Wearable буюу өмсдөг төхөөрөмжийн эрин
2019/03/23
Өмсөх, зүүх болон хүний биед имплантаар суулгах боломжтой ухаалаг төхөөрөмжүүдийг ерөнхийд нь Wearable tech гэдэг. Wearable төхөөрөмжүүдийг спорт, эрүүл мэнд, хувцас загвар, энтертайнмент, ахуй хэрэгцээ гэсэн чиглэлээр хөгжүүлсээр байна.
Сүүлийн жилүүдэд энэ төрлийн бүтээгдэхүүний эрэлт нэмэгдэхийн хэрээр үйлдлүүд нь улам өргөжиж, олон талын үйлчилгээ үзүүлэх болжээ. Технологийн том компаниуд ухаалаг төхөөрөмжийг хүний биед ойртуулсан маягаар бүтээж, өмсөх зүүх төхөөрөмжийн ашиглалт, зориулалтыг улам ихэсгээд байна. Технологийн эрин зуун гэж байгаа боловч түүн дотроо wearable төхөөрөмж илүү хүч авна, тиймээс энэ зууныг өмсдөг төхөөрөмжийн зуун ч болно гэж энэ чиглэлийн судлаачид онцолсоор байгаа юм. Үүнийг “Juniper Research” агентлагийн гаргасан судалгаа ч нотолж байна. Өмсөж, зүүх боломжтой ухаалаг төхөөрөмжийн зах зээл ирэх таван жилийн дотор 14 дахин тэлж, 19 тэрбум ам.долларт хүрэх магадлалтай байгаа аж.
ЭРҮҮЛ МЭНДИЙН УХААЛАГ ХУВЦАС
Энэ хувцсыг бие дээрээ шууд өмсөж болно. Эсвэл хувцсан дээрээ давхарлаж өмссөн ч ажиллах чадвартай. Эзнийхээ бухимдлын түвшин, зүрхний цохилт, даралт зэргийг байнга хянаж, мэдээлж байх тохируулгатай. Энэ хувцсыг зүрхний шигдээс болон уналт, таталт өгдөг өвчтөнүүд, өндөр настнуудад тохиромжтой гэжээ.
УХААЛАГ ХИЙМЭЛ ҮС
“Sony” корпорацийн “SmartWig” ухаалаг хиймэл үс нь замын чиглэл заах, цусны даралт хэмжих үйлдлүүдийг хийх бөгөөд загвараасаа хамаарч камер, лазер тусгагч, GPS төхөөрөмжтэй байх аж.
ХҮНИЙ БИЕД ХҮРЭХГҮЙГЭЭР САХАР ТОДОРХОЙЛОГЧ БАГАЖ
Өвчтөний арьсыг цоолж, цусыг нь авахгүйгээр буюу хүний биед хүрэхгүйгээр цусан дахь сахарын хэмжээг тодорхойлох хэмжигч төхөөрөмж бүтээх санааг анх 2011 онд Apple-ийн тэргүүн асан Стив Жобс гаргаж байжээ. Уг төхөөрөмжийн оптик мэдрэгч хүний арьсыг гаднаас нь гэрэлтүүлэн сахарын хэмжээг нь тодорхойлно. Энэхүү шинэ төхөөрөмжийг “Apple Watch”-той хослуулах нь ойлгомжтой бөгөөд ингэснээр уг цахим төхөөрөмж зах зээл дээр хамгийн их эрэлттэй бүтээгдэхүүн болох юм.
Хэрвээ шинэ төхөөрөмж зохион бүтээх ажил амжилттай болбол энэ нь чихрийн шижинтэй олон сая хүний амьдралыг хөнгөвчилж, эмчилгээний шинэ аргыг нээхэд түлхэц болох төдийгүй цусан дахь сахарын хэмжээг биед хүрэхгүйгээр тодорхойлдог төхөөрөмж үйлдвэрлэн борлуулах томоохон зах зээл бий болно.
ӨНДӨР НАСТНУУДАД ЗОРИУЛСАН УХААЛАГ ГУТАЛ “B-SHOE”
Дэлхийн 65-аас дээш настай ахмадуудын гуравны нэг нь ямар нэгэн байдлаар газар унадаг гэсэн судалгаа гарчээ. Тэгвэл энэ гутал өндөр настнуудын тэнцвэрийг олж, унахаас сэргийлнэ. "B-Shoe" нэртэй эл ухаалаг тусгай гутал нь уландаа мэдрэгч бүхий төхөөрөмжтэй. Өмссөн хүний биеийн тэнцвэрийг хадгалахын тулд автоматаар гутлыг хөдөлгөдөг юм байна. Гэхдээ тэр хөдөлгөөн нь өмссөн хүндээ бараг мэдрэгдэхгүй.
