Энэ удаагийн “Ярилцах танхим”-даа эдийн засаг судлаач Х.Батсуурийг урьж хөрөнгийн зах зээл, эдийн засаг, банк санхүүгийн орчин, уул уурхайн цаашдын хандлага сэдвээр ярилцлаа.

 

-Манай улсын эдийн засгийн орчинд хамгийн тод ажиглагдаж урт хугацаанд иргэдийг сандаргаж байгаа үзэгдэл нь ам.долларын ханш байна. Зогсолтгүй өсч байгаа энэ шалтгааныг юу гэж харж байна вэ?

 

 

-Долларын ханшийг тогтвортой барьж байх үүрэгтэй Монголбанкны алдаатай буруу бодлогын уршигаар ам.долларын ханш өнөөдөр 2050 төгрөг болсон байна. 2012 онд 1350 төгрөг байсан ам.долларын ханш өнөөдөр эрс өсч төгрөгийн ханшийг даруй 50 гаруй хувиар бууруулаад байгаагийн учир шалтгааныг Монголбанкныхан өөрсдөө сайн мэдэж байгаа. Мөнгөний ханшийн уналт нь 2013 онд Монголбанкнаас их хэмжээний төгрөгийг хэвлэж гарган зах зээлд нийлүүлснээс үүдэлтэй.

 

Үүнд дээр нь нэмээд сүүлийн хоёр жилд дэлхийн зах зээлд манай улсын экспортолдог уул уурхайн түүхий эд болох зэс, нүүрс, газрын тосны үнэ огцом 40-60 хувиар унаж манай гадаад валютын гол эх үүсвэр ихээхэн хумигдсан. Өдгөө 2050 төгрөгөөс давж байгаа энэ үнэ цаашид улам өсөх хандлагатай байна.

 

 

-Монголбанкнаас ам.дол¬ларын ханшийг барих ямар ч ажил хийхгүй байна гэж хэлэх гээд байна уу?

 

 

-Монголбанкнаас их хэмжээний доллар, юанийг зах зээлд нийлүүлсээр байгаа ч нэг талаас долларын ханшийг барих оролдлого, нөгөө талаас зах зээл дэх төгрөгийн нийлүүлэлтийг багасгах замаар инфляцийг барьж байх оролдлого гэж харагдаж байна. Нэг сумаар хоёр туулай буудах гэсэн бодлого харамсалтай нь үр дүн муутай байна.

 

Мөн цаг үеэ олоогүй, нэгэнт хөдөлсөн цувааны араас гараа даллан гүйж буйтай адил мэт харагдаж байна. Инфляци харьцангуй бага түвшинд 2.9 хувь байгаа нь зах зээлээс мөнгийг эргүүлэн татах ажиллагааны үр дүн гэж тайлбарлаж болох боловч энэ нь ихэнхдээ бусад хүчин зүйлээс тухайлбал, манай инфляцид ихээхэн жин дардаг бензин, махны үнэ эрс унасантай, мөн эдийн засаг муудаж иргэдийн худалдан авах чадвар 40-60 хувь унасантай холбоотой. Ямартай ч Монголбанкны хувьд дотоодын зах зээлд гаргаж зараад байдаг гадаад валют нь ихээхэн хомсдолтой байна. Өнөөдөр манай улсын гадаад валютын нөөц 1.3 тэрбум ам.доллар гэгдэж байгаа. Хэрэв энэ бодит тоо мөн бол манай улсын гурван сарын импортын хэрэгцээг л хангах хэмжээний нөөц.

 

 

-Гаднаас валют зээлсэн тохиолдол манайд бий бил үү?

 

 

-Монголбанкнаас 2012 онд Хятадын Ардын банктай хийсэн своп хэлэлцээрээр 15 тэрбум юань нь 2.4 тэрбум ам.доллар гэсэн үг, зээлж аваад хэрэглэсэн нь манай улсын валютын нөөцийг шавхчилгүй байлгаж байх мөн долларын ханшийг 3000 давуулчихгүй байлгаж байх нэг эх үүсвэр байсан гэдгийг дурдах нь зүйтэй байх. Монголбанкнаас 2017 онд буцааж төлөх ёстой энэхүү юанийн своп зээлийн хугацааг сунгана гэж байгаа ч манай засгийн газарт, улсад үүсээд буй гадаад валютын хомсдол цаашид улам гүнзгийрэх хандлагатай байгаа нь харамсалтай.

 

 

-Дараагийн асуудал нь ипотекийн зээлтэй холбоотой. Төр энэ зээлийг олгох бодлого барьсан нь зөв алхам гэж баярлан хүлээж авах иргэд, эдийн засагчид бишгүй байна. Энэ сайн ажил мөн байж болох ч манай улсын эдийн засгийн чадамж алсуураа их суларч байна. Ингэж чадамжгүй, сулбагар байдалд энэ зээл их нэмэр болж байна гэж би хувьдаа хардаг. Үүнтэй та санал нийлэх үү?

