Фронт Цэгмид: Би залуу насыг эдэлсэн шиг эдэлсэн
2020/05/11
Түүнийг хотынхон “Фронт Цэгмид” гэдгээр нь андахгүй. Харин нутгийнхан нь “Малчин Цэгмид” гэж дуудах дуртай юм билээ. Монгол Улсын түүхэнд тодоор тэмдэглэгдэж үлдсэн үйл явдлуудын гол дүр, орчин үеийн монгол бүсгүйчүүдийн нүүр царай болж явсан С.Цэгмид гуай гарцаагүй түүхэн хүн.
Тэр анхны Улсын аварга малчин цолыг 18 настайдаа Х.Чойбалсангаас гардаж, Агуу эх орны дайны үед Монголын ард түмний чин сэтгэлийн бэлгийн анхны цувааг ЗХУ-ын Улаан армийн фронтод хүргэлцсэн хүн.
Үзэхийн ихийг үзсэн буурайтай уулзаж, урт холын дурсамжаар нь хамтдаа аяллаа. 100 дөхөж яваа ч хөнгөн шингэн, сэргэлэн цэлмэг С.Цэгмид гуай хэдэн арван жилийн өмнөх он, сар, үйл явдал, хүний нэрийг яг таг хэлж, өчигдөрхөн болсон зүйлийн талаар ярьж буй мэт хүүрнэх нь гайхалтай санагдсан. Түүний ярьсныг элдэв хачир, чимэггүй буулгаж, түүхэн хүний түүхийг үнэнээр нь бичихийг эрхэмлэлээ.
Ярьсан зүйлийг нь нягтлаад, цөөхөн газарт он цагийн дараалал мэтийн багахан засвар сэтгүүлчийн зүгээс хийснээ дурдах нь зөв болов уу.
-Бага нас, малчны эрдэмд суралцсан жилүүдийнхээ тухай ярьж өгөөч?
-Тэр цээжинд бэлэн байна. Би Сүрэнхорлоо гэдэг хүүхний нэгдүгээр хүүхэд. Дөрвөн эрэгтэй дүү дагуулж төрсөн. Эхээс төрөхөөс 99 нас хүртлээ малын дэргэд явна. Ээж минь баячуудад зарцлагдаж, насаараа мал дагасан. Ээжийнхээ заавраар таван настайгаасаа хурга, ишиг, эргүүлж, хонь хариулсан. Найман настайгаасаа тором сургаж эхэлсэн. (Ядуу зүдүү, баян айлын мал маллаж амь зуудаг ганц бие эмэгтэйн ууган охин ийм ажил хийх нь тэр үед гайхмаар явдал биш байсан биз ээ) Намайг малд нүдтэй, мал маллах авьяастай гэдэг байлаа. Ойр хавийнхаа айлуудын малыг бүгдийг нь нүдэлчихсэн. Дэлгэрхангайн IV багийнхаа айлуудын малыг им, тамгаар нь мэднэ. Тийм охин байлаа.
1930-аад онд төр, засаг ямааныхаа ноолуурыг бүрэн гүйцэд авах ёстой гэсэн яриа ухуулга хийх болов. Ямааны сам ч гараагүй, ямаа самнах гэдгийг огт мэддэггүй байсан үе шүү дээ. Хонь, ямааны ноос, ноолуур ашиглах тухай нэг удаагийн ухуулгын маргааш манайх учиргүй их үстэй саглагар эр ямаа гаргаж таарсан юм. Яриа ухуулгыг бодож байгаад би ямааны арьсны саглагар үсийг хяргаж, гэзэгнийхээ модон самаар ноолуурыг нь самнаж авлаа. Хөвөн шиг гоё ноолуур гарч байна. Ноолуургүй болсон угийн хялгасыг нь бас хяргаж авав.
Ингээд байж байтал сумын дарга агуу Жадамба, сумын гар үйлдвэрийн нягтлан Пүрэвээ гуай хоёр багаар явж байгаад манайхаар ирлээ. “Ямааны ноолуур, хялгасыг ингэж ашиглаж болох юм байна” гээд нөгөөхөө үзүүлтэл “Ямаа самнах заавар яг энэ. Үүнээс хойш ямааг ингэж самнана. Цэгмид ямаа самнах анхны туршлага гаргажээ” гэж байсан.
-Хэдэн онд юм бэ?
-Би 1941 онд 18-тайдаа Улсын сайн малчдын анхдугаар зөвлөгөөнд очсон гэхээр энэ 1940 оны явдал байх нь. Би 17-той байсан шүү юм байх.
-Үүнээс өмнө танай нутгийнхан ямааныхаа ноолуурыг яаж авдаг байсан юм бэ?
-Ямаа самнана гэдгийг ерөөсөө мэддэггүй, малын ноос, ноолуурыг авдаггүй шахам байсан юм шүү дээ. Сагларч унасныг нь зулгааж авна. 1930-аад оноос засгийн заавар гарч, малын ноосыг ашиглах болсон юм.
-Ээж тань баян айлд зарагддаг байсан гэлээ шүү дээ. Та айлын мал малладаг байв уу?
