Эмнэлгийн тусгай зөвшөөрөлгүй жуулчны визээр Монгол Улсад орж ирсэн Солонгос иргэд эмчилгээ хийж байжээ. Тэд оффисын өрөөнд үзлэг хийж байсан бөгөөд Солонгос Улсын “Есанг Самсунг” эмнэлэгийнхний Монгол Улсад хийж байгаа эрүүл мэндийн үзлэг, оношлогоог Мэргэжлийн хяналтын Ерөнхий газар, Гадаадын иргэн харъяатын асуудал эрхлэх газрын хамтарсан шалгалтаар илрүүлж үйл ажиллагааг нь зогсоолоо. 

Өдөр тутмын нэгэн хэвлэлээр амралтын өдрүүдээр буюу энэ сарын 22-23-ны өдрүүдэд үе мөчний үзлэг оношлогоо хийнэ гэсэн ярилцлага гарснаар 150 гаруй хүн үзүүлэхээр дугаар авсан байжээ. Тус эмнэлэгтэй хамтын ажиллагаатай гэх Монгол Улсын хуулийн этгээд “Кэй Эс Эн” ХХК нь Худалдааны зуучлал, биеийн тамир спортын сургалтын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх улсын бүртгэлийн гэрчилгээтэй. Эрүүл мэндийн чиглэлээр үзлэг оношлогоо, эмчилгээ зөвлөгөө өгөх, үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлгүйгээр БНСУ-аас эмч, сувилагч, санхүүгийн ажилтан гэх дөрвөн хүнийг урин авчирч амралтын өдрүүдээр Монгол иргэдэд үзлэг хийж байв.

Батлагдсан удирдамжийн дагуу Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар аюулгүй байдлын хяналтын улсын ахлах байцаагч Ш.Оюунчимэг, Гадаадын иргэн харъяатын асуудал эрхлэх газрын Хяналт шалгалт хариуцсан улсын ахлах байцаагч Ж.Пунцаг нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг хамтарсан шалгалт хийснээр дээрх эмнэлгийн үйл ажиллагааг зогоосон юм. Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Бридж” группын байрны таван давхар, 502 тоотод хийж байгаа үе мөчний үзлэг оношлогоог хийж байсан. Кэй Эс Эн ХХК-ийн захирал Д.Нармандах эдгээр солонгос иргэдийг танилцуулахдаа эмч, сувилагч, аж ахуйн дарга, ерөнхий нягтлан хэмээн танилцуулсан аж.

Иргэд албан ёсны эмнэлэгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй, зориулалтын эмнэлэгийн байранд тухайн эмчийнхээ бичиг баримттай танилцаж байж үйлчлүүлэх, үүнээс үүдэн гарах хүндрэлээс өөрсдөө сэрэмжлэх шаардлагатай байгааг МХЕГ-аас анхааруулах үүднээс энэхүү мэдээг хүргэж байна.

Энэхүү эмчилгээ хийх тусгай зөвшөөрөлгүй иргэд хүмүүст эмчилгээ хийхэд наанадаж монгол иргэн буруу эмчилгээ хийлгэснээс үүдэн өвчин нь хүндрэх, цаанадаж амь насаараа хохирох аюул тулгарахад буцаад буух, хариуцах эзэнгүй хоцрохыг ч үгүйсгэх ээ.

Тиймээс иргэд өөрсдөө эмчлүүлэх гэж буйг эмнэлгээ болон эмчээ эмчилгээ хийх зөвшөөрөлтэй эсэх тал дээр анхаарал хандуулж байх хэрэгтэй.

 

 

 

 

Х.Даваа