 

 

-2013 оноос хэрэгжсэн ипотекийн зээлийг тухайн үед шинэ санаа, шинэ арга хэмжээ, эрэлтэд тулгуурласан нийлүүлэлт хэмээн хүлээн авсан. Гэвч үр дүнг нь одоо харахад цаг үеэ төдийлөн сайн олоогүй, нийгмийн гэхээсээ тодорхой улс төр, эдийн засгийн бүлэглэлийн тусын тулд хийсэн бодлого гэж харагдахаар байна. Орон сууц худалдан авагчид гэхээсээ илүүтэй арилжааны банкууд, Монголын ипотекийн корпорац (МИК), мөн эдийн засгийн тооцоолол муутай их хэмжээний барилга барьсан барилгын компаниуд энэхүү зээлийн системийн ашгийг хамгийн их хүртэж байгаа юм. Ипотекийн зээлийг амжилттай хэрэгжүүлэхэд макро эдийн засгийн тодорхой нөхцөлүүд бүрэлдсэн байх ёстой. Гэтэл энэ нөхцөлүүд бүрэлдээгүй байхад хүчээр хэрэгжүүлж эхэлсэн нь өнөөдрийн эдийн засгийн хямралд ихээхэн хувь нэмэр оруулсан арга хэмжээ болсон. Манайхны хувьд ипотекийг АНУ-д хэрэгждэг хэлбэрээр нь хэрэгжүүлэх гэж оролдсон. Гэхдээ хуулбарлан оруулж ирсэн системдээ нэлээд өөрчлөлт хийсэн нь оролцогч талуудад харьцангуй тэгш ногддог үүрэг, хариуцлагын тогтолцоог өөрчилж зөвхөн зуучлагчийн үүрэгтэй оролцож байгаа талууд болох арилжааны банкууд болоод тэдний охин компани болох МИК-д ногдох үүрэг, эрсдлийг Монголбанкинд тохсон харагдаж байна. Монголбанк өөрөө ипотекийн зээлийн эх үүсвэрийг гаргагч, санхүүжүүлэгч. Монголбанк зээлийн багцыг худалдан авагч буюу хөрөнгө оруулагчийн үүргийг гүйцэтгэж байгаа.

 

 

-Арилжааны банкууд, МИК зэрэг зуучлагчид иргэдийн эн тэнцүү хүртэх ёстой ашгийг замаас нь аваад байна гэж ойлгох уу?

 

 

-Сүүлийн жилүүдэд арил¬жааны томоохон банкуудын цэвэр ашиг гэхэд хэдэн зуун тэрбумаар хэмжигдэж байгаад гайхах зүйлгүй. Үндсэндээ ямар ч эрсдэл үүрэхгүй. Зөвхөн зээлийн зуучлалын үүрэг гүйцэтгэж байгаа МИК л гэхэд жилийн 30 тэрбумын цэвэр ашигтай ажиллаж байгааг харахад энэхүү системээс хэн илүү хожиж байна вэ. Энэ систем нь хэнд зориулагдсан систем байж болох вэ гэдгийг бодож үзэхээс өөр аргагүй. Ер нь тэгээд ипотекийн системийг цаашид удаан үргэлжлүүлэх эдийн засгийн чадамж, үндэслэл байхгүй. Өөрөөр хэлбэл, манайд зээлийг санхүүжүүлэх эх үүсвэр байхгүй. Зээл цаашид амжилттай үргэлжлэх боломжтой бусад олон нөхцөл бүрдээгүй гэсэн үг л дээ. Эрх баригчдын хувьд зээлийг үргэлжлүүлнэ, цаашлаад найман хувийг таван хувь болгож бууруулна гээд байгаа нь сонгууль угтсан популист улс төрийн шийдвэр гэж харагдаж байна. Хэрэв, энэ зээлийг гаднаас зээл тусламж авах, магадгүй мөнгө хэвлэх замаар цаашид үргэлжлүүлбэл шууд болон шууд бус байдлаар ихээхэн хохирол учруулна. Хойд хормойгоо авч урд хормойгоо нөхөхтэй ижил зүйл гэсэн үг.

 

 

-Манай эдийн засгийн орчинд банкны эдийн засаг гэх тусдаа ойлголт бий болж байна. Тодруулбал, иргэдийн хашаа байшингаас эхлээд цалин тэтгэвэр бүгд банкны гарт байна. Ард түмний гэх өмчгүй, зөвхөн банкны өртэй хүмүүс болж дуусах нь ээ. Хөл хөөр болж авсан орон сууцны баталгаа нь хүртэл банкны өмч. Арилжааны банк ийм том эрх мэдэлтэй байх нь хэнд ашигтай юм бэ?

 

 

-Маш зөв асуудлыг хөндөж тавилаа гэж бодож байна. Монгол улс өдийг болтол хоцронгуй хөгжилтэй байгаагийн нэг үндсэн шалтгаан нь манайд банк санхүүгийн мөлжлөгийн чанартай систем үйлчилж байна. Хэдийгээр бид хөрөнгөт ертөнцөд амьдарч байгаа ч гэсэн улс орны хөгжлийн бодлогын хувьд зах зээл, капитализм гэж худал хийрхэх биш харин улсынхаа онцлогт нийцсэн эдийн засгийн бодлогыг удирдлага болгох ёстой. Үүнд нэн тэргүүнд банкны систем дан ашгийн төлөө бус харин бизнес, эдийн засгаа дэмжсэн ажиллагаатай байх шаардлагатай. Мухардмал байдлаас гарах гараа магадгүй үүнээс эхэлнэ. Монголд өнөөдөр арилжааны банкууд дэлхийд хаа ч байхгүй, магадгүй Африкийг оруулахгүйгээр, тийм их эрх мэдэлтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Дэлхийн 188 орноос банкны зээлийн хүү нь хэт өндөр буюу 20 хувиас давсан улс ердөө 12 байдаг.

 

 

-Манай улс энэ 12 орны дунд байгаа гэж үү?