УНТЛАГЫН УХААЛАГ ХУВЦАС
“Smart PJ” нэртэй компанийн зохион бүтээсэн энэхүү унтлагын хувцас нь өөр дээрээ бөөрөнхий хээнүүдтэй. Хэнүүдэд QR код бий. Та эдгээр цэгэн хээнүүдийг ухаалаг гар утас юмуу, таблетаараа уншуулахад өөр өөр үлгэрүүд, амьтдын зураг зэрэг зүйлс таны төхөөрөмжүүд дээр гарч ирнэ. Энэхүү ухаалаг унтлагын хувцасыг 25 ам.доллараар авах боломжтой бөгөөд эцэг эхчүүд хүүхдэдээ үлгэр уншиж унтуулах завгүй үедээ энэ хувцсыг хүүхдэдээ өмсүүлэхэд хангалттай. Энэ хувцас таны ажлыг хөнгөвчлөх болно.
ЗАМ ЗААДАГ ЖИНСЭН ӨМД
Усны хамгаалалттай хүрэм, халаасандаа цэнэглэгчтэй цамц, биеийн халууны хэмийг тогтвортой барьдаг жинс гээд ухаалаг хувцасны дэвшлүүдийг Парист болсон олон улсын загварын үзэсгэлэнгийн үеэр танилцуулжээ. Энэ үзэсгэлэнгийн үеэр загвар зохион бүтээгчид өмнө нь зөвхөн гоё сайхан загвар гаргах гэж хичээдэг байсан бол одоо өдөр тутмын амьдралд хэрэгцээтэй үйлдлийг хувцсаараа дамжуулан гүйцэтгэхэд технологийн давуу талыг давхар шингээхийг эрмэлздэг болсон нь анзаарагдсан байна.
Францын “Spinal Design” хэмээх загварын компани ухаалаг жинсэн өмд зохион бүтээсэн байна. Bluetooth мэдрэгчтэй энэ өмд эзнээ гадуур явах үед зам заана. Өмдөндөө хаана очихоо заахад замдаа хаагуур яаж явахыг, хаашаа эргэхийг өмд чичирч мэдэгддэг юм байна. Хэрэв баруун тийш эргэх ёстой бол баруун талын хөлөнд чичирч мэдэгдэх жишээтэй. Энэ ухаалаг өмд 150 еврогийн үнэтэй.
НАРНЫ ТОСОО ТҮРХЭХИЙГ САНУУЛДАГ УСНЫ ХУВЦАС
“Spinal Design” компанийн бүтээсэн ухаалаг усны хувцас эзэндээ нарны тосоо түрхэх сануулгыг өгдөг юм байна. Хэт ягаан туяаны мэдрэгчтэй учраас нар хэр хурц тусч байгааг мэдрэн улмаар эзэндээ нарнаас хамгаалах тосоо түрхэхийг ухаалаг утсаар нь дамжуулан мэдээлэхээс гадна хэрэглэгчийн арьсны онцлогоос шалтгаалан хэр их түрхэх ёстойг ч зөвлөдөг байна.
ДОМОГТ “LEVI’S” Ч “УХААН”-ТАЙ БОЛЖЭЭ
Жинсэн хувцасны домогт брэнд “Levi’s” Google-тэй хамтран бүтээсэн ухаалаг жинсэн хүрэмний ханцуйнд суулгасан мэдрэгчийн тусламжтайгаар хэрэглэгч зөвхөн гарынхаа хөдөлгөөнөөр хөгжим сонсох, газрын зураг ашиглах, гар утсандаа хүрэхгүйгээр ирсэн дуудлагыг таслах гэх мэт олон янзын үйлдлийг хийх боломжтой аж.
