Манай улсын эдийн засаг өсөж өндийж байгаа зүйл өнгөрөгч гуравдугаар сард харагдсангүй. Харин өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өссөн үзүүлэлттэй гарав. 

2019 оны 3-р сарын 27-ны байдлаар гол нэрийн барааны үнийг өмнөх сартай харьцуулахад 5.3 хувь, өмнөх 7 хоногтой харьцуулахад 1.8 хувиар өссөн байна.Тухайлбал, махны дундаж үнэ  хонины ястай махны үнэ өмнөх сараас 14.3 хувь, үхрийн ястай махны үнэ 7.1 хувь, үхрийн цул махны үнэ 5.0 хувь, ямааны ястай махны үнэ 7.3 хувиар өсчээ. Өөрөөр хэлбэл, нэг килограмм үхрийн /ястай/ мах 9534 төгрөг, үхрийн цул мах 11614 төгрөгөөр худалдаагдсан юм. Харин хонины /ястай/ мах дунджаар 8368 төгрөг, үхрийн /ястай/ мах 9534 төгрөг, үхрийн цул мах 11614 төгрөг, адууны /ястай/  мах 6745 төгрөг, ямааны /ястай/ мах 6399 төгрөгийн үнэтэй байв.

Тэгвэл бидний гол хэрэглээний нэг болох нэгдүгээр зэргийн гурилын үнэ  0.3 хувиар өссөн, бусад гурилын үнэ өөрчлөлтгүй байна. Элсэн чихрийн үнэ өмнөх сараас 5.0 хувь өмнөх 7 хоногоос 4.3 хувиар өссөн байна. Төмс, хүнсний ногооны дундаж үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад төмсний үнэ 5.0 хувь, луувангийн үнэ 12.2 хувь, байцааны үнэ 10.5 хувь, хүрэн манжингийн үнэ 13.1 хувь, бөөрөнхий сонгины үнэ 5.2 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ.  Өмнөх 7 хоногоос төмсний үнэ 2.2 хувь, байцааны үнэ 0.2 хувь, хүрэн манжингийн үнэ 2.6 хувиар өссөн бол лууван болон бөөрөнхий сонгины үнэ өөрчлөлтгүй байна. Мөн ургамлын тосны үнэ өссөн байна. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ долоо хоног тутам нэмэгдэх нь иргэдийн худалдан авалт буурахад хүргэдэг гэх. Гэхдээ бид хоол ундгүй амьдарч үл чадна. Тэгвэл бид эдийн засгийн хямралтай энэ цаг дор дэлхийн өндөр зэрэглэлийн хоттой адил үнэтэй хүнсээр худалдаж авдаг гэдгийг "Economist Intelligence” судалгааны байгууллагаас гаргажээ. Тодруулбал, Тус судалгааны байгууллагаа дэлхийн хотуудын амьдрах өртгийг судлан эрэмблэсэн байна. Энэхүү судалгаанд манай Нийслэл хотын хувьд амьдрах өртгөөрөө Ази тивдээ 55-д, дэлхийд 349-т бичигджээ. Манай улсын үзвэр үйлчилгээ, хоолны үнэ Япон, Сингапур зэрэг дэлхийн хамгийн үнэтэй хотуудынхтай ижил өндөр үнээр зарагддаг гэнэ. Тэгвэл хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ Нью-Йорк хотынхтой адил, зарим нь түүнээс ч үнэтэй байгаа талаар тус эдийн засаг, хэмжил зүйн судалгаанд онцлов.