 

 

-Нийгэм, эдийн засгийн хямрал нүүрлэж ядуурал хоцрогдлын жишиг болсон Мадагаскар, Малави, Гондурас Киргиз улсуудын хамт энэ бүлэгт Монгол Улс багтдаг нь харамсалтай. Иргэдийн эд хөрөнгө, байшин сав, унаа, газар, эрдэс баялгийн ордууд бүгдийг барьцаанд аваад үл маргах журмаар өмчлөлдөө шууд авна гэсэн эрх зүйн орчинг бүрдүүлэн ажиллаж байгаа нь Монголын төр засаг, Монголчууд үндсэндээ банкуудын эрхшээлд байгааг нэг талаас харуулж байгаа юм. Монголын зах зээлд ноёрхдог банкууд болон Монголын санхүүгийн систем үндсэндээ гадныхны мэдэлд байдаг гэдгийг санах хэрэгтэй. Арилжааны банкууд мөнгө санхүүгийн бодлогоороо дамжуулаад Монголын эдийн засгийг атгаж, төр, засгийн бодлогод хэт их нөлөөтэй байдаг нь нууц биш. Монголын банк санхүүгийн системийг харахад нөлөө бүхий арилжааны банкууд зах зээлийн зарчмаар ажилладаг гэхээсээ илүүтэй Монголын засгийн газраар тэжээлгэж байдаг гээд хэлчихвэл хэтрүүлэг болохгүй.

 

 

-Банкны систем дангаар ноёрхож байгаа нь манайд Хөрөнгийн биржийн хөгжил муутай холбоотой гэх юм. Манайх Хөрөнгийн биржтэй. Гагцхүү тэндээс иргэн ямар ашиг хүртэж болохоо ойлгодоггүй. Ямар замаар үйл ажиллагаанд нь оролцохоо сайн мэддэггүй. Бидэнд хөрөнгийн зах зээлтэй холбогдох ямар боломж байна. Хэн тэндээс хожих ёстой вэ?

 

 

-Хөрөнгийн биржийн хувьд манайд хүлээлт үүсгээд байгаа шигээ тэгж их хөгжих үндэс, суурь одоохондоо алга. Яагаад вэ гэдгийг мэргэжлийн эдийн засагчид, улс төрчид нь ойлгохгүй байхад мэдээж энгийн иргэд ойлгохгүй. Тийм болохоор гайхах хэрэггүй. Санхүүгийн зах зээлд хөрөнгийн бирж, банк гэдэг хоёр байгууллага хоорондоо өрсөлдөгч гэдгийг санах хэрэгтэй. Хоёулаа санхүүгийн зах зээл дээр хөрөнгийн эх үүсвэр болдог.

 

Манай улсад анхнаасаа л банкны систем давуу хөгжсөн. Санхүүгийн зах зээлийн 90 шахам хувийг банк, үлдсэн арав орчим хувийг хөрөнгийн бирж, даатгал гэх мэт санхүүгийн бусад салбарууд эзэлдэг. Банк 14 хувийн хүүтэй хадгаламж санал болгож байхад мөнгөтэй хүн банкинд мөнгөө хадгалуулж ашиг хүртэхээ л бодно. Түүнээс эрсдэл ихтэй, тоглоомын дүрэм нь тодорхой болоогүй луйвар, будлиан ихтэй хөрөнгийн бирж дээр очоод хувьцаа худалдаж авна, хөрөнгө оруулалт хийнэ гэхгүй. Хөрөнгийн бирж олигтой хөгжихгүй байгаагийн шалтгаан ердөө л энэ. Гараа муу бол бариа муу гэгчээр Хөрөнгийн бирж 1990-ээд онд анхнаасаа л өмч хувьчлалын ягаан, цэнхэр тасалбарыг будлиулдаг, “угаадаг” газар болж муу нэртэйгээр гараагаа эхэлсэн. Үндсэндээ тухайн үед төрийн өмчийг цөөн тооны хүмүүсийн гарт төвлөрүүлсэн. Тэр суурь тогтолцоонд нэг их дорвитой өөрчлөлт оролгүйгээр өдийг хүрсэн гэж хэлж болно.

 

Өөрөөр хэлбэл, хөрөнгийн бирж нь хувьцаат компаниудын хяналтын багцыг гартаа төвлөрүүлсэн цөөн хэдэн тоглогч нарын тоглоомын талбар хэвээр байна. Хувьцаат компаниудын сонгодог дүрэм журам тэнд үйлчилдэггүй. Тиймээс жирийн иргэдэд хүртээлтэй хэлбэрээр хөгжих боломж үгүй. Тоглоомын дүрэм нь тодорхой бус бөгөөд, тодорхой дүрмүүд, зарчмууд ч мөрдөгддөггүй хэрэгждэггүй. Ийм байхад жирийн иргэд, шинэхэн тоглогч нар тэндээс өндөр үр дүн хүлээх нь төөрөгдсөн хэрэг болно.

 

 

-Нөгөө иргэн бүрт тараа¬гаад байсан 1072 хувьцаа юу болсон юм бол?

 

 

-Тавантолгойн орд нөөцөө¬рөө дэлхийн хамгийн том коксжсон нүүрсний орд. 6-7 тэрбум тонн нөөцтэй. Монголчуудыг 150-200 жил тэжээх орд. Энэ нь бидний өвөг дээдсээс үр хүүхэд бидэндээ үлдээсэн буян. Анхнаасаа ард түмнийх гэж зарласан өмч байсан, байсаар ч байгаа. Гадаад дотоодын ашиг сонирхлын бүлэглэлүүд Тавантолгойн ордыг авахын төлөө ордыг үнэгүйдүүлэх, уурхайг дампууруулах гээд олон башир оролдлого хийсэн, бүтээгүй. Ямар ч байсан Тавантолгой одоо ард түмний өмч хэвээр байна.