-Ээж минь арван хүүхэдтэй айлын зургаа дахь нь юм. Нутгийн мал хуй сайтай айлууд “Сүрэнхорлоо л малд сайн” гээд зарц хийх гээд аваад явчихдаг, ээж минь тэдний тэмээг нь ботголуулж, хонийг нь хургалуулж өгдөг байсан. Би өөрийнхөө цөөхөн малыг малладаг байлаа. Ээж минь малыг ингэж төллүүлж, ингэж бойжуулдаг юм гэж надад биеэрээ зааж өгнө. Би ээжийгээ харж, ээжээсээ суралцаж сайн малчин болсон.
-Улсын сайн малчдын анхдугаар зөөвлөгөөнд нутгаа төлөөлөн оролцож, Улсын аварга малчны анхны тэмдгийг 18-тайдаа Х.Чойбалсангаас гардаж байсан гэсэн. Тэр зөвлөгөөнд яаж шалгарч явсан юм бэ?
-Би малд нүдтэй, хайртай. Мал ч надад хайртай. Дандаа малаа дагаж явдаг, өвөл, зунгүй 3-4 км хэртэй газарт хонио дагаад явган явна. Ямар ч догшин мал байсан маажиж байгаад зөөлрүүлээд уналгад сургачихдаг, хонь малыг ч номгоруулчихдаг байлаа. Тэгээд манай нутгийнхан “Цэгмид малын авьяастай, малд нүдтэй” магтдаг байсан юм.
Улсын сайн малчдын анхдугаар зөвлөгөөнд хэнийг явуулах вэ гэж хүмүүсийн үүх түүхийг их судалсан юм гэнэ билээ. Ардын засаг мандах үед ээж минь ганц тэмээтэй, таван ямаатай байж. Тийм ядмаг байсан айл 1941 он гэхэд 105 богтой, арваад тэмээтэй болжээ. Ийм ядуу байгаад, малаа сайн маллаж өсгөсөн гээд намайг сайн малчдын анхдугаар зөвлөгөөнд шалгаруулсан юм шүү дээ. Уг нь ээжийг минь явуулахаар байснаа Цэгмид нь залуу, их ирээдүйтэй хүн гэж намайг оруулсан юм гэнэ билээ. Миний муу ижий ч ийм юм (энгэр дэх одонгуудаа заав) зүүхээр л малчин байсан ч Дэлгэрхангайн IV багийн олон түмэн намайг сонгож явуулсан. Тэгэхэд Дундговь байгуулагдаагүй, манайх Өмнөговь аймгийн харьяанд байсан юм.
-Анх нутгаасаа гарч, нийслэл орсон тухайгаа хуучлаач?
-Унаа олддоггүй. Дэлгэрхангайгаас Хулд руу явах машин арай гэж олж, тэндээсээ Өмнөговь аймгийн дарга Дэжид, Эрдэнэбилэг нарын хүмүүстэй хамт явсан. Сумын төв рүүгээ ч олон орж үзээгүй хүн Улаанбаатар хотыг анх үзэж байгаа нь тэр шүү дээ. Тэр үед одоогийнх шиг олон өндөр байшин байгаагүй. Таруухан байсан. Гэхдээ надад жигтэйхэн том, сайхан хот санагдаж байлаа.
-Улсын сайн малчдын анхдугаар зөвлөгөөн гэж жигтэйхэн сайхан юм болов уу?
-Өө, гоё юм болсон. Улсын сайн малчдын анхдугаар зөвлөгөөнийг Бөмбөгөр ногоон театрт хийсэн юм шүү дээ. Би Дэлгэрхангай сумаас Алим гуай гэдэг хөгшинтэй хамт очсон. Аймаг, аймгаас 300 шахам хүн цугларсан тэр хуралд би тэргүүлэгчээр сууж байлаа. Ю.Цэдэнбал Эвлэлийн хорооны дарга гээд жаахан хүү тэнд зэрэгцээд суусан.
Х.Чойбалсан малчдаа жигтэйхэн баярлуулж, олон хүнд одон, медаль өгсөн. Намайг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, хамгийн анхны Улсын аварга малчин гэдэг тэмдгээр шагнасан. Бас үнэ бүхий зүйл, оёдлын машин, бодын хөөвөр, ямаа самнах сам бэлэглэж байлаа. Уг нь Х.Чойбалсангийн өгсөн Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон өөр байсан юм. Сүүлд “Энэ одон солигдсон. Одоо үүгээр солино” гээд ийм задгай одон өгсөн. Хуучин нь архивт байдаг байлгүй. Төр засаг минь их том шагнал өгсөн юм аа, надад. Түүнийхээ ачаар сайхан л явлаа.
-Таныг Улсын сайн малчдын зөвлөгөөнд яваад, төрийн том одонгоор шагнуулаад ирэхэд нутгийнхан чинь яаж угтаж байв?
-Нэг их сүйд болоогүй. 11 өртөө газар шуудангаар явж, оёдлын машин, үнэ бүхий зүйлээ ганзагалсаар Дэлгэрхангайдаа ирсэн. Айл, саахалтынхан жаахан сонирхоод л өнгөрсөн.