НЯРАЙД ЗОРИУЛСАН УХААЛАГ ОЙМС
Гүйсэн зай, хурд, зүрхний цохилт, алхааны хэмжээ гээд төрөл бүрийн мэдээллийг авч, утсаар нь дамжуулан хэрэглэгчид илгээдэг спорт хувцаснууд л ухаалаг хувцсыг төлөөлдөг байсан бол одоо хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд гээд янз бүрийн бүлгийн хүмүүст зориулагдсан ухаалаг хувцаснууд гарч байна. “Owlet Smart Sock” компани нярай хүүхдүүдэд зориулсан оймс гаргажээ. Эмнэлгүүдэд байдаг зүрхний хэм хэмждэг аппараттай ижил технологийг ашигласан энэ оймс хүүхдийн биеийн байдал хэвийн байгаа эсэхийг хянана.
ЖИРЭМСЭН ЭХ БОЛОН УРГИЙН БИЕИЙН БАЙДЛЫГ МЭДЭЭЛЛЭДЭГ ХУВЦАС
Эхийнхээ хэвлийд бойжиж буй ураг болоод жирэмсэн эхийн биеийн байдлыг хянах хувцсыг Корнеллын их сургуулийн загварын оюутан Блэйк Урецкий зохион бүтээжээ. Жирэмсэн эхчүүдэд зориулсан биед эвтэй таатай загвар бүхий энэ хувцасны бүсэлхий хэсгийн дотуур мөнгөлөг ялтас оруулж өгснөөр хэрэглэгчийн биеийн хэм, зүрхний цохилт, цусны даралт, амьсгалын замын үйл ажиллагааны талаарх мэдээллийг гар утсанд илгээснээр ээж, ураг хэвийн байгаа эсэхийг байнга хянах боломжтой болжээ.
ШӨНӨЖИН БҮҮВЭЙЛЭХ BOSE ЧИХЭВЧ
Энэ чихэвч таныг тааламжтай тайван унтахад зориулагдан бүтээгдсэн. Маш жижигхэн, чихний нүхэнд таарсан учраас илүүдэл зай гаргалгүй гаднах дуу чимээг нэвтрүүлэхгүйгээс гадна уянгалаг аялгууг эгшиглүүлдэг. Усны долгион, борооны шиврээний нам гүмхэн чимээ хажуудах хүний хурхираа, эсвэл замын хөдөлгөөний шуугианыг дарна. Гэхдээ өөр хөгжим, дуу тоглуулах боломжгүй учраас зөвхөн тайван амрахад зориулсан аязаа сонсоод шөнөжингөө бүүвэйлүүлээд унтах л зориулалттай.
УХААЛАГ ЦАГ
Ухаалаг цагны зах зээлийг эзлээд байгаа “Apple” цагтай зах зээл дээр өрсөлдөж байгаа Versa цаг нь хөгжмийн сантай, bluethooth-ээр дамжуулан утастай холбогддог, мөн дасгал хөдөлгөөн хийхэд шаардагдах бүхий л эрүүл мэндийн үзүүлэлт, зааварчилгаа нь таны дасгалыг үр дүнтэй байлгахад тусална. Аpple цагтай харьцуулахад cellular data буюу утасны мэдээлэл хадгалдаггүй ч ухаалаг утастай холбогдож текст, календарийн тэмдэглэлт үйл явдал, бусад сонордуулга (notification)-г хүргэдэг.
ХҮҮХДИЙН ХАЛУУНЫГ ХЭМЖДЭГ УГЖ
Нярай, бага насны хүүхэд халуурч уйлахад халууныг нь үзнэ гэдэг тун яггүй ажил. Pacif-i нэртэй энэхүү ухаалаг угж нь хүүхдийн биеийн дулааныг байнга хянах боломжийг аав, ээжүүдэд олгоно. Bluetooth болон WiFi-гаар гар утсандаа холбосноор хүүхдийнхээ эрүүл мэндийн тухай байнгын мэдээллийг цаг тухай бүрт авах бөгөөд усны хамгаалалттай, олон хоног цэнэгээ барих хүчин чадалтай, хүүхдийн биеийн дулаан нэмэгдэх үед автоматаар таны гар утас руу дохио илгээж анхааруулах давуу талуудтай.
УЛАВЧ ХҮРТЭЛ УХААЛАГ БОЛЖЭЭ
Ямар ч загварын гутланд дэвсэж болох ухаалаг улавч нь хөлийг дулаацуулах халаагчтайгаас гадна таны хийсэн хөдөлгөөн бүрийг бүртгэн авч, алхсан замын урт, алхалтын тоо, шатаасан илчлэг гэх мэт мэдээллийг нарийвчлан гаргана. Гар утсан дээрээ аппликэйшнийг нь суулгаад хөлөө дулаацуулах хэмээ тохируулж, хэдий хэмжээний хөдөлгөөн хийгээд байгаагаа цаг тухай бүрт нь хянаад байх боломжийг олгоно.