 

Ордыг ямар нэг байдлаар улсын, ард түмний өмчийн гэсэн статусыг үгүй хийх гэсэн шууд буюу шууд бус оролдлогын эсрэг уурхайн ажилтан С.Эрдэнэ гуай өөрийгөө шатааж хүртэл тэмцлээ. Энэ нь орд ард түмэнд ямар үнэ цэнэтэй байгааг, ард түмэн өөрсдийн эрх ашгийн төлөө хэрхэн тэмцэх зориг, чадвартайг харуулсан, сануулсан дохио болсон. Одоогийн эрх баригчдын хувьд Тавантолгойг сонгодог утгаар нь нийтийн хувьцаат компани болгож амалсан 1072 хувьцаагаа ард иргэдэд нь бодитоор эзэмшүүлэн уурхайг дэлхийн энтэй уурхай болгох сонирхол, чадвар алга гэж харагдаж байна. Гэвч хамгийн гол нь уурхайн нүүрс байсаар байгаа цагт 1072 хувьцаа байсаар байна гэдгийг санах хэрэгтэй. Энэ бол бодит баялагт суурилсан бодит хувьцаа. Хувьцаа алга болох ямар ч үндэс байхгүй. Харин энэ хувьцааг жинхэнэ утгаар нь эргэлтэд оруулах улс төрийн хүсэл зориг байна уу, гэдэг асуудал л байна.

 

 

-Бас нэгэн маргаантай сэдэв хөндье. Хувьцаат компани нэртэй томоохон бизнестэй аж ахуйн нэгжүүд хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашгаа тараадаггүй. Тараасан ч ганц нэг хайрцаг сүү, ганц хоёр шил архи мэтхэнээр хуурч орхидог. Хувьцаа, ногдол ашгийн сонгодог хэлбэр энэ мөн үү?

 

 

-Хувьцаат компаниудын ногдол ашгийн хувьд хүлээн зөвшөөрөгдсөн нэг дүрэм нь тухайн компани ногдол ашиг тараах эсэх нь компанийн дээд удирдлага өөрөөр хэлбэл, ТУЗ-ийн эрхийн асуудал байдаг. Олсон орлого, ашгаараа эргээд компанидаа хөрөнгө оруулалт хийнэ үү эсвэл ногдол ашиг болгож тараана уу тэд шийднэ гэсэн үг. Манайх шиг хяналтын багц нь нэг хүн эсвэл, нэг гэр бүлийн гарт байдаг хувьцаат компаниуд ихтэй улсад жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх их зөрчигдөх, тун сонголт багатай байдлыг үүсгэдэг. Мэдээж үүнд тодорхой түвшинд эрх зүйн зохицуулалт хийж болно.

 

 

-Хувьцаат компани нэртэй мөртлөө хувьцаагаа нийтэд гаргаагүй компаниуд байна. Төлөөлөн удирдах зөвлөл гэж байгуулаад тэд нар нь мөнгө иддэг уудаг байдалтай байна. Ийм байж болох уу?

 

 

-Монголын хөрөнгийн бирж гэж тоглоомын дүрэм нь тодорхой бус гажуудалтай газар байгааг би дээр хэлсэн. Үүний сонгодог жишээ нь таны тавьж буй асуулт юм. Иймэрхүү дүрмийн бус тоглолтод үүрүүлдэг хариуцлагын тогтолцоо, механизм байхгүй. Эсвэл ажиллахгүй байгаа нь тун харамсалтай. Гэхдээ энэ бол зөвхөн бирж, хувьцаат компаниудад илэрч байгаа үзэгдэл бус Монголын нийгмийн аль ч салбарт байдаг хавтгайрсан үзэгдэл юм. Манай нийгэмд нутагшсан энэ гаж тогтолцоо, бурангуй байдлыг үндсээр нь өөрчлөх боломжийг олгох цаг хугацаа ойртож байна. Тиймээс ард иргэд сонгуульд идэвхтэй оролцож одоогийн эрх баригчид болоод сүүлийн 25 жилд төрд бугшсан нөхдүүдээс салж шинэлэг сэтгэхүйтэй, ашиг сонирхлын зөрчилгүй, улс төрийн бохир заваан торонд хутгалдаагүй шинэ нэр дэвшигчдийг сонгох хэрэгтэй байна.

 

 

-Зүй нь ямар байх ёстой юм бэ. Хувьцаа, ногдол ашгийг /жижиг хувьцаа эзэмшигчид/ хэрхэн хүртэх ёстой байдаг юм бэ. Хөрөнгийн зах зээлийн үр өгөөжийг манайхан юу гэж ойлгох, хүртэх ёстой вэ?

 

 

-Хөрөнгийн бирж сонгодог хэлбэрээрээ хөгжих орчин, нөхцөл манайд бүрэлдээгүй тул ард иргэдийн зүгээс хөрөнгийн бирж дээр тоглолт хийх, тэндээс ашиг хүртэнэ гэсэн хүлээлт байгаа нь харамсалтай. Энэ бол хоосон мөрөөдөл төдий. Монголын хөрөнгийн бирж нь хувьцаат компаниудын хяналтын багцыг гартаа төвлөрүүлсэн цөөн тооны иргэн, гэр бүлүүдийн тоглолтын талбар байсаар. Нийт иргэндээ хүртээмжтэй хэлбэрээр хөгжих нөхцөл бүрэлдэх шинж ойрын ирээдүйд харагдахгүй байна.

 

 

-Манай улс төрчдийн дийлэнх доод тал нь гурав, дээд тал нь хэд ч байж болох компанийн ТУЗ гэсэн алба хашдаг. Энэ ер нь ямар учиртай албан тушаал байдаг юм. ТУЗ нэрээр мөнгө гувчуулдаг албан тушаал Монголд бий болсон мэт?