-Та Дундговь аймгийг байгуулалцаж байсан гэл үү?
-Дундговийг аймаг, аймгаас хэдэн сум тасалж байгуулсан юм шүү дээ. Тэгэхэд манайх Өмнөговиос тасарч наашаа орсон. 1942 оны нэгдүгээр сард Дундговийг байгуулж, анхны хурлаа хийсэн юм. Тэгэхэд би Дэлгэрхангай сумаасаа Думаагийн Сүх гэдэг хүүхэнтэй хоёул очиж, Дундговийг байгуулах анхдугаар хуралд депутатаар оролцон, тулгын чулууг нь тавилцаж байлаа. Юмбүү дэрсэн усанд аймаг байгуулах гэж байгаа юм гээд 11 гэр барьсан байж билээ. Ингээд аймаг, сумын депутат гэж дөрвөн жил явсан.
-Дэлхийн II дайны фронтод бэлэг хүргэх хүмүүсийг шилж сонгож л авсан байж таарна. Таныг яаж тэнд багтаасан бол?
-Хамгийн шилдэг, тэргүүний гэсэн хүмүүсийг нутаг орон нь цохож, түүнийг нь Х.Чойбалсангийн хүмүүс давхар үзэж шалгаж авсан юм гэнэ билээ. Би анхны улсын аварга малчин, одон зүүсэн ганц малчин нь байсан учраас Дундговиос намайг цохож оруулсан. Бэлэг хүргэхэд 18 аймгийн 15-ынх нь төлөөлөгч явсан. Намын хорооны дарга, сумын дарга, ударник гээд дандаа тэргүүний улс байлаа. Жүжигчин Цагааны Цэгмид, Ц.Дамдинсүрэн, ШУА-ийн Ширэндэв, жанжин Мижид, Гонгор баатар гээд дандаа нэртэй, цолтой улс хамт явсан.
-Таныг фронтод явуулна гэхэд гэр орон, нутаг орныхон тань яаж байв. Ер нь тэр үед юу болов?
-Орос дайнтай гэнэ гэж дуулдаад л байлаа. Тэр их хол газар л гэж бодож байснаас тэнд очно гэж зүүдэлж байсангүй. Нэг удаа сумын төвд 10 хоногийн семинарт дуудагдаж очоод байтал агуу Жадамба гуай “Чи ямар унаатай яваа вэ” гэлээ. “Би унаж ирсэн тэмээгээ тавиад явуулчихсан. Явган харина” гэтэл “Чамайг хол газар явуулахаар болсон. Бушуухан харьж ээжтэйгээ уулзаж, явах гэж байгаагаа дуулгаад ир.
Маргаашийн дотор аймаг руу явна” гэж тушаагаад, сумын нарийн бичгийн дарга Нямцэрэнг “Цэгмидэд одоохон морь гаргаж өг” гэж үүрэгддэг юм байна. Ингээд сумаас оройхон гарч, шөнө гэртээ иртэл ээж минь “Яасан хурдан ирэв” гээд баярлаж байна. “Намайг тэр дайнтай газар руу явуулна гэнэ” гэтэл “Буруу хойшоо, ийм жаахан амьтан яаж чаддаг юм, би хүүхнээ тэр дайн дажинтай газарт явуулахгүй” гээд надтай хамт сум руу очлоо. Гэтэл сумын хүний эмч Цэнд-Аюуш “Танай хүүхэн хамгийн аз, буянтай хүн юм. Ийм юманд явуулахгүй яах юм бэ. Ямар ганцаараа явах гэж байгаа биш, олуулаа явна.
Сүрэнхорлоо гуай минь битгий ийм юм ярь, үг дуугүй харь” гэдэг юм байна. Ингэж байтал агуу Жадамба гуай “Бушуу хот руу яв” гэж шаардаад, ээж минь жигтэйхэн дургүй явуулж билээ. Яг явах болтол сумын нарийн бичгийн дарга “Хувьсгалт Монгол” танкийн цувааны мөнгийг Цэгмидээр хот руу өгч явуулъя гээд хүлээлгэчихэв. Айл өрх бүрээс мөнгө хуралдуулж танкийн цувааны хөрөнгийг бүрдүүлсэн юм шүү дээ.
Нөгөө мөнгө нь хараахан бэлэн болоогүй байсан уу, хүлээлгэсээр нар шингэж, цас бударч, шуурч эхлэв. Гэтэл агуу Жадамба гуай “Явахгүй юу хийж байгаа юм бэ. Одоо яв” гэж загнаад өртөөний улаач Памбага улаа нэхэж, бид шуурган дундуур явсаар Хулгана сүүжийн өртөөнд хүрч хонов. Тэндээсээ маргааш нь Хадан хошууны өртөөнд ганцаараа хүрсэн. Годойсон муу охин гэнэт хүрч ирээд ажил удахаар өртөөнийхөн ямар дуртай байх вэ. “Хаачих гэж байгаа юм” гээд янз муутай байна. Сумын захиргаанаас “Саадгүй, хурдан явуул” гэсэн ногоон зар бичиж өгснийг нь үзүүлтэл өртөөний хүүхэн, залуу хоёр намайг аргагүй чухал хүн юм гэж бодов бололтой, байцаахаа больж, морио эмээллэн, Сайн цагааны өртөөнд хүргэж өгсөн. Ингэж мориор хэдэн өртөө явж Дундговь ороод, тэндээс машин олж хот орсон. Машин ховор, хааяа нэг “Зис-5” ирэхээрээ бэлгийн мах, арьс шир дүүрэн ачсан, ямар ч зайгүй. Арай гэж унаа олж билээ.
