Азийн шилдэг дуучнаар шалгарсан Г.Мөнхбаяр эх орондоо ирлээ
2019/04/16
Монгол Улсаас анх удаа “Asian Top Singer” буюу “Азийн шилдэг дуучин” номинацид Г.Мөнхбаяр буюу Becky нэр дэвшин өрсөлдөх гэж байгаа талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл БНСУ-ын Сөүл хотноо дөрөвдүгээр сарын 8-15-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “LBMA Star Awards” наадамд Монгол Улсаас анх удаа Г.Мөнхбаяр оролцож Азийн 20 орчим орны шилдэг шинэ залуу поп дуучидтай өрсөлдөн шилдгээр шалгарч өчигдөр эх орондоо иржээ.
Тэрбээр азийн шилдэг дуучнаар шалгарсан тухай өөрийн фэйсбүүк хуудаснаа “Солонгос Улсын “Korea’s Best Brand Awards Association” болон “LBMA Star Awards” -ын хамтарсан шалгаруулалтаар “Азийн шилдэг дуучин”-аар шалгарлаа. Сэтгэл үнэхээр их баяртай байна. Анх удаа Монгол Улсаа төлөөлөн “Азийн шилдэг дуучин” номинацид нэр дэвшин өрсөлдөөд авч чадлаа. Өмнөх жилүүдэд Солонгосын алдарт “Т-ARA” хамтлагийн гишүүдээс болон “G.O.D” хамтлаг, “The One” гээд маш олон “K-Pop” одод хүртэж байсан шагнал гэдгийг зохион байгуулагчид нь онцлон хэлсэн юм. Харин энэ удаад Монгол Улсаас авч чадлаа. Гайхалтай нэр төрийн хэрэг. Би финал дээр “Greatest Showman” киноны “Never Enough” дуугаар оролцлоо. Цаашид олон улсад гарч улам илүү хүчтэй өрсөлдөөрэй гэсэн үүрэг хариуцлага гэж ойлгож байна. Дэмжсэн та бүхэндээ, найз нар, гэр бүлийнхэндээ маш их баярлалаа” хэмээн бичиж байсан билээ.
Энэ дашрамд “Азийн шилдэг дуучин”-аар шалгарч, монголын орчин үеийн дуу хөгжмийн урлагийн хөгжлийг Азийн энэтэй явааг харуулж чадсан Г.Мөнхбаяр буюу Becky-дээ уран бүтээлийн өндөр амжилт хүсэн ерөөе.