 

 

-Таны ярьж байгаа зүйлийн талаар би бас сонсож байсан. Тэгэхээр тун ортой болов уу. Төрийн болоод төрөөс тэжээгддэг томоохон хувийн өмчийн компаниудын ТУЗ гэдэг нь нэг ёсондоо улс төрчдөд хүртээх том шагналын бай болсон шинжтэй харагддаг. Нам, бүлэглэлийн нөлөө бүхий нөхдүүд эрх мэдэлд хүрмэгцээ бялуу хуваахад хүртээдэг зүсмүүдийн нэг нь ТУЗ-ийн гишүүн болох. Ялангуяа Эрдэнэс Монгол, Тавантолгой, Оюутолгой, Эрдэнэт, Багануур, Шивээ-Овоо гэх мэтийн төрийн өмчийн уурхайд, цахилгаан станцууд, их дээд сургуулиудын ТУЗ-ийн гишүүдийн орон тоонууд бялууны томоохон зүсэмд тооцогддог.

 

Ямар ч мэргэжлийн бус, төлөөлж буй компанийнхаа үйл ажиллагааны талаар ойлголтгүй нөхдүүд бялуу хүртэх журмаар ТУЗ-ийн гишүүн болчихоод сууж байдаг тохиолдлууд цөөнгүй байна. Гадаадын хөрөнгө оруулалттай компанид Монголын талыг төлөөлж ТУЗ-д нь суучихаад гадны хүн мэт аашилж, гадаадын талын эрх ашгийг хамгаалан улайрч байгаа ТУЗ-ийн гишүүд байгаа нь цагаандаа гарсан хэрэг юм. Төрийн өмчийн компаниуд дамруурлын ирмэг дээр байгаа талаар мэдээлээд байдаг атлаа өдөр тутмын үйл ажиллагаанд нь оролцдоггүй, үүрэг роль багатай ТУЗ-ийн сул гишүүд нь санаанд багтамгүй их цалин, мөнгөн шагнал авч байгааг юу гэж ойлгох вэ. Зарим төрийн өмчийн компаниудын ТУЗ-ийн гишүүд сарын 10-25 сая төгрөгийн цалин мөн жилийн тусгай хангамж нэмэгдэл авч байгаа нь ядарч туйлдаж буй эдийн засагт нэмэр болохгүй байгаа нь лавтай.

 

 

-Манай улс төрчид хэзээнээсээ л сонгуультай давхцаад ихээхэн том ажлыг хурдан түргэн амжуулдаг муу зуршилтай болжээ. Найман хувийн зээлийг таван хувь болгов. Түрээсийн орон сууц, малчны зээлийн хувийг бууруулах гэх мэт. Сайн мэдээ ч манай эдийн засгийн нөөцөд ийм хүрэлцээ чадамж бий юу?

 

 

-Санал нэг байна. Сонгууль дөхсөн үед эрх баригчдаас олон популист амлалт шийдвэрүүд гарч байгаа нь гэм биш зан. Малчдын зээлийн хүүг бууруулах гэдэг нь сонгодог популист амлалт. Яагаад ганц малчдын зээл гэж. Яагаад бусдыг нь орхигдуулж байгаа юм бэ. Зээлийн хүүг бууруулах эдийн засгийн үндэслэл байхгүй. Харин энэ хэрэгжих ганц нөхцөл нь нэг талаас эрх баригчид нөгөө талаас тэдэнтэй хамтран ажилладаг “чөлөөт зах зээлээр өрсөлдөгч” хувийн хэвшлийн арилжааны банкууд хоорондоо тохиролцох юм. Энэ тохиролцооноос одоо биш гэхэд хожим нь хаа нэгтээ, хэн нэг нь хохирно. Өр төлөөсийг төлнө. Тэр нь ард түмэн өөрсдөө байх болно.

 

 

-Сонгуулийн маргааш манай эдийн засгийн орчин өнөөдрийнхөөс хэр өөрчлөгдсөн байх бол. Иргэдийн нуруун дээрх ачаа хэд дахин нэмэгдсэн байх бол?

 

 

-Энэ жилийн сонгуулийн хувьд маш онцлогтой ард түмний итгэлийн сонгууль болно. Сонгогчид, ард иргэдийн хувьд ерөнхий сэтгэхүй, нийгмийн талаарх ойлголтын хувьд сүүлийн 25 жилд байгаагүй хэмжээний их өөрчлөлт бий болсон байна. Өөрөөр хэлбэл, өнөөгийн нийг-мийн тогтолцоонд ард түмний ит¬гэл нэгэнт алдарсан бөгөөд хүссэн хүсээгүй түүнийгээ ухаарсан байна. Ардчилал, эрх чөлөө гэсэн бодитоор хэрэгждэггүй хоосон үгээр тэжээгдэж явдаг цаг үе нэгэнт өнгөрч, ядуурал, гуйланчлал, дарангуйллын тогтолцоонд амьдарч буйгаа нэгэнт хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй түвшинд хүрсэн.

 

Эрх баригч намуудын зүгээс ипотекийн таван хувийн зээл, малчдын зээл гэх мэт популист амлалтууд өгч түүнийгээ сонгуулиас өмнө хэрэгжүүлж эхлэхээр зэхэж байгаа нь маш их өртөгтэй. Эдийн засагт дарамт учруулах ажиллагаанууд. Энэ их өртгийг сонгуулийн дараа ард түмэн өөрсдөө үүрнэ. Бор авдарт чинь байгаа гүзээтэй шар тосноос хулгай хийгээд таньд өөрт чинь өгөөд байгаатай адил ажил. Та өнөөдөр өвөлдөө эсвэл хүндрэлтэй үедээ идэхээр хадгалсан тосоороо тансаглаад байгаагаа мэдэхгүй л байна гэсэн үг. Харин зудтай өвөл болж тосоо гаргаж ирээд өлссөн хэдэн хүүхэддээ өгөх гэтэл тос чинь алга болсон байх вий.

