Оны отгон сар эхлэнгүүт худалдаа, үйлчилгээний газрууд бараа бүтээгдэхүүндээ хямдрал зарладаг. Гэхдээ эдгээр хямдрал бодит эсэх нь эргэлзээ төрүүлдэг юм. Гадны улс оронд бол шинэ жил угтсан баярын хямдрал нь бодит учраас иргэд хоёр, гурав хоногийн өмнөөс дэлгүүрийн үүдэнд дараалал үүсгэдэг юм билээ.

Гэтэл манайд хямдрал гэдэг нь зарагдахгүй удсан бараа бүтээгдэхүүнээ борлуулах нэг арга хэлбэр, овжин заль болоод удаж байна. Тухайбал, 150 мянган төгрөгийн гутлыг 300 мянгаар борлуулж байсан гэж бичээд түүнийгээ 50 хувиар хямдруулсан болгож харагдуулдаг. Гэтэл өнөөх гутлын бодит үнэ нь дээрх 50 хувийн хямдралтай тэнцэхээр байдаг нь харамсалтай. Цаашлаад загвар хийц нь он дамжиж хуучирсан ноос, ноолууран хувцас, нэхий дээл, улирлын бус гутал хувцас гээд хямдрал зарласан бараа бүтээгдэхүүн иргэдийн сэтгэлд хүрэх нь нэгээхэн ч үгүй. Жил бүрийн намар төв талбайд хүнсний бараа бүтээгдэхүүний хямдрал хэмээх өдөрлөг зохион байгуулдаг. Энэ жилийн хүнсний манлай үйлдвэрлэгчдийн өдөрлөгөөр өндөг хамгийн сайн хямдарсан гэгдэж байв. Өөрөөр хэлбэл, нэг ширхэг өндгийг 180 төгрөгөөр борлуулсан юм. Энэ үнийг сонсоод нийслэлчүүд төв талбай руу тор барин зүглэсэн. Гэтэл 30 ширхгээр нь багцалсан өндөг үнэндээ таарсан “давжаа” байсан нь иргэдийн сэтгэлийг гонсойлгож байлаа. Энэ мэтчилэн манайд шинэ жилийн бараа бүтээгдэхүүн цагаа олж хямдрах нь тун ховор. Харин ч эсрэгээрээ гоёлын даашинз, ээмэг зүүлт, гацуур мод, чимэглэл дээд цэгтээ хүрч үнэд ордог. Хэрэгцээнд нь тааруулаад худалдаачид амандаа багтсан үнэ хэлнэ. Ингэхдээ өнөөх л хямдрал хэмээх залиа хэрэглэхээ мартахгүй. Бараа бүтээгдэхүүнийхээ дээр “Шинэ жилийн зад хямдрал эхэллээ” гэсэн бичиг байрлуулна. 5-50, 70-80 хэмээн хувилсан хямдрал харамсалтай нь бодит бус. Өнгөрсөн хичээлийн шинэ жилээр 40 мянган төгрөгөөр худалдаалж байсан хүүхдийн даашинз шинэ жил ойртсон энэ өдрүүдэд 65-70 мянган төгрөг болчихсон байх жишээтэй. Бүр болоогүй цагаан өнгөтэй бол бусдаасаа арай илүү үнэтэй гэж байгаа. Тиймээс манайхан “Хямдрал” хэмээх залийг гадарлах болж, үнэхээр хямдарсан байвал “Эвдрэл гэмтэлтэй, уранхай цоорхой байх” гэж хардаад хазаж үзэхээс наагуур шалгаж авдаг болсон байна лээ.

 

Б.Дэлгэр