-Э.АЗЗАЯА, Н.БАЯРСАЙХАН НАРЫН АВЛИГАД АВСАН МӨНГӨ СЭЙФЭНДЭЭ БАГТАХГҮЙ БОЛСОН ТУЛ АМ.ДОЛЛАР, ЮАНИАР ХАХУУЛЬ ӨГӨХИЙГ ХАРИЛЦАГЧДААСАА ШААРДДАГ БАЙЖЭЭ-

АТГ тэргүүтэй хууль, хяналтын байгууллагынхан 2017 оны арванхоёрдугаар сарын 7-ны өдөр МХЕГ-ын 10 гаруй алба хаагчийг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр дэх нэгэн амралтын газар бусдаас их хэмжээний авлига авч байх үйлдэл дээр нь баривчлан саатуулсан билээ.

Тодруулбал, тухайн үед Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Э.Аззаяа, хэлтсийн дарга Н.Баярсайхан нарын арав гаруй алба хаагч тус бүртээ юань, ам.доллар, төгрөг зэргийн нийт 500 гаруй сая төгрөгийг авлига хэлбэрээр авч байсныг саатуулснаа албаныхан мэдээлдэг. Түүнчлэн дээрх алба хаагчдыг шууд гэр рүү нь авч явж, үзлэг, нэгжлэг хийсэн байдаг. Үзлэгээр Хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Э.Аззаяа, хэлтсийн дарга Н.Баярсайхан нарын гэр, албан өрөөнөөс онц их хэмжээний мөнгө илэрсэн байдаг. Тэд ямар нэгэн хувийн бизнес эрхэлдэггүй ч үзлэгээр их хэмжээний мөнгө олдсон нь тэднийг эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж, тусгай зөвшөөрөл хууль бусаар олгож, хилээр бараа, бүтээгдэхүүн хууль бусаар оруулж ирдэг сүлжээ бүхий гэмт хэргийн бүлэглэлтэй хамтран ажилладаг байж болзошгүйг илтгэж байгааг албаныхан тухайн үед мэдээлж байсан. Улмаар хууль, хяналтынхны шалгалт, мөрдөн байцаалтаар дээрх МХЕГ-ын газар, хэлтсийн дарга нар бусдаас тэрбум орчим төгрөгийг авлигад авсан нь тогтоогдсон байна.

ТЭРБУМ ОРЧИМ ТӨГРӨГ АВЛИГАД АВСАН НЬ ЭД МӨРИЙН БАРИМТААР ТОГТООГДЖЭЭ

Энэ талаар албаны эх сурвалж “Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, Импорт, Хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Э.Аззаяа, Хэлтсийн дарга Н.Баярсайхан нар улсын хилээр өндөг, мах, бяслаг тэргүүтэй түргэн муудах хүнсний бүтээгдэхүүн оруулж ирдэг иргэд, аж ахуйн нэгжүүдийг хясан боогдуулах замаар бараг тэрбум төгрөгийн авлига авсан нь баримтаар тогтоогдсон. Э.Аззаяа, Н.Баярсайхан нарын албан өрөөнд нь нэгжлэг хийхэд сейф дүүрэн мөнгө,бие болоод гэрээс нь 230.800.000 төгрөг, 152.177 ам.доллар, 70.000 юань бэлнээр олдсоныг эд мөрийн баримтаар хураасан. Хадгалж байсан мөнгөнийхөө эх үүсвэрийг нийт 21 аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс 126 удаагийн үйлдлээр 700 гаруй сая төгрөгийг авлигын хэлбэрээр авснаа мөрдөн байцаалтын явцад хүлээн зөвшөөрсөн. Дээрх мөнгийг хэрхэн олсоноо МХЕГ-ын газрын дарга, хэлтсийн дарга нар тайлбарлахгүй байсан тул АТГ-аас дээрх газартай хамтран ажилладаг аж ахуйн нэгж, иргэдийг шалгаж, эд мөрийн баримт цуглуулах замаар илрүүлж, авлига авдаг байсныг нь баримтаар нотолж, хэргийг нь хүлээлгэсэн. Албан тушаалаа урвуулан ашиглаж авч буй авлигадаа бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээнээсээ шалгаалан тариф тогтоосон байсныг эх сурвалжууд нотолж байгаа. Тэд ингэж олсон мөнгөө хувааж авахаас гадна доод албан тушаалтнууддаа хувь хүртээх замаар хууль бус үйлдлээ бүлэглэн хийдэг байсан нь тогтоогдсон ” гэсэн юм. Түүнчлэн эх сурвалж “Э.Аззаяа, Н.Баярсайхан нарын авлигын мөнгө нь сейфэндээ багтахаа больсон тул иргэдийг хахуулийн мөнгөө юань, ам.доллараар өгөхийг шаардсан хэд хэдэн тохиолдол байсан. Энэ нь зөвхөн илэрсэн мөнгөн дүн бөгөөд үүний цаана хэчнээн сая, тэрбум төгрөг илрээгүй үлдсэнийг таах боломжгүй” гэсэн юм.

