Их В.Инжаннашийн судлал руу оръё, гэхэд өөрийгөө чамлаж байсан

 

ХIХ зууны эртний монгол уран зохиолын тулгуур асуудлын нэг бол эзэн Богд Чингис хааны алтан ургийн удам дамжсан язгууртан ноён, Ванчибал болоод түүний суу билигт хөвгүүд болох Гуларанса, Гүннацаг, Сүнвэйданжун, Инжаннаши нарын бүтээл туурвилуудын талаархи судалгаа билээ.

Дэлхийн монголч эрдэмтэд, монгол судлалын хүрээнд 60 гаруй жилийн турш судлагдаж байгаа их зохиолч Ванчинбалын Инжаннашийн бүтээл туурвилын талаар Инжаннаши судлалын нэрт эрдэмтэн, профессор Залгаатай “В.Инжаннашийн судлал”-ын тулгамдсан асуудлаар ярилцлаа.

-Та, сайхан өвөлжиж байна уу? Залгаа багш аа. Та, биологич мэргэжилтэй хүн, яаж яваад уран зохиол, гүн ухааны судлал руу, бүр их В.Инжаннашийн судлал руу орчихсон хэрэг вэ?

- Миний багш намайг аспирантын сургалтын үед уран зохиолын судлал руу чиглүүлсэн. Үнэндээ бол би, “Хүнг Лөү Мэнг” (Улаан асарын зүүд роман) зохиолыг судалмаар байсан юм. Их В.Инжаннашийн судлал руу оръё, гэхэд өөрийгөө чамлаж байсан. Ингээд бараг хагас жил болсон доо. Намайг дэмий хагас жил өөг цөөг хийж байхад Жао Бао (“Улаан асарын зүүд” романы гол баатар)-гийн тухай судалгааны олон өгүүлэл гарсан байсан. 1980 оны 9 сар болж байлаа. Ингээд “Улаан асарын зүүд”, “Нэгэн давхар асар” романыг зэрэгцүүлж үзэж судалж эхэлсэн. Энэ үед В.Инжаннашийн “Нэгэн давхар асар” роман бол “Хүнг Лөү Мэнг” эсэргүүцэж бичсэн зохиол гэсэн судалгаа, санаа нэлээд гараад байсан үе юм. В.Инжаннашийн “Нэгэн давхар асар”, “Улаанаа ухилах танхим” хоймсон роман нь Өвөрмонголын ахуй амьдралыг гол шугам, мөр болгож авсан бүтээл юм даа. Аливаа үндэстний утга зохиолын эрхийг хүндэтгэж үзэх хэрэгтэй. Үндэстний утга зохиолын зогсолтын үе, гэж бас байдаг. Үндэстний утга зохиол оршин тогтнох хамгийн чухал зүйлийн нэг бол тухайн үндэстний онцлог юм. Зохиолын арга, маяг адилгүй байна. Г.В.Плеханов: “Хоёр үндэстний утга зохиолын зай тухайн үндэстнүүдийн амьдралын ялгаа яг адил байна.” гэж хэлсэн нь их оновчтой зүйл дээ.

Би үндсэндээ найман жилийн турш үндэстний утга зохиолыг судлахын тулд хэдэн арван бүтээлийг уйгагүй уншсан. Ингээд 1988 онд үндсэн сэдвээ сонгож авсан. 2-3 жил материал цуглуулсан. Тухайн үед В.Инжаннашийн судлалын суурийг тавьсан эрдэмтэн судлаач Эрдэнэтогтох абугай, нэрт орчуулагч Содбилиг гуай нарын гарт Ванчинбал тайжийн гэр өргөөнийхний гар бичмэлүүд, тэдний хөвгүүдийн бүтээл туурвилуудын гар бичмэл, барууд хадгалагдаж байсан. Эрдэнэтогтох багшийн гэрт 10 өдөр сууж боломжоороо материал үзэж байлаа, гэхдээ яаж үзэж барахав дээ. Чимэгээ эгч (Эрдэнэтогтох багшийн гэргий) надад хоол унд хийж өгөөд л, би нам сууж юмаа уншиж байсан. Үзэж барахааргүй байсныг Эрдэнэтогтох багш ойлгосон, ингээд өөрт нь байсан материалуудыг хувилж авсан юм. Юуны түрүүнд В.Инжаннашийн уран зохиолын үзэл санаа эдүгээ цагтай яаж харгаж байна вэ? гэдгийг олж харахыг хичээсэн.