Хотод ирээд, бэлдсэн байранд нь ороод байтал “Үйлдвэрт очиж, биений чинь хэмжээг авна. Хувцас хийж өгнө” гэсэн. Ингээд хүн тус бүрт сэгсүүргэн болон хурган дотортой дээл, эсгий, монгол, савхин гутал зэрэг 2-3 ээлжийн өвч хувцас өгсөн тул бид хуучин хувцсаа орхиод, улсаас тавьсан хувцсыг өмсөж явсан.
ЗХУ руу явсан бүх зүйл, өдөр сар ч миний цээжинд тод байна. Биднийг арваннэгдүгээр сарын 26-нд Улаанбаатараас үдэж гаргасан юм. Аймаг, аймгаас ирсэн улсууд хөх өнгөтэй “Паз” автобусаар явсаар Цагаан-Овоогийн дамжуулганд очиж хоносон.
Модон шалан дээр унтаж хоноод маргааш нь ууж, идэх ч юмгүй явж хил давж, оройн дөрвөн цагийн үед Наушкаас галт тэргэнд суун, Москва руугаа чиглэсэн юм даг. Москвагийн наахна явж байтал дээгүүр онгоц нисэж, түүнийг дайсны онгоц гэцгээж байсан. Алчих вий гэж бодож ч байсангүй, бага байсан болохоор үхнэ гэж нэг ч боддоггүй байж дээ.
-Х.Чойбалсан нарын томчууд та нартай хамт явсан юм уу?
-Төрийн томчууд ямар унаагаар галт тэргэнд хүрснийг мэдэхгүй. Лав л бидэнтэй хамт автобусаар яваагүй. Харин галт тэргэнд хамт явсан юм билээ. Бид ес хоног явж Москва орсон шүү дээ. Галт тэргэнд явж байхад замд таарсан хот бүрийн нэрийг нэг орос хүн хэлж өгч, тайлбарлана. Биднийг Москва руу гарах үед Баянтүмэнгээс бэлгийн мах, янз бүрийн зүйл ачсан цуваа хөдөлсөн юм билээ. Түүнийгээ хүлээж Москвагийн наахна, Свердловск гэсэн байх аа, нэг шилэн хотод өнжихдөө Х.Чойбалсан, Бумцэнд нартай хамт цайлж, хамт явааг нь мэдсэн.
-Москвад та бүхнийг хэрхэн хүлээж авав?
-Арванхоёрдугаар сарын 5-нд Москвагийн вокзал дээр буусан. Хүн бүр нэг машинд суухаар олон хөнгөн тэрэг бэлдчихсэн, их сайхан угтаж авсан. Вокзал дээр бууж байсан миний нэг их сайхан зураг байсан. Улс дамжуулж авч яваад алга хийчих юм. Ирээдүйд ийм юм болно гэдгийг мэдэхгүй залуу бага байсан ч би Улаанбаатараас гараад Москва, фронт хүртэл үзэж харсан юмаа бичиж тэмдэглээд явсан юм. Тэр дэвтэр маань ч алга болсон. “Морьтой ч болоосой”-д тоглосон Гавьяат Батсүх миний төрсөн дүү шүү дээ. НАХЯ-нд ажилладаг Бурмаа гэж дүү байлаа. Тэд миний юмнуудыг авч яваад буцааж өгөлгүй алга болгочихсон.
-Фронтод очиход ямар санагдав?
-Монголоос очсон хүмүүс Москвад тав хоночихоод, фронтод өгөх бэлгээ хувааж аваад дөрвөн тийшээ гарсан. Москвагаас баруун хойш жинхэнэ дайны гал дүрэлзэж байсан фронтод Сүрэнжав дарга тэргүүтэй, майор Одсүрэн, 17-р армиас явсан Иванов гэдэг жаал орос хүүхэн, Өвөрхангайн Жадамба, Ховдын Занаа, бидний 7-8 хүн очсон. Арванхоёрдугаар сарын дундуур, өвлийн ид хүйтэнд тэнд байлдаж байсан орос цэргүүд уранхай бакаалтай мөн ч өрөвдмөөр байсан даа. Сүрэнжав дарга “Германчууд гурван км-ийн зайд бий” гэж байсан. Бууны сум толгой дээгүүр шунгинаад л, эвгүй шүү. Бид тэнд нуувчинд, пуршин дээр нь өвс зулж, шинель дэвссэн төмөр орон дээр 7-8 хоносон.
-7-8 хоног галын шугаманд дээр юу хийсэн хэрэг вэ?