УХААЛАГ СОЙЗ
Bluetooth-тэй ухаалаг шүдний сойзоор угаахад шүдний эрүүл ахуйг хянаж, аль шүд ямар хэмжээний бохирдолтой, цоорол ямар түвшинд явааг зааж өгнө.
ЭРҮҮЛ МЭНДИЙН БУГУЙВЧ
Apple-ын анхны өмсдөг төхөөрөмж Apple Watch дэлхий даяар борлуулалт ихтэй бүтээгдэхүүн. Бугуйнд зүүдэг цаг гэхээсээ илүү эрүүл мэнд, фитнессийн хяналтын төхөөрөмж гэдэг утгаараа эрэлт ихтэй. Гараа өргөж цаг руугаа харахыг тань мэдэрч дэлгэц нь автоматаар идэвхждэг. Цагны арын мэдрэгч нь таны зүрхний цохилтыг байнга хэмжинэ. Нүүрэнд нь сафир кристал элемент ашигласан тул зурагдахгүй, бат бөх. “Taptic engine” технологийн тусламжтай мэдээлэл ирэхэд бугуйнд доргилт өгдөг ажээ. Апп хөгжүүлэгчдэд зориулсан өргөн боломжтой. Тухайлбал, Starwood зочид буудлын сүлжээ өрөөнийхөө хаалганы өмнө төхөөрөмж зүүсэн гараа нэг савахад нээгдэх апп бүтээсэн гэнэ. Түүнээс гадна эзнийхээ шатаасан илчлэг, хөдөлгөөн, өдөрт нийт зогсоогоороо байсан хугацаа, дасгал хийх үед гүйцэтгэлийн тоог хэмжих зэрэг боломжуудтай.
УХААЛАГ ПҮҮЗ
Nike компанийн ухаалаг пүүз үдээсгүй, хэрэглэгчийн үзэмжид нийцүүлж автоматаар хөлд чангарна. Чанга, сулыг нь гар утасны аппликэйшнээр тохируулж болно. Сенсор, акселерометр, гироскоп бүхий энэхүү гутал нь эзэмшигчийнхээ бүхий л хөдөлгөөн, үйлдлийг бүртгэж явах юм. Гутлыг хоёр долоо хоног тутамд цэнэглэх юм байна. Nike нь түүхэндээ хамгийн үнэтэй буюу 720 ам.долларын сникерийг 2017 онд цөөн тоогоор худалдаанд гаргаснаасаа хойш өөрөө үдэгддэг гутал үйлдвэрлэх болсон юм.
ШУМУУЛ ҮРГЭЭГЧ БУГУЙВЧ
Шумуул үргээгчтэй ухаалаг бугуйвчийг зохион бүтээж, олон нийтэд танилцуулсан юм. Хорхой шавьж, шумуул үргээх зориулалтын олон төрлийн төхөөрөмжүүдийг бүтээж, эхнээс нь үйлдвэрлэлд нэвтрүүлэн худалдаанд гаргаад байна. Мөн зарим төрлийн ханиаднаас сэргийлсэн ухаалаг зүүлтүүдийг ч худалдаанд гаргаад байгаа. Цахилгаан соронзон долгионы тусламжтайгаар шумуулыг үргээх энэ бугуйвчийг зохион бүтээсэн Курт Столл хэлэхдээ “Тус бугуйвчны ажиллах зарчим бол аадар борооны үеэр агаар мандалд үүсдэг цахилгаан долгионы нөлөөллийг ижил бүтэцтэйгээр үүсгэдэгт байгаа” хэмээн онцолсон байна. Хүний эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүй гэдгийг мөн хэлжээ. Nopixgo бугуйвч нь эргэн тойрондоо хоёр метрийн зайд долгионы чичирхийллийг хүргэдэг тул хүнийг шумуулаас найдвартай хамгаалж чаддаг байна.
Энэ мэтээр хүний өмсч зүүдэг юм бүгд өнөө цагт ухаалаг болжээ. Нүдний шил, ээмэг, энгэрийн зүүлт, бөгж, тэлээ, нусны алчуур гээд ухаалаг болоогүй үлдсэн эд юмс алга.