- “Улаан асарын зүүд” романы 2-3 нь ч орчуулгын хувилбар байна. Тухайн бүтээлийн орчуулгын талаар таны бодол?

- Их чухал асуулт байна. Уран зохиолын орчуулгын талаар төвөгтэй зүйл нэлээд их байна. Тухайн харь хэлийг би мэддэг, гээд орчуулга хийнэ гэсэн үг биш. Уг үндэстнийхээ бүхий л онцлогийн талаар сайтар үзэж судалж, гүн гүнзгий ойлголт, мэдлэгийг би одоо л хуримтлууллаа даа, гэсэн тэр цагтаа л уран зохиолыг нь орчуулж чадах хэмжээнд хүрдэг болов уу.

- Тайж В.Инжаннаши багаасаа хатуу сургаалаар хүмүүжсэн, удамт язгууртан. Ванчинбал тайжийн гэрийн дэг сургууль бол XIX зууны монголын утга соёлд төдийгүй одоо ч асар их үнэ цэнэтэй сургалт, гэрийн боловсролыг гайхалтай олгож чадсан, тархи оюун, зүрх сэтгэлд нь монгол үндэстнээ гэх халуун сэтгэлийг гүн бат суулгаж өгсөн тийм чухал зүйл байжээ, гэж би боддог юм. В.Инжаннашийн гэрийн багшийн тухай, нанхиад багш байсан эсэх талаар?

- В.Инжаннаши хятад багштай байсныг гаргахад хэцүү. Тухайн цагийн Баруун Түмэдийн том язгууртан Вандуднамжил зохиол бүтээлээ нанхиадаар бичдэг байсан том сэхээтэн байсан. Тэр хүний В.Инжаннашийн орчуулгыг маш өндрөөр үнэлж бичсэн баримт бий.

-Харчин ван Сэвэгдорж бол тухайн цагийн монголын том сэхээтэн байсан. Тэдний гэр өргөөний номын санд В.Инжаннаши их очдог байсан тухайгаа тэмдэглэж үлдээсэн байдаг?

- Харчин вангийн номын сан бол лав Ванчинбал ноёны гэрийн номын сангаас илүү их байсан. Учир нь В.Инжаннаши харчин вангийн ордонд жил гаран хугацаанд суухдаа маш ихийг уншиж судалсан тухайгаа, цаана нь унших үзэх маш их юм байна даа, гэдгийг тэмдэглэсэн байдаг.

- “Улаан асарын зүүд” романыг дан нанхиадын сонгодог зохиол гэж үзэхэд эргэлзээтэй санагддаг.

- Бас тийм ээ. “Улаан асарын зүүд” роман бол манж, хятадын завсрын шинжийг илүү шингээсэн бүтээл юм. Тиймээс Өвөрмонголын нутаг дэвсгэрт илүү их дэлгэрсэн байдаг. Учир нь тухайн цагт монголын нийгмийн дээд давхаргынхан манжтай олон талаар холбоотой байсан зүйл их бий.

- XIX зууны үеийн харчин, түмэдийн амьдралын тухай уншиж, судалж байхад яг хятад маягийн амьдралтай байсан болов уу, гэмээр байдаг.

- Тийм, хятад соёл их эрт орж ирсэн, түмэдэд. Гэхдээ 1920-иод оны үед баруун түмэд, харчингууд хятадаар ярьдаггүй, бараг нэг ч хятад үг мэддэггүй байсан тухай өвгөд хуучилдаг юм даа.

- В.Инжаннашийн “Нэгэн давхар асар”, “Улаанаа ухилах танхим” хоймсон романы үнэ цэнийн тухайд?

- Дэлхий дээр янагийн үлгэрийг бичсэн тийм  гайхалтай зохиолын жишээ олоход маш хэцүү. Тэгвэл В.Инжаннаши шиг хослууж бичсэн зохиолч их цөөхөн юм даа. Гоо сайхны талаар гэхээсээ илүү нийгэм, ардын талаар түүн шиг бичсэн нь даанч цөөн юм. Тухайн үед Монгол үндэстнийхээ доройтлыг зогсоох, үзэл ухамсрыг сэргээх сэнхрүүлэх үзэл санаа маш чухал байсныг гагцхүү В.Инжаннаши л олж харсан.

- “Улаан асарын зүүд” романы өгүүлэмж, үйл явдал амьдралаас ангид ч юм шиг санагддаг? “Бэнсний үлгэр”-ийн талаар?

