4,5 тэрбум төгрөг завшсан байж болзошгүй хэрэгт Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Д.Баярсайхан, тус газрын Санхүү, бүртгэл, төлөвлөлтийн газрын дарга Ч.Эрдэнэбулган тэргүүтэй хүмүүс холбогдсон. Цагдаагийнхан 2014 оны арваннэгдүгээр сард дээрх хоёр хүнийг цагдан хорьсон нь тухайн үед дуулиан тарьж байсан билээ. Гэвч 2016 онд Сүхбаатар дүүргийн Прокуророос Д.Баярсайхан, Ч.Эрдэнэбулган нарт холбогдох хэсгийг  хэрэгсэхгүй болгож, хариуцлагаас мултлан, тэдний садан төрлийнх нь хүмүүсийг шүүхэд шилжүүлж байсан юм. Харин шүүхээс дахин шалгуулахаар нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрынхан шалгаад Д.Баярсайхан, түүний эхнэр Р.Наранчимэг, дүү Д.Отгонтөгс, Д.Отгонгэрэл, Ч.Эрдэнэбулган болон хадам эгч Б.Эрдэнэсувд нарт яллах дүгнэлт үйлдүүлэн шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын хяналтад өгсөн аж. Д.Баярсайхан, Ч.Эрдэнэбулган нарыг дээрх хүмүүсийг ахмадуудыг сувилалд хэвтүүлсэн гэх мэт баримт бүрдүүлж, өөрсдийн хамаарал завшсан байж болзошгүй нөхцөл байдал илэрч байгаа” хэмээн НХҮЕГ болон Нийслэлийн прокурорын газрын эх сурвалжууд тухайн үед мэдээлэл өгч байсан юм. Тэгэхэд, Нийгмийн халамжийн санд учирсан хохирол 4.5 тэрбум төгрөгт хүрнэ хэмээн эх сурвалжууд хэлж байсан билээ. 
Харин энэ удаа прокурор хэргийг нь хэрэгсэхгүй болгоод байсан НХҮЕГ-ын даргаар ажиллаж байсан Д.Баярсайхан, тус газрын Санхүү, бүртгэл, төлөвлөлтийн газрын дарга Ч.Эрдэнэбулган нарын мөнгө угаасан, завшсан үйлдлийг цагдаагийн дахин сайтар шалгаад яллах дүгнэлт үйлдүүлэн шүүхэд шилжүүлэхээр болоод буй аж. Энэ хүмүүсийг садан төрлийнхнийхөө байгуулсан “Ивээлт орчлон”, “Сайн үйлс сэтгэлийн дуудлага”, “Локэйшн”, “Асрах гайхамшиг”, “Энэрэхийн шид” гэх төрийн бус байгууллагын нэрээр Сүхбаатар дүүргийн харьяат 981 иргэний нэр дээр хуурамч баримт бүрдүүлсэн, Д.Баярсайхан эхнэр Р.Наранчимэгээр дамжуулан “Маршалын багачууд”, “Стандарт мах”, “Соотон”, “Эрдмийт”, Эй Эн Ди Эм, “Гурван баян гал” компанид хөрөнгө оруулалт хийж мөнгө угаасан байж болзошгүй хэмээн буруутгасан байна. Улмаар хууль бусаар олсон орлогоо халхавчлах зорилгоор “Ривер гарден” хотхонд орон сууц, хоёр автозогсоол худалдан авсан хэрэгт холбогдуулсан байна.
НХҮЕГ-ын дарга асан Д.Баярсайхан нь Архангай аймгийн уугуул, 1996-2000 онд АН-ынхан Засгийн эрх барьж байх үед тус аймгийн ИТХ-ын даргын албан тушаал хашиж байсан нэгэн. Ч.Эрдэнэбулган ч мөн Архангай аймгийнх. 
Тэдний холбогдоод байсан энэ хэргийн ард С.Эрдэнэ байгаа гэх хардлага тухайн үед хэвлэлүүдэд гарч байсан. Үүнд УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: Түүнчлэн энэ хэрэгт салбарынх нь сайд С.Эрдэнийг хамаатуулж бичиж байв. Тэгвэл уг хэрэг дуулиан дэгдээж эхэлснээс хойш тав хоногийн дараа буюу С.Эрдэнэ 2014 оны арваннэгдүгээр сарын 25-нд нэгэн хэвлэлд дараах тодруулгыг өгч байлаа. “Намайг энэ хэрэгт холбогдуулан шалгана гэж байгаа бол улс төрийн зорилготой дуулиан дэгдээж байна гэж үзэхээс аргагүй. Манайхан нэг хэрэг илрүүлэхээрээ хэт давуутай мэдээлж, олныг шуугиулдаг, тэгээд нотлох баримтыг араас нь бүрдүүлдэг муу зуршилтай. Тэдгээрийн нэг биз.
Мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэсэн байна лээ. Халамжийн байгууллагад угаах хэмжээний их мөнгө байх уу гэдгийг бодолцох биз. Албан тушаалаа урвуулсан, ашиг сонирхлын зөрчлийн хэрэг гэвэл өөр хэрэг. Гэтэл их л сүржин мэдээлэл тарсан. Гэвч шалгадаг газар нь шалгаад тогтоох биз дээ. Хянаж, шалгаж болно. Гагцхүү тэр хүний эрүүл мэндэд анхаарлаа хандуулахыг сануулах ёстой. Д.Баярсайхан бол эрүүл мэндийн хувьд сайнгүй, хиймэл түнхтэй, элэгний вирустэй хүн. Түүнийгээ байнга эмчлүүлж байдгийг хүмүүс сайн мэднэ. Хууль хяналтынхан хүний амь нас, эрүүл мэнд хамгаас чухал гэдгийг анхаараасай гэж бодож байна. Ахмадын өдөр өнжүүлэх буюу сувиллын мөнгөтэй холбоотой шалгаж байгаа гэсэн. Орон нутаг бүрт ахмадуудыг өдрийн цагаар сувилдаг өдөр өнжүүлэх бий. Тэдгээр газрын санхүүжилтийг орон нутгийн төсвөөс гаргаж, сонгон шалгаруулалтыг НХҮЕГ явуулдаг. Өдөр өнжүүлэх сувиллыг ажиллуулах төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдэд орон нутгийн төсвөөс тоймгүй их мөнгө өгдөг гэж би хувьдаа бодохгүй байна. Гэхдээ шалгаж буй хүмүүс нь илүү тодорхой хариулт өгөх биз дээ" гэж тайлбарлаж байсан юм. 

Ямартай ч шүүх энэ хэргийг хэлэлцэж, гэм буруутай юу үгүй юу гэдгийг тогтоох болно. Тэр үед С.Эрдэнэ хэрэгт холбоотой эсэх зэрэг олон асуулт, хардлагын хариу олдох болно. 
Бид энэ талаар эргэж мэдээлэх болно.