 

 

-Татварын хоёр хувийн буцаан олголтыг та юу гэж боддог вэ. Энэ иргэндээ хэрэг болох төрийн хайр хишиг мөн үү?

 

 

-Ямар юмных нь хайр энэрэл байх вэ дээ. НӨАТ-ийн шинэчилсэн систем нь байдлыг улам дордуулсан. Ядуу, дунд орлоготой иргэдээ ясыг нь цайтал шулах гэсэн үйлдэл гэж харагдаж байна. НӨАТ-ыг эцсийн эцэст ард иргэд, бараа үйлчилгээ худалдан авах замаар төлдөг гэдгийг санах хэрэгтэй. НӨАТ-ын хоёр хувийн буцаан олголт, хонжворт сугалаа зэрэг нь эцсийн хэрэглэгчээр жижиг, дунд бизнесүүдийг дарамтлуулах хөшүүрэг төдий явц муутай ажиллагаа юм.

 

Та сар болгон үсээ 5000 төгрөгөөр засуулдаг бол үсчнээсээ НӨАТ-ын дугаартай талон нэхсэнээр үсчин чинь арван хувийн татвараа нэмэх, мөн НӨАТ-ын хэрэгжилтийн өртгийг нэмэх шаардлага гарна. Улмаар үнээ 6000-10000 болгон өсгөх шаардлага гарна. Мэдээж энэ бол таны төлөх үнэ. Ядуу, дунд орлоготой иргэдийг татах зорилготой хэрэгжүүлж буй хоёр хувийн буцаан олголтыг жишээ нь авч үзвэл, 100 мянган төгрөгийн бараа худалдан авч 10 мянган төгрөгний НӨАТ төлсөн иргэн дөнгөж хоёр мянган төгрөг буцаан авна гэсэн үг.

 

Тэгээд ч хоёр мянган төгрөгийг олж авахад гаргах зардал ихээхэн өндөр тусах тул хэн тэгж явах вэ гэдэг асуудал байгаа юм. НӨАТ-ын хонжворт сугалааны хувьд түр зууртаа хэрэгжих процесс бөгөөд хоёр хувийн буцаан олголт ч мөн хэрэгжих өртөг нь өндөр тул тууштай хэрэгжих төсөл биш. НӨАТ нь хэдийгээр хяналт, бүртгэлийн тогтолцоог сайжруулах үр дүнтэй боловч улсынхаа нийгэм эдийн засгийн онцлогт тохирсон хэлбэрээр хэрэгжүүлэхгүй бол ихээхэн уршигт үр дагавар авчирдаг. НӨАТ-ын шинэ систем нь гадаад, дотоодын луйварчид, татвараас зугтагчдыг өршөөж тэдний төлөөсөнд дунд, доод давхаргын иргэдээ золионд гаргаж буй үйл явдал гэж харагдаж байна. Номхон морь ноолоход амар, ноорхой ард түмэн дарлахад амараа гэж.

 

 

-НӨАТ-ын шинэ хуультай холбоотой бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдлээ хэмээн иргэд бухимдаж байна. Таны хувьд мэдрэгдэж байгаа зүйл байна уу?

 

 

-Би гурав хоногийн өмнө Дэнжийн мянга, Баянхошууны гэр хорооллуудаар явлаа. Захын хорооллуудын ард иргэдийн амьдрал туйлдаа хүрчээ. НӨАТ-аас болж ихэнх барааны үнэ 10-20 хувь нэмэгдсэн байна. 1000 төгрөгөөр зарагддаг талх 1200 болсон байх жишээтэй. Энэ нь ядуу, дунд орлоготой иргэдэд маш хүндээр тусч байна. Нэг бөндгөр талхыг дундуур нь хувааж авч байна гээд мэдээлээд байсан. Үнэхээр үнэн. Бэлэн мөнгө, орлогогүй иргэд бартераар наймаа хийгээд эхэлжээ. Өвөл ерөнхийдөө ичээндээ орчихдог. Хавар жаахан дулаараад ирэхээр нийслэл, дүүргүүдийн татвар, мэргэжлийн хяналтын байцаагч нар ажлаа хийж торгодог, дарамталдаг ажиллагаагаа эхлүүлдэг. Яана даа хэмээцгээж байгаа захынхныг харлаа.

 

 

-Манай Засгийн газар Хятадаас 1.3 тэрбум ам.дол¬ларын зээл авахаар хөөцөлдөж байна хэмээн та өөрийн цахим хаягтаа мэдээлсэн байсан. Энэ ямар учиртай зээл болохыг судалж үзэв үү?