-Бэлгээ тараасан. Бид Монголын ард түмний илгээсэн бэлгийг цэргүүдэд нэг бүрчлэн гардуулсан юм шүү дээ. Байлдааных нь завсар чөлөөгөөр цэргүүдийг салаа, сумангаар нь байрлаж байсан нуувчинд маань оруулж ирнэ. Сүрэнжав дарга Монголын ард түмний захидал, илэрхийлэлт гээд оросоор ном уншина. Тэгээд л бэлгээ тараана даа. Цэрэг тус бүрт хөдсөн дээл, шинель, савхин дээл, 2-3 янзын гутал, бээлий, гар нүүрийн саван өгч байсан юм. Суман цэргийг хэдхэн минутанд хувцаслаад гаргана. Дайны үед чинь тэгж тухалж, удахын арга байхгүй шүү дээ.
-Дэлхийн II дайнд дайсны өөдөөс буудаж явсан гэдэг. Тэр талаараа хуучлаач?
-Сүрэнжав дарга “Бид дайнд гар бие оролцъё” гэсэн юм. Тэгээд оросууд бидэнд 32 сум гардаг, дугуй ленттэй автомат буу үүрүүлээд, бай буудуулсан. Тэгснээ “Германчууд энэ тосгоныг эзэлсэн байсан. Одоо байгаа юм уу, үгүй юү мэдэхгүй байна” нэг тосгон руу явуулсан. Бид автомат буугаа тачигнуулаад баахан явсан. Бидний өөдөөс буудсан хүн ер байхгүй. Ингээд та бүхэн энэ тосгоныг чөлөөллөө л гэсэн.
-Бас их буугаар буудсан гэдэг шүү дээ?
-Бүх цэргээ хувцаслаж, гарын бэлгээ өгч дуусаад, Сүрэнжав дарга “Их бууны ангид очъё” гэлээ. Орой 7 цагийн үед юм сан. Их бууны дуу гэдэг чинь хэнгэрэг хагалчихаар л юм байлаа. 200 кг-ийн жинтэй сумтай, 45 км-ийн тусгалтай буу гэж тайлбарлаад, сумыг нь бууныхаа бөгс рүү хийгээд хүчтэй дугтрахаар сум нь гараад явчихдаг гэж зааж өгөв. Тэнд Сүрэнжав дарга Монголынхоо ард түмний өмнөөс, Одсүрэн майор Монголын цэрэг эрсийн өмнөөс, би Монголын эмэгтэйчүүд, залуучуудын өмнөөс буудсан. Миний ээлж болоход хормой чичрээд байж билээ. Оросууд “Айх юм байхгүй. Команд өгөхөөр олсноос хүчтэй дугтраарай” гэсэн. Тэгээд намайг “Буугаа сумалж байгаагаар суу” гэсэн. Ингэж авсан зураг нь сүүлд надад Оросоос ирсэн. 200 кг сумыг буу руу өргөлцөж хийгээд, Сүрэнжав даргын нарийн бичиг Бадарч надад тусалж, бид хоёр олсноос нь дугтарсан. Ямар ч байсан сум нь гараад явсан.
Маргааш өглөө нь гар нүүрээ угааж байтал нэг орос цэрэг монгол бичигтэй сонин бариад ирлээ. Тэнд нь “Гурван монголын буудлагад дөрвөн их буу, 32 герман оногдсон” гэсэн байсан. Ээ зайлуул, хөөрхий. Хүн алчихсан л болдог байх даа. Бид гурвын хэнийх нь суманд оногдсон юм, хэн мэдэх вэ. Тэр сонингоо би аваад ирсэн байсан юм, бас л дүү нар үрсэн.
-Орос цэргүүдтэй ярьж хөөрөх, танилцаж, нөхөрлөх боломж ер нь байсан уу. ЗХУ-ын баатар В.П.Носов, та хоёрын зургийг янз янзаар тайлбарлаж харагдах юм?
-Тийм боломж ер нь ховор байсан. Надтай нас чацуу Носов гэж хүү шумбадаг цагаан онгоцоор германчуудыг бөмбөгдөж баатар болоод, баатрын тэмдгийг нь биднийг очих үеэр гардуулсан юм. Манай дарга нар “Манай 19 настай Цэгмид Монгол Улсын анхны аварга малчин болсон. 19 настай Носов дайны баатар боллоо. Төөлбөл нуруу, тоолбол нас чацуу хоёр хамт зургаа авахуул. Дурсгалын зүйл солилц” гэсэн юм. Тэгээд хамт авахуулсан зураг байдаг юм. Би аяганы уут бэлэглэж, тэр надад эрээн иштэй, хуйтай жижиг хутга бэлэглэсэн. Тэгэхэд манай нөхөр гэж надаас насаар ахмад өвгөжөөрхөн хүн байлаа. Хутгыг би ирээд нөхөртөө өгсөн. Хутга тэгээд үрэгдсэн.
-Та аяганы уут авч явсан юм уу?
-Манай дарга нар л “Үүнд аягаа хийж зүүгээрэй” гэж хэлээд өгөөрэй” гээд өгсөн юм. Би юу гэж тэнд очиж тийм хүнд юм өгнө гэж бодож, гэрээсээ тийм уут авч явах вэ.
