​Нийслэлийн төв талбайд байрлах жанжин Д.Сүхбаатарын хөшөөг нүүлгэн шилжүүлнэ гэсэн ташаа мэдээллийг зарим хэвлэл мэдээллийн байгууллагууд олон нийтэд цацжээ. 

Энэ талаар бид НИТХ-ын Зохион байгуулалтын хэлтсийн дарга М.Халтараас тодруулахад, “НИТХ-ын хуралдаан болон НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар энэ тухай  хэлэлцэнэ гэсэн төлөвлөгөө байхгүй. Ямар ч үндэслэлгүй мэдээлэл” гэсэн тайлбар өгсөн бол Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дэд дарга Э.Анар Д.Сүхбаатарын хөшөөг нүүлгэн шилжүүлэх ямар нэг төлөвлөлт байхгүй гэлээ.  

Дашрамд дуулгахад, НИТХ-ын тэргүүлэгчдийн 2013 оны долоодугаар сарын 15-ны өдрийн 79 дүгээр тогтоолоор нийслэлийн төв талбайг Эзэн богд Чингис хааны нэрэмжит болгосон бөгөөд тухайн үедээ Д.Сүхбаатар жанжины  хөшөөг нүүлгэн шилжүүлэхгүй гэдгээ албаныхан хэлж байсан юм.

Г.Цэнгэл