 

 

-Монгол улсын нийт гадаад өр өнөөдөр 22 тэрбум ам.долларт хүрсэн. Энэ нь манай ДНБ-ий 180 гаруй хувьтай тэнцэж байгаа юм. Манай эдийн засгийн бүтэц, онцлогийг аваад үзвэл энэ нь маш өндөр тоо. Зөвхөн эдийн засагт төдийгүй улсын аюулгүй байдалд эрсдэл учруулах нөхцөлийг үүсгээд байна. Харамсалтай нь өнөөгийн эрх баригчид эдийн засгийн хүндрэлээр далимдуулан нэмж зээл авах, өр тавихаар улайрч байна. Эрх баригчид 2015 онд Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Өрийн удирдлагын тухай хууль гээд өрийн асуудлуудыг зохицуулж байдаг хуулиудад өөрчлөлт оруулах замаар нэмж өр тавих эрх зүйн орчинг бүрдүүлсэн нь албан тушаалаа урвуулан ашигласан нэг хэлбэр мөн гэж би боддог. Эдийн засаг давхар оронтой тоогоор өссөн хэмээн хоосон хөөрцөглөхөөс сүүлийн таван жилд манай улсын гадаад өр 230 хувь буюу 2.3 дахин өссөн талаар хэн ч ярьдаггүй.

 

 

-Бид 2017 оноос эхлээд өр төлж эхэлнэ шүү дээ?

 

 

-Тэгнэ. Нийгэмд хүртээлгүй байгаа тэр эдийн засгийн өсөлтийн чинь үнэ цэнэ нь 2017 оноос бидний төлж эхлэх гадаад өр гэдгийг сануулмаар байна. Өнөөдөр эдийн засгийн гол үзүүлэлтүүд бүгд унаж өрийн дарамтад ороод байхад ямар ч үнээр хамаагүй гадаадаас нэмж зээл авна, бонд босгоно хэмээн хөөцөлдөөд байгаа нь улс орноо гэсэн сэтгэхгүй мөн үү. Эсвэл “наад Монгол чинь надаа хамаагүй” гэдэг шиг л зүйл болж байна уу. Хоноцын сэтгэхүй юу. 2012 онд засгийн газар олон улсын зах зээл дээрээс “Чингис” бондыг 4.8 хувийн дундаж хүүтэйгээр оруулж ирсэн.

 

Үүндээ бид жилийн 72 сая ам.долларын хүү төлж байгааг зөв зүйтэй хэмээн магтах учиргүй ч бас боломжийн гэж үзэж болно. Харин өнөөдөр манай Засгийн газарт ийм нөхцөлөөр мөнгө босгох боломж байхгүй. Бонд босгоё гэхэд 12-13 хувийн хүү төлөхөөр байгаа нь өөрсдийгөө хэзээ ч төлж дийлэхгүй өрийн барьцаанд шууд өгч байгаатай ялгаагүй. Өр тавихаас өөр дорвитой ажил сэтгэх чадваргүй засгийн газар бусад эх үүсвэрүүдээс мөнгө хайж байгаа нь үнэн. Хятад, Энэтхэгийн засгийн газруудаас мөнгө гуйж байна.

 

Эдийн засгийн үндэслэл муутай, бодитоор хэрэгжих магадлал багатай төслүүдийн нэр гаргаж ирээд Энэтхэгээс нэг тэрбум ам.долларын зээл авахаар болсон. Хятадаас Эгийн голын усан цахилгаан станцын төсөлд 800 сая ам.доллар, Тавантолгойн төмөр замд зориулж нэг тэрбум ам.доллар авна гээд байгаа нь зарим шинжээч, эдийн засагчдаас ихээхэн шүүмжлэл хүртэж байгаа. Жишээ нь, Эгийн голын хэмээх жижгэвтэр усан цахилгаан станцыг барихад жишэг өртгөөс нь хэт давсан 800 гаруй сая ам.долларыг төсвөлж байгаа нь хэрээс хэтэрчээ гэсэн шүүмжлэлийг үгүйсгэхийн аргагүй.

 

 

-Манай улс уул уурхайгаас ашиг хүртэнэ хэмээн ам бардам ярьдаг байсан цаг ард хоцорчээ. Уул уурхайн салбарт бид өнгөрсөн хугацаанд бараг л ашигтай гэхээсээ алдагдалтай ажиллалаа. Таны хувьд энэ салбарт бид ашигтай ажилласан гэж үзвэл ямар ажлыг нэрлэх вэ?

 

 

-Монгол мэтийн хоцронгуй хөгжилтэй, байгалийн баялаг ихтэй улсад уул уурхай үр өгөөжөө өгөх ганцхан тулгуур нөхцөл байдаг. Энэ нь үндэсний язгуур эрх ашгийг хамгаалдаг хүчтэй засаглалтай байх юм. Уул уурхайн баялгаа харьцангуй зөв зарцуулж хөгжсөн цөөхөн улсууд болох Норвеги, Чили, Малайзын жишээг энд дурдаж болно. Мэдээж авлигад идэгдсэн засаглалтай, гадны эрх ашгийг улайран хамгаалдаг эрх баригчтай улсад бол уул уурхай үр ашгаа өгнө гэхээсээ сөрөг үр дагавар авчирах нь их байдаг. Бид Африкийн улсуудын жишээнээс мэддэг байсан бол өнөөдөр өөрийн биеэр амсаж байгаа. Уул уурхайн хөрөнгө оруулалт орж ирж эхэлсэн гэж буй 2010 оноос эхлээд эдийн засаг огцом өссөн харагддаг. Гэтэл үүнтэй зэрэгцээд гадаад өр огцом өссөн.

 

 

-Та уул уурхай ашгаа өгөөгүй гээд л байх шиг байна даа, янз нь?

 

 

-Өнөөдөр манай улсын нийгэм, эдийн засагт ихээхэн дарамт учруулаад байгаа 22 тэрбум ам.долларын гадаад өрийн ихэнх нь уул уурхайн салбарт бий болсон өр. Өнөөдөр манай улсын ДНБ-ий 18 хувийг, экспортын 89 хувийг уул уурхай дангаараа бүрдүүлж байгаа нь бид ямаршуухан хэмжээнд уул уурхайгаас хамааралтай, хараат байгааг илтгэж байгаа үзүүлэлт мөн гэж би боддог.