-Носов баатар, та хоёрыг бие биедээ татагдаж дурласан гэсэн ойлголт байдаг. Тийм зүйл болсон юм уу?
-Тийм юм байхгүй ээ, байхгүй. Тэгж амжаагүй. Инээж, хөхөрч, ярьсан хэдэн хөөрхөн дурсгалтай зураг л үлдсэн. Тэр байлдаж явсан, завгүй хүн шүү дээ. Ямар удаж суух цаг зав байх биш. Хэл ус ч мэдэхгүй учраас ярилцаж, хөөрөлцөж найз нөхөр болж явж чадаагүй. Аргагүй баатар цол авч л надтай уулзаж, зураг хөрөг авхуулсан. Бид хамт Ил-12 онгоцоор фронт дээгүүр цаг хэртэй ниссэн. Кинонд тэр нь гардаг юм. Тэгээд маргааш, нөгөөдөр нь дахиж уулзаагүй. Дайндаа явсан байлгүй. 1973 онд Оросоос дөрвөн хүн ирж надад “Гвард” медаль гардуулсан. Тэр дунд явсан Филатов гэдэг хүн “Би 16 настай байхдаа танаас фронтод бэлэг авч, бүрэн хувцаслуулаад гарсан” гэж байсан. Харин Носовоос нэг ч хэл ул байхгүй. Захиа занаа ч ирээгүй.
Ялалтын ойгоор байлдаж явсан хүмүүс ирдэг шүү дээ. Тэр дунд Носовын зураг ер гардаггүй юм. 1943 онд сүрхий дайн болсон. Тэгэхэд үрэгдсэн юм уу, яасан юм, хөөрхий.
-Сталинтай уулзсан тухайгаа дурсаач?
-Бид Орост 2-3 сар болсон шүү дээ. 1943 оныг Москвад угтсан. Шинэ оноо үзчихээд буцах юм бодтол байдаггүй. Бид тэнд хийх ажилгүй дэмий хэсэг байлаа. Гадуур явна, музей үзнэ. Тэгээд даалуу, хөзөр тоглоно. Яах гээд байгаа юм бол гэтэл 1943 оны хоёрдугаар сарын 2-нд Сталин хүлээж авах гээд, түүнийг хүлээж байсан юм билээ. Сар гаруй хүлээж байж Сталинтай уулзсан. Сүрэнжав дарга манай байранд ирээд “Сталин Кремльд биднийг хүлээж авна. Нөгөө өмсдөггүй нимгэн дээл, хромон гутлаа өмсөөрэй” гэсэн. Ингээд очтол салхи шиг юмаар үлээлгэж, биднийг цэвэрлээд оруулсан. Хүлээгээд зогсож байтал хойноос хэдэн хүн гараад ирлээ.
Нэг нь Сталин мөн дөө. Шууд яваад Х.Чойбалсантай гар барих байх гэж бодож байтал бидэнтэй захаас нь эхлэн гар бариад бүгдтэй нь мэндэлсэн. Ийшээ орно гээд нэг өрөө рүү оруултал цайллага хийх ширээ засаад, бүгдийнх нь нэрийг бичээд тавьчихсан байсан. Тэнд хоёр цаг хэртэй болсон. Тэгэхэд “Ядарсан цагт нөхрийн чанар танигддаг. Монголчуудыг ядарч байхад японыг ялж бид тус болсон. Манай улс руу Герман гэнэт довтолсон хүнд үед Монгол өдий төдий хувцас хунар, хоол хүнсээр тусаллаа” гэж байсан юм шүү. Тэгээд бид ямар Сталинд морь, тэмээ өгөлтэй биш. Бумцэнд, Чойбалсан нар Сталин, Калинин, Жуков нарыг цусан гавьяаны улаан тугийн одонгоор шагнасан юм шүү дээ.
-Фронтоос ирэхэд тань монголчууд та нарыг жинхэнэ баатар шиг хүлээж авсан уу?
-ЗХУ-аас ирэхэд нийслэлд ч, аймаг, сумынхан ч их сүрхий хүлээж авч, уулзалт, яриа таниулга хийлгэдэг байсан. 1943 онд фронтод морь бэлтгэх ажилд дайчлагдаж, морь бэлтгэхийн хажуугаар яриа таниулга хийж хэсэг явсан.
-Та ер нь залуудаа монгол эмэгтэйчүүдийн нүүр царай, урдаа барьдаг хүн нь байсан юм байна шүү дээ?