Түүнчлэн шалгалтын явцад дээрх нэр бүхий албан тушаалтнууд эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, цөөнгүй аж ахуйн нэгжээр удаа дараа, заримаар нь байнга үнэ төлбөргүй үйлчлүүлдэг, өөр бусад замаар авлига, хээл хахууль авдаг нь тогтоогдсоныг эх сурвалжууд онцолж буй. Түүнчлэн төрийн болон хувийн компани, аж ахуйн нэгжийн захирлууд төдийгүй гаднын зарим бизнесмэнтэй хамтран эрх мэдлийнхээ хүрээнд хууль бус шийдвэр гаргадаг байсан байж болзошгүй нь тогтоогдсоныг эх сурвалж дурдаж байв. Тодруулбал, тэд хуулиар хүлээсэн чиг үүрэг болох экспортын тусгай зөвшөөрөл олгохдоо эрх мэдлээ урвуулан ашиглаж, хахууль авдаг байсан нь мөрдөн байцаалтаар тогтоогдсон аж. Хилээр самар, мах, дэрвэгэр жиргэрүү гаргах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүд МХЕГ-ын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газраас дахиж гэрчилгээ авч, бараагаа нэвтрүүлдэг бөгөөд үүн дээр нь дээрх хүмүүс ажиллан хэтэвчээ зузаалсан бололтой. Гэрчилгээг олгохдоо тухайн барааны хэмжээг хувилж, тодорхой хэмжээний мөнгөн дүнд шилжүүлээд нэхдэг байсан гэдгийг эх сурвалжууд баталж буй аж. Тухайлбал, нэг аж ахуйн нэгж 5300 ам.доллар төлөх ёстой болсон бөгөөд байгаа нь 5100 “ногоон”-той тэнцэх төгрөг байна гээд очиход нь “Гүйцээж ир” хэмээн гэрчилгээг нь олголгүй хөөн гаргасан тохиолдол байсныг гэрчүүд хуулийнханд мэдүүлсэн сурагтай. Ийнхүү эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан нэр бүхий арав гаруй албан тушаалтнуудад хамаарах хэргийг жил гаруйн хугацаанд мөрдөн шалгасны эцэст өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын дундуур яллах дүгнэлт үйлдүүлэхээр шүүхэд шилжүүлээд байгаа.Тэднийг Эрүүгийн 268, 269 зүйл буюу хуулийн хахууль өгсөн, авсан хэргээр яллах дүгнэлт үйлдээд байгаа ч шүүх хурлын тов өнөөдрийг хүртэл гараагүй байна.