 

Гэхдээ энэ хараат байдал нь зөвхөн түүхий эдээр хязгаарлагдахгүй. Бусад хэлбэрээр тухайлбал, экспорт, импорт хийдэг улс орнуудаар өргөждөг. Тухайлбал, бид нийт экспортын 90 гаруй хувийг зөвхөн Хятад руу гаргадаг. Бензин шатахууны хувьд Оросоос 100 хувь хараат. Олон улсын банк, санхүүгийн байгууллагууд, үндэстэн дамнасан корпорациуд, тэднээс санхүүждэг төрийн бус байгууллагууд,өндөр хөгжилтэй орнуудын хүчирхэг засгийн газрууд хоорондоо нягт уялдаатай цогц бодлогыг явуулдаг нь олон жишээн дээр харагддаг. Жишээ нь 2015 онд Дэлхийн банк манай статистикийн төв газартай хамтран судалгаа хийж гаргасан байдаг.

 

Бүр тодорхой хэлбэл, хоёр жилийн өмнө Монголын ядуурлын түвшин 27 хувь байсан бол өдгөө 21 хувь болж зургаан хувиар буурчээ хэмээн зарласан. Энэ нь үнэмшилгүй, бодит байдалд огт нийцэхгүй дүн байсан. Эдийн засгийн бүх л үзүүлэлтүүд унаж байхад шүү дээ. Ядуурал 21 хувь болж буурсан биш харин 50-60 хувь болж өссөн байх магадлалтай.

 

 

-Тэгэхээр худлаа мэдээлэл хийсэн гэсэн үг үү?

 

 

-Чухам ямар аргачлалаар яаж тооцож байна вэ гэдгээс хамаарна. Монгол дахь уул уурхайн хөгжил ч энэ бодлогын гадна үлдээгүй. Уул уурхайн үсрэлтийн жилүүдэд эдийн засаг өссөн байж, тэгвэл баялгийн жинхэнэ эзэд болсон ард түмэнд, мөн нийгэмд үр ашиг нь хэр хүртээлтэй байсан бэ. Үүнийг бодитоор хэмжих нэгжүүд нь эдийн засгийн өсөлт, нэг хүнд ногдох ДНБ биш харин хүн амын ядуурлын түвшин, дундаж давхаргын өсөлт, иргэдийн орлогын ялгааны түвшин, нийгмийн хангамжийн түвшингийн өөрчлөлтүүд юм.

 

Нийгэмд нь дундаж давхарга гэх юм бараг байхгүй, нэг бол хэт чинээлэг, нэг бол ядуурал газар авсан нь үнэн. Хүн амын багагүй хувь нь 1000 төгрөгөөр борлуулагддаг талхаа хуваан авч мах тосоо граммлаж амь зогоож байгааг харсаар байж монголчууд уул уурхайн баялгаасаа хишиг хүртэж, сайхан амьдарч байна гэж хэлэх үү. Уг нь бол хүн амынхаа тоотой харьцуулан саятан, тэрбумтнуудынхаа тоог харвал бид Азид тэргүүлж яваа. Энэ байдлаар дүгнэвэл, уул уурхайгаасаа бид хишгээ хүртээд байгаа ч юм шиг.

 

 

-Очих ёстой баялаг эзэндээ хүрэхгүй байгаагийн цаад учир нь юунд байна?

 

 

-Ард түмэн, Монголын нийгэм бүхэлдээ уул уурхайгаас хүртэх ёстой үр ашгаа хүртэж чадахгүй байгаа нь эрх баригчид нь хөрөнгө оруулагч нэртэй гадны наймаачдын эрх ашгийг хамгаалан ажиллаад байгаатай холбоотой. Монгол гэсэн сэтгэлгүй, худал мэдэмхийрэгч, бэртэгчин нөхдүүд амин хувийн өчүүхэн ашгийн төлөө гадныхны гар хөл болж ард түмнээ хохироож байна.

 

Гацууртын орд, Оюутолгойн гэрээнүүдийн эцэслэгдсэн байдал, Тавантолгойн гэрээний орж ирж байсан төслүүд нь ард түмнийг хуурсан шинжтэй, дунд, урт хугацаандаа Монголд ашиг өгөх нь байтугай асар их алдагдал, хохирол учруулах нөхцөлүүдийг тусган баталгаажуулсан байдаг. Монголчууд энэ хэвээрээ сүүлийн 25 жилд төр барьсан нөхдүүдээрээ цаашид удирдуулбал уул уурхайгаас өндөр ашиг хүртнэ гэхээсээ хохирол хүлээх нь их болно гэж харагдаад болохгүй юм.

 

Мөн улсын тусгаар тогтнолд аюул учрах эрсдэл өндөр. Уул уурхайн томоохон бизнесүүдээс нийгэмд ээлтэй, ашигтай үр дүнгээ өгч буйн сонгодог жишээ гэвэл Эрдэнэтийн уурхай байна. Эрдэнэт бол Монголын уул уурхайн хөгжлийн жишиг юм. Улсын үйлдвэр ашигтай ажилладаг, нийгэмд илүү үр өгөөж өгдөг гэдгийг харуулж байгаа тод жишээ бол Эрдэнэт. Хүчтэй засаглалтай үед, үндэсний язгуур эрх ашгийн үүднээс баригдсан энэ үйлдвэр улсын өмч хэвээр байгаа. Байх ч ёстой.

 

М.Мөнхтунгалаг

"Улс Төрийн Тойм сонин"