-Өө тийм. Юм л болбол Цэгмид гэнэ. Цэгмидгүй юм байдаггүй байлаа. Би залуу насыг ёстой эдэлсэн шиг эдэлсэн хүн. Малаа ч сайн маллаж, олон гавьяа шагнал авлаа. Засаг, төрийн ажил, хурал зөвлөгөөнд ч оролцож, ийш тийшээ явсан. Дайн дажинтай газар ч очиж, гадаад, дотоодод явлаа. Дэлгэрхангайд байхдаа Ардын өөрийгөө хамгаалах сайн дурын морьт отрядад орж, бэлтгэл сургуулилалт хийж, 1946 онд Ардын хувьсгалын 25 жилийн ойд морин парадад хүртэл оролцож байв шүү дээ. Морьт отрядын шомбойсон малгайтай, цэгээн торгон дээлтэй, сайвар халтар морьтой, япон винтов үүрч, сэлэм зүүгээд 100 эмэгтэй командлаад давхиж явсан минь дүрс бичлэгт үлдсэн байдаг юм. Тэр баримтат кино маань ойрд харин гарахаа байж. Улсын сайн малчдын нэг, хоёр, гуравдугаар зөвлөгөөнд явсан. Эмэгтэйчүүдийн дөрөв, тавдугаар их хуралд оролцож байлаа.
-Та их сэргэлэн хүүхэн байж ээ?
-Жигтэйхэн сэргэлэн. Юм бүгдийг андахгүй. Дарга нарын хэлж байсан үг, хийж байгаа ажлыг бүгдийг мэднэ. Яаж тийм сүрхий ад мөрийн байсан юм бэ. Тэгээд үг хэлэх болбол дарга нар Цэгмид л гэнэ. Би ч хөөрхөн донжийг нь олоод хэлчихнэ.
-Танд мал маллах цаг зав ер нь байсан юм уу?
-Намайг ийш тийш явчихаар муу ижий минь малаа маллаж байна. Би ирээд малаа маллана. 1948 онд Улсын сайн малчдын гуравдугаар зөвлөгөөнд оролцож ирээд жил бүр хүүхэд төрүүлж, хурал семинарт явахаа больсон.
Захиргаадалтын жилүүдэд бишгүй л ажиллалаа. Дэлгэрхангайгаас Сайхан-Овоод шилжиж ирээд тэмээ маллаж, 17 жил ингэ ботголуулж, арван жил бага мал малласан. Хэдэн нялх хүүхэдтэй ганц бие хүүхэн зүтгэсээр энэ сумд 1000 ботго бойжуулсан. 1962 онд сүрхий байгалийн гамшиг, шуурга болсон юм. Тэгэхэд би 40 гаруй ботгоо гэртээ хийж, мэнд авч үлдэж байлаа. Гэрээ ачаад хэдэн малынхаа бэлчээрийг дагаж жилд 16 удаа нүүж, отор хийж явлаа. Дарга нар нүүрэн дээр “Тэмээгээ сайн таргалуулсан байна” гэж магтаад, хэрэг дээрээ өөрийнхөө хамаатныг тарга хүчний аварга болгочихдог байлаа.
Энэ сумд ирээд хоёр удаа төлийн аварга болсноос өөрөөр хөдөлмөрөө үнэлүүлээгүй дээ. Тэглээ гээд намайг ингэлээ гэж хэл ам хийж, нэр төр хөөцөлдөж яваагүй. Нутагтаа, Дэлгэрхангай сумдаа байсан бол ингэхгүй байсан даа гэж хааяа боддог л юм. Тэр ч яах вэ, тэглээ гээд хохирсон юм алга. Хангай дэлхий минь намайг ивээлдээ авсан. Урт наслаад, эрүүл энх сайхан л байна.
-Ингэхэд та яагаад өөрийг тань тэгтлээ дэмжиж, мандуулж байсан нутгаасаа гарч, өөр сумд ирсэн юм бэ?
-Манай хүүхдүүдийн эцэг гэж нэг муухай харгис хүн байлаа. Түүнийг Дэлгэрхангайд орхиод зугтааж наашаа ирсэн юм. Манай дүү Бурмаа Өвөрхангайгаас гэр бүлтэй болж, энд суурьшсан болохоор түүнийг бараадаж ирсэн хэрэг.
-Тийм айхтар хүн байсан хэрэг үү?
-Бэлэг хүргэж явахад байсан нөхөр минь тэгсхийгээд бурхан болж, түүнээс хойш ханьгүй явж байгаад хүүхдүүдийн аавтай нийлсэн юм. Манайх цөөхөн адуутай, хэдэн тэмээтэй, таван хошуу шахам малтай болчихсон байсан. Ах маань “Манай нутгийн тэнэмэлдүүхэн хүү байна. Муу нь яах вэ, хүнд хань хэрэгтэй. Ядахдаа хэдэн адууг чинь харж, хамгаалаад байна байх. Ханил, ханил” гэж байгаад ханилуулсан юм. Таван жил овоо хүн шиг явж, хэдэн хүүхэдтэй болоод, сүүлдээ зан ааш нь хувирч, агсан согтуу тавиад болохоо байсан. Их муухай дүрсгүй хүн байлаа. Нэг хүнийг шөнө буудаж хөөгөөд, ээжийг минь цохиж аваад, намайг ч шанаадаад. Тэгээд “Больё чи минь, хэдэн хүүхдээ би бойжуулчихаж чадна” гээд наашаа нүүсэн дээ.
-Та хэдэн онд энд ирсэн юм бэ?