- “Хүнг Лөү Мэнг”романы доторхи шиг тэгж амьдарч байсан хүн хаа ч байхгүй л дээ. Хэдэн арван жил судлаад Жао Бао-гийн дүрийн талаархи асуудал нэг мөр болоогүй л байна. Тухайлбал, “Бэнсний үлгэр”-ийн гаргаж тавьсан соёл бол хятад соёл огт биш, яах аргагүй монгол соёл юм шүү дээ.

- Хасбуу болоод Инжаннашинийг нэг хүн гэж үзэх хүмүүс ч байна, энэ талаар?

- Хариуцлагатай хэлэхэд Хасбуу болоод Инжаннаши нэг хүн биш. Ганцхан зүйл жишээ болгож хэлэхэд Хасбуу болоод Инжаннашийн зохиолын хэл, үгсийн сангийн талаар маш их зөрөө байдаг.

- В.Инжаннаши хэлсэн байдаг, “29 нас хүртэл минь намайг бүрэн таньж авсан цорын гагц хүн бол Хасбуу юм.” гэж, тэгэхээр Хасбуу, Инжаннаши хоёр уулзаж байсан болов уу?

- Уулзаж байсан нь лавтай. Харин Хасбуу бол Инжаннашаас хоёр үеийн зөрөөтэй амьдарч байсан хүн юм. Өөрөөр хэлвэл Хасбуу бол Ванчинбал тайжийн үед бас Инжаннашийн үед ч амьдарч байсан.

- Хүний амьдрал гэдэг зүүд зэрэглээ ч юм шиг. В.Инжаннашийн хоймсон романуудын доторхи зүүдний өгүүлэмжүүд ихээхэн сонирхолтой байдаг?

- Бас ч ертөнц юу ч биш гэсэн үг биш болов уу. В.Инжаннаши зүүдээр тайлах ёсыг маш их үзэж судалсан хүн дээ.

-Тайж Л.Ванчинбалын талаархи судалгаа орхигдоод байна?

-Ёстой тийм. Ванчинбалыг ерөөсөө судлахгүй байна. Данс, архив ”Магад хууль”-ийг нэлээд үзэх хэрэгтэй юм. Манж хэлийг төгс эзэмшсэн судлаач цөөн юм даа.

- “Монголын нууц товчоо”-ны судлагаанд ч нэг мөр болоогүй асуудал олон байна даа?

- “Монголын нууц товчоо”-г аман зохиолын дээжтэй, түүхтэй хамтруулж бичсэн юм. “Шижин” хүртэл түүх, уран зохиолыг ялгаж салгаагүй бичигдсэн. Бас зохиож оруулсан зүйл ч их байна.  

- “Монголын нууц товчоо”, “Алтан товч” зэрэг зохиолд Гоо ван Мухули-гийн тухай огт өгүүлдэггүй, харин В.Инжаннаши “Их Юан улсын мандсан төрийн Хөх судар”-таа Мухули-г маш тод гаргасан байдаг

- Юан улсын түүх, хятадын түүхэн тэмдэглэл зэрэгт Гоо ван Мухули-гийн талаар онцгойлон тэмдэглэж бичсэн байдаг. В.Инжаннаши лав тэдгээрийг уншиж судалж, оруулсан нь дамжиггүй ээ.

- Их зохиолч В.Инжаннашийн намтар судлалын ажилд эзнээ хүлээсэн олон асуудал байна даа?

- Үнэхээр тийм. Их зохиолч В.Инжаннашийг судална гэдэг бол их хүнд хүчир мөртлөө, их бахархууштай юм шүү. Учир нь дэлхийн монгол судлалын хүрээ хэвчээнд эртний монгол уран зохиолын судлал, түүн дотроо “Инжаннаши судлал”, “Равжаа судлал” бол амин сүнс нь юм даа. В.Инжаннашийн судлалаар л гэхэд уран зохиол, урлаг, гоо зүй, түүх, гүн ухаан, шашин, соёл, угсаатан судлал гээд маш олон асуудлаар гайхалтай шинэ зүйлүүдийг гаргаж тавьж болно.

 

Ийнхүү Залгаа багш бид, их Инжаннашийн талаар хэд л бол хэдэн цаг хөөрөлдсөн ч ярьж дуусахааргүй байлаа.

Бээжин хот.

     Ярилцсан:  Гиян овогт Бямбасүрэнгийн Хишигсүх МУИС-ийн багш  доктор (Ph.D) дэд профессор