Түймэрт явна гэж гараад одоо болтол эргэж ирээгүй хүнийг хайсан ар гэрийнхэн нь байна?

-Энд хонох уу, үгүй юү гэдгээ шийдээгүй, ар гэрийнхэндээ хэлээгүй ирсэн залуус бий. Заримынх нь ар гэрийнхэн санаа зовоод хайж яваа тохиолдол өнөөдөр (өчигдөр) хоёр, гурав гарлаа. Тэр хүмүүс түймрүүдийн аль нэг дээр ажиллаж байгаа гэдэгт итгэлтэй байна. Дорж Бургалтайн түймэр рүү, Бат Сөгнөгөр рүү явсан гэж тодорхой мэдэх зүйл бидэнд алга. Сумын Засаг даргын Тамгын газраас өнөөдөр ирсэн хүмүүсийг бол бүртгэж байгаа. Яг явъя гээд гутал хувцас, хувийн бэлтгэлээ сайн базааж ирсэн хүмүүсийг ойрын түймэрт явуулж байгаа. Гэхдээ галын голомт руу бус, нурам мануулах, ус зөөлгөх ажилд хуваарилсан. Сандаалтай, нимгэн нейлонон хувцастай, хувийн бэлтгэлээ хангаагүй хүмүүсийг “Баярлалаа” гэж хэлээд буцааж байгаа. Өчигдрийнхийг бүртгэж дийлээгүй. Ирсэн хүмүүс бужигнаад л ийш тийшээ давхилдаад байсан. Сүхбаатарын талбайд хандив цуглуулж, хүмүүсийг уриалж, энэ ажлыг зохион байгуулсан хүмүүст бүртгэл нь бий гэв. 

Ням гаригийн байдлаар тус суманд онцгой байдлын 93 алба хаагч татагдан ажиллаж байсан бөгөөд орон нутгийн 100-180 иргэнийг өдөр, өдөрт дайчлан гаргаж буй аж. Сумын захиргааны жижүүр Э.Мөнхбаатар “Бид чинь сумынхаа “Онцгой” гэсэн үг. Түймэр гарвал дуун дээр явна. Сонгуулийн өмнөх өдөр (зургадугаар сарын 25) Сөгнөгөрт түймэр гарснаас хойш өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Эхний үед бид өглөө бэлэн гоймон идээд гардаг байсан. Багаж хэрэгсэл муутай, өөрсдөө резинэн гөвүүр хийгээд гарахаар амархан шатаж, урагдаад олигтой болдоггүй. Бургасны мөчрөөр цохих нь хамаагүй дээр байдаг” хэмээн туршлагаасаа хуваалцсан. Түймэр хэдий хэмжээний хохирол учруулаад буй талаар лавлахад Батсүмбэр сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Сарангэрэл “Одоогоор хэдэн га шатаж вэ гэдгийг тогтоосон тоо алга. Сөгнөгөрийн түймэрт л гэхэд 100-гаад га газар шатсан гэж ам багцаагаар ярьж байгаа. Бүгдийг цурманд оруулсны дараа л хохирлын хэмжээг тогтооно” гэв.

Түймрийн шалтгааны талаар тэрбээр “Цагдаагийн байгууллага шалгаж байгаа” гэсэн бөөрөнхий хариу хэлсэн бол нутгийн байгаль хамгаалагч хоёр түймэр нь аянганаас, нэг нь анчдын галт сумнаас, бусад нь аялагчдын буруутай үйлдлээс болсон гэж урьдчилсан байдлаар үзэж буйгаа дуулгасан. Харин иргэд “Анчны галт сумнаас гарсан гэж байсан түймэр одоо өөрөө ассан болж хувирах гээд буй” хэмээн хардаж байна билээ.

С.Уянга 

Өнөөдөр сонин