Дашрамд дурдахад, Э.Аззаяа нь МХЕГ-т 2014 онд хэлтсийн даргаар ажилд орж, улмаар 2016 оны есдүгээр сараас Хилийн хорио цээрийн хяналтын газрын даргаар томилогдсон байна. Үүнтэй бараг зэрэг шахам өмнө нь “Хай фай рекордс” хөгжмийн дэлгүүрийн эзнээр ажиллаж байсан Н.Баярсайхан нь МХЕГ-ын Хорио, цээрийн хэлтсийн даргаар томилогдсон байна.

 

МХЕГ БАЙЦААГЧИДДАА МӨНГӨН ДҮН ХУВААРИЛДАГ БАЙСАН НЬ ИЛЭРЧЭЭ

Дээрх хэрэгтэй холбоотойгоор 2017 оны сүүлч, 2018 оны цөөнгүй сард МХЕГ-т АТГ болон хууль хяналтын бусад байгууллагаас хяналт, шалгалт хийж, цөөнгүй зөрчил, дутагдал, хууль бус зүйл илрүүлсэн. Түүнчлэн Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор АТГ-ын ажлын хэсэг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2015-2017 онд авлигын эсрэг хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн ажил байдалтай танилцсан дүнгээ гаргасан. Уг дүгнэлтээр МХЕГ-ын дарга гурван жилийн хугацаанд дөрвөн удаа солигдсон нь байгууллагын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байгааг анхааруулсан.Түүнчлэн Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4-т “Мэргэжлийн хяналтын байгууллага улсын төсөвт орлого оруулах чиг үүргийг хүлээхгүй” гэж заасан байхад нийслэлийн төсөвт орлого төвлөрүүлэх үүрэг бүхий Үр дүнгийн гэрээг байцаагчидтайгаа байгуулсан байжээ.

 

Э.АЗЗАЯА

Улмаар гэрээнийхээ үүргийг биелүүлэхийн тулд мөнгөн дүнг байцаагч нартаа хуваарилах, тэднээр орлого бүрдүүлэх ажил хийлгэх нөхцөл байдалд оруулсан нь тогтоогдсон байна.Улмаар урьдчилан сэргийлэх заавар зөвлөгөө өгч ажиллах ёстой байцаагчид эсрэгээрээ хяналт шалгалт, торгуулийн аргыг түлхүү хэрэглэж, мөнгө олж төлөвлөгөөгөө биелүүлдэг зөрчил илэрсэн аж. Энэ нь төрийн хяналт шалгалтыг урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлэх зарчимд нийцэхгүй нөхцөл байдлыг бий болгосон гэж Ажлын хэсгээс дүгнэсэн билээ.Түүнчлэн байгууллагын үйл ажиллагаа, албан хаагчидтай холбоотой өргөдөл, гомдлын ихэнх хувийг орон нутгийн салбарын дарга, байцаагч нарын ёс зүйн доголдолтой холбоотой гаргасан өргөдөл, гомдол зонхилдог ч тэдгээрийг тогтоон шийдвэрлэж арга хэмжээ авдаггүйг нь АТГ-аас тогтоосон.Хяналт шалгалт хэрэгжүүлдэг байгууллагын хувьд авлигын эрсдэлээс урьдчилан сэргийлэх нэг гол арга хэрэгсэл нь дотоод хяналт шалгалтын механизмын үйл ажиллагаа байтал ирсэн өргөдөл, гомдол мэдээллийг хуулийн хугацаанд шийдвэрлэх хүсэл сонирхолгүй байгааг нь анхааруулж, алба хаагчдаа чадавхжуулахыг анхааруулсан байна. Түүнчлэн МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдлын лавлагаа, лабораторийн эрх бүхий албан тушаалтнууд шаардлага хангахгүй эм, эмийн бүтээгдэхүүний шинжээчийн дүгнэлтийг удаа дараа өөрчилж байсан үйлдлийг АТГ-т шалгаж, хэргийг холбогдох газарт шилжүүлэхэд бэлэн болж буйг эх сурвалж онцолж байлаа.

Э.БААТАР