-1956 онд ирсэн. Тэгэхэд бага охин минь өлгийтэй ирж байлаа. Би 25 хүрч байж анхны хүүхдээ төрүүлсэн шүү дээ. Тэгээд найман жилд зургаан хүүхэд төрүүлсэн. Хонь, ямаа шиг л төрсөн. Хүүхдээ төрүүлээд зургаан сар болоод л хөх ширгэчихнэ, тэгээд дараагийнх нь хүүхэд ирнэ. Ижий минь л тэмээний сүүгээр угжиж хэдэн хүүхдийг минь хүн болгосон доо. Зургаан хүүхдийн том нь миний 25-ны гахай жилд гарсан, аймгийн заан Гомбосүрэн гэж одоо сумдаа байгаа. Удаах нь хулганатай хүү байх байсан. 1948 онд Улсын сайн малчдын гуравдугаар зөвлөгөөнд оролцоод буцаж явахад Гангын давааны ард машин сууж, өвлийн дунд сард хээр долоо хоносон. Тэгэхэд найман сар гаруйтай хүүхэд минь дутуу төрөөд, эндчихсэн. Түүний дараа төрсөн бар жилтэй охиноо хоёр настайд нь хүнд өргүүлсэн.
Өргөж авсан өвгөн охины минь хөлийг нь дөрөөнд, гарыг нь ганзаганд хүргэж, техникумд сургаад өөд болсон. Өргөмөл аав нь өөд болоход охин минь над руу буцаж ирсэн. Түүний доор туулай, луутай охин, могой жил гэдсэнд ирж, морь жил төрсөн хүү, хоньтой охин төрсөн. Одоо хоёр хүү минь л үлдсэн. Дөрвөн охин минь жил дараалан үгүй болсон. Муу юм ч үзэж байна, сайхан юм ч үзэж байна. Хорвоогийн жам хойно гутаж гунилаа гээд ч яах билээ. Хэдэн хүүхдээс минь салбарласан ач, гуч 300 хүрэх нь. Хүн чинь бас их сүрхий өсөж үрждэг амьтан байна шүү.
-Та одоо хөдөө байгаад ядрахгүй байна уу. Төв суурин газар байвал биед амар биш үү?
-Төв суурин газар сууя гэсэн бол түүн шиг амархан зүйл байгаагүй. Надтай хамт Улсын сайн малчдын зөвлөгөөнд явж, одон, медалиар шагнуулж байсан залуучууд төв рүү явчихсан л байсан. Би нэг сар бүлгэмд сууж монгол бичиг сурсан. Кирил үсгийг суурин сууж үзээгүй, малын бэлчээрт үзэж байгаад 35 үсэгт тайлагдсан. Сайн малчин болсноос хойш баг, сумын эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга, ахлах ухуулагч гэх мэтийн янз бүрийн ажил үүрэг өгсөн.
Тэгэхэд нь малаа л маллана гээд тэр ажлыг нь хийгээгүй. Залуу зандан насандаа хөөрхөн, царайлаг ч хүүхэн байлаа. Өдөж хоргоодог, хань ижил минь болоод төв суурин газарт суу гэдэг хүн ч байсан. Ажил албаны шугамаар төв суурин газарт суу гэсэн хүн ч л байлаа. Тэгэхэд нь ээжийгээ орхихгүй, малаа хаяхгүй, анхны аварга малчин гэдэг алдраа мөнхжүүлнэ гээд ер тоогоогүй. Одоо ч төвд дургүй. Манай том хүүгийнх төвд орон сууцтай байж л байна. Ээж суурин газар суу гэдэг л юм. Малынхаа дэргэд байж, хүүхдүүдийн ажилд хошуу дүрж, ядаж л хэдэн эрх ямаандаа тэжээлийг нь өгч, ишиг хургаа илж суух нь сайхан юм.
-Та одоо малынхаа ажилд оролцоод л байна уу?
-Ер нь л оролцох санаатай. Та нарыг орж ирэхийн өмнө “Ишиг хуруу гар үмхэж аваад байна, хоолыг нь өгсөн юм уу” гэж илүү үглэчихээд л сууж байна. Ногоо цагаа ямар байна, хаагуур бут ногоорч, дэрсний шөвөг сайхан болж байна, нүүж суух юм сан гэхээс эхлээд дуугүй сууж ер чадахгүй шүү дээ. Би малд нэр өгч, эрхлүүлдэг хүн байгаа юм. Нэрээ мэддэг, намайг хаа явсан газарт дагаж явдаг, гараас минь ёотон иддэг хэдэн ямаа бий. Одоо ногоо идэж байгаа болохоор тэдэнд юм өгөхгүй гээд, өглөө, орой хонь хотондоо байгаа үед ямаанаасаа зугтаагаад гэрээс гарч чадахгүй, хонь бэлчсэн үү гэж асууж байж гардаг болсон. Эдэнтэйгээ ингэж суух нь сайхан байдаг юм.
ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН
Зочин · 2020/05/11
нисгэгч ЗХУ ын баатар Носов 1999 он хүртэл амидарсныг эмээд хэлж өгнө үү тэр үед 19 настай гээд таарч байна
Зочин · 2020/05/11
Ai saihan uuh tuuhtei hun yumaa