Эдийн засгийн хүндрэлтэй өнөө цагт иргэд хоногийн амьжиргаагаа залгуулахад хүртэл хүндхэн болоод байгаа дүр зурагтай нийгэмд бид амьдарч байгаа билээ. Цалингаас цалингийн хооронд цагтаа буухгүй авдаг хэдээ хүлээх хүмүүс олон. 

Долларын ханш суларч байгаа ч гэлээ өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ буурахгүй өссөөр... Тухайлбал, үхрийн цул мах  305 төгрөгөөр өсчээ. Хоногийн килограммын махаар залгуулж байгаа иргэд харин өндөр цалин авдаг бололтой.

Нийгмийн даатгал төлдөг бүхий л аж ахуй, албан байгууллагуудын ажилчдын дундаж цалин 851.4 мянган төгрөг аж. Үүнээс эмэгтэйчүүдийнх 782.1 мянга, эрэгтэйчүүдийнх 923.1 мянган төгрөг байна. Ажиллагчдын сарын дундаж цалин өмнөх оны мөн үеийнхээс 88.5 мянган төгрөг буюу 11.6 хувиар нэмэгдсэн гэдгийг статистикийн хорооноос тавдугаар сарын тайландаа тусгав.

Бид чинь өндөр цалинтай хүмүүс хирнээ цалингаа юунд зарцуулаад хоногийн хоолны махаа ч авч чадахгүй махийж явна вэ! гэдгээ бодох цаг иржээ.

Мэдээж энэхүү тайланг хийхдээ Нийгмийн даатгалын ерөнхий газрын мэдээллийн санд тулгуурлан нийгмийн даатгалын шимтгэл төлж буй бүх аж ахуйн нэгж, байгууллагыг хамруулан гаргасан. Тэгэхээр монголчуудын ихэнхи нь ийм тооны цалин авчихдаг гэсэн үг шүү дээ. Эдгээр ажиллагчдын сарын дундаж цалинг эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангиллаар авч үздэг юм. Тухайлбал, уул уурхай, олборлолтын салбарт ажиллагчдын сарын дундаж цалин хамгийн их буюу 1785.7 мянга, харин зочид буудал, байр, сууц болон нийтийн хоолны үйлчилгээний салбарынх хамгийн бага буюу 569.2 мянган төгрөгийн цалинг олгодог байна.

Тэгвэл ажиллагчдын тооны бүлгээр авч үзэхэд 1-9 ажиллагчтай ААНБ-ын ажиллагчдын сарын дундаж цалин 568.5 мянга, 10- 49 ажиллагчтайнх 709.8 мянга, 50- 99 ажиллагчтайнх 778.6 мянга, 100-199 ажиллагчтайнх 894.2 мянган төгрөгийн цалинтай. Харин 200 ба түүнээс дээш ажиллагчтайнх 1180.5 мянган төгрөгийн цалин авдаг ажээ.

Тэгвэл ажиллагчдын сарын дундаж цалинг ажил, мэргэжлийн ангиллаар авч үзэхэд менежерийн сарын дундаж цалин хамгийн өндөр буюу 1006.8 мянга бол ХАА, ой, загас агнуурын мэргэшсэн ажилтных 439.0 мянган төгрөг буюу хамгийн бага байна.

Ажиллагчдыг цалин хөлсний бүлгээр авч үзвэл 192.0 мянган төгрөг хүртэлх цалинтай ажиллагчид нийт ажиллагчдын 5.3 хувийг, 192.0-300.0 мянган төгрөгийн цалинтай нь 10.7 хувийг, 300.0-500.0 мянган төгрөгийн цалинтай нь 18.4 хувийг, 500.0-900.0 мянган төгрөгийн цалинтай нь 37.9 хувийг эзэлж, xарин 1500.0 мянган төгрөгөөс дээш цалинтай ажиллагчид нийт ажиллагчдын 9.0 хувийг эзэлдэг.

Бодит амьдрал дээр эмэгтэйчүүд 782.1 мянга, эрэгтэйчүүд 923.1 мянган төгрөгийн цалинг хэдэн хүн авдаг бол?

 Өөрийн танилын салбарт бүрт ажилладаг бүхий л хүмүүсийнхээ цалинг асуухад ийм тоо хэлж байгаа хүн ховор байх юм. Тэдний дунд эдийн засагч, багш, эмч, гагнуурчин, тогооч гээд өөр өөр ажил мэргэжилтэй хүмүүсийн цалинг асууж дундажлахад 400-600 мянгыг авдаг хэмээн хариулав. За тэгээд статистикчидтэй маргаад яахав. Тэдний хийсэн үзүүлэлт мэдээж бидний хар ухаанаар бодож байгаа аргаас өөр байлгүй дээ. 

